Өдөр бүрийн хоол /2025.03.12/

Бурханы хүч

1Коринт 1:18-25

“Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн.”(24б)

1. Загалмайн сайн мэдээ (18-21)
Коринт бол Грекийн гүн ухаан ба урлагийн хот байсан. Гэхдээ сүнсний болон ёс суртахууны хувьд маш доройтон ялзраад байсан. Садар самуун, завхайрал тэр хотынхонд түгээмэл үзэгдэл байсан. Зөвхөн өнөөдрийн жаргал, наргиан цэнгэлийг хөөцөлдөж буй тэдэнд Есүсийн үхэл нь дампуурал, ялагдал мэт харагдсан байх. Гэхдээ элч Паул нь тэдэнд загалмайн үнэн л хүнийг авардаг Бурханы хүч буюу мэргэн ухаан гэдгийг гэрчилж өгөв. Есүсээр дамжуулан Бурханы өршөөл болон авралыг хүлээн авдаг хүнд загалмайн сайн мэдээ нь сүнсний амийг өгдөг. Яагаад гэвэл, Есүс бидний гэмийг золиослож нас барсан ба 3 дахь өдөртөө амилснаар үхлийг ялан дийлсэн юм.
Есүст итгэгч бидэнд загалмай бол Бурханы хүч юм. Загалмай л Бурхан бидэнд өгсөн цорын ганц авралын зам болох учраас тэр юм.

2. Бурханы хүч (22-25)
Загалмайд цовдлогдсон Есүс нь бэлгэ тэмдгийг хайдаг Иудейчүүдэд бол бүдрэх саад, мэргэн ухааныг хайдаг Грекчүүдэд бол мунхаглал болно. Гэхдээ Паул нь загалмайд цовдлогдсон Есүсийг л дэлгэрүүлсэн. Түүний учир нь юу вэ? Загалмайн үг бол дуудлагыг авсан хүмүүст авралыг хүргэж өгдөг Бурханы хүч болоод мэргэн ухаан болдог учраас тэгсэн юм. Паул нь хүний чихэнд аятайхан сонсогдох үгийг хэлдэг хүн биш байсан. Тэрээр бэлгэ тэмдэг, мэдлэг бус харин загалмайд цовдлогдсон Есүсийг л дэлгэрүүлжээ.
Гуйлт: Эзэн минь ээ! Өөрийн хүч ба мэргэн ухаанд найдаж байсныг гэмшиж байна. Би загалмайн сайн мэдээг л дэлгэрүүлнэ.
Нэг үг: “Зөвхөн загалмайн үгийг”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.11/
Дараагийн нийтлэл2023 оны Матай 7-р хичээл (03.12)