ГЭМШИЖ ӨРШӨӨЛИЙГ АВАГТУН!
Үйлс 3:11-26
“Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд”(19)
Петрийг төрөлхийн доголон хүнийг эдгээсэнд хүмүүс ихэд гайхацгаажээ. Энэ үед Петр өөрийнхөө хүч болон сүсэгтэй байдлаар эдгээсэн биш, харин амийн Эзэн Есүс эдгээснийг гэрчлэв.
1. Түүний нэрэнд итгэснээр (11-16)
Есүс бол ариун ба зөвт Бурханы хүү юм. Харин Иудей хүмүүс энэ Есүсийг харь хүний гарт тушааж алуулжээ. Тэд амийн бүтээгчийг алсан билээ. Гэвч Бурхан Түүнийг үхэгсдийн дундаас амилуулж алдаршуулав. Ариун Бурханы хүү Есүс тэр төрөлхийн доголон хүнийг эрүүл болгосон гэж Петр гэрчлэв. Мөн Есүсийн нэрэнд итгэх итгэл ба Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь энэ доголон хүнийг төгс эрүүл болгосон гэж гэрчлэв.(16) Петр хүнээс нэр алдрыг авахыг хүсээгүй бөгөөд зөвхөн Есүсийг алдаршуулсан билээ.
2. Хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд (17-26)
Петр Есүсийг эсэргүүцэж, алсан ард түмний гэмийг ухааруулан гэмээсээ эргэж, өршөөлийг авахад сэргээх цаг нь Эзэний оршихуйгаас ирэх болно гэжээ.(19) Есүс бол Мосе, Самуел зэрэг олон зөнчдөөр амлагдсан Христ буюу Абрахамын үр удам юм.(21-25) Бурхан Есүс Христийг илгээсэн нь зөвхөн иудейчүүд төдийгүй дэлхийн бүх ард түмэнд ивээлээ харуулахын тулд юм. Буруу замаас холдон салж, гэмээ гэмшихэд Бурханы ерөөлийг эдлэх болно. Бурхан биднийг өршөөж ерөөхийг хүсдэг.
Залбирал: Эзэн минь ээ! Таныг эсэргүүцэж байсандаа гэмшиж байна. Би цаг ямагт гэмийн замаас салан эргэснээр Таны ерөөлийг дүүрэн эдлэхийг хүсэж байна.
Нэг үг: “Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ!”