2021 оны Иошуа 5-р номлол (04.18) Абрахам Нямсүрэн

ИЗРАИЛЬЧУУДЫГ ДАЙНД БЭЛДЭЖ БУЙ БУРХАН

Иошуа 5:1-15
Гол эшлэл: Иошуа 5:2

“Тэр үед ЭЗЭН, Иошуад – Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ.”

Өнөөдрийн үг нь Израильчууд Иордан голыг гаталж Иерихог эзлэхийн өмнө Гилгалд болсон үйл явдлын талаар юм. Израильчууд Бурханы тушаалыг дагаж хозлох ёслолыг үйлдэн, Алгасал буюу Исгээгүй талхны баярыг тэмдэглэсэн. Дайсны нутагт орж ирсэн Израильчуудын хувьд хозлол хийлгэх тушаал нь ойлгомжгүй байсан ч Канаан нутгийг эзлэх дайн нь яг үнэндээ бол Бурханы хийх тулаан бөгөөд сүнсний дайн байсан юм. Тиймээс юун түрүүнд Өөрийн ард түмний сүнсний байдлыг бэлтгэх нь маш чухал байжээ. Өнөөдрийн үгээр дамжуулан Эзэн Бурханы ард түмэн болсон бид ч гэсэн сүнслэг тулаанд хэрхэн бэлтгэж оролцох хэрэгтэй бөгөөд тулааны утга учир нь юу вэ гэдгийг сайн ухаарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Хозлол хийлгэсэн ард түмэн (1-9)
1-р эшлэлийг үзвэл Израильчуудын хувьд Бурханы гайхамшигт хүч чадлаар Иордан голыг гаталсандаа маш их баярлан талархаж Бурханыг магтан гэрчилж байлаа. Харин энэ тухай сонссон Амори болон Канааны хаадын зүрх нь үхэж Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохсон байв. Өөрөөр хэлбэл ЭЗЭН Бурханы аугаа хүч чадлаас айн сандралдаж зүрх зориггүй болсон байв. Израильчууд яг одоо Канаан уруу довтлох нь хамгийн тохиромжтой мөч бөгөөд амархан ялалт байгуулж чадах байсан биз ээ.
Харин Бурхан Иошуад ямар тушаал өгсөн бэ? 2-р эшлэлийг үзээрэй. “Тэр үед ЭЗЭН, Иошуад –Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ.”
Хурдхан Канаан газар уруу довтол ийм аргаар тулалдаарай гэхийн оронд Израилийн хөвгүүдийг хозол гэдэг ойлгомжгүй тушаал өгсөн. Одоо тэд Иордан голын баруун эрэгт гарсан бөгөөд Канааны нутагт байгаа учир дайсны нүдний өмнө, алган дээр нь харагдаж байсан. Мөн тэд одоо хозлол хийлгэвэл 5-7 хоног өвчтэй байх учир дайсан довтолвол тулалдаж чадахгүй амархан ялагдах байлаа. Иошуагийн хувьд энэ тушаалыг дагах нь амиа хорлож буй хэрэг бөгөөд өөрсдийгөө дайсанд бэлэн хоол болгон өгч буй үйлдэл гэдгийг мэдэж байсан. Үнэхээр ойлгомжгүй, дагахад хэцүү тушаал байсан юм. Гэхдээ Иошуа өөрийн санаагаар зөрүүдлээгүй бөгөөд Бурханы тушаалыг үг дуугүй дуулгавартай дагаж цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг хозлов.(3)
Бурхан яагаад ийм эрсдэлтэй, аюултай нөхцөлд Израилийн хөвгүүдийг хозол гэсэн тушаал өгсөн юм болоо? “Хозлол” нь эр хүний бэлэг эрхтний тээрхийн арьсыг нь авснаар Бурханы амлалтыг махан биедээ сийлж Бурханы сонгогдсон ард түмэн гэдгийг сануулахын тулд байсан. Өөрөөр хэлбэл Би чиний Бурхан болж та нар Миний ард түмэн болно гэсэн амлалтыг сануулж байна. Хозлуулснаар Бурханы өмнө зөвт гэж хүлээн зөвшөөрөгдөх биш, итгэлээрээ зөвт хэмээн хүлээн зөвшөөрөгдөж буй зүйл юм. Хозлол нь Бурханы ард түмний хувьд зайлшгүй хийх ёстой зүйл байсан. Зөвхөн махбодийн хувьд хозлол хийлгэх бус зүрхээ ч хозлох хэрэгтэй байсан. Дэд хууль 30:6-д “ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозлоно.” гэж хэлсэн. Зүрхний хозлол нь бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах явдал юм. Хозлол хийлгэх нь өвдөлт ба зовиуртай боловч Бурханы өв залгамжлалд орж гэрээ байгуулах нь хамгаас чухал юм. Мөн Бурханд ашиглагдах хүнээр төлөвшин өсч байгаагаараа ач холбогдолтой юм. Тиймээс Бурхан Израильчуудыг Канаан нутгийг эзлэхээсээ өмнө Бурхантай хайрын шинэ харилцаа тогтоож Бурханы сонгосон ард түмэн гэдгийг тодорхой болгон сануулахын тулд хозлол хийлгэжээ. Хозлолын утга учрыг нарийвчлан авч үзвэл,
1-рт: Өмнөх амьдралын бузар гэмт үйлдлийг бүр мөсөн орхиж Бурханы доторх шинэ хүнийг өмсөх юм. Бидний хувьд хозлолыг баптисмтай адилтгаж болох бөгөөд зорилго нь нүгэлт хуучин хүнээ тайлан хаяж Есүс Христийн доторх шинэ хүнийг өмсөх явдал юм. Колоссай 2:11,12-д “Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, Түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хозлолыг хийлгэсэн. Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав.”
2-рт: Өөрийн хүслээр бус Бурханы хүслийн дагуу амьдрана гэсэн шийдвэр юм. Израиль ард түмний анхаарал нь хурдхан сүү зөгийн бал урсаж буй газарт ороод амар тайван амьдрах байсан бол Бурханы хүсэл нь тахилч улс, ариун үндэстэн болгох байсан. Бурханы хүсэл бидний хүсэл төлөвлөгөөнөөс тэс өөр байдаг. Тиймээс бид өөрсдийн бодол төлөвлөгөө, санаа бодол, хүслийг үгүйсгэснээр л Бурханы хүсэл тааллын дагуу амьдарч чадна. Бид Есүс Христийн нэрээр баптисм хүртэхдээ Христтэй нэгдэж Христтэй хамт үхэж Христтэй хамт амьдардаг. Тиймээс баптисм хүртсэн хүмүүс өөрсдийн хүсэл, тэмүүллийн дагуу амьдрахаа больж харин Бурханы хүслийн дагуу амьдрах итгэлийн шийдвэр гаргасан юм.
3-рт: Өөрийн бардамнал ба сул дорой байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч зөвхөн Бурханд түшиглээсэй хэмээн хүссэн. Израильчууд Гилгалд хозлол хийлгэсэн явдал нь Бурханд бүрэн найдах итгэлийг суулгахыг хүссэн учраас юм. Тэд аюултай нөхцөл байдлын дунд хозлол хийлгэснээр Бурханд л найдахаас өөр аргагүй байсан. Тэдний махбод хүчгүй учир өөрсдөдөө найдах ямар ч зүйл үлдээгүй байв. Энэ нь Бурхан тэднийг хамгаалагч бөгөөд тэдний хийх гэж буй тулаан нь Бурханы ажил гэдгийг ухааруулах гэсэн юм. Тиймээс Бурханд бүрэн түшиглэж байж л ялалт байгуулж Канаан газрыг байлдан дагуулж чадах байсан. Бидний хувьд Бурханд түшиглэж байна гэж хэлдэг боловч бодитоор хүмүүст болон өөрийн мэдлэг чадвар, туршлага, бодит байдалд найдах нь их байдаг. Ийнхүү өөртөө найдаж түшиглэдэг учраас Бурханаас зуурч хичээнгүйлэн залбирдаггүй, Бурханы үгийг уншиж судлахын оронд хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь амархан байдаг. Иймээс Бурханы тусламжийг авч Бурханы хийж буй ажлыг харж чаддаггүй.
Энэ цагт манай цуглаанынхан хозлол ба баптисмын гүн гүнзгий утгыг тунгаан бясалгаж хувь хүн нэг бүр Бурханы өмнө өөрсдийгөө шалгаж үзэхийг хүсч байна. Бурханаар сонгогдож Бурханы ард түмэн ба Есүсийн доторх шинэ бүтээл болсон байр сууриа дахин харж Бурханд талархал магтаалыг өргөж чадахыг гуйж байна.
Одоо 9-р эшлэлийг үзээрэй. “Дараа нь ЭЗЭН, Иошуад -Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.”
Израильчууд Бурханы тушаалын дагуу бүгд хозлол хийлгэсний дараа өнөөдөр та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэж тунхаглаж байна. Энд хэлж буй “Египетийн занал зүхэл” гэдэг нь Египетэд боолчлогдсон үеийн ичгүүрийг хэлж байна. Израильчууд Египетэд боолчлогдох үедээ боолын сэтгэлгээгээр дүүрэн залхуу хойрго, ёс суртахуунгүй, зөрүүд, гутрангуй, шунал хүслээр дүүрэн байсан. Тэд өөрсдийгөө Бурханы ард түмэн гэж үзэж байгаа ч Египетчүүд шиг нүгэл үйлдсэн гэдгээ мэдээд ичгүүртэй санагддаг байжээ. Гэвч тэд өөрсдийн болон өвөг дээдсийнхээ доромжлол, ичгүүрт гэмийг гэмшин хозлол хийлгэсний дараа Бурхан тэднээс Египетийн бүх занал зүхлийг зайлуулжээ. Ялангуяа Египетээс авч ирсэн соёлын нөлөө, шашны нөлөө, амьдралын хэв маяг гэх мэт бүх нөлөөг зайлуулжээ. Тиймээс тэр газрыг Гилгал гэдэг байв. Гилгал нь өнхрүүлж зайлуулсан гэсэн утгатай. Ийнхүү Бурхан тэднээс Египетийн занал зүхлийг зайлуулахад одоо тэд Бурханы сонгосон ард түмэн гэсэн байр сууринд очжээ. Израильчууд Гилгал дахь хозлолоор дамжуулан ард үлдсэн бүх л муу дурсамж, гэм буруу, муу хувь заяа зэргийг тайлан хаяж одооноос шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амлалт, шинэ зүрх сэтгэл, шинэ хүнээр урагш харан амьдрах болов. Энэ нь Бурханы биднээс хүсдэг зүйл юм. Бурхан биднийг ийнхүү ардахаа мартаж урагш тэмүүлэн амьдраасай хэмээн хүсдэг. Хуучин гэмт хүнээ тайлан хаяж, Христ доторх шинэ хүнээр өдөр бүр амьдраасай хэмээн хүсдэг. Бид Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан бүх л ичгүүр ба муу тавилан, гэмийн боолчлолоос чөлөөлөгдсөн юм. Одоо ч намайг зовоож байгаа гэмийн гинж байвал эсэргүүцэж аль хэдийн чөлөөлөгдсөн хэмээн итгэлээр тунхаглацгаая.
2. Хөлөөсөө шаахайгаа тайл (10-15)
10-р эшлэлийг хараарай. “Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв.”
Алгасал баяр бол Израильчууд Бурханы хүч чадлаар Фараоны боолчлолын гинжнээс чөлөөлөгдсөнийг тэмдэглэх ёслол юм. Энэ үед Израильчууд гурав дахь удаагаа Алгасал баярыг тэмдэглэж байв. Эхнийх нь Египетээс гарахын өмнөх өдөр Исгээгүй талхны баярыг тэмдэглэсэн. (Гэт 12:1-28), хоёр дахь нь дараа жил нь Канаан руу явахаасаа өмнө Синаин цөлд Алгасалыг сахисан. (Тоо 9: 1-5). Үүнээс хойш 38 жилийн турш цөлд дасгалжуулагдаад Алгасалыг сахиж чадаагүй.
Бурхан Египетэд бүх ууган хүүхдүүдийг шийтгэсэн тэр шөнө Израильчуудын ууган хүүхдүүдийг Өөрийн гайхамшигт аргаар үхлээс аврах арга замыг нээж өгсөн. Энэ нь хурганы цусыг хаалганыхаа тотгонд түрхвэл алгасан өнгөрөх байлаа. Израильчууд үүнийг дуулгавартай дагаснаар шүүлтээс мултарч аврагдах боломжтой болсон. Алгасал баяр нь энэхүү авралын ивээлийг санаж Бурханы агуу хайр, хүч чадлын төлөө талархал илэрхийлэх чухал ёслол юм. Тэд Бурханы авралыг санан талархах ёстой байв. Тиймээс Гилгалд хоёр дахь үеийнхэн нь Алгасал баярыг тэмдэглэжээ. Энэ үйл явдал нь Израильчуудын сүнсний бүрэн шинэчлэлийн илэрхийлэл байсан. Зөвхөн хозлол хийлгээд зогсоогүй Бурханы аврал ба ивээлийн төлөө талархал магтаалыг өргөсөн. Итгэгч бид ч гэсэн хүн төрөлхтний гэмийн төлөө загалмай дээр тахилын Хурга болон амиа өргөснөөр гэм ба Сатаны боолчлолоос чөлөөлөн өгсөн Есүс Христийн аврал ба ивээлийн төлөө талархаж магтаал хүндэтгэлийг өргөдөг юм.
Израильчууд хозлол хийлгэн Алгасал баярыг тэмдэглэснээр сүнслэг тулаанд бэлэн болжээ. Харин Иошуагийн хувьд бэлтгэл дутуу байлаа. Тэгвэл Иошуаг хэрхэн бэлтгэсэн бэ? Иошуа өөрийгөө цэргүүдээ удирдан тулаанд орох жанжин гэж бодож байсан бөгөөд хэрхэн тулалдах тактик төлөвлөөг ч бодож байсан байхаа. Тийнхүү тэр Канаан газрыг харуулдан харж дайсны нутгийг тандаж байтал эсрэг талд нь илдээ сугалан барьсан цэргийн жанжин зогсож байлаа. Иошуа түүн дээр очин, түүнээс – Та бидний талд уу, дайсны талд уу? гэж асуув.(13) Иошуагийн асуултанд тэр “би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэж хариулав. Энэ хариулт нь Израильчуудын талд ч, Канаанчуудын талд ч биш бөгөөд ЭЗЭН Бурханы армийн жанжнаар ирсэн гэж хэлж байна. Энэ нь Бурханд болон Христэд итгэгч хүмүүсийн жанжнаар ирсэн гэсэн утгатай. Эндээс харвал тэдний хийх гэж буй тулаан бол Бурханы хийх дайн гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Харин бид харанхуй дэлхийд хэрэглэх Бурханы гэрлийн зэвсгүүд юм. Иошуагийн хувьд Канааныг байлдан дагуулах дайны утга учрыг сайн ойлгоогүй байжээ. Канааныг эзлэх дайн нь зүгээр нэг эзлэн түрэмгийлэл бус Бурханы хүслийг биелүүлж буй сүнслэг дайн байв. Энэ дайн нь гэрэл ба харанхуйн хоорондох, амьд оршигч Бурхан ба хуурамч шүтээнүүдийн хоорондох дайн байв. Өөрөөр хэлбэл Бурханы алдрын төлөөх дайн байсан. Тиймээс Иошуа Бурханыг өөрийн талд авахаас илүүгээр өөрөө Бурханы талд байх ёстойг ойлгуулахыг хүсчээ. Бид Бурханы талд зогсож Бурханы алдрыг харахын тулд тэмцэх хэрэгтэй. Бурхан Өөрийнх нь талд байгаа хүнтэй хамт байж тэднийг босгон байгуулж өгдөг. Мөн Бурхан эдгээр хүмүүсийн төлөө тэмцдэг юм. Бурхан Иошуад илд барьсан Бурханы дайчдын жанжны дүрээр ирсэн нь Бурхан Өөрөө тэдний төлөө тэмцэн гэдгийг харуулахыг хүссэн. Иошуа Канаанчуудтай хийх дайнд өөрийн хүчээр ямар нэг зүйл хийхээс илүүгээр Бурханыг удирдагчаа болгож Бурханд дуулгавартай байхад л болох байсан. Тиймээс ч Иерихо хотыг эзлэх дайнд Бурхан Өөрөө тэдний төлөө тулалдаж сэлэм жад хэрэглэлгүйгээр эзлэн авч чадсан юм. Үүнчлэн сүнслэг тулаан нь миний дайн биш, харин Бурханы дайн учир Бурханы заавар удирдлагыг дуулгавартай дагавал ялалт байгуулж чадна. Бид ч гэсэн өөрийн арга ухаан, хүч чадлаар тэмцэж ялалт байгуулж чадна гэсэн бодлоо гэмшин авч хаях хэрэгтэй. Зөвхөн Бурханы аргаар, Бурханы хүч чадлаар л ялалт байгуулж чадах юм. Ефес 6:12-д “Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.” гэж хэлсэн.
Монгол улсад сүүлийн үед шуугиан тариад байгаа бэлгийн хүчирхийллийн асуудал бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Мэдээж бид үүнийг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх нь чухал боловч хамгийн чухал эсэргүүцэл нь сүнслэг талбарт явагдах ёстой юм. Магадгүй бидний сонсоогүй, нийтэд илчлэгдээгүй энэ мэт олон хэргүүд байгаа байх. Тиймээс хамтдаа Монгол түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа бэлгийн дарамт, хүчирхийлэл устаж үүнээс болж хохирогч болж буй бүхий л хүмүүсийн хамгаалалтын төлөө залбирцгаая.
Харин Бурханы армийн жанжинтай уулзсан Иошуагийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэд үнэндээ Бурханыг болон Түүний стратегийг сонсож дагах ёстой байв. Бурхан Иошуагийн талд байхаас илүүгээр Иошуа эхлээд Бурханы талд байж дуулгавартай дагах ёстой байв. Иошуа өөрийн удирдагч байр суурь, эрх мэдлийг ч Бурханд бүрэн шилжүүлэх ёстой байлаа. 14б-г харвал “Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд” Иошуа өвдөг сөгдөн Бурханд хүндэтгэл үзүүлж өөрийгөө Бурханд өргөн Түүний тушаалыг сонсох гэж байна. Өөрийн байр суурь ба эрх мэдлийг Бурханд бүрэн тавьж өгч
дуулгавартай дагахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Иошуагийн энэ хандлага нь сүнслэг дайнд оролцох гэж байгаа хүнд байх ёстой хандлага юм. Иошуагийн хувьд Бурханы хүсэлд захирагдаж байсан гэдэг нь харагдаж байна. Иошуа өвдөг сөгдөн Бурханы тушаалыг хүлээж байхад Бурханы армийн жанжин тушаалаа өгсөн. Бидний жанжин бол Есүс Христ бөгөөд бид түүний цэргүүд юм. Бид сүнслэг дайнд оролцохдоо Эзэний өмнө даруу зүрх сэтгэлээр очин өвдөг сөгдөн газар унаж Бурханы дуу хоолойг, Түүний тушаалыг сонсож дуулгавартай дагах хэрэгтэй.
Энэ үед Бурхан Иошуад ямар тушаал өгсөн бэ? Одоо хамтдаа 15-р эшлэлийг уншицгаая. “ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад – Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.” Зогсож буй газар чинь ариун учраас шаахайгаа тайл гэсэн тушаал өгч байна. Хөлөөсөө шаахайгаа тайл гэдэг нь зэр зэвсгээ хураа гэсэн үг. Удахгүй болох дайнд гутлын үдээсээ чангалаад тулалдахаар бэлдэх хэрэгтэй атал Бурхан эсрэгээрээ хөлөөсөө гутлаа тайл гэж тушааж байна. Энэ нь Бурханд бүрэн захирагдаж дуулгавартай байх зүрх сэтгэлээ бэлд гэсэн утга. Мөн энэ дэлхийн бузар гэмийг гэмшин орхи гэсэн үг юм. Бурхан Иошуаг дайны өмнө бузар гэмээс эргэж зүрх сэтгэлээ ариусган цэвэрлэхийг хүсчээ. Иошуа Бурханы энэхүү үгийг дуулгавартай дагаж ёсоор нь үйлдэв. Ийнхүү Иошуа сүнс ба зүрх сэтгэлийн хувьд бүрэн бэлтгэгдсэн.
Бид ч бас шунал тачаал, бардамнал, үл итгэл, аминч сэтгэл зэрэг гэмт чанараа чин сэтгэлээсээ гэмшиж ариун Бурханы өмнө өөрсдийгөө ариусгах хэрэгтэй. Ингэснээр Бурханд хэрэглэгдэх нандин зэвсэг болж чадах юм. Хүн ямарваа нэг үйлсийг эхлүүлэхийн тулд бэлтгэлээ сайн хангах нь чухал байдаг. Тамирчин бэлтгэл сайтай байж амжилтанд хүрдэг бол малчид өвөлдөө сайн бэлтгэснээр хахир хатуу өвлийг өнөтэй сайн даван туулдаг. Мэдээж энэ зарчим бүх талбарт хэрэгждэг нь үнэн юм. Өнөөдөр бид сүнсний дайнд хэр зэрэг бэлтгэлтэй байгаа болоо? Бурхан ямар ч тушаал зарлиг өгсөн бүрэн дуулгавартай дагаж чадаж байна уу? Ямар ч асуудал бэрхшээлтэй тулгарсан Бурханд 100% түшиглэн найдаж чадаж байна уу? Миний амьдралын байр суурь өөрчлөгдөж хэнд ч тоогдож үнэлэгдэхгүй хог шаар мэт хэлэгдэж байсан ч Бурханы ард түмэн гэсэн бахархалтай байж чадаж байна уу? Эдгээр асуултанд тийм гэж хариулсан бол та сүнсний тэмцэлд гарцаагүй ялалт байгуулах болно. Хэрэв эргэлзэж байвал өөрийгөө дахин шалгаж үзээд Бурханы өмнө зүрх сэтгэлийн хозлолыг хийж шаахайгаа тайлж чадахыг хүсэн гуйж байна. Ийнхүү бидний амьдралд Бурхан өдөр бүр ялалтыг өгөхийг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид Бурханы өмнө дуулгавартай байж өөрийн гэмт мөн чанараа таслан зогсоож Бурханы өмнө цэвэр сэтгэлээр гэмшин очих үед Бурхан миний төлөө тэмцэж ялалтыг өгдөг. Бид өдөр бүр л сүнсний тэмцлийг хийж байдаг бөгөөд магадгүй заримдаа ялаад, заримдаа ялагдаж байгаа байх. Гэвч өнөөдрийн сурсан үгийн дагуу зүрх сэтгэлээ шинэчлэн, Бурхантай шинэ харилцааг тогтоосноор ялагддаг биш харин үргэлж ялдаг ялалтын амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен!

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 6-р хичээл (04.25)
Дараагийн нийтлэл2021 оны Иошуа 07-р хичээл (05.02)