Сайн байна уу, намайг Анника Фабиан гэдэг. Би Герман улсын Кологн ЮБФ цуглаанд үйлчилдэг. Ээж маань Эзэн Есүс Христэд итгэдэг байсан тул би хүүхэд байхдаа Есүс Христийн сайнмэдээний талаар аль хэдийн сонссон байлаа. Тэр намайг үргэлж ням гараг бүр баптист сүм рүү дагуулан явдаг байв. Ээжийгээ насанд хүрэгчдэд зориулсан мөргөлийн ёслолд оролцох үеэр би ням гарагийн хүүхдүүдэд зориулсан цуглаанд нь хамрагддаг байлаа. Библийн эшлэлүүдийг цээжлэх нь надад хөгжилтэй санагддаг байв. Гэвч ихэнхдээ эдгээрийг зөв цээжилснийхээ төлөө шагнал авдаг байсан учраас хийх дуртай байсан гэж боддог. Нэг өдөр ээж бид хоёр Иоханы 3-р бүлгийг уншиж байв. Тэр хэсэгт Никодем шөнөөр Есүс дээр ирсэн талаар гарч байсан. Бид энэхүү бүлгийг уншиж байх үед ээж надаас Есүс Никодемтой ярьсан шиг сүнсээр дахин төрөхийг хүсч байгаа эсэхийг асуув. Тэр үед би 8 настай байсан хэдий ч Бурханы гэр бүлд сүнслэг байдлаар төрөх хүсэл эрмэлзэлтэй байсан тул “Тийм” гэж хариулав. Бяцхан хүүхдийн энэ энгийн итгэл нас явах бүрт хэд хэдэн сорилтыг даван туулсан. Манай гэр бүл өөр хот руу нүүж сууршихад би шинэ сургуулийн орчинд өөрийгөө хаягдсан нэгэн мэт мэдрэх болсон. Герман аав, Филиппин ээжээс төрсөн тул миний гадаад өвөрмөц төрх, мэдрэмтгий зан чанар зэргээс болж бусад хүүхдүүд намайг шоолж эхэлсэн. Эцэг эх маань өөр өөрийн замаар явахаар шийдсэн нь нөхцөл байдлыг улам дордуулав. Би өөрийгөө бүрэн танихаа больж, дотоод хүн төдийгүй гадна талаасаа ч өөртөө итгэлгүй болсон. Ээж бид хоёр Кологн ЮБФ цуглаанд ирж мисионер Хелен Чотой хамт библийн хичээл хийж эхэлсэн. Тэр миний бие болон сэтгэлийг хоол хүнсээр хангаж надад санаа тавьж байлаа. Библийн хичээлээр дамжуулан би өөрийгөө үнэ цэнэгүй нэгэн гэсэн бодол болон хангалттай сайн биш гэж бодож байгаа нь Бурханы нүдээр харахад гэм нүгэл гэдгийг мэдэж суралцсан. Дараа нь библийн багш маань надад Бурхан алдаа гаргадаг бол бид Түүнийг буруутгах байсан гэж тодорхой хэлсэн. Гэхдээ үнэн бол Бурхан хэзээ ч алдаа гаргадаггүй, тэр намайг ч гэсэн санаандгүйгээр бүтээгээгүй юм. Дуулал 139-р дурдсанчлан “Намайг Бурханы дүр төрхөөр аймшигтай бөгөөд гайхамшигтайгаар бүтээсэн” гэсэн байдаг. Майнц хот руу Герман хэл, утга зохиолын чиглэлээр суралцахаар нүүж очиход энэ үнэн миний амьдралд биелэлээ олж эхэлсэн.Дахиад л би өөрийгөө надаас илүү сайн сурч байгаа мэт санагдаж байгаа бусад оюутнуудтай харьцуулж эхлэв. Гэхдээ энэ үед Бурхан надад Висбаден ЮБФ цуглааны Ким Элизабет миссионертой библийн хичээл цагуудыг зөвшөөрч өгсөн. Миний анхны библийн багш шиг тэр надад бусад хүмүүсийг харж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж болохгүй. Харин зөвхөн Есүс рүү харж түүнтэй харилцах харилцаандаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулсан. Намайг библийн багшаар амьдрахаар шийдэх үед минь тэр надад Иохан 15:5 эшлэлийг уншиж өгсөн. Есүс хэлэхдээ “Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.” Сургуулиа төгсөөд төрөлх хот болох Кологн рүү нүүж ирээд би энэ үгийн үнэнийг бүрэн ойлгож эхлэв. Гэртээ эргэж ирээд бүтэн цагаар ажилд орохыг хүсч, өргөдөл илгээж эхэлсэн боловч ямар ажилд орж чадахгүй байв. Дахиад л өөрийгөө хэн ч биш гэж бодож, хангалттай сайн биш гэсэн бусадтай өөрийгөө харьцуулсан бодлууд санаа сэтгэлийг үймүүлж эхэлсэн. Гэвч Бурхан миний итгэлийг өсгөхийн тулд ийм нөхцөл байдал, эргэн тойрны хүмүүс болон өөрийн үгийг өгсөн. Би чөлөөт цаг их байсан тул Европийн Зуны Библийн 2019 конференцийн бэлтгэл ажилд туслах боломж олдсон юм. Тэр цагаас эхлэн цуглаандаа илүү идэвхтэйгээр явж эхэлсэн. Би магтан дуу дуулж, цуглааныхаа магтаалын багт орж үйлчилснээр Эзэнд үйлчлэх нь үнэхээр ивээлтэй нандин цаг байдаг гэдгийг олж таньсан. Бурхан дутагдалтай байдал болон өөрийгөө голох санаа бодлоосоо салахыг үгээрээ дамжуулан харуулсан. Харин Есүс болон түүний нигүүлсэл надад хангалттай. Түүний хүч чадал миний сул дорой байдалд төгс төгөлдөр болдог гэдгийн сануулан миний дотор ажилласаар байна. Бурхан намайг өөрийн хэрэгцээ болон нөхцөл байдлаа харах биш харин бусдын хэрэгцээнд илүү их анхаарал хандуулдаг хүн болгож өөрчилж байгаа. Түүнчлэн Есүс намайг хайрласан шиг бусдыг ч хайрлахыг зааж байна. Бурхан намайг бусдыг хайрладаг хүн болгож өсөхийн тулд миний амьдралд нэгэн хэцүү хүнийг зөвшөөрсөн юм. 2020 оны эхээр Дани улсад амьдардаг аав маань над руу долоо хоногт болон нэг өдрийн дотор олон удаа залгаж эхэлсэн. Тэрээр гэнэтийн цочмог уурлах болон хэт их хардалтын цочмог шинж бүхий өвчнөөр өвчилсөн юм. Бидний утасны дуудлага болон хоорондын ярианууд маань хайр, тэвчээр, уучлалыг харуулах сорилт болж хувирсан. Би Петрийн нэгэн адил хайрынхаа хязгаартай байдлаас болж Есүсийг гомдоож байгаа гэдгээ ойлгосон. Гэхдээ Есүс намайг буруушаадаггүй. Тэр намайг хайрласан. Есүс эхлээд намайг ямар ч болзолгүйгээр хайрласан тул би ч гэсэн бусдыг энэ хайраар хайрлаж чадна. Бурхан энэ бүх хугацаанд миний дотор хэрхэн ажиллаж байсныг би тэгэхэд л ойлгосон. Өнгөрснөө мартаж, итгэлийн амьдралаа цааш үргэлжлүүлэхийн тулд Бурхан миний амьдралд өөр нэг хүнийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр би илүү хайрлаж сурах учраас юм. 2020 оны библийн конференц болохоос хэдэн сарын өмнө надаас Германы Хайдельберг хотод амьдардаг Тони Демир хоньчинтой амьдралын гэрчлэлүүдээ солилцохыг хүссэн. Би эргэлзэж байсан ч би үүнд нээлттэй ханддсан. Яагаад гэвэл надад Тонигийн талаар эерэг сэтгэгдэл төрж байсан. Бид Франкфурт хотод болсон “Encounter” конференц-2015 үеэр библийн хичээл хийх нэг багт байсан. Цахим шуудангаар бие биентэйгээ хэдэн сарын турш харилцсаны дараа би дахиад айдас эргэлзээнд орж эхэлсэн. Амьдралдаа эдгээр шинэ алхамуудыг хийхэд үнэхээр би бэлэн байна уу гэж өөрөөсөө асууж байлаа. Хэрвээ эргэлзэж байгаа бол Тонитой харилцах харилцаагаа эрт дуусгах хэрэгтэй гэж бодож байв. Хэрэв энэ нь Түүний хүсэл бол надад сэтгэлийн амар тайван байдлыг өгөхийг би Бурханаас залбирсан. Гэхдээ одоо Бурхан ажиллаж байсныг би харж байна. Тэр надад зөв хүмүүсийг зөв цагт нь өгч, намайг өөрийн тааллаараа удирдсан. Ковид-19-н хоёр дахь хориг эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Тони бид хоёр уулзаж ярилцсан ба миний зүрх сэтгэл амар тайван байсанд үнэхээр гайхсан. Би Бурханд талархалтайгаар алдрыг өргөж байна. Учир нь би Бурханы сайн сайхан, хайр ивээлийн талаар илүү ихийг мэддэг болсон бөгөөд Түүний надад зориулсан төлөвлөгөө миний төсөөлж байснаас агуу гэдэгт одоо эргэлздэггүй. Ийм итгэлээр би Тони Демиртэй сүй тавьснаар Есүс Христийг хайрласан, алдаршуулсан гэр бүлийг бий болгохын тулд итгэлийн том алхам хийсэн. Бурхан Тонитой байгуулах итгэлийн гэр бүлээр маань дамжуулан өөрөө алдаршиж Түүний хайранд улам өссөнөөр бусдад ерөөл болж чадахыг хүсэн гуйж байна. Есүс зөвхөн алдар, магтаал, хүндлэлийг авах зохистой нэгэн билээ. Амен!