Нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй Есүс
Марк 2:1-12
Гол эшлэл 2:5
“Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд – Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв.”
Өнгөрсөн долоо хоногийн номлолоор уяман өвчтөнг эдгээсэн, Есүсийн гайхамшигтай хүч чадал нигүүлслийн талаар сурсан билээ. Харин өнөөдөр бид нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй Есүсийн тухай сурах болно. Хүн бүрд сүнслэг болон материаллаг хэрэгцээ байдаг. Гэхдээ хүмүүс энэ дэлхий дээр амьдрахдаа материаллаг хэрэгцээний төлөө үхэн хатан амьдардаг. Бурханы нүдээр харвал хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол сүнслэг хэрэгцээ юм. Үүнийг өгч чадах цорын ганц нэгэн бол Есүс Христ юм. Энэ цаг бидэнд хэлж байгаа Бурханы дуу хоолойг сайн сонсож чадахыг гуйж байна.
I. Нүгэл чинь уучлагдсан (1-5) Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ.
Есүс Галил даяар сайнмэдээний аяллаар яваад. Синагогуудад Бурханы хаанчлалыг тунхаглан. Очсон газар бүртээ чөтгөрүүдийг зайлуулан, өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа. Тэрээр уяман өвчтэй хүнийг эдгээсний дараа дахин Капернаумд ирсэн.
Өмнө нь Есүс Капернаумд синагогт үг зааж, бузар сүнстэй хүнийг эдгээж. Симоны хадам эхийн халууныг эдгээсэн. Энэ үйлчлэлийн улмаас Есүсийн талаарх зар Галил орчмын бүх нутгаар тархсан. Есүсийг эрэн хайсан, сурагласан хүмүүс Капернаум даяар олон байсан байх. Есүсийг гэртээ иргэн ирсэн талаарх мэдээ дуулдсан.
Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
Есүсийн хийсэн үйлчлэлээс нь болоод олон хүн Түүнийг хайж очсон байна. Яг дүүргийн эмнэлэгт өглөө эртлэн очоод очер дараал аваад эмчид үзүүлдэг шиг. Есүс дээр очин эдгэрэх хүсэлтэй, Есүстэй уулзах хүмүүсийн цугларал Түүний байгаа гэрийг дүүргэсэн. Олон хүн байгаа тул багтахаа болиод үүд хавиар хүртэл дүүрсэн байна.
Есүстэй уулзахаар ямар хүмүүс очсон бол оо? Бузар сүнсэнд эзэмдүүлсэн, өвчтэй, сохор доголон, хатингар, цус алддаг, гэх мэт олон хүмүүс өөрийн харгалзагчид буюу ар гэрийнхэн, анд найзуудын хамтаар очсон байх.
Ийм тэднийг хараад Есүс юу хийсэн вэ? Уг нь тэр хүмүүсийн хүссэн зүйл нь эдгэрэлт хэрэгтэй байсан. Харин 2б харвал “Тэр тэдэнд Үг айлдаж байлаа” яг ямар үг айлдсаныг библид бичээгүй ч Есүс Бурханы үгнээс айлдаж, тэнгэрийн хаанчлалын талаар зааж байсан нь тодорхой. Олон төрлийн өвчтөнүүд байгаа ч, тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь Бурханы үг юм. Матай 4:4-т Есүс хэлэхдээ “ Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэсэн. Энэ нь хоолноос илүү, эдгэрлээс илүү, эд хөрөнгө, боловсрол мэдлэгээс илүүгээр Бурханы үг хүнд хэрэгтэй гэсэн үг юм.
Бурханы үг нь хүнийг тайвшруулдаг, урам өгдөг, итгэл найдвар өгдөг, зэмлэн гэмшүүлдэг, ухааруулдаг, уучлалыг өгдөг. Тиймээс бид ямар ч цагт оюутнуудад Бурханыг үгийг заадаг хүнээр сайн амьдарч чадахын төлөө гуйж байна. Бурханы үгийг сурах нь бүх зүйлийн суурь үндэс юм.
Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. 4 Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.
Түүнийг ирснийг дуулсан дөрвөн найз нэгэн саа өвчтэй найзаа дэвсгэртэй нь өргөн Есүс дээр авчирлаа. Эдгээр дөрвөн найз Есүсийн хийж байсан үйлчлэлүүдийн талаар сонссон байна. Тиймээс ч найзыгаа Есүстэй уулзуулан ямар нэгэн байдлаар эдгээлгэх гэж хүссэн. Тэд заавал Есүс дээр найзыгаа аваачина гэсэн хатуу зорилго тавин ирлээ.
Энэ үед юу болсон вэ? Есүс үг зааж байсан. Хүн бүр түүнд анхаарлаа хандуулан сонсож байлаа. Саа өвчтэй хүн ирсэн тул очерын урдуур оруулах гэсэн болов ямар ч боломжгүй байлаа. Учир нь эдгээлгэхээр ирсэн олон олон өвчтөнүүд үүдэнд нь байсан. Магадгүй найз нөхөд танил талаасаа гуйсан ч байж мэднэ. Гэвч ямар ч хүн туслахыг, мөн урдуураа оруулахыг хүссэнгүй. Тэдний энэ их хичээл зүтгэл очерлон байгаа хүмүүс гэсэн том саад бэрхшээлийн өмнө тулан ирсэн.
Шантран гуниж энэ удаа аз дутлаа, дараа л Есүстэй уулзахаас, эсвэл дараа эртхэн очер захиж байгаад ирэхээс дээ гээд буцаж болохоор байсан. Гэвч дөрвөн найз тэгсэнгүй харин ч гайхалтай нэгэн аргаар найзыгаа Есүстэй хувьчлан уулзах орон зайг бүрдүүлэхээр ажиллаж эхлэлээ. Тухайн нөхцөл байдлыг эерэгээр харан ажиллаж эхлэлээ.
Тэрхүү дөрвөн найзыг нэрийг нь нэрлэвэл: Өрөвч сэтгэл, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, тууштай байдал гэж хэлж болно. Энэ найз нар одоо л олдож байгаа завшааныг алдаж болохгүй гэж бүтээлчээр ажиллаж эхэлсэн. Гэрийн эзнээс ч зөвшөөрөл авалгүйгээр тэрхүү айлын дээврийг хуулсан. Бусдаас ирэх шүүмжлэл буруутгалыг үүрэхэд бэлэн. Мөн дээвэр хуулсан хохирлыг төлөхөд бэлэн байсан. Тэд нар зүрхний гүнээс саа өвчтэй найзыгаа, Есүстэй уулзуулах хүслээр дүүрэн байсан тул энэ бүгдийг найзыгаа хайрлах хайрын хүчээр тууштай байдлаар хийж чадсан.
Энэ дөрвөн найзын хичээнгүй байдлыг. Хоньчны хайртай зүйрлэж болох юм. Оюутнуудыг болон хоньчдыг, Бурхан үгээр өсгөж байхад байнга, сатан саад бэрхшээлийг бий болгодог. Гэсэн ч тасралтгүйгээр, цөхрөлтгүйгээр, хичээнгүйлэн үйлчлэн Есүсийн өмөн оюутнуудыг аваачсаар байдагт талархаж байна. Нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран ямар ч байсан” Есүс дээр заавал очих хэрэгтэй”
Есүс дээр очих арга өөр өөр байж болно. Хүндэтгэлийн цуглаан өргөөд, өглөөний гуйлтанд оролцоод, сэтгэгдэл бичээд, библи уншаад, залбирлаар дамжуулан гэх мэт олон арга байна. Өөрийн байгаа нөхцөл байдлаас үл хамааран Есүс дээр очих хэрэгтэй.
COVID19-с болоод миний хувьд сайнмэдээний ажил зогсонги байдалд орж оюутнууд болон библийн хичээл хийдэг хоньчиддоо ч анхаарал тавьж чадахгүй болсон. Өдөр бүрийн амьдралын асуудлууддаа дарагдан амьдарсаар байгаагаа олж харлаа. COVID19 гэх саад бэрхшээлийн өмнө хүчгүй болж үүнээс болоод сайнмэдээний төлөө амьдрах хүсэлгүй болон, яг л саа өвчтэй хүн шиг хөдөлгөөнгүй болж, итгэлээр сайн амьдарч чадахгүй байна даа гэсэн бодолдоо өөрийгөө буруутган амьдарч байгаагаа харан энэ цагт гэмшиж байна.
Энэ цаг үед манай чуулганд саа өвчтөнг дамнуурга дээр тавиад Есүст аваачих итгэлийн эрчүүд, эмэгтэйчүүд болон хоньчид хэрэгтэй байна. Итгэлийг амаар ярин сайрхах биш, үйлстэй итгэл нь чухал юм. Иаков 2:17 “Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм” гэсэн байдаг. Үйлстэй итгэл нь саад бэрхшээлийг даван гарахад тусалдаг.
Саад бэрхшээлийг даван туулаад саа өвчтэй найзаа эдгээлгэх гэж дөрвөн найз Есүсийн өмнө найзыгаа авчран тавьсан. Хачирхалтай нь Есүс тэдний хүссэн зүйлийг хэлсэнгүй
Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд – Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв.
Найзыгаа эдгээлгэхийн тулд саад бэрхшээлүүдийг арайхийн даван авчирсан тэдний хувьд ийм үг сонсоно гэдэг шоконд орохоор зүйл болсон?
Есүс цуглаан үймүүллээ гэж тэднийг зэмлэсэнгүй. Харин бусад хүмүүсээс ирэх шүүмжлэл буруутгал их байгааг мэдэж байсан тул тэднийг тайвшруулаад. Санаанд оромгүй үг хэлэв. “Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв”
Тэгвэл саа өвчтэй хүнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлсэн нь ямар учиртай вэ? Саа өвчин нь: биеийн галбир болон биеийн хөдөлгөөнийг өөрчилдөг, булчингийн үйл ажиллагааны эмгэг юм. Гаднах байдлаас нь харвал биеийн нь булчингууд нь татсан харагддаг.
Хүн бүрийн амьдралд Есүсээр шийдүүлэх хэрэгцээтэй чухал зүйлүүд олон байдаг. Өвчнөө эдгээлгэх, сургуулиа сайн төгсөх, сайн ажилд орох, сайн гэр бүлтэй болох, байртай болох, машинтай болох, хувийн бизнес хийх гэх мэт олон зүйлүүд байдаг. Зарим зүйлүүдийг хурдхан шийдүүлчихмээр санагддаг. Мэдээж эдгээрийг шийдүүлэх нь зөв. Есүс дээр аваачин өгч залбирах нь ч зөв. Хүнийг гаднах материаллаг асуудлуудыг шийдээд, бүх зүйл сайхан болчих юм шиг хүмүүс боддог.
Дөрвөн найз, найзынхаа өвчнийг л эдгээлгэх гэсэн хэрэгцээ хамгийн чухал нь байна. Мэдээж өвчтэй хүнд бол хурдхан шиг өвчин нь эдгэрэх нь чухал байдаг. Өвчнөөс эдгэрээд амьдрал сайхан болчих юм шиг бодож байсан байх. Харин үүнийг Есүс харахдаа өвчнөө эдгээлгэхээс илүүгээр хүний гэм нүгэл уучлагдах нь хамгийн чухал зүйл гэдгийг хэлж байна.
Саа өвчтэй хүн ямар ч чадваргүй тул, гэм үйлдэхгүй гэж бодож болох юм. Гэвч гаднаас нь хараад хүнийг гэм үйлдсэн, үйлдээгүйг ялгах боломжгүй. Бурхан л хүн бүрийг нэвт харж чадна. Саа өвчтөнг гаднаас нь харвал гэм үйлдээгүй юм шиг боловч, дотоод зүрхэндээ гэм хийсээр амьдарсан.
Саа өвчтөн өөрийн байгаа байдлаа хараад ялагдлын сэтгэлээр дүүрэн байсан. Бусадтай өөрийгөө харьцуулан үргэлж голдог. Өөрийн муу хувь тавилантайгаа эвлэрэн амьдардаг. Магадгүй Бурханд гомдон, өөрийгөө ч үзэн ядаж амьдарч, ингэж байхаар үхсэн минь дээр гэх бодлоор дүүрэн байсан. Тэрээр бусдын хараат амьдардаг байсан болохоор бусдыг өөрт нь туслахгүй болохоор гомддог.
Хүмүүс надад туслах ёстой гэсэн сэтгэлээр амьдарч, өөрөө ямар ч тэмцэлгүй амьдарсан. Гаднаа биш ч зүрх сэтгэлдээ завхайрч, намайг хэн харах вэ дээ гэж бодон амьдарсан. Гаднаа өвчтэй, дотроо ч нүгэлтэй байгаа өөрийгөө харсан тэр саа өвчтөн яах ч учраа олохгүй төөрч явсан.
Хэдий тийм байсан ч тэр бол Есүсийн хайртай хоньдын нэг байлаа. Тийм учир Есүс өнөөдөр түүний ийм их гэм нүглийг уучилж байна. “Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв” саа өвчтөний амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан үгийг Есүс түүнд хэлэв. Таны хэн байх, ямар мэргэжил, албан тушаалтай байхаас үл хамааран Бурханаар нүглээ уучлуулах нь энэ дэлхий дээр байх хамгийн гоё, сайхан зүйл юм. Ийнхүү түүний нүглүүдийг уучилснаар дотоод мөн чанарыг нь бүрэн өөрчилжээ.
Хүний амьдралын асуудлууд шийдэгдсэн ч сүнсний гэмийн асуудал шийдэгдэхгүй бол саа өвчтөн шиг амьдрахаас өөр аргагүй. Өнөөдөр бидний дунд буй бүх асуудал нь шийдэгдсэн ч гэм нь уучлагдаагүйгээс болж шаналж, саа өвчтөн шиг амьдарч байгаа хүн байна уу? Уучлалын хайр ивээл, Есүсийн загалмайн цусны үнэ цэнийг мартаж саа өвчтөн шиг шаналан өөрийнхөө гэмийн дэвсгэр дээр гомдоллон хэвтэж байгаа хүн байна уу? Та саа өвчтөн шиг амьдарсаар байгаа бол яг энэ цагт Есүсийн өмнө очоорой. Харин энэ цагт Есүс бидний саа өвчин, гэм нүглийг уучлахыг хүсэж байна. /Амен/
II. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь(6-12)
Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн – 7 Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход 8 тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд -Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? 9 Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
Есүсийн үйлчлэлийг харсан хуулийн багш нар дотроо эргэцүүлэн Есүсийг Бурханыг доромжилж байна хэмээн бодсон. Хуулийн багш нар дөнгөж үйлчлэлээ эхэлсэн Есүсийг сайн мэдэхгүй байлаа. Хүний хувьд хэзээ ч байж боломгүй зүйлийг Есүс хэлсэн. Цорын ганц Бүтээгч Бурханд хүний гэм нүглийг уучлах эрх мэдэл байдаг. Тэгвэл ямар хүн гэм нүглийн уучлалыг авах вэ? Есүсийг өөрийн аврагчаар хүлээн авсан хүн л, гэм нүглийн уучлалыг аваад зогсохгүй мөнхийн амийг өвлөн авах юм.
Бурханд байдаг эрх мэдлээр Есүсийг ярьж байна гэж харан буруутгах болов. Гэвч тэд буруутгалаа ил хэлсэнгүй дотроо л бодсон байна. Мэдээж нэг талаас харвал хуулийн багш нарын зөв юм. Энэ дэлхий дээр Бурхан л хүний гэм нүглийн асуудлыг шийдэж, уучилж гэмээс, чөлөөлж, мөнхийн амийг өгч чадна. Хүн хүнийхээ эсрэг хийсэн гэм нүглийг тэр дор нь уучилж чадахгүй ч цаг хугацаа бол эдгээж уучилж чадна гэж хүмүүс боддог.
Гэвч Бурханы эсрэг хийсэн гэм нүглийг хэн уучилж, өршөөж чадах вэ? Хүн бол яагаад ч чадахгүй учир нь угийн гэмтэй мөн чанартай төрдөг учраас. Уучлал болон өршөөлийг үзүүлэх эрхтэй нэгэн бол Есүс юм. Есүс саа өвчтөнг Бурханы хайртай хүү хэмээн харан түүний гэмдээ шаналан байгааг харахдаа тэр их гэм нүглүүдийг нь уучилсан.
Хуулийн багш нар хүний гэмийн уучлагдах нь ямар чухал болоход анхаарал хандуулсангүй. Магадгүй тэдний хувьд өвчтэй хүнд гэм нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх амархан гэж бодсон. Учир нь түүний гэм нүглийг уучлагдсан, уучлагдаагүйг хэн ч мэдэхгүй учраас гэж бодсон байх. Тэднээс Есүс нүгэл чин уучлагдсан, эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэхийн аль нь амархан вэ? гэж асуухад ямар ч хариулт хэлсэнгүй. Мэдээж аль аль нь хэцүү. Энэ бүгдийг Есүс Христ л хийж чадна бас бусдад тушааж чадна.
Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд – 11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 12 тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж –Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав
Бодолдоо Есүсийг буруутгаж байгаа хуулийн багш нарт Есүс Өөрийгөө нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг харуулахыг хүссэн. Энэ үйл явдлаар дамжуулан Есүс бол Бурханы Хүү, Хүн төрөлхтний төлөө гэм нүглийг нь үүрэхээр ирсэн гэдгээ харуулахыг хүссэн. Тэрээр урьдчилан зөгнөгдсөн, Бурханаар илгээгдсэн нэгэн буюу Мессиа, тослогдсон нэгэн юм. Хуулийн багш нарын хувьд хэцүү хэмээн бодож байсан зүйлийг хийв. Есүс эхлээд саа өвчтөний нүглийг уучилсан нь үнэхээр агуу ажил байлаа. Дараа нь Есүс тэр хүний нүгэл уучлагдсан гэдгийг баталж, түүний биеийг бас эдгээсэн. Есүс хүний биеийн өвчин болон сүнсний өвчинг аль алиныг нь эдгээж чадна.
“11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд” саа өвчтөн Есүсийн үгийг дуулгавартай дагав. Тэрхүү саа өвчтөн гэмээс аврагдсаныхаа дараа Есүсийн үгийг идэвхтэйгээр дагана гэсэн итгэл төрсөн. Идэвхтэйгээр даган, идэвхтэйгээр үйлс гарган Есүсийн үгэнд дуулгавартай байснаараа саа өвчтөн хөл дээрээ бослоо. “12 тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа.”
Бид Есүсийг идэвхтэйгээр дагаснаар авралыг аваад зогсохгүй. Саад бэрхшээл гарахад итгэлээр тууштайгаар даван дийлж чадна. Цорын ганц гэм нүглийг уучилдаг Есүсийн хайраар өөрчлөгдсөнөөр, шинэ амьдралаар, идэвхтэйгээр даган амьдарцгаая.Амен!
Дүгнэлт: Дөрвөн найзын итгэлийг харвал хичээнгүй, тууштай нэгэн гэдгийг харж болно. Заавал зорьсондоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван гарахад бэлэн, итгэлтэй хүмүүс гэдгийг харж болно. Үүний адил хоньчид бид Есүс Христийн дотор саад бэрхшээлүүдийг өөдрөгөөр харан, оюутнуудыг гэмийн дэвсгэртэй нь дамнан өргөөд ямар ч үед Есүс дээр аваачиж өгөх итгэлтэй байх хэрэгтэй. Мөн итгэгч бид итгэлийн амьдралаар нэгэн хэвийн амьдарсаар байгаад сүнсний зарим нэгэн саа тусан, хүчгүй болон гомдлоор дүүрэн амьдардаг. Хэрвээ тийм байгаа бол яг одоо гэмшин, идэвхтэйгээр Есүс дээр очицгооё!
Есүс биеийн өвчнийг эдгээгээд зогсохгүй, сэтгэл сүнсний гэм нүглийг уучлах эрх мэдэлтэй цорын ганц Төгс Хүчит Бурхан. Энэ дэлхийн ямар ч сайн, сайхан үг хүнийг өөрчилж, эдгээж чадахгүй. Есүс л үгээрээ эдгээсэн, гэмээс чөлөөлсөн. Тиймээс Түүний үгийн хүч чадлыг амьдралдаа эдлэн амьдарцгаая!. Нэгэнт сэтгэл сүнсээрээ Есүсийг хүлээн аван Түүгээр гэм нүглээ уучлуулсан бол тууштайгаар идэвхтэйгээр Есүсийг даган амьдарцгаая!. Итгэлийн амьдрал бол Есүст нэг итгээд л болчих зүйл биш харин идэвхтэйгээр даган үйлдэх амьдрал юм. Амен!