2021 оны Марк 37-р номлол (02.07) Н. Ариунболд

Гэрээний цус

Марк 14:12-31
Гол эшлэл 14:24

“Есүс тэдэнд – Энэ бол олны төлөө урсах, гэрээний цус минь юм.”

Өнөөдрийн номлолоор бид Есүс дээгүүр өнгөрөх баярын тахилын Хурга болж, бидний гэм нүглийн төлөө загалмайн зовлон эдэлсэн тухай суралцах болно.
Өнөөдөр та бид бүгдээрээ Есүсийн загалмайн хайрыг санан Есүсийг шинэ зүрх сэтгэлээр сурч чадахыг хүсэн гуйж байна.
Дээгүүр өнгөрөх баярыг Исгээгүй талхны баяр гэж нэрлэдэг байсан. Энэ баярын эхний өдөр болсон учраас хурга нядалж зоог барих баярын өдөр байсан.
Энэ үед шавь нар Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? хэмээн асуусан. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж тэдэнд хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй хэмээн хэлсэн.
Яг тодорхой байрлалыг зааж өгөөгүй шалтгаан нь Иудаст мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар 2 шавьдаа хэлж баяр тэмдэглэх өрөөг бэлдүүлсэн. Баярын зоогийн үеэр Иудасын урвалтыг мэдэж байсан боловч Иудаст сүүлчийн удаа гэмших боломжыг өгсөн юм.
Мөн бусад шавь нарын хувьд ч Иудасын урвалтыг Есүс мэдэж байгаа боловч энэ үйл явдал нь зөгнөлийн дагуу явж байгаа гэдгийг гэрчлэх явдал байсан юм.
Есүс тэдэнд Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.(Лук 22:15) Есүс шавь нартайгаа алгасал баярын зоогийг зөвхөн шавь нартайгаа хамт өнгөрөөхийг хүссэн. Энэ нь алгаслын баярын зоогоор дамжуулан Өөрийн загалмайн үхлийн утга учир, зорилгыг ойлгуулахын тулд байсан.
Орой болоход Есүс арван хоёр шавийнхаа хамт зоог барихаар бэлтгэгдсэн том өрөө рүү явсан. Тэд бүгд тухлан суугаад хоол идэж байх үед “Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэсэн” хүнд цохилтонд орох үгийг хэлсэн.
Хамт хооллох цаг бол хамгийн дотно хүмүүсийн хамтдаа өнгөрүүлдэг цаг мөч билээ. Харин энэ дотно итгэдэг хүмүүсээс нэг нь урвана гэдгийг хэлсэн. Шавь нар бүгд зовсхийн нэг нэгээрээ Түүнд би биш биз дээ? гэцгээсэн.
Шавь нарын хувьд өөрсдийгөө биш, буруугүй гэмгүй гэсэн бат хариултыг авахыг хүссэн. Гэвч энэ асуулт хэн нь ч Есүсээс урвах магадлалтай гэдгийг харуулж байна. Харин Есүс тэдэнд Арван хоёрын нэг, тавганд Надтай хамт гараа дүрж байгаа нь мөн хэмээн хэлсэн. Тэгснээр түүнд сэрэмжлүүлэг болгон хэлсэн. “Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ”. Есүс хэн Өөрөөс нь урвахыг тодорхой мэдэж байсан. Тэгвэл даруй устгах нь зөв мэт. Гэвч Есүс мэдэж байсан ч устгахгүйгээр эсрэгээрээ дээгүүр өнгөрөх баярын зоогт урьсан.
Тэгвэл Есүс Өөрийг нь мэхлэнэ гэдгийг нээлттэй ил болгосон шалтгаан нь юу вэ?
1-рт, Искариотын Иудасын зүрх сэтгэлийг эргүүлэхийн тулд байсан. Тэрээр Иудасыг эцсээ хүртэл хайрласан. Искариотын Иудас Есүсийг мэхлэн урвасан боловч Есүс Иудасаас урваагүй. Есүс тэр сүнсийг мөнхийн шийтгэлд оруулахгүйн тулд түүнийг өрөвдөж эцсээ хүртэл тусалсан. Иудасын нэрийг дурдахгүйгээр Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэж хэлсэн нь Иудас өөрөө мэдээд гэмших боломж өгөхийн тулд байсан. Өөрөөс нь урваж буй Иудасыг өрөвдөн хайрлаж буй Есүсийн хайр бол хэмжээлшгүй агуу хайр юм.
2-рт, Шавь нарын зүрх сэтгэлийг бэлдэхийн төлөө байсан. Есүс Искариотын урвалтаас болж үхсэн бол загалмайн үхэл, шавь нарыг бэлдэх энэ бүхэн бүтэлгүйтэл болно. Харин Есүсийн үхэл бол Библи дээр бичигдсэний дагуу биелэгдэх зүйл учраас Бурханы хүслийн дагуу болох зүйл юм. Есүс үнэнийг шавь нартаа зааж өгөхийг хүссэн.
Искариотын Иудас нь Есүс гэмших боломжийг өгсөн ч гэмшиж эргэхгүйгээр талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. (Иох 13:30). Есүс Түүний гэмшхгүй байдлыг хараад зүрх нь урагдах шиг л болсон байх. Есүс Түүнийг гарсны дараа загалмайн үхлийн утга учрыг хэлж өгсөн.
22-р эшлэлийг үзээрэй. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд“май! Энэ Миний бие гэв.
Есүс талх аваад Өөрийн биетэй зүйрлэсэн. Энэ нь Есүс бидний гэмийн төлөө загалмайд Өөрийн нандин биеийг урж зовлон амсан гэдгээ илэрхийлсэн. Есүс үргэлжлүүлэн усан үзмийн дарсыг уун “Тэр аяга авч талархал өргөөд тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд энэ бол олны төлөө урсах гэрээний цус минь юм”.(23,24) Матай 26:28-д Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм гэж хэлсэн.
Тэгвэл Есүс яагаад цус урсган нас барах ёстой байсан бэ? Есүсийн цусны үүрэг, хүч нь юу вэ? “Учир нь нүглийн хөлс нь үхэл,”.(Ром 6:23a). Үхэл бол махан биеийн үхлээс гадна сүнс нь үхэхийг хэлж байна. Хүн төрөлхтөн гэмээс болж мөнхийн сүйрэл рүү очих болсон. Энэ нь бидний бодож байгаагаас аймшигтай зүйл юм. “Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв”.(Илч 21:8). Энэ нь хүн төрөлхтний хоёр дахь үхэл юм. Бид заавал гэмийн асуудлыг шийдэх ёстой байсан. Хүн гэмийн асуудлыг шийдэхийн тулд цус урсган үхэх ёстой. Энэ нь Леви 17:11-р эшлэлд “Бие мах бодын амь нь цусанд байдаг” гэсэн байна. Гэвч Бурхан энэ өрөвдөлтэй хүн төрөлхтнийг өрөвдөж авралын замыг тавьж өгсөн. Энэ нь хүний оронд амьтны цусыг урсган амь өгдөг байсан. Хуучин гэрээг харвал амьтны цусаар тахил өргөдөг байсан нь хүний гэмийг амьтны цусаар орлуулж ингэснээр ариун Бурханы өмнө очих боломжтой болдог байсан. Гэвч амьтны цус хүний гэм нүглийг үндсээр нь шийдэж чадахгүй, түр хугацааных байсан бөгөөд хүчин төгөлдөр бус байв. Харин Бурханы хурга энэ газарт ирж хүн төрөлхтнийг гэмээс аврахын тулд золиос тахил болсон. Баптисч Иохан Есүсийг ийнхүү тодорхойлсон. “Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга”.(Иох1:29). Есүс ямар ч гэм зэмгүй цэвэр Бурханы хурга болон загалмай дээр цусаа урсган нас барснаар бидний гэмийг бүрэн шийдэж өгсөн. Эндээс бид Есүсийн цусны тухай хоёр зүйлийг суралцах болно.
1-рт, Есүсийн цус бол нигүүлсэл юм.
Бид гэмийн уучлалыг аван мөнхийн шийтгэлээс аврагдах болсон шалтгаан бидний үйлс юмуу, гавъяа зүтгэлээс болсон биш, зөвхөн Есүсийн цусаар нигүүлслийг хүртсэн юм. Ром 3:25-д “Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав”. Израил ард түмэн Бурхантай байгуулсан гэрээг өөрсдөө үгүй хийж үйлсээр авралд хүрэх нь бүтэлгүйтсэн. Энэ нь хүн сул дорой учраас, гэрээг сахих дотоод хүч байхгүй учраас юм. Бурхан ийм хүн төрөлхтнийг өрөвдөж шинэ гэрээг байгуулсан. Энэ шинэ гэрээ бол хуучин гэрээнээс ялгаатай. Биднээс үйлсийг шаардах биш, итгэлийг шаарддаг. Шинэ гэрээ бол Есүс миний гэмийг үүрч нандин цусаа урсгасан энэ үнэнд итгэхэд л болох юм. Тэгснээр хамгийн гайхалтай нь Есүсийн цус биднийг бүх гэм нүглээс аварч мөнхийн сүйрлээс аварч өгдөг.
2-рт Есүсийн цус хүч чадалтай.
Зарим хүмүүс бусад хүмүүс мэдэхгүй ч над шиг ийм их гэм нүгэл үйлдсэн хүн аврал аваад шинэ хүн болох нь боломжгүй гэж боддог. Мөн бид гэм давтан үйлддэг учраас миний энэ архаг өвчин эдгэрлийг авах боломжгүй гэж боддог. Харин энэ бодол нь Есүсийн цусны хүчийг мэдээгүй учраас юм.
Евр 9:13,14-д “Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ”!
Есүс Өөрийн нэг удаагийн цусаар бүр мөсөн мөнхийн авралыг бий болгосон. Ямар ч бузар муу гэм нүгэл үйлдсэн Есүсийн цусанд итгэвэл бид авралыг авах болсон. Тэгээд шинэ хүн, шинэ амьдралаар амьдруулах болсон. Есүсийн цус бол ямар ч гэмтнийг өөрчилж амилуулах хүчтэй. Есүсийн цус бол янхан байсан эмэгтэйг гүнж болгон өөрчлөх хүчтэй юм.
Есүс дээгүүр өнгөрөх баярын зоог барингаа талх болон усан үзмийн дарс өгөөд идэж уу гэж хэлсэн. Бид сүнсний амьтай хүчтэй байхын тулд Есүсийн махыг идэж цусыг ууж байх ёстой. Иохан 6:54,55-д “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна”. Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
Есүсийг дурс гэж хэлсэн. (Лук22:19, 1Кор 11:24). Тиймээс бидний төлөө үхсэн Есүсийн надин цусны ивээлийг хэзээ ч мартаж болохгүйг санан дурсах хэрэгтэй.
25-р эшлэл “Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв”. Есүс шавь нартаа Бурханы хаанчлалын найдварыг суулгаж өгч байна. Есүсийн загалмайн үхэл бол төгсгөл биш. Амилаад Бурханы хаанчлалд орж хамт зоог барих болно гэдгийг хэлсэн. Ийнхүү Есүс Чидун уул өөд явав.

Дүгнэлт
Хуучин гэрээний үед гэм үйлдсэн хүн бүр тахил өргөж гэмээ цагаатгадаг байсан. Гэвч энэ нь түр зуурынх байсан.
Есүс дээгүүр өнгөрөх баярын тахилын Хурга болон бидний гэмийн төлөө загалмайн зовлонг эдэлсэн. Ингэсэнээр хүн төрлөхтөн аврагдаж авралыг авах боломжтой болсон.
Мөн Паул 1Коринт 11:26 -д “Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм”.
Энэ нь уг баяр цаг хугацааны хувьд хязгаартай бөгөөд Эзэнийг ирэх хүртэл болохыг харж болно.
Эндээс бидний сурч болох зүйл нь Есүс талх ба цусаар дамжуулан Өөрийн үхлийг санан дурсах дурсгал, Түүний бие болон цусны бэлэгдэл болгосныг харж болно.
Тэр “Намайг дурсан үүнийг үйлд” гэснээрээ ирээдүйд үргэлжлэн хийгдэх ёстой Эзэний зоог, хайрын зоогийг зааж өгч байна.
Энэ цагт бид бүгдээрээ Эзэний бидний төлөө хийсэн золиос, загалмайн зовлонг цаг мөч бүр санан дурсаж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Есүсийн олны төлөө урсах гэрээний цусыг санаж итгэлээр тууштай амьдарцгаая. Амен

өмнөх нийтлэл2021 оны Марк 37-р хичээл (02.07)
Дараагийн нийтлэл2021 оны Марк 38-р хичээл (02.21)