Модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ
Иошуа 16-21р бүлэг
Гол эшлэл 17:15
“Иошуа тэдэнд -Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутагт та нарт хэт давчуу байгаа бол ойд очиж перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв”.
Хайр ивээл АС-р дүүрэн Бурхан Ааваа биднийг удирдан ивээн өгч байгаад талархаж байна. Өнөөдөр таныг хүндэтгэн магтаж байгаа бүх хүний дээр Таны таалал нигүүлсэл дүүрэн байх болтугай. Мөн таныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа итгэгч ахан дүүс минь Таньд хүндэтгэл мөргөлийг өргөхөд нь АС туслаарай. Хүүхэд бүрийг хамгаалан удирдан өгөөч Есүсийн нэрээр гуйж байна.
Өнөөдрийн номлолоор дамжуулан Бурханы биднээс хүсэж байдаг бодит байдлыг сайтар ойлгож амьдрах жинхэнэ утга учрыг олж авах болно. Мөн шинэ түүхийг бүтээх хүсэл хандлага юу болохыг суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа “энэ уулархаг нутгийг өгөөч” гэсэн зүрх сэтгэл болон “Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ” гэж тушааж буй Иошуагийн итгэлээс суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
16, 17-р бүлэгт Ефраим, Манассе овогт шавга хаян канаан газарт, газар нутаг хуваарьлан өгсөн тухай. Мөн газар нутаг хуваарьлах тал дээр Иосефийн овог Иошуад гомдол мэдүүлж байгаа тухай энэ хэсэгт гарч байна.
Канаан газрыг эзлэн авсан ч овог бүр канаан нутгаас зайлуулж чадаагүй үндэстэн тухайн нутагт нь үлдсэн. Иуда овог бол Иерусалимын оршин суугч иебусчуудыг, Ефраимын овог Гезерын оршин суугч канаанчуудыг, Манассегийн овог гурван хотын оршин суугчдыг зайлуулж эзэлж чадаагүй. Тиймээс тэд хамтдаа зохицон амьдрах юмуу, эсвэл боолын ажлыг тэднээр хийлгэсэн. Гэсэн ч үлдсэн хүмүүс нь Израилын итгэлийн амьдралд муугаар нөлөөлж, тэднийг зовоосон. Дараа нь Ефраим овог голлон амьдарч байсан хойд Израиль Канааны соёлд бүрэн автаж, Эцэст нь Бурханы уур хилэнг хөдөлгөж бүрэн сүйрсэн. Тэр сүйрлийн шалтгаан үр нь энэ цаг үед канаанчуудыг устгаагүй өөрсдийн зөвөөр шийдсэн учраас юм.
Тэгвэл тэд яагаад хөөн зайлуулж чадаагүй вэ?
Нэгдүгээрт Канаанчууд энэ газар нутаг дээр гэм хоргүй амьдарч байсан. Гэвч асуудал нь Израил ард түмэнд байсан. Израил ард түмэн “бүрэн устга” гэсэн Бурханы тушаалд дуулгавартай дагаад улам илүү шийдвэртэйгээр хөөн зайлуулж устгах ёстой байсан. Тэд тэдгээр ард түмэнг золиослон эзлэх дургүй байсан. Мөн канаанчууд буун өгсөн тул устгах нь буруу гэж бодсон байх. Тэгээд ч хүн хүч, боол хэрэгтэй хэмээн санаж амар тайван амьдрахыг хүссэн. Тийм учраас энэ нь Бурханы үгэнд дуулгавартай байж дайснаа бүрэн зайлуулж чадаагүй байдал нь гэмийн асуудал болсон. Тэд Бурханаас илүү өөрийн нөхцөл байдлыг дагасан учраас үлдсэн оршин суугчдыг хөөн зайлуулж чадаагүй. Тиймээс Изриалчууд өөрсдөө Бурханы тушаалд бүрэн дуулгаваргүй байснаараа залхуурал назгайрлын гэмд унасан.
Ийм тэдний гэмийн асуудал Иосефын хөвгүүдийн гомдлоор илчлэгдсэн. 17:14 “Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад -Бид тоо томшгүй олуулаа бөгөөд Эзэн биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв”. Иосефын үр удам анх Бурханд даруу сэтгэлээр түшиглэн бусад овгийн ахан дүүстэйгээ нийлж Канаан газрыг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилсан. Гэвч одоо Канаан газрыг тодорхой хэмжээнд эзэлсэн учраас нэг газрыг ч болтугай илүү авмаар байсан. Ууган овог гэсэн нэрийдлээр мөн хамгийн олон хүн Иосефын овгоос гаралтай гэдэг шалтгаанаар тэд газар нутгийг амархан олж авахыг хүссэн. Харин Иошуа тэдний байдлыг мэдсэн. “Иошуа тэдэнд Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ойд очиж, перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв”. (15)
Үнэхээр ууган овог бас их хүмүүстэй хүчирхэг овог юм бол өөрсдөө газар нутгаа эзэлж ав гэсэн. Харин Иосефын хөвгүүдийн хариу үйлдэл ямар байсан бэ? 16-р эшлэлийг үзээрэй. “Иосефын хөвгүүд Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв”. “Үгүй ээ ийм газрыг эзэлж ав гэж үү?” Бидний түвшинд хүрэхгүй. Тэгээд бүх хүмүүс нь төмөр тэрэгтэй юм байна. Золиос гаргасан ч ашиг байхгүй гэх мэт шатгаанаар энэ газрыг эзэлмээргүй байна. Зүгээр л бидэнд газар өгөөч гэж байна. Уг нь тэдэнд анхандаа юу ч байгаагүй. ӨХ: газар нутаггүй тэнүүлчин, Египетээс зугтсан боол байсан. Харин одоо канаан газрыг эзэмших өв залгамжлагчид болсон байтал гомдоллосоор л байх юм. Тэгээд удирдагчийн үгийг дуулгавартай дагахгүй тайлбар шалтаг тавьж байна. Иошуа жанжины хэлж байгаа унагааж цэвэрлэнэ гэдэг нь энэ газрыг цоо шинээр бүтээн бүгдийг эхнээс нь хийн өөрсдийн баялгыг бүтээх тухай байсан юм. Тэд газар нутагтай болохыг хүссэн, газар нутгийг гарган өгсөн. Харин одоо үнэ цэнэтэй болгох нь тэднээс хамаарах юм. Үнэ цэнэтэй нандин байх нь бидний сонголт хөдөлмөр золиосоос үргэлж хамаарах болно. Гэвч Иосефын хөвгүүд газар нутгийг илүү авахыг хүссэн ч хөдөлмөрлөж золиос гаргахыг хүсээгүй.
Бидний хувьд ч гэсэн Иосефын хөвгүүд шиг хандлага гаргах үе байдаг. Итгэлээр өсмөөр байдаг ч дасгал авах дургүй. Хамтран зүтгэгч хоньчдод үргэлж гомдож байдаг. Хоньтой болмоор байна гэсэн атлаа пийшин хийж хоньдуудын хойноос явдаггүй, ярьдаггүй. Сүнслэг болмоор байгаа боловч өглөө эртлэн босдоггүй, залбирдаггүй, библи тогтмол уншдаггүй.Тэтгэлэг авахыг хүсдэг ч гэсэн хичээлээ хиймээргүй байдаг. Хичээл хийх дургүй, сэнта ингэвэл, тэгвэл зүгээр байна гэдэг хэрнээ өөрөө золиос гарган үйлчлэх дургүй байдаг.
“Иоуша дахин тэдэнд юу гэж хэлсэн бэ? 17,18 эшлэлийг үзээрэй. Харин Иошуа, Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт Та нар шиг ийм их хүчирхэг бас олуулаа улсад ганц хувь ногдол нь зохисгүй. Иймд уулархаг нутаг болон салбар уулс нь бас та нарынх болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ”.
Нэгдүгээрт ой модтой ч байсан буулга гэсэн. Шинээр эхлүүл буулга гэсэн үг нь англи Библид харвал (cut down) тайрах хайчилж авах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл модыг тайрч үндэслүүлж шинэ газар хагалж эзэмшээд амьдрах боломжтой газар болгон байгуулахыг хэлж байна. Тийм учраас шинэ газрыг эзэмшихийн тулд хүч хөдөлмөр золиос зориулалт өвдөлт шаардагдана. Харин энэ нь хүний төрөлх амьдрал бөгөөд Бурханы хүсдэг амьдрал юм. Бурхан газар тэнгэрийг бүтээгээд хүнийг бүтээсний дараа ийн айлдсан. “Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг”! Тиймээс шинээр эхлүүлнэ гэсэн зориг болон хөдөлмөрлөх ойлголтоо алдана гэдэг нь уг хүнд байх ёстой сүнслэг бодол оюун санаагаа алдсантай адил зүйл болох юм. Хүнд байх ёстой тэр зүйлээ алдвал залхуурал болон назгайралд автан бага багаар үхмэл сүнстэй болдог. “Дахиад л урагшлах ёстой газар их байна” гэсэн номонд сэтгэл мэдрэлийн эмч Доктор Скотт Пек хэлэхдээ:
“Амьдрал бол зовлон. Гэвч энэ энгийн үнэнийг хүлээн зөвшөөрч тэр зовлонтой нүүр тулан шийдэх гэж хичээх үед амьдрал зовлон биш болдог”.
Бид эцэг эхээс салаад бие даан амьдрах үед мөнгөний үнэ цэнэ, дулаан байр, идэх хоол, өмсөх хувцасны талаарх ойлголтоо шинээр олж авдаг. Урьд нь байж л байдаг зүйл газраас ургаад гараад ирдэггүй бодит үнэн. Өөрийн хүчээр хөдөлмөрлөж олсон ямар ч хольцгүй талх хүртэл амттай байдгыг бид хөдөлмөрлөн ядарч туйлдан хүчээ шавхах үед анх мэддэг. Бидний амьдрал улаан сарнайн цэцгийн хүлэмж биш, харин бидний амьдрал шинээр эхлүүлж босгон байгуулж эзэмших ёстой ой мод юм. Ой мод хэмээн хүлээн зөвшөөрч, хөлсөө дуслуулан эзэмшихийн тулд хичээх тусам улам хүчтэй болж, сонирхолтой болдог. Тэгэх үйл явцад асуудал шийдэгдэж, итгэл суран сүнсний хүчтэй болдог. Бид библи судлалд, ажилдаа, хичээл сургуульдаа хандах хандлагаа өөрчилснөөр ямар үнэ цэнэтэй чухал болохыг ойлгон улам хичээнгүй болдог. Одоо цагт хүмүүсийн дийлэнхи нь зүгээр л байж байгаад хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх болсон байна. Харин хаа нэгэн газар байгаа цэцгийн хүлэмжийг эрэн хайж төөрвөл, амьдрал энэ нийгэм ямар хог юм бэ? гэж гомдоллож эхэлдэг. Улмаар зугаа цэнгэл, дэлхийн нүдэнд харагдах зүйлсэд автан намаг руу унадаг. Иошуа өшөө илүү ерөөлийг авахыг хүссэн Иоcефын хөвгүүдэд тэр ерөөлийг олж авах арга нь юу болохыг заан өгсөн. Иошуа хэлсэн зүйл нь энгийн боловч бидний мартчихаад байдаг бодит байдал юм. Гагцхүү бидний хийж байгаа зүйлс нь Бурханы удирдлага таалалд байх нь чухал юм.
Хоёрдугаарт, Та нар ийм их хүчирхэг бас олуулаа:
Та нар хүчирхэг гэдэг нь их багыг илэрхийлж байгаа боловч чанар чансааг ч мөн хүчирхэг гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл агуу гэсэн утгатай. Тэдэнд яг одоо өгөгдөж буй ерөөл нь ч бага биш байсан. Харин шинээр эхлүүлж эзэмших сэтгэлгээгээ алдах үед, тэр Бурханы ерөөлийг хараагүй. “Иймээс тэд саяхан “том үндэстэн” хэмээн сайрхаж байсан атал одоо төмөр тэрэгтэй дайснуудаас айж чичэрч байна.” Харин ийм тэдэнд Иошуа Бурханы агуу ерөөл байгааг сануулж өгсөн. Ямар хүчирхэг бас олуулаа агуу үр удам болохыг дахин сануулж өгсөн. Харин энэ ивээлд талархан ой модтой газрыг эзлэх үед “Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ”. Тэдэнд итгэл зоригийг гүн суулгаж өгсөн.
Иймд бид өөрсдийн жинхэнэ байр суурийг сайтар ойлгох нь юу юунаас илүү чухал билээ. Аугаа их ивээл Бурханы үгээр чиглүүлэгдсэн хайр ивээл нигүүслэлээр дүүрэн хүмүүс гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Өөрийгөө хэнтэй ч харьцуулалгүй зөвхөн Бурхан надад зориулсан төлөвлөгөөг хэрэгжүүлхээр хичээн өдөр бүр Бурханы үгтэй байхыг, ямар ч үед шийдвэр бүрийг Бурханаас асуун алхам хийдэг хүн болох нь чухал. Өнөө үед тулгараад байгаа дотоод, гадаад бэрхшээлийн өмнө бидний хандах хандлага бол ой модтой ч байсан шинээр эзэлж эзэмшинэ гэсэн зориг итгэл хандлага юм. “Энэ уулархаг нутгийг надад өгөөч гэсэн халуун зүрх сэтгэл хүсэлтэй байж бодитоор их сургууль руу гаран хөлсөө урсган золиос зориулалт гарган үйлчлэн хөдөлмөрлөх явдал юм. Бидний итгэгч болсон шалтгаан бол золиос гарган миний араас явсан хоньчны хичээл зүтгэлийн үр дүн билээ. Тиймээс таны тусламж хэргтэй тэр нэг төөрсөн хонины төлөө таны цаг ирсэн байгааг ухааран хамтран зүтгэгчидтэйгээ хамт, смоллоороо хоньдууддаа анхаарал тавьж үйлчилж сэтгэл нэгдэн залбирдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Бид сэтгэл нэгдэн залбиран Бурханд бүрэн түшиглэх үед ой модтой газрыг ч эзэлж үржил шимтэй газар болгож чадна гэдэгт итгэж байна.
Бидний урьд байсан хоньчид ямар их золиос гарган үйлчилж байсан билээ. Гэхдээ бид одоо бодоход тэр үед амар байсан, хүмүүс итгэмтгий байсан, чих зөөлөн байсан гэж боддог. Үнэндээ тэр үед ч гэсэн бидний мэдэхгүй асуудлууд олон байсан гэдэгт итгэж байна. Хэдий тийм байсан ч хоньчид золиос зориулалт гарган бидэнд өнөөдрийн итгэлийн суурь болж өгсөн. Тиймд бид дараагийн үедээ мөн адил итгэлийн суурь болж үйлчлэх нь чухал юм. Үүнд таны оролцоо маш чухал гэдгийг ухаарч чадахыг хүсэн гуйж байна. Бидэнд ерөөлийн Бурхан байна. Энэ Бурхан бидэнд үзэсгэлэнтэй сайхан өв бүхий том агуу чуулганыг аль хэдийн ивээн ерөөж өгсөн. Үүнд эхлээд талархаж, Энэ агуу Бурхан одоо ч амьд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тиймээс энэ гайхалтай итгэлийн өвийг үргэлжлүүлэн залгамж болгон итгэлээр амьдрах хэрэгтэй. Миний амьдрал, бидний чуулган, бидний үйлчилдэг их сургуулийг цэцгийн хүлэмж болгон тордохыг хүсэн гуйж байна.
18, 19-р бүлэгт үлдсэн долоон овогт газар хуваарьлах үйл явц гарч байна.
20, 21 эшлэлд аль хэдийн хуваарьлагдсан газар дотроосоо Израилийн итгэлийн амьдралд шаардлагатай тогтолцооны нэг болох хоргодох хот, тахил өргөх тогтолцоог хариуцан авч буй левичүүдийн эзэмшил хотуудын тухай гарч байна.
Тэд суурьшихаасаа өмнө Бурханы ард түмний хувьд хамгийн чухал итгэлийн орчин нөхцөлийг бүрдүүлэхээр нэг сэтгэлээр хүчээ нэгтгэсэн. Хөлсөө урсган олж авсан газраа ингэж хуваарилж өгөх нь амар зүйл биш байсан. Энэ тийм чухал юмуу гэж асууж болно. Гэвч жинхэнэ аз жаргал бол итгэлийн амьдралыг чухалчилж үзэхээс эхэлдэг.
21:43-45 эшлэл “Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав. Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв. Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч талаар эс болж бүгд биелэв”. Эцэст нь Канаан газар хуваарилах нь Бурхан Абрахамд амласан амлалтын биелэл байсан. Энэ амлалт өгөгдсөнөөс хойш 690 жил өнгөрсөн. Тэр хооронд ямар их үйл явдал тохиолдсон бэ? Израиль гэм нүгэл, гомдлоосоо болж олон удаа унасан. Египетэд Изриал ард түмэн бүрэн устах аюулд хүртэл орж байсан. Иордан голыг гаталж Иерихо хотыг эзэлж Анак хүмүүстэй тулалдаж нуурын элс шиг олон өмнөд хойд нэгдсэн цэргүүдтэй тулалдах ёстой байсан. Харин үнэхээр Бурхан итгэмжит байсан. Бурхан амласныхаа дагуу бүх газрыг Изриалд өв болгон өгсөн. Энэ итгэмжит Бурхан бол бидэнд ч зориг урмыг итгэлийг суулгаж өгдөг. Амласныхаа дагуу биелүүлж өгдөг итгэмжит Бурханд итгэх үед бид ч бас итгэмжит байх болно. Бид итгэж байж, итгэлээрээ урагшилж чадна. Иошуа болон Калебын өөрчлөгдөшгүй халуун зүрх сэтгэл тууштай байдал итгэл нь энэ итгэмжит Бурханаас ирсэн зүйл юм. Бусад хүмүүс нөхцөл байдлыг дагах үед тэд итгэмжит Бурханыг дагаснаараа итгэлээрээ ялалт байгуулж чадсан. Бид ч гэсэн итгэмжит Бурханыг бүрэн дагаж Түүнд түшиглэснээр хүчээ сорьж чадахыг хүсэн гуйж байна. “Энэ уулархаг нутгийг надад өгөөч” хэмээн залбирч ой модтой газар байсан ч эзэмшиж шинээр үржил шимтэй газар болгон амьдрахыг хүсэн гуйж байна. Тэгснээрээ итгэмжит Бурхантай уулзаж чадахыг хүсэн гуйж байна.
Миний хувьд өөрийгөө өөрийн хувийн амьдрал асуудлуудын өмнө үргэлж амьдардагаа мэдэж авсан. Уг нь аугаа их ерөөл нигүүслийг хүлээн авсан ч тэр ерөөлийг харж чадахгүй сохор болсон байна. Баян Аавтай ч ядуу хүн. Итгэлээр сул байгаагаа зарлиг бэлдэх үед олж харлаа. Өнөөдрийн энэ байдлаа ухааран сурсан ч өөрчлөгдөж чадахгүй бол харамсалтай тэнэг хүн болох тул Бурханы дотор цаг үргэлж хичээнгүйлэн өөрийгөө зориулан тэмцэлтэй амьдрах урам зоригийг дүүрэн хүлээн авлаа. Мөн өдийг хүртэл идэвхигүй сул дорой байсандаа гэмшиж байна. Та хэд маань ч хэрэв над шиг байгаагаа мэдвэл Бурханд хараагаа чиглүүлэн Бурхан бидэнд соёрхсон хайр ивээл хүч чадлыг сайтар тунгаан өдөр бүр Бурханы хүч хайр ивээл рүү ирж чадахыг хүсэн гуйж байна. Зөвхөн таны хийж чадах үйлчлэл, залбирал, золиос байгаа. Тиймээс та нар маань итгэлээр тэмцэн ялалт байгуулдаг амьдралаар амьдрахыг хүсэн ерөөж байна.