Ертөнцийг ялдаг итгэл
1Иохан 5:1-5
Гол ишлэл : 5:3, 4
“3Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. 4Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой”
Хүн бүхэн нэг удаагийн энэ дэлхийн амьдралд амжилтанд хүрсэн амьдрал, ялалтын амьдралаар амьдрахыг хүсдэг. Тийм үү? Ялагдсан амьдралаар амьдрахыг хүсдэг хүн байна уу? Хэн ч ялагдагч байхыг хүсдэггүй нь дамжиггүй. Хүн бүхэн ялагч, байдан дагуулагч байхыг хүсдэг.
Тиймээс бүгд ялалтын амьдралаар амьдрахын тулд бүх хүч чадлаараа хичээнгүйлэн гүйж амьдардаг. Гэвч харамсалтай нь амьдралаа дуусгасны дараа “Би ямар ч харамсалгүйгээр амжилтанд хүрсэн амьдралаар амьдарлаа.”гэж өгүүлсэн хүн бараг байдаггүй. Ихэнх нь “Дахиад амьдрах боломж надад өгөгдвөл…, дахин амьдрах юм бол….” гэж харуусан харамсдаг билээ.
Хүмүүс өөрсдөө хүсээгүй ч гэсэн ялагдсан амьдралаар амьдардаг. Шалгалтанд унасан, уралдаанд ялагдсан, албан тушаал дэвшиж чадаагүй, ажлаас халагдах, ажилгүй болох зэрэг явдал тохиолдвол шантарч гунигтай болдог. Ийнхүү нэг удаагийн ялагдал биднийг сэтгэлээр унагаж байхад цор ганц нандин амьдрал тэр чигээрээ ялагдвал хичнээн эмгэнэлтэй юм болох вэ?
Бид ганц удаагийн энэ амьдралаа яавал ялалтын амьдрал болгон дуусгаж чадах вэ?
Өнөөдрийн номлолоор манай чуулганы 2021 оны чухал зүйл болох Ертөнцийг ялдаг итгэлийн талаар сурах болно. Энэхүү ялалт нь Есүс Христэд итгэсэн хэн бүхэнд өгөгдсөн бэлэг билээ. Энэ цагт жинхэнэ ялалнын амьдрал гэж юу вэ гэдгийг дахин шинэ зүрх сэтгэлээр сурахыг хүсэн гуйж байна.
1-р ишлэлийг хараарай: “1Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг”
Энэ ишлэлд итгэгч бид нар өөр бусад итгэгчдийгээ хайрлах ёстойн учир шалтгааныг заан өгч байна. Есүсийг Христ аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн хүн бүхэн Бурханаар төрөгч буюу Бурханы хүүхдүүд болно. Гэвч Есүст үл итгэгч нь сатаны хүүхэд хэвээрээ байна. Есүсийг Христ мөн гэдэгт итгэвэл сүнсээр дахин төрөх бөгөөд сүнсний нүд нь нээгддэг учраас сүнслэг ертөнцийг харж Эзэн Бурханыг мэдэрч хайрлах болно.
Бид махбодоор төрж өсөн бойжих тусам өөрийг нь төрүүлсэн эцэг эх төдийгүй төрсөн ах дүүгээ хайрладаг шүү дээ. Үүнтэй яг адилхан Бурханаар төрөгч нь Бурханы хүүхдүүд болсны хувьд Бурханыг хайрлах бөгөөд Бурханы хүүхдүүд болох өөр бусад итгэгчдийг хайрладаг юм. Бид бусад итгэгчдийг хайрлах нь автоматаар бус харин Бурханы хүүхэд болсны үр дүн билээ. Өөрөөр хэлбэл Бурханаар төрөгч нь Бурханыг хайрласнаар бид өөрсдийн хүчээр хайрлаж чадахгүй ахан дүүсээ Бурханы хайраар хайрлаж чаддаг.
Элч Иохан 2-3-р зүйлд Бурханыг хайрлах ба ахан дүүсээ хайрлах нь хоорондоо нягт холбоотой гэдгийг дахин зааж байна. Нэг үгээр хэлбэл Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал бөгөөд энэ нь чухам Бурханы хүүхдүүдийг хайрлаж байгаа хэрэг билээ.
Одоо 3б-г хараарай. “Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ” Яагаад Бурханы тушаалууд нь хүнд дарамт биш вэ? Учир нь Есүсийн үг бидэнд жинхэнэ эрх чөлөө ба амралтыг өгдөг учраас тэр юм. Матай 11:28-30 ишлэл Есүс ингэж хэлсэн. “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.”
Бид ямар ч ажлыг албадлагааар хийх үед хүнд ачаа мэт мэдрэгдэнэ. Харин хэцүү боловч аливааг хайраар хийж үйлдвэл хөнгөн амархан болдог. Үүрэг болгож албадан ажил хийлгэвэл дургүй хүрдэг. Харин хиймээргүй ажлыг хайртай хүнийхээ төлөө гэвэл хичнээн хэцүү хүнд байсан ч дуртайяа хийдэг. Үүний нэгэн жишээ нь: Эхлэл номонд Иаков Рахелыг эхнэр болгон авахын тулд хадам аав Лабандаа 7 жил зарцлагддаг. Гэвч Иаков Рахелд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байсан гэж өгүүлдэг.(Эх29:20) Эрос хайр ийм хүчтэй юм бол Бурханы ер бусын хайр ямар их хүчтэй байх бол? Бурханы хайр бидэнд хүч өгдөг. Тиймээс дагаж мөрдөх тушаалууд нь огтхон ч хүнд дарамт биш юм.
Заримдаа бидэнд Бурханы үг сэтгэлд хүнд дарамт мэт санагдах үе байдаг. Тийм сэтгэл төрж байгаа нь тухайн үедээ Бурханаас илүү дэлхийн зүйлсийг хайрлаж байсанд оршино. Энэ дэлхийн эд баялгийг Бурханаас илүү хайрлах үед, эсвэл шунаг сэтгэл, тачаангуй сэтгэл гэх мэт махбодын хүсэл хүчтэй төрвөл Бурханы үг, Түүний тушаалууд хүнд дарамт мэт санагддаг байна.
Харин энэхүү дэлхийн зүйлс намайг сүнсний өвчтэй, аз жаргалгүй болгож гэмийн намаг уруу унагаах муу хүч гэдгийг ухаарч гэмшвэл бид дахин Бурханыг хайрлах сэтгэлээр дүүрэн болдог. Ийнхүү Бурханы үг бидэнд амь ба баяр хөөр өгч байдаг хайрын тушаалууд болдог юм.
Одоо 4,5-р зүйлүүдийг хараарай. “4Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой.5Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?” Дэлхийг хэн дийлэх вэ? Зөвхөн Есүс бол Бурханы Хүү гэдэгт итгэдэг хүн. Энэхүү эшлэлээс бид дараах 2 чухал зүйлийг сурах болно.
1-рт, Ертөнцийг ялах ялалтын уг үндэс нь Эзэн Бурханд байдаг гэдгийг сурцгаах болно.
Дээрх эшлэлийг харвал Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг гэсэн. Өөрөөр хэлбэл Бурханаар төрөөгүй буюу сүнсээр дахин төрөөгүй нь хэзээ ч ертөнцийг ялж чадахгүй гэдгийг мэдэж болно. Эндээс “ертөнц” гэдэг нь Бурханы эсрэг сатан чөтгөрийн захиргаан дор байгаа дэлхийг зааж байна. Муу ёрын сүнснүүд захирч буй энэ ертөнц нь худал хуурмаг, зөвт бус байдал, хүсэл тачаал, мөнгөний шунахайрал, үл итгэл, өрсөлдөөнөөр дүүрэн байдаг. Энэхүү ертөнцөд хүмүүс ялалт байгуулахын тулд өөрийн эрхгүй худалч, аминчхан үзэлтэй болдог. Тэгвэл итгэгч бид хэрхэн энэ ертөнцийг ялан дийлж чадах вэ? Эзэн Бурхан бидэнтэй хамт байж бидэнд туслахгүй бол бид хэзээ ч энэ ертөнцийг ялж чадахгүй. Бид Бурханаар төрсөн бөгөөд Бурханы амь бидний дотор байдаг учир зарчмын хувьд уг үндсээрээ энэ ертөнцийг ялан дийлж чадна. Өөрөөр хэлбэл итгэгч бид нэгэнт ялалт байгуулчихсан Үндэс дээр амьдарч байгаа билээ.
2-рт, Есүс бол Бурханы Хүү гэдэгт итгэдэг итгэл л энэ ертөнцийг ялдаг гэдгийг сурах болно.
Хүмүүс ганц амьдрах энэ амьдралдаа амжилтанд хүрэхийн тулд, ялахын тулд хичээл зүтгэл гаргаж амьдардаг. Тэгвэл амжилт, ялалт гэж юу юм бэ? Ер нь хүмүүс амжилт, ялалтын хэмжүүрийг хэн их эд хөрөнгөтэй, хэн өндөр албан тушаатай, хэн их мэдлэгтэй манлайлагч? гэдгээр хэмжиж дүгнэн хардаг. Тиймээс баян чинээлэг хүмүүсийг, сайд дарга нар, УИХ-ын гишүүдийг амжилтанд хүрсэн, ялалт байгуулсан хүмүүс гэж боддог. Иймэрхүү дэлхийн хэмжүүрээр хэмжвэл цөөн тооны хүмүүс л ялалт байгуулсан, бусад хүмүүс өөрийнхөө амьдралыг харьцуулж хараад ялагдагч хандлага сэтгэлгээтэй амьдардаг билээ. Гэвч иймэрхүү хэмжүүр харьцангуй бөгөөд хязгаарлагдмал учир дутгагдалтай байдаг. Ялангуяа энэ дэлхийд ялалт байгуулсан гэгдэх хүмүүс ч гэсэн үхчихвэл бүх зүйл дуусах учир жинхэнэ утгаараа ялалт байгуулсан хүн гэж хэлэхэд хэцүү юм. Баян чинээлэг ч бай, ядуу ч бай, эрх мэдэлтэн ч бай, зарц ч бай, ноён дээдэс ч бай, өчүүхэн нэгэн ч бай, мэргэн хүн ч бай, тэнэг хүн ч бай үхвэл юу ч биш болно.
Тиймээс номлогч нь ингэж шүүрс алдан хэлжээ. “15Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ? гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв. 16Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон.”(Ном 2:15-16) Бид бусадтай харьцуулшгүй их амжилтанд хүрсэн амьдралаар амьдарсан ч гэм ба үхлийг ялан дийлж чадаагүй бол ялагдагч болно. Амьдралынхаа турш олон амжилт ялалт ололттой боловч үхлээр энэ бүх амьдрал нь дуусдаг ялагдагч болбол хамгийн эмгэнэлтэй амьдрал болно. Харин амьдалынхаа явцад олон ялагдал, амжилтгүй байсан ч эцэст нь мөнхийн амьтай болсон гэвэл жинхэнэ ялалтын амьдрал болно.
Дэлхийн түүхэнд энэ дэлхийг байлдан дагуулсан олон баатрууд байна. “ЖОНОН ГУЙЛГАЧИН ХОЁР”(1881) хэмээх алдартай романыг бичсэн Америкийн зохиолч Марк Твейн эд хөрөнгөтэй, нэр алдартай, хөөрхөн эхнэртэй, хүүхдүүдтэй дутах юмгүй хангалуун нэгэн байв. Тиймээс тэр үеийн залуучуудын дунд од буюу хүсэл мөрөөдөл нь болж байв. Харин тэрээр амьдралынхаа төгсгөлд “Хэрэв би дахин амьдарвал…. ” хэмээн хамгийн эмгэнэлтэй харамслын үг үлдээж нар барсан гэдэг.
Бид харуусаж харамсах юмгүй жинхэнэ ялалт байгуулдаг амьдралаар амьдарья гэвэл Есүс бол Бурханы Хүү Аврагч Христ гэдэгт итгэдэг итгэлтэй байх ёстой. Есүс бол Бурханы хүү, Христ гэдэгт итгэгч нь гэм ба үхлээс чөлөөлөгдөж мөнх амьтай болсон учраас энэ амьдрал бол ялалтын амьдрал болж хувирдаг. Элч Иохан энэ дэлхийн юугаар ч энэ ертөнцийг ялж чадахгүй, харин зөвхөн Есүс Христэд итгэдэг итгэл л ертөнцийг ялна гэдэгт бат итгэжээ. Тиймээс баттайгаар ингэж тунхагласан билээ.“4Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой.5Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?”Дэлхийг хэн дийлэх вэ? Зөвхөн Есүс бол Бурханы Хүү гэдэгт итгэдэг хүн ”
Есүс шавь нартаа ялалтын итгэлийг суулгахын тулд Иохан 16:33-т ингэж хэлжээ. “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.”
Хэн ч бай Есүс Христэд итгэгч л бол ялалт байгуулдаг амьдралаар амьдарч чадна. Элч Паул ч гэсэн Ром 8:37-т ингэж хэлсэн. “Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг” Бидэнд энэ ертөнцийг ялан дийлдэг замыг нээж өгсөн Бурхан Аавдаа талархаж байна. Өдөр бүр цаг ямагт Есүс бол Бурханы Хүү, миний Аврагч хэмээн сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрч Түүнд итгэдэг итгэлээрээ ялалтын амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна.
Ялалтын амьдрал нь энэ дэлхийн өгдөг түр зуурын материаллаг хангамжууд, эрх мэдэл, нэр алдар, авъяас чадвар, сайн зан чанараар тодорхойлогдохгүй юм. Жинхэнэ ялалт бол бидний махан биед хамааралгүй харин сүнсэн биед хамааралтай. “Еврей-11” бүлэгт өгүүлсэнчлэн зарим итгэгчид доромжлол, ташуур, гинж, шоронд хоригдож байв. Тэд ядуу байдал, доромжлолд, бүр зарим нь алагдсан. Гэхдээ тэд хэзээ ч буулт хийж өгдөггүй байв. Тэд нүгэл ба үхлийн хүчийг даван дийлж үхэх хүртлээ итгэлээ хадгалсан. Тэд жинхэнэ ялагч байсан. Тэдний шагнал бол Бурханы хаант улс дахь мөнхийн амьдрал юм.
Бид бүгд, манай чуулганынхан 2021 оны турш Есүс Христ доторх итгэлээр ялалттай амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Хэдийгээр оюутнуудтай хувьчлан уулзаж чадахгүй байгаа ч онлайн хичээлүүдээр дамжуулан олон оюутнуудад ертөнцийг ялдаг итгэлийг зааж олон олон оюутнууд Есүст итгэх итгэлээр ялалт байгуулан шинэ амьдралаар амьдарч чадахад туслаач.
Хоньчид болон оюутнууд бид талбар бүр дээрээ Есүсээс хүч аван итгэлээр ялсан амьдралаар амьдарч чадахад туслаач гэж гуйж байна.
Миний хувьд энэхүү номлолыг бэлдэх хугацаанд өөрөөсөө ертөнцийг ялдаг энэ итгэлээр хэрхэн амьдарч байна вэ гэдгээ эргэн харах ивээлтэй цаг байлаа. Ялалтын араас эрэн хайж амьдарч энэ дэлхийн хүмүүсийн хүсдэг өнөөх манлайлагч, чадварлаг байх, хэрхэн амжилттай байх зэрэг зүйлийн хойноос хөөнө амьдарч байна. Есүс Христэд итгэдэг ч өөрийнхөө амьдралыг,байгаа байдлаа энэ ертөнцийн цензураар харан ялагдлын сэтгэлтэй амьдарч байгаагаа ухааран гэмшиж байна. Есүс Христэд итгэх итгэлээр л энэ ертөнцийг ялсан ялалт нь надад бэлэг болон өгөгдсөн гэдгийг ухаарлаа. Тиймээс ялагдсан биш ялсан хүний байр сууриар амьдрах хэрэгтэйг сурлаа. Ялалт бол итгэл юм. Ялалт нь хожим би үхсэн ч мөнхийн улсын иргэн болох юм.
Бид өдөр бүр ялалтаар амьдрах хэрэгтэй. Ялалт нь нэг удаа ялаад зогсчихдог итгэл байж болохгүй. Энэ цагт хүн бүр өөр өөрийн ялагддаг талбараа олж харан өөрийн хүчээр тэмцэх биш Есүстэй хамт, Түүний хүч чадалд итгэж найдан ялалт байгуулахыг уриалж байна. Ялагч хүн нь гэм нүглээ гэмшдэг, Аврагч Есүст итгэдэг, гэмтэй эвлэрдэггүй, гэрэл дотор алхахыг хичээдэг, нэгэнт гэмшсэн гэмээ дахин хийхгүй байхыг хичээдэг, Бурханы тушаалыг сахин амьдардаг, итгэлийн дагуу үйлдлүүд гаргадаг, Есүст итгэх итгэлээр ялалт байгуулан амьдардаг билээ. Бүдээрээ ялагч Есүстэй хамт ийнхүү ялалтын амьдралаар амьдарцгаая гэж уриалмаар байна!
Дүгнэлт : Энэ цаг үед COVID-19 хүнд сорилт хүн төрөлхтний өмнө давж гаршгүй саад бэрхшээл болж байна. Олон хүн шантарч ялагдаж цөхөрч байна. Гэхдээ хамгийн том ялагдал бол Аврагчыг өөрийн амьдралдаа урьж оруулахгүй, Түүнийг хүлээн авахгүй, Есүс Христэд итгэхгүй байгаа байдал юм. Ганц л амьдрах амьдралдаа ертөнцийг яаж ялалттайгаар дуусгах вэ? Зөвхөн Есүс бол Бурханы Хүү гэдэгт итгэдэг хүн ялалттайгаар дуусгаж чадна. Есүс Христ загалмай дээр ялалт байгуулсан тул бид Түүнтэй хамт амьдарснаар ялалтын амьдралаар амьдарч чадах юм. Амен!