ДЭЭГҮҮРХИЙГ ХАЙ
Колоссай 3:1-17
Гол эшлэл 3:1
“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа”
Шинэ он эхлэх үед Бурханы бидэнд өгч буй үг бол Колоссай 3-р бүлэг байна. Энэхүү үгийг Дэлхий даяарх бүх ЮБФ чуулганууд оны эхэнд суралцаж байна. Нэг дуудлагатай, нэг зорилготой, нэг алсын хараатай чуулганы хувьд бид ч гэсэн энэ үгийг нэг сэтгэлээр хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
Нэг он дуусаж өөр нэг он эхлэж байна. Хүн бүр л шинэ ондоо хувь хүний хувьд, гэр бүлийн хувьд, ажил мэргэжлийн хувьд, эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л талбаруудаа хэрхэн сайжруулж амжилт бүтээлээр дүүрэн байлгах вэ гээд олон зүйлийг санаж бодож төлөвлөж байгаа байх. Гэвч итгэгч бидний хувьд юу юунаас илүү бодож төлөвлөж хийх зүйл бол, Христийн дотор шинэ хүн болсон бид бодит амьдрал дээр хэрхэн амьдрах ёстойг тунгаан бодох нь илүү чухал билээ. Өнөөдрийн үгээр дамжуулан бид Христийн доторх шинэ хүний мөн чанарыг илүү сайн суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Дээгүүрх зүйлсийг хай (1-4)
1-4-р эшлэлд Элч Паул Христийн доторх шинэ амьдрал болоод үүний дотор хэрхэн амьдрах ёстойг тайлбарлаж байна. 1-р эшлэлийг үзээрэй “Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дэггүүрхийг хай. Тэнд Бураны баруун талд Христ заларч байгаа” гэж байна. Энд гарч буй “Христтэй хамт амилуулагдсан” гэдэг үг нь бид Есүст итгэсэн тэр мөчөөс эхлэн Түүнтэй мөнхийн зүйлээр холбогдсон гэдгийг хэлж байна. Энэ бол Хритсийн үхэл ба амилалт билээ. Колоссай 2:13-д “Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгдсээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар ба Түүнтэй хамт амилуулагдав” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл ямар ч хүн Есүст итгэсэн тэр мөчид 1-рт хуучин гэмтэй хүн нь Есүстэй хамт загалмайд цовдлогдож, 2-рт Есүс амилах үед Түүнтэй хамт шинэ хүнээр амилуулагддаг гэсэн утгатай. Энэ бол Есүсийг өөрийн аврагчаар хүлээн авсан хүн бүрт тохиолддог зүйл билээ. Ром номыг харвал зөвхөн Есүсийн үхэл ба амилалттай холбогдсон биш, харин Түүний хязгааргүй хүч чадал, мэргэн ухаан, алдар суутай нь ч мөн адил холбогддог гэж хэлдэг. Тиймээс Есүст итгэгч нэгэн хойшид хуучин хүнээрээ биш харин шинэ хүнээр, Есүсийн бүхий л хүч чадал, мэргэн ухаан, алдар суугаар дүүрэн амьдрах боломжтой болдог гэдгийг хэлж байна. Өнөөдөр бид ч гэсэн Есүсийг өөрийн аврагчаар хүлээн зөвшөөрч итгэсэн тэр мөчөөс эхлэн Христтэй хамт бидний хуучин хүнд хамаарах муу зуршил болоод гэмтэй хүн маань үхэж Есүс амилуулагдах үед бид ч бас цоо шинэ хүн болсон билээ. Тиймээс бид өдөр бүр шинэ хүнд өгөгдсөн боломжийг ашиглан шинэ хүнд таарч тохирох бодол санаа, хандлага, амьдралын зорилго, алсын хараагаар дүүрэн амьдрах хэрэгтэй билээ.
Тэгвэл Христ доторх шинэ хүн хэрхэн амьдрах ёстой вэ? 1б-г үзээрэй “Дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа” гэж байна. Энд гарч буй “дээгүүрхийг хай” гэдэг үг нь грек хэлэнд “zēteō” хэмээх үгээр илэрхийлэгддэг бөгөөд энэ нь хай, эрэлхийл, хүсэн тэмүүл гэсэн утгатай. Христийн дотор шинэ хүн болсон бидний хувьд зүрх сэтгэлээ дээгүүрх зүйлсэд төвлөрүүлэх ёстой гэдгийг хэлж байна. Аливаа хүн зүрх сэтгэлээ юунд зориулж байна вэ? гэдэг нь маш чухал байдаг. энэ нь тухайн хүний амьдралын зорилго ба ямар төрлийн хүн бэ? гэдгийг илэрхийлж өгдөг. Тиймээс бидний амьдралын зорилго бол Хритсийг олохын тулд Түүнийг хайдаг, эрэхлхийлдэг, хүсэн тэмүүлдэг амьдрал байх хэрэгтэй юм. Яг л өнгөрсөн Христмасын номлолоор үзсэн гурван мэргэн шиг.
Ихэнх хүн энэ дэлхийн зүйлс болох эд баялаг, эрх мэдэл, нэр алдар, мөнгө, мэдлэг боловрсол, ажил, мэргэжил, хүний хайр зэргийг амьдралын гол зорилго юм шиг бодон хүсэн тэмжүүлж эрэлхийлж амьдардаг. Эдгээр зүйлсүүд байхгүй бол өөрийгөө хүн биш юм шиг санан, эдгээрийг олохын тулд өөрт байгаа хамгийн үнэтэй, нандин зүйлсээрээ хөрөнгө оруулалт хийн амьдардаг. Гэвч Христийн дотор шинэ бүтээл болсон хүний хувьд, тэднээс өөр буюу дээгүүрх зүйлсийг хайж амьдрах ёстой билээ. Үүнийг олж мэдсэн Элч Паул ийнхүү хэлсэн “Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд” хэмээн хэлсэн. Элч Паул Христийг олохын тулд өөрт ашигтай байсан энэ дэлхийн бүхий л зүйлсийг хог хэмээн үзэж Христийг олохын төлөө бүхий л амьдралаа зориулан амьдарсан.
Энэ цагт хүн нэг бүр таны зүрх сэтгэл юун дээр байна? юуг илүү их хайж, юуг хүсэн тэмүүлж амьдарч байна вэ? гэдгийг бодож үзэхийг уриалж байна. Ирж буй шинэ онд таны хийж бүтээж зорьж буй бүхий л зүйл тань Христ Есүсийг олохын тулд буюу дээгүүрх зүйлсийг хайхад байгаасай хэмээн хүсэн гуйж байна.
2-р эшлэлийг үзээрэй. “Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз” гэж байна. Энд хэрхэн дээгүүрхийг эрэн хайж амьдрахыг бидэнд заан өгч байна. Энд гарч буй “дээгүүрх зүйлсийг эрмэлз” гэдэг үгийг англи библиэс харвал “Set your minds on things above” хэмээн хэлсэн байдаг. Set your minds” гэдэг нь бодол санаагаа тавь гэсэн утгатай. Тэгэхээр бид дээгүүрх зүйлсийг эрэн хайх эхний арга бол дээгүүрх зүйлсийг бодохоос эхэлнэ. Ер нь хүн юу бодож амьдарч байгаа вэ гэдэг нь маш чухал байдаг. Хүний бодол санаа нүдэнд харагдахгүй боловч маш хүчтэйгээр хүнд нөлөөлдөг. Тиймээс хүн юу бодож байгаагаас хамаарч тухайн хүний хандлага, үйлс, үр дүн зэрэг нь өөр өөр байдаг. Ийм нэгэн үг бий. “Хүний бодол санаа үг болдог, үг нь үйлдэл болдог, үйлдэл нь амьдралын зуршил ба хэв маяг” болдогоо гэж. Тиймээс бид юу бодож амьдарч байгаа вэ гэдэг нь маш чухал юм. Ром 8:6-д ийнхүү хэлсэн байна. “Мах бодийн бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ.” гэж. Хэрэв бид мах бодийн буюу энэ дэлхийн зүйлсийг үргэлж бодож амьдарвал өөрөө ч мэдэлгүй эдгээр зүйлсийг ярьж эрэн хайж үйлдэж амьдрах болно. Харин эсрэгээрээ дээгүүрх зүйлс буюу сүнслэг зүйлсийг бодож амьдарвал бид тэдгээрийг өөрөө ч мэдэлгүй ярьж үйлдэж эрэн хайж амьдрах бөгөөд эцэстээ амь ба амар тайвныг эдэлж амьдрах болно. Тиймээс Христийн дотор шинэ хүн болсон бид дээгүүрх зүйлсийг үргэлж бодож амьдрах ёстой. Гэвч бидний бодит амьдралыг харвал дээгүүрх зүйлсийг хайж амьдрахаас илүү энэ дэлхийн, нүдэнд ил харагдах зүйлсийг бодож хөөцөлдөн амьдардаг. Бид мэддэг боловч нэг л мэдэхэд энэ дэлхийн зүйлсэд сэтгэл татагдаж бодож амьдардаг. Тэгвэл би яавал дээгүүрхийг бодож амьдарч чадах вэ? Энэ бол бид үргэлж дээгүүрх зүйлсийг бодох дасгал хийх хэрэгтэй. Бид өдөр бүр дээгүүрх зүйлсийг бодох орчин нөхцлийг өөртөө бий болгож өөрийгөө сүнслэг дасгалаар дасгалжуулах хэрэгтэй. Фитнесд явдаг хүн 7 хоног бүр дасгал хийснээр булчинтай болдог. Үүнтэй адил бид сүнслэг дасгалыг өөртөө байнга хийх үед бид сүнсний булчинтай болдог. Жишээ нь Өдөр бүр өөрийгөө залбиралд зориулах цагтай байх, 7 хоногт ….-с дээш ӨБХ заавал идэх(3-с дээш, эсвэл бүх өдөр гэх мэт), 7 хоног бүрийн номлолоор сэтгэгдэл заавал бичиж хуваалцах, библи ба сүнслэг ном сард нэг удаа унших, 1:1-н библийн хичээл хоньчинтойгоо 7 хоног бүр заавал хийх, чуулганы ямар нэгэн үйлчлэлд үйлчлэх зэрэг зориудаар өөрийгөө сүнслэг зүйлсэд дасгалжуулах шийдвэр гарган үйлдэх хэрэгтэй. Тэгвэл бид эдгээр дасгалуудаар дамжуулан дээгүүрхийг үргэлж бодон, үйлдэж амьдрах болно. Мэдээж аливаа зүйлийг эхлэхэд дасаж өгөхгүй хэцүү, болимоор санагдах үе байдаг. Гэвч үргэлжлүүлэн хийсээр байх үед амьдалын дадал ба зөв хэвшил болдог. Энэ цагт хүн нэг бүр 2021 онд зориудаар өөртөө сүнслэг дасгалыг хийх шийдвэр гаргаснаар үргэлж дээгүүрхийг хайдаг, боддог сүнсний дархлаатай хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
3,4-р эшлэлийг үзээрэй. Энд Паул яагаад дээгүүрх зүйлсийг хайх шалтгааныг тайлбарлаж байна. “Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүнтэй илчлэгдэх болно” гэж байна. Бид дээгүүрх зүйлсийг хайх эхний шалтгаан бол бидний хуучин хүн маань үхсэн учраас юм. 2-рт нь Христтэй хамт нууцлагдсан буюу мөнх амьтай болсон, 3-рт Есүсийг дахин ирэх үед Христтэй хамт алдар сүр хүч дотор илчлэгдэх учраас юм. Өөрөөр хэлбэл бид Есүст итгэсэн тэр үед бидний дотоод сэтгэл сүнсний байр суурь өөрчлөгдөж Бурханы хаант улсын иргэн болж хожим Христийн алдрыг хуваалцах хүмүүс болж өөрчлөгдсөн учраас юм. Энэ бол үнэхээр ер бусын гайхамшигтай зүйл билээ. Жишээлбэл ядуу, муу хувь заяатай төрсөн хүү хааны хүүгийн байр суурьтай болж өөрчлөгдөж байгаатай адил юм. Байр суурь нь бүрэн өөрчлөгдсөн хүү, хэзээ ч өмнөх ядуу хүн шигээ бодож сэтгэж үйлдэж хүсэн мөрөөдөж амьдарч болохгүйтэй адил, Христ дотор шинэ хүн болсон бид устаж үгүй болох зүйлсийг бус, харин дээгүүрх зүйлсийг бодож амьдрах ёстой билээ. Тиймээс бид хэн байсан, ямар байр суурьтай болсон гэдгээ маш сайн ухаарч бодох ёстойгоо бодож хийх ёстойгоо хийж хайх ёстой зүйлээ хайж амьдарцгааяаа. Хэнд ч хэрэггүй, гэмийн боол болж шийтгүүлэхээс өөр замгүй байсан биднийг Христийн нандин цусаар дамжуулан ер бусын гайхамшигтай ивээлийг үзүүлсэн Бурхан Аавд бүх алдар магтаал нь байх болтугай.
2. Газар дээрх эрхтнүүдийг үхүүл (5-11)
Бид Христ дотор шинэ бүтээл болсон ч хуучин хүний гэмтэй чанар үлдсэн байдаг учраас тэдгээртэй хатуу тэмцэх хэрэгтэй гэдгийг Паул сануулж байна. 5,6-р эшлэлийг үзээрэй “Тиймээс та нар газар дээрх эхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунхайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурханы хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр ирэх болно” гэж байна.” Паул энд газар дээрх эрхтнүүдийг үхүүл гэж маш хатуу үгээр хэлж байна. Яагаад гэвэл “газар дээрх эрхтнүүд нь” бидний дээгүүрх зүйлсийг хайхад саад болдог учраас тэр юм. Тиймээс бид эдгээр зүйлстэй хатуу тэмцэл хийж бүрэн үхүүлэх хэрэгтэй.
Тэгвэл газар дээрх эрхтнүүд гэж юу вэ? Энэ бол садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болон шүтээн шүтэх явдал зэрэг нь юм. Маш олон хүн гэмийн хүсэл тачаалд автан завхайрлын гэмийн боол болж амьдардаг. Мөн янз бүрийн хүсэл шуналд автан сэтгэл хамамжгүй, зовлонтой амьдралаар амьдардаг. Тиймээс бид юу юунаас илүүтэйгээр нүгэлт мөн чанараа, бузар хүсэл тачаалынх нь хамт “үхүүлэх” хүртлээ тэмцэх ёстой. Зарим итгэгчид чуулганд явж Христийг даган амьдардаг ч тэдний дотор нуугдсан хуучин хүний гэмтэй мөн чанарыг үхүүлээгүйгээс болж янз бүрийн гэмийн хүсэл, шуналд автсанаас болж итгэлийн амьдралаас холдон, Бурханы анх дуудсан дуудлагын дагуу бүрэн хэрэглэгдэж чадахгүй үе байдаг. Зарим нь бүр Бурханаас бүрэн холдох үе ч байдаг. Тиймээс бидний дотор нуугдсан байдаг эдгээр гэмийн хүслээ үхүүлэх хүртэл хатуу тэмцэх хэрэгтэй билээ. Тэгвэл бид яавал газар дээрх эрхтнүүдийг үхүүлж чадах вэ?
Галат 5:16-д ийнхүү хэлсэн байна. “Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй” гэж байна. Эндээс харвал бид Ариун Сүнсээр явбал махбодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй буюу газар дээрх эхтнүүдийг үхүүлэн амьдарч чадна. Энд гарч буй “Сүнсээр яв” гэдэг нь өөрийн бодол санаа, зүрх сэтгэл, мэдрэмжийн дагуу бус, харин Бурханы үг ба хүслийн дагуу дуулгавартай даган амьдрахыг хэлж байна. Аливаа хүний төрөлх байгалийн мөн чанар ба мэдрэмж нь махбодийн хүсэл шуналыг илүүд үздэг. Тиймээс би өөрийн бодол санаа, мэдрэмжийн дагуу бус харин Бурханы хүсэл ба үгийн дагуу амьдарвал бид газар дээрх эрхтнүүдийг үхүүлэн амьдарч чадна. Бурхан бидний хүн нэг бүрд газар дээрх эрхтнүүдтэйгээ хатуу тэмцэл хийх сүнсний хүч чадалыг өгснөөр Христийн доторх шинэ хүнээр амьдруулж өгөхийг хүсэн гуйж байна.
7-9-р эшлэлийг үзээрэй. Энд идэвхитэйгээр бидний орхих ёстой зүйл юу вэ? гэдгийг хэлж өгч байна. “7 Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. 8 Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. 9 Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж,” гэж байна. Энд бидний идэвхтэйгээр хаях ёстой зүйлсийн тухай хэлж байна. Энэ бол хүмүүсийн дунд гарч ирдэг харилцааны асуудал болох уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүртэй үгс зэргийг хэлж байна. Хүн байгаа газар хүн хоорондын харилцааны асуудал заавал гарч ирдэг. Тэгвэл Христ дотор шинэ хүн болсон бид тэдгээр асуудлуудад хэрхэн хандах ёстойг хэлж байна. Зарим хүмүүс нэг уурлавал сар, жил болох үе байдаг. Харин зарим нь уурласан ч тэр дороо мартдаг. Гэвч хурдан ч бай, удаан ч бай уураа бид хаях буюу захирч сурах ёстойг хэлж байна. Худал яриа бол сатанаас ирдэг бөгөөд бүх муу зүйлийн үндэс болдог. Ялангуяа гэр бүлийн харилцаа, мөн чуулганы итгэгчдийн хооронд харилцаа худал биш, үнэн зөв байх хэрэгтэй. Хэрэв бидний харилцаанд худал байвал сатан бидний дунд ажиллаж Бурханы ажлыг хийхэд саад болох болно. Мөн бидний амнаас жигшүүрт муу үгс буюу бие биенээ доромжлон гутаасан, янз бүрээр хэлж ярьсан үгс гарч болохгүй. Яагаад гэвэл үгээр хүнийг алж үгээр хүнийг босгон байгуулж болдог гэдэг үг байдаг.Тиймээс бидэнд уур, хилэн, хорон муу санаа, жигшүүрт үгс байвал түүнийгээ тайлан хаяж дутуу дулимаг ч гэсэн үнэнээрээ бие биендээ хандаж Бурханы үгээр бие биенээ цаг ямагт босгон байгуулах үг хэлэх хэрэгтэй. Тэгвэл бид Бурханы зөв ба үнэн дээр суурилсан эрүүл зөв харилцаатай гэр бүл ба чуулган, хүмүүсийн нэгдлийг босгон байгуулж чадна.
10-р эшлэлийг үзээрэй. Энд шинэ хүний эрмэлзэх ёстой зүйл юу вэ гэдгийг хэлж байна. “Шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм” гэж байна. Шинэ хүн болсон гэдэг нь нэг хэсэг зүйл нь л өөрчлөгдсөн гэсэн үг биш бүрэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн гэсэн утгатай. “Шинэ хүнд” зөвхөн шинэ хувцас, шинэ зан байдал хэрэгтэй төдийгүй Бурханы дүр төрхийн дагуу шинэ мэдлэг хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Шинэ хүнийг өмсөнө гэдэг нь хуучин зан чанар, хуучин хандлага, хуучин үзэл бодлоо тайлж харин шинэ зан чанар, шинэ хандлага, шинэ үзэл бодлоор амьдрахыг хэлж байна.
Жишээ нь: өөрийгөө төв болгон бусдаар хүндлүүлэн үйлчлүүлэх хандлагтай хүн байсан бол харин одоо бусдыг өөрөөсөө дээр хэмээн үзэж бусдад үйлчлэх гэж хичээж амьдрах нь шинэ хүнийг өмсөж байгаа хэлбэр юм. Мөн өмнө нь үргэлж гутранги, аливааг муугаар хардаг хүн байсан бол аливааг эерэг ба зөвөөр, итгэл найдварын нүдээр харах гэж хичээх нь шинэ хүнийг өмсөж байгаа хэлбэр юм. Амархан уурладаг хүн нь уурлахгүй байхыг хичээх, худал болоод хорон мууг ярьдаг хүн нь үнэн ба зөвийг ярьж тэвчээргүй байсан нэгэн нь тэвчээртэй хандах гэж хичээх нь шинэ хүнийг өмсөж байгаа хэлбэр юм. Хэдий бид нэг удаа үйлдээд өөрчлөгдөхгүй. Гэвч бид өнөөдөр чадахгүй байсан ч маргааш чадах гэж хичээх нь өөрөө Христ доторх шинэ хүнийг өмсдөг амьдрал юм. Тиймээс бид хуучин муу хүнд хамаарах зүйлсийг бүрэн тайлж хаяхын төлөө өдөр бүр хичээснээр Бурханы дүр төрхийн дагуу бүрэн шинэчлэгдсэн шинэ хүнээр өөрчлөгдөж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
3. Шинэ хүний өмсөх ёстой зүйлс (12-17)
12-17-р эшлэлд шинэ хүний өмсөх ёстой зүйлс юу вэ гэдгийг маш тодорхой тайлбарлаж байна. 12-14-г үзээрэй. “Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие биенээ уучилж хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм”. Энэ үг нь Христ дотор шинэ хүн болсон бидний хандлага ямар байх ёстойг хэлж байна. Энэ бол Бурханд хайрлагдсан хүмүүсийн хувьд сайныг үйлддэг хүмүүсээр амьдрах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл бид өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан байдал, тэвчээрийн хувцсыг өмсөн бусдад хандах хэрэгтэй билээ.
Гэвч бидний мөн чанар бусдыг өрөвдөхөөс илүү өөрөө бусдаар өрөвдүүлэх, даруу байхаас илүү онгироо бардам, бусдад хүлцэн тэвчээртэй хандахаас илүү тэвчиж чаддаггүй, хурдан уурладаг гэмтэй чанартай. Тэгвэл бид яавал бусдад өрөвч зүрх, энэрэл, даруу зан байдал, тэвчээрээр хандаж чадах вэ? Хамгийн түрүүнд Бурхан биднийг ямар ихээр өрөвдөж ямар их хайрлан энэрч надад хэрхэн төлөв даруу сэтгэл ба тэвчээрээр хандсаныг санаж байвал бид бусдад мөн тийнхүү үйлдэж чадна. Мөн “хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос” гэж байна. Энэ бол дээрх бүх чанар хайраас үүдэлтэй гэсэн утгатай. Хайр бол Бурхан ба Христийн гол чанар билээ. Тиймээс бусдад хандах дээрх бүх чанар нь хайраас ундран гардаг бөгөөд хайр нь энэ бүхний эх сурвалж билээ. Хэрэв бидэнд бусдыг хайрлах хайр байвал бид бусдыг өрөвдөн энэрч даруу төлөвөөр тэвчээртэй хандаж ууичлж чаддаг. Христийн доторх шинэ хүн болсон бид Бурханы зан чанарыг өөрийн биеэрээ бусдад харуулдаг хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
Паул сургаалаа ийнхүү дүгнэн хэлж байна. “Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн”(17). Энэ бол Христийн дотор шинэ хүн болсны хувьд “Юу ч хийсэн” Түүний нэрээр хийгээрэй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Тэдний үг ба үйлдэл нь юу ч хийсэн бүгдийг Есүсийн төлөө хийх хэрэгтэй гэсэн утгатай. 1 Коринт 10:31-д “Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” гэж хэлсэн. Энэ бол бидний жижиг том үйлсийн зорилго маань Бурханы алдрын төлөө байх ёстой гэсэн утгатай. Христийн дотор шинэ хүн болсон хүмүүсийн хувьд юу ч хийсэн бүхнийг Бурханы нэрийн төлөө хийх хэрэгтэй. Ирж буй шинэ онд бидний бүхий л зүйл Түүний нэрийн төлөө байснаар амьдралынхаа бүх талаар Бурханыг алдаршуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Христ дотор шинэ хүн, шинэ амьдралтай болсон бидний хувьд хамгийн чухал зүйл нь дээрх зүйлсийг эрэн хайж бодох явдал юм. Бид сүнслэг зүйлсийг бодох гэж хичээж тэмцэх үед сайн зуршил бий болж Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгддөг. Бид өдөр бүр дээгүүрх зүйлсийг эрэн хайж сүнслэг зүйлсэд өөрсдийгөө дасгалжуулснаар Есүсийг дуурайн өсөж чадахыг хүсэн гуйж байна. 2021 онд Христ Есүс доторх шинэ хүнээр өдөр бүр амьдарцгаая. АМЕН