ЯЛАГДЛААС СУРГАМЖ АВ
Иошуа 7:1-26
Гол эшлэл 7:13
“Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй”.
Өнгөрсөн 7 хоногийн номлолоор бид Израиль ард түмэн Бурханы үг ба зааврыг бүрэн дуулгавартай дагаснаар Иерихо цайзыг эзлэн авч хэрхэн том ялалт байгуулсан талаар сурсан билээ. Бурхан өөрсдийн ард түмнийг үргэлж сүнсний дайнд ялалт байгуулаасай хэмээн хүсдэг. Гэвч өнөөдрийн үгэнд Израиль ард түмэн харамсалтайгаар ялагдаж байгаа тухай гарч байна. Эндээс харвал Бурханы хүмүүст ялагдал байдаг гэдгийг харуулж байна. Гэвч Бурхан биднийг ялагдлын сэтгэлд автагдан, сэтгэлээр унаж амьдраасай хэмээн хүсдэггүй бөгөөд ялагдал, бүтэлгүйтлээр дамжуулан сургамж аван тэдгээрийг даван туулаасай хэмээн хүсдэг билээ. Тиймээс бид аливаа ялагдлын шалтгааныг олж алдаагаа засан дахин итгэл дотор урагшлах хэрэгтэй. Өнөөдрийн үгээр дамжуулан ялагдал бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, мөн ялагдлаар дамжуулан Бурханы бидэнд сануулж анхааруулж буй сургамжийг зөвөөр хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
I. Израильчуудын ялагдлын шалтгаан (1-15)
Өнөөдрийг хүртэл Израиль ард түмэн итгэлээрээ Иордан голыг төвөггүйхэн гаталж бат бэх Иерихо цайзыг нурааж том ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл Израильчууд ялалт, амжилтаар дүүрэн байсан. Гэвч өнөөдрийн хэсэгт Израильчууд өчүүхэн жижиг Аи хэмээх хотыг эзлэж чадалгүй, огт санаанд оромгүй байдлаар ялагдал амсаж байгаа тухай гарч байна. Тэгвэл тэдний ялагдлын шалтгаан нь юу бэ?
1-р эшлэлийг үзээрэй “Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс Эзэний уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв” гэж байна. Эндээс харвал Израильчуудын ялагдлын эхний шалтгаан нь Аханы гэмээс болсон гэдгийг маш тодорхой хэлж байна. Иошуа 6:18,19-р эшлэлээс харвал Бурхан Израиль ард түмнийг Иерихо цайзыг байлдан дагуулах үед Иерихо хотын олзонд хүрч болохгүй бөгөөд бүхий л алт, мөнгө, эд зүйл нь Эзэний эрдэнэсийн санд орох ёстой хэмээн тушаасан байдаг. Хэрэв нэг л зүйл авбал энэ нь Израилийн хуаранг цээрлэлд хүргэж лай тарина хэмээн Бурхан Иошуагаар дамжуулан ард олонд сэрэмжлүүлсэн. Бурхан ийнхүү тушаасан нь Газрын анхны үр жимс, амьтны анхны үр зулзага, анхны хэвлий дэх ууган хүү, анхны цалин гэх мэт хамгийн эхний зүйлсийг Бурханд өргөдөг байсан. Үүнтэй адил Иерихо цайз бол Канаан газрыг эзлэн авах газар нутгийн анхны үр жимс учир Израильчууд эндээс олох бүхий л олзоо Бурханд өргөх ёстой байв. Удаан хугацаанд говь цөлөөр амьдарсан Израильчуудын хувьд Иерихо цайзын алт, мөнгө, эд зүйлс нь тэдэнд маш том уруу татлага болохыг Бурхан мэдэж байсан учраас урьдчилан ард түмэнд анхааруулсан. Гэвч Ахан үүнийг мэдэж байсан ч Бурханы тушаалыг зөрчин хориг цээртэй зүйлсээс авсан.
1-р эшлэлийг дахин үзээрэй. “Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж Эзэний уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв”. Энд Яагаад ганц хүн Ахан итгэл эвдэж ганц хүн Аханы эсрэг Эзэний уур хилэн дүрэлзэв гэж бичээгүй вэ? Харин Изралийн хөвгүүд итгэлж эвдэж Эзэний уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв хэмээн бичсэн. Яагаад Бурхан ганц хүн Аханы гэмийг бүхий л Израильчуудын гэм хэмээн тооцож бүх Израильчуудын эсрэг Бурханы уур хилэн дүрэлзэж байна вэ?
Галат 3:28б-д “Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой” хэмээн хэлсэн. Эндээс харвал Бурхан өөрийн сонгосон ард түмэн, чуулган, нэгдлийг бүхэлд нь нэг хүн, нэг бие, нэг цул гэж үздэг. Тиймээс Бурхан нэг хүн Аханы гэмийг бүхий л Израильчуудад хамааруулж үзсэн. Эндээс бидний сурах ёстой зүйл бол нэг хүний гэм нь зөвхөн надад хамааралтай биш бөгөөд бүх чуулганд хамааралтай бөгөөд бүх биед маш том нөлөө ба хор хохирлыг үзүүлдэг гэдгийг сурч болно. Мөн 1-р эшлэлд зөвхөн Ахан гэж хэлээгүй. Харин Иуда овгийг, Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн Хүү Ахан хэмээн хэлсэн. Эндээс харвал Аханы гэмээс болж Иуда овгийнхон тэр чигтээ энэ гэмтэй хамааралтай болж байна гэсэн утгатай. Энэ нь нэг хүний гэмийн асуудал зөвхөн надаар дуусдаггүй бөгөөд миний үр удамд хүртэл нөлөөлдөг гэдгийг харуулж байна. Тиймээс бид нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Аливаа гэмийн асуудлыг миний л үйдсэн гэм, би л үйлдсэн юм чинь би л өөрөө хариуцлагыг нь хүлээн хэмээн ташаа ойлгож болохгүй. Харин нэг хүн надаас болж миний гэр бүл , үр хүүхэд цаашлаад чуулганд Бурханы ерөөлийг авч ирэх үү, эсвэл Бурханы хараалыг авч ирэх үү гэдэг нь надаас хамаардаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тиймээс бид хамаагүй, дураараа, өөрийн бодол ба хүслийн дагуу гэм үйлдэж болохгүй бөгөөд гэм үйлдэхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Хэрэв бидэнд ганц миний нөлөө эргэн тойронд байгаа хүмүүст, гэр бүлд, чуулганд маш том нөлөө үзүүлдэг гэсэн ухамсар байвал бид дураараа гэм үйддэггүй бөгөөд өөрийн үг ба үйлдлээ хянаж Бурханы өмнө хичээнгүй амьдардаг. Харин эсрэгээрээ ийм ухамсар байхгүй бол бид Аханы түүхийг давтах болно. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр нэг хүний нөлөөний талаар зөв ухамсартай байж гэр бүл, үр хүүхэд, чуулгандаа Бурханы ерөөлийг дүүрэн авчирдаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Израильчуудын ялагдлын хоёр дахь шалтгаан бол бардам сэтгэлээр Аи хот уруу дайрсан явдал юм. Тэд их ялалт байгуулсныхаа дараа зүрх сэтгэл нь бардам болжээ. 2-3-р эшлэлийг үзээрэй “2 Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтэйд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн тэдэнд—Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав. 3 Тэд Иошуа уруу буцаж ирээд—Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв”
Иошуа 8:25-р эшлэлээс харвал Аи хотын бүх хүн 12000 хүн л байсан. Эндээс хүүхэд эмэгтэйчүүдийг нь хасвал дайнд мордох эрчүүд цөөхөн байсан. Гэвч Израильчууд хотын нөхцөл байдлыг хараад бүх цэргүүдээ дайчлах хэрэггүй бөгөөд гурван мянга орчим хүн явуулбал хангалттай гэж бодсон. Өөрөөр хэлбэл тэд Ай хотыг дутуу дүгнэн, бардам сэтгэлээр хандсан. ”. Тэд бат бэх Иерихог бут цохисон юм чинь энэ жижиг хот бол юу ч биш хэмээн бодсон байх. Тиймээс тэд их хүч гаргалгүй Аи хотыг амархан эзэлнэ гэж бодсон. Уг нь Канаан нутгийг эзлэх дайн бол сүнсний дайн буюу Бурханы дайн байсан. Тиймээс Израильчууд жижигч бай том ч бай аливаа дайнд бүх хүчээ дайчлаад, Бурханы үг ба тушаал зааврын дагуу, Бурханыг түшиглэн дагах ёстой байсан. Гэвч тэд Бурханаас асууж Бурханд түшиглээгүй бөгөөд өөрсдийн хүч чадалд найдан ийнхүү шийдвэр гаргасан. Гэвч тэд Аи хотын эрчүүдээс зугтаж гучин зургаа орчим хүнээ алуулж бэл газарт бүгд үхэцгээсэн(5). Тиймээс ард олны зүрх үхэж шалдаа буусан(5в).
Эндээс Бурхан бидэнд ямар сургамж өгч байна вэ? Бид амьдралын жижиг ч бай том бүхий л зүйлийн өмнө үргэлж Бурханд түшиглэх хэрэгтэй гэдгийг заан өгч байна.
Бид улсын том шалгалт, ажлын асуудал, гэрлэлтийн асуудал, өвчний асуудал, ЭЗ-н асуудал, байр, үр хүүхдийн гэх мэт өөрийн хүч чадлаар шийдэж чадахгүй амьдралын асуудлуудтай нүүр тулах үед, хичээнгүйлэн Бурханд залбирч итгэлээр даван туулж Бурханы хайр ивээлийг дүүрэн амсдаг үе байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы онцгой ивээлийг амсаж Бурханы тусламжтайгаар амьдралын том том асуудлаа даван гардаг. Гэвч бид Бурханы онцгой ивээлийг авсны дараа сүнсний сэрэмжээ алдаж итгэлийн хувьд сул болох үе байдаг. Асуудлууд шийдэгдсэний дараа, тухайн асуудал шийдэгдэхэд миний хувь нэмэр, оролцоо, хичээл зүтгэл байсан мэт санаж сэтгэлийн мухарт өөртөө найдах, түшиглэх бардам сэтгэлийн үр бий болдог.
Энэ л өчүүхэн жижиг бардам сэтгэл нь аливаа жижиг асуудал, сонголт шийдвэрийн өмнө өөрийн туршлага, хүч чадал, мэргэн ухаандаа найдан шийдвэр гаргаж сонголт хийхэд хүргэдэг. Энэ нь цаашлаад Библийн хичээл, сэтгэгдэл бичих, залбирах, библи унших, цуглаан өргөх зэрэг сүнслэг цагуудыг жижиг зүйл мэт харагдуулж хайнга хандуулж эхэлдэг. Эцэстээ бүр Бурханы өмнө хүлээсэн үйлчлэл ба ажил үүргээс бага багаар хөндийрүүлдэг. Хэрэв бид ийм л бардам сэтгэлээ гэмшихгүй бол итгэлийн амьдралдаа сайнаар эхэлсэн ч цаашид итгэлээр амьдарч Бурханы ажилд бүрэн дүүрэн, нандинаар хэрэглэгдэж чадахгүй. Тиймээс бид үргэлж Бурханы өмнө гэмшиж зүрх сэтгэлээ даруу байдалд дасгалжуулан амьдрах хэрэгтэй.
Хүн сул дорой, гэмтэй учраас бардам болоход амархан байдаг. Бардам занг сүнсний эдгэршгүй өвчин гэх бөгөөд энэ өвчний эсрэг ямар ч эм тариа байхгүй. Яагаад гэвэл бардам сэтгэлтэй хүн хэний ч үгийг сонсдоггүй бөгөөд үргэлж бусдыг шүүж буруутгасан, гомдлын үг хандлага гаргаж байдаг. Хэн нэгэн хүн өөрийнх нь алдааг хэлж шүүмжлэх үед хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уурлаж эсэргүүцдэг. Тиймээс бид ийм болчихгүйн тулд үргэлж сэрэмжилж Бурханы өмнө очин, үг зарлигаар өөрсдийгөө шалгадаг байх хэрэгтэй. Энэ цагт бид ганц хүн Аханы гэм ба Израильчуудын бардамналаас сургамж аван Бурханы өмнө зөвөөр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Гэмийн асуудлыг шийдсэн Бурхан (6-26)
Израильчуудын сүнсний асуудлыг Иошуа хэрхэн шийдсэн бэ? 6-р эшлэлийг үзээрэй “Тэгээд Иоуша хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНИЙ авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв” гэж байна. Иошуа Израильчуудыг ялагдал амсах үед, ялагдлын шалтгааныг хүмүүсээс эсвэл нөхцөл байдлаас эрэн хайсангүй. Харин хамгийн түрүүнд эхлээд Бурханы өмнө очиж Бурханаас асууудлын шалтгааныг эрэн хайж байна. Өөрөөр хэлбэл Иошуа Бурхантай харилцах харилцаанд ямар нэгэн асуудал байна уу? Бурханы өмнө Израильчуудын байдал ямар байна вэ? Бурханд дуулгаваргүй байсан ямар нэгэн гэмийн асуудал байна уу? хэмээн асуудлын шалтгааныг Бурханаас эрэн хайсан. Эндээс бид ямар нэгэн асуудалтай нүүр тулах үед асуудлын шалтгааныг хүмүүсээс эсвэл нөхцөл байдлаас эрэн хайх биш, эхлээд Бурханаас эрэн хайх хэрэгтэй гэдгийг сурч болно.
7-9-р эшлэлийг үзээрэй Иошуагийн Бурханд хандан гуйж буй залбирлыг харвал Израильчуудын бүтэлгүйтлээс илүүгээр, Бурханы нэр алдар харь үндэстний дунд унахаас санаа нь зовж Бурханы нэр алдрын төлөөх гуйлтыг өргөж байгааг харж болно. Ийнхүү залбирах үед Бурхан Иошуад хариулсан. 10,11-р эшлэлийг үзээрэй “Тэгтэл Эзэн, Иошуад -Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ? Израиль нүгэл үйлдэж Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч хулгай хийж бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан” хэмээв.
Эндээс бид Аханы үйлдсэн гэм нь сүнсний мөн чанартай гэмийн асуудал байсан гэдгийг мэдэж болно. Энэ нь Ахан Бурханы үг ба тушаалд дуулгаваргүй хандсан. Өөрөөр хэлбэл Бурханы үг ба тушаалд дуулгаваргүй байх нь сүнсний гэм бөгөөд маш ноцтой гэдгийг харуулж байна. 11-р эшлэлд “Израиль нүгэл үйлдэж, хууран мэхэлсэн” гэж байна. Эндээс харвал Ахан хүмүүс мэдэхгүй юм чинь, хүмүүс хараагүй юм чинь гэсэн бодлоор Бурханы үг ба тушаалд дуулгаваргүй хандсан. Энэ нь хүмүүсийг хууран мэхлээд зогсохгүй Бурханыг хуурсан гэм болжээ. Эндээс бид хичнээн нууцаар гэм үйлдэж хүмүүсээс нууж чадлаа ч Бурханыг хэзээ ч хуурч чадахгүй гэдгийг зааж байна. Бурхан Аханы нууцаар үйлдсэн гэмийн асуудлыг Аи хотын ялагдлаар дамжуулан ил гаргасан. Үүнтэй адил Бурхан заримдаа бидний нууцаар үйлдсэн гэмийн асуудлыг жижиг ялагдлаар дамжуулан сануулж өгдөг. Магадгүй Бурхантай харилцаа бага зэрэг хөндийрсөн, Бурханы үг ба тушаалд дуулгаваргүй хандсан, Бурханаас илүү өөр зүйлсийг хайрласан гэмийн ямар нэгэн асуудал байгааг жижиг жижиг ялагдлаар дамжуулан ойлгуулж анхааруулах дохио өгдөг. Мөн гэнэтийн янз бүрийн асуудал, зовлонгоор дамжуулан Бурхантай харилцах харилцааг шалгах дохио болдог юм.
13-р эшлэлийг үзээрэй. “Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй”». Бурхан тэдний гэм юу болохыг зааж өгсний дараа шийдэх арга замыг заан өгч байна. Ард түмний гэмийг олж энэ гэмийн асуудлыг шийдвэрлэхийг тушаасан. Тэгэхээс нааш Бурхан тэдэнтэй хамт байхгүй бөгөөд Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй гэдгийг сануулсан. Эндээс харвал Израилийн жинхэнэ дайсан тэдний гадна талд бус харин тэдний дотор, өөрсдөө байсан.
16-26-р эшлэлийг үзээрэй. Энд Иошуа гэмтнийг эрэн хайж олоод устгаж буй үйл явдал гарч байна. Иошуа Бурханы тушаалын дагуу гэм үйлдэгчийг илрүүлэхийн тулд бүх овгуудыг цуглуулсан. Шавга хаяхад Иуда овгийнхон сонгогдож Иуда овог дундаа Зерачуудын ураг сонгогдож Зерагийн ургаас Забди тунан үлдсэн. Иошуа түүний гэрийнхнийг нэг нэгээр нь авч ирэхэд Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан тунасан. Бурхан Аханыг маш тодорхой гаргаж ирсэн. Ахан тунаж үлдэх хүртлээ өөрийгөө нуусныг харвал гэмших сэтгэлгүй байсан юм шиг байна. Тэрээр Бурханаас эмээж гэмших зүрх сэтгэлтэй байсан бол Израилийг бүтэлгүйтэн хөөрхийлөлтэйгөөр ялагдал хүлээх үед, мөн шавга хаяж эхлэх үед өөрийнх нь гэмээс болсон гэдгийг санан шууд л гэмших хэрэгтэй байсан. Гэвч тэрээр эцсээ хүртэл гэмшихгүй байж байгаад гэм нь ичгүүртэйгээр илчлэгдсэн.
19-21-р эшлэлийг үзээрэй. “Иошуа, Аханд—Хүү минь, гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ. Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь—Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.”
Энд Ахан Иошуад “олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан” хэмээн хэлсэн. Энд гарч буй Шинарын гоёмсог өмсгөл бол эртний Вавилон улсад хийгдсэн гоёмсог хааны дээл бөгөөд зарим судлаачид үүнийг алтан утсаар нэхдэг байсан хэмээн үздэг. Хоёр зуун шекел мөнгө нь 2,5 кг бөгөөд одоогийн ханшаар 4 сая гаран төгрөг, 50 шекел алт 0,6кг жинтэй бөгөөд одоогийнхоор 90 гаруй сая төгрөг юм. Ахан эдгээр зүйлсийг харах үед түүний сэтгэлд шунахайрлын сэдэл төрж хэнд ч мэдэгдэхгүйгээр авсан. Шунахайрлын сэтгэл нь түүний сүнсний нүдийг сохолж Түүний хийж буй зүйл ямар аймшигтай гэмийн үр дагавартай вэ гэдгийг харуулж чадаагүй. Эцэст нь шунахайрал өөрийг нь цаашлаад гэр бүлийг нь сүйрүүлээд зогсохгүй Израилийг бүхэлд нь ялагдалд хүргэж байна.
Эндээс шунахайрал бол бидний сэтгэлийг Бурханаас холдуулах зүйл болдог гэдгийг сурч болно. Шунахайрал нь бидний зүрх сэтгэлийг энэ дэлхийн зүйлс рүү хандуулж итгэлээс маань холдуулдаг. Тиймээс элч Паул шунахайрал бол хиймэл шүтээн шүтэхтэй адил гэж хэлсэн байдаг (Кол 3:5). Шунахайрал нь нүдэнд харагдаж гарт баригддаггүй учраас маш аюултай. Гэвч шунахайрал нь миний дотор үндэслэн соёолж ургаад намайг сүйрүүлж ахан дүүсээ ч бас сүйрүүлэх аймшигтай үр дүнд хүргэдэг аюултай.
Библид шунахайрал бол бүх гэмийн үндэс хэмээдэг. Эхлэл номыг харвал анхны хүн Адам болон Ева нар гэмд унасан шалтгаан нь мөн л шунахайрлаас үүдэлтэй байсан. Есүс өв хөрөнгөнөөсөө болж маргалдаж буй ах дүүст ийн хэлсэн. “Тэгээд Тэр тэдэнд -Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийнх нь хангалуунаас хамаардаггүй гэв”. (Лук12:15). Шунахайрал зөвхөн эд хөрөнгөний тал дээр биш, махан биеийн хүсэл тачаал, эрх мэдлийн шунал, нэр хүндийн шунахайрал гэх мэт бүх зүйл дээр бий болдог. Ийм шунахайрал хүн бүрт байдаг. Энэ гэмийг зүрх сэтгэлдээ үндэслүүлэн соёолуулах уу үгүй юу гэдэг нь надаас шууд хамааралтай. Тиймээс бид шунахайрлыг зүрх сэтгэлдээ ургуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Заримдаа залуучууд бидний хувьд ийм л ажилд орчихвол, ийм л мэргэжилтэй болчихвол, энэ л карьерт хүрчихвэл, ийм л сонголт хийчихвэл, ийм л хүнтэй гэрлэчихвэл, энийг л авчихвал амьдрал аз жаргалтай, сайхан болчих юм шиг санаж тухайн зүйлийн хойноос үхэн хатан тэмцэж авч байж санаа амрах үе байдаг. Гэвч энэ нь бидний зүрх сэтгэлийг бүхэлд нь эзэмдэж буй шуналаас үүдэлтэй. Мөн өөрт Бурханы зөвшөөрсөн зүйлсээс илүүг, байгаа зүйлсээсээ илүү ихийг хүсэхийг шунал гэдэг. Ахан уг нь Иуда овгийн хүн байсан бөгөөд ууган овог тул бусад овгуудыг бодвол Канаан нутгийг эзлэх үед илүү өргөн уудам газар нутаг авах хувьтай байсан. Гэвч Ахан Бурханы өөрт нь зөвшөөрсөн онцгой ивээлээс илүү зүйлсийг шунан хүссэн. Хүн маш сул дорой учраас энэ мэт зөвшөөрөгдсөнөөс илүүг хүсэж шуналд авах үе байдаг. Тиймээс өөрийн зүрх сэтгэлийг аливаа шунал хүсэлд автуулахгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй. Ингэхийн тулд бид өдөр бүр Бурханы үг ба зарлигаар, гуйлт ба залбирлаар зүрх сэтгэлээ дүүрэн байлгаж Бурхантай ойр байснаар сүнсээр сэргэг байх хэрэгтэй. Тэгвэл бид зүрх сэтгэлдээ шуналын үндсийг соёолуулахгүй байж чадна.
24-25-р эшлэлийг үзээрэй “24 Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Ахан болон мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч Ахорын хөндийд авч ирэв. 25 Иошуа—Чи бидэнд лай болсны адил өнөөдөр ЭЗЭН чамд лай тарина гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галдан шатаав”. Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Ахан болон мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч Ахорын хөндийд авчирсан. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидсэн. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галдан шатаасан. Энд Аханыг үр хүүхэд мал сүрэгтэй нь хамтад нь чулуудан шатаасан гэж байна. Яагаад Бурхан ийм хатуу шийтгэж байна вэ? Хөвгүүд, охид нь цугтаа шийтгэгдэж байгаа нь үнэхээр хатуу харгис мэт санагдаж байна. Тэгвэл яагаад Бурхан ийнхүү хандсан бэ? Магадгүй Библид бичигдээгүй боловч Аханы эхнэр, үр хүүхэд аавыгаа эд зүйлс авч ирээд нууж байгааг харсан байх. Өөрөөр хэлбэл тэд аавынхаа гэм үйлдэж байгааг мэдсэн ч мэдээгүй мэт нүдээ аниад өнгөрсөн. Эндээс бид мөн нэг зүйлийг сурч болно. Хэрэв бид эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамтран зүтгэгч нар маань Бурханы эсрэг ямар нэгэн гэм үйлдэж байгааг харсаар байж нүдээ аньж өнгөрөөвөл бид ч тухайн гэмд оролцсон болно.
Тиймээс бид чуулганы ахан дүүс, хамтран зүтгэгч нар, эхнэр, нөхөр, хоньдын Бурханы эсрэг үйлдэж буй гэмийг харвал нүдээ аниад чимээгүй өнгөрөөх биш харин гэмшихэд нь туслах хэрэгтэй. Тэдний төлөө Бурханд хичээнгүйлэн залбирч Бурханы үг ба мэргэн ухаанаар зэмлэж ятгаж гэмшихэд нь туслах хэрэгтэй. Хэрэв чимээгүй өнгөрөөвөл бид тухайн гэмд оролцсон болж Бурханаас ирэх шийтгэлийг хамтдаа хүртэх болно.
Тэгвэл Аханы эсрэг үйлдэж буй Бурханы хатуу шийтгэл нь Израильчуудад ямар сургамж өгсөн бэ? Бурханы үг ба тушаалыг зөрчиж болохгүй, ганц хүний гэм бүхий л ард түмэнд ямар аймшигтай нөлөөлж ямар их хор хохирол авчирдаг вэ? гэдгийг сурсан байх. Бид бас Аханы түүхээс сургамж авч Бурханы өмнө сэрэмжтэй амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Энэ цагт манай чуулганы хүн бүр Бурханы үнэний талд бат зогсож эргэн тойронд байгаа хүмүүсдээ зөвөөр тусалж тэдэнд зөв нөлөөг үзүүлдэг хүнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
ДҮГНЭЛТ: Өнөөдрийн үгээр Ахан гэх ганц хүний гэм Израильчуудад хэрхэн нөлөөлөв гэдгийг сурлаа. Бид бол Эзэний дотор нэгэн бие болсон хүмүүс. Тиймээс бидний хүн нэг бүр энэ чуулганд хэрхэн ямар хандлагаар амьдрах ёстойг өнөөдрийн үг бидэнд заан өгч байна. Энэ цагт манай чуулганы хүн бүр гэр бүл, үр хүүхэд, чуулган, улс орныхоо өмнө зөвөөр амьдарч Бурханы ерөөлийг байгаа газартаа дүүрэн авчирдаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. АМЕН.