ХРИСТ ДОТОРХ НАНДИН ГЭР БҮЛ
Ефес 5:21-33
Гол эшлэл 5: 33
“Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.”
Элч Паул нь өнөөдрийн номлолоор дамжуулан бидэнд нэгэн өөрчилж боломгүй системийн талаар Бурханаас авсан үгээ хуваалцаж байна. Хүний амьдралд өөрчилж болох зүйл олон байдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөх, үсний засалтаа өөрчлөх, гэр орноо хүссэнээрээ өөрчлөх, сургуулиа өөрчлөх, ажлаа солих, сонирхлоо өөрчлөх, иддэг хоолны дэглэмээ солих гээд амьдралдаа олон зүйлийг өөрчилдөг. Харин өөрчилж болохгүй зүйл байгаа бөгөөд энэ нь Бурханаас өгсөн эхнэр болон нөхөр бөгөөд түүнд хандах Бурханаас тогтоосон эмх цэгцийг өөрчилж болохгүй хэмээн хэлж байна. Хэрвээ энэ Бурханы бидэнд өгсөн эмх цэгц өөрчлөгдвөл гэр бүл болон бидний амьдарч байгаа нийгэмд асуудал үүсдэг.
Бүх гэр бүлүүд өдөр бүр баяр хөөртэй аз жаргалтайгаар диваажинд байгаа мэт амьдраасай хэмээн би хүсэж байна. Яагаад гэвэл бид нар тэгж амьдрахын төлөө төрсөн бөгөөд гэр бүл гэдэг зүйлийг Бурхан байгуулж өгсөн буюу Бурханы зохиосон систем юм. Өнөөдөр олон залуучууд нэг удаа уулзаад таалагдлаа, сэтгэл хөдөллөө, хөөрхөн байна, боломжийн мөнгөтэй, царайлаг, чадварлаг, боловсролтой гэх зэрэг сэтгэлийн хөөрөл болон өөрсдийнхөө дүгнэлтээр гэр бүл болон амьдардаг. Итгэгч ч бай биш ч бай олон гэр бүлүүд энэ мэт сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болон амьдарч байна.
Бид нар ажилд орохдоо ч юм уу, ямар нэгэн сургуульд орохын тулд дамжаанд суух шалгалт өгөх зэргээр шалгуулж байж тэр ажилд орох юм уу сургуульдаа тэнцдэг. Харин бид нар гэр бүл болохдоо ямар нэгэн бэлтгэл болон сургалтанд сууж эхнэр, нөхөр, аав, ээж гэсэн сертификат авч байж гэр бүл болдоггүй. Угаасаа л төрж өссөн өөрийн гэрээсээ харж өссөн аав, ээжийн үзүүлж харуулснаар төсөөлөн гэр бүлээ авч явдаг. Тийм болохоор архичин гэр бүл, хардалт сэрдэлтээр дүүрэн гэр бүл, хайр халамжаар дутуу гэр бүл, өлсгөлөн болон мөнгөний гачигдалтай гэр бүл, зовлон шаналал болон өвчтэй эцэг эхтэй өссөн гэр бүл гээд ийм суурьтай гэр бүлүүдэд өсөн торниж тэндээс авсан тэр шархаа тээн дахин нэг гэр бүлийг байгуулан амьдардаг. Тэгвэл ингэж амьдралыг эхлэн явж байгаа гэр бүлүүдэд асуудал үүсэх бөгөөд хэрүүл маргаан, хүчирхийлэл, даамжраад гэр бүл салалт, өнчрөл хагацал байхаас өөр аргагүй юм аа.
Гэр бүл гэдэг нь эхнэр болон нөхрийн харилцаа юм. Нөхөр, эхнэр хоёр энэ гэр бүлийг авч явах бөгөөд энэ нийгмийг авч явах хамгийн чухал харилцаа юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг энэ нийгмийн эхлэл болсон гэр бүл цэвэр ариун зөв байвал энэ нийгэм цэвэр ариун зөв байх болно. Юуны түрүүнд Христийн дотор байгуулагдсан гэр бүл нь тэр чигээрээ Бурханы хаанчлал бөгөөд жижиг чуулган болж байдаг. Тийм учраас христэч гэр бүлүүд нь Бурханыг магтаж, залбирч, үг хуваалцаж, бие биенээ Бурханы хайраар хайрлаж, Бурханы өгсөн зарлигийн дагуу, тэр эмх цэгцийн дагуу амьдран үйлчлэх хэрэгтэй юм. Хэрвээ гэр бүлүүд ингэж чадвал бидний чуулган болох сүм маань ч гэсэн зөв эрүүл байж өсөн хөгжиж хайраар дүүрэн сүм болох юмаа. Өнөөдрийн номлол нь гэрлэсэн гэр бүлүүдэд хамааралтай боловч манай цуглааны ганц бие хоньчдод ч гэсэн хамааралтай. Энэ цагт бүгдээрээ Бурхан бидэнд ямар гэр бүлийн эмх цэгц болон үүргийг өгснийг суралцаж амьдралдаа хэрэгжүүлэн амьдарснаараа өдөр бүр баяр хөөр, хайр, амар тайван дүүрэн байдаг гэр бүлийг цогцлоон амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Өнөөдрийн зарлигийг харвал нийт 3 эшлэл нь эхнэрүүдэд зориулагдан хэлж байгаа бөгөөд 10 нь нөхрүүдэд зориулагдан хэлжээ. Гэхдээ энэ нь нөхрүүд илүү их сонс гэсэн утгатай биш бөгөөд харилцан хамт сонсож зарлигийг даган биелүүлж амьдарна гэсэн утгатай юм.
1. Эхнэрийн үүрэг (21-24)
Эхлэл 2:24 дээр хэлсний дагуу эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлэн тэр хоёр нэгэн бие болох ажгуу хэмээн хэлсэн байдаг. Гэр бүлийг Бурхан анх байгуулсан бөгөөд ямар системээр яаж явахыг ч Бурхан зохиож өгсөн билээ. Эхлээд эхнэрүүдийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг тушаан хэлж байна.
21,22-р эшлэлийг үзээрэй. “Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд. Эхнэрүүдээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд” гэжээ. Энэ нь итгэгч эхнэрийн даган мөрдөх зүйл бол захирагдах гэсэн зарчим юм гэдгийг хэлж байна. Энэ нь Бурханаас эхнэрт өгсөн тушаал буюу үүрэг юм. Үүнийг гэнэт сонссон эхнэрүүд дургүй хүрч магадгүй юм. Гэхдээ энэ үг нь эхнэрүүдийг нөхрөөс сул дорой, дорд нэгэн гэсэн үүднээс хэлсэн утга санааг илэрхийлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нандин бүтээлүүд бөгөөд ялгаварлан гадуурхах зүйл огтхон ч байхгүй юм.
Тэгвэл энд хэлж байгаа захирагд гэдэг нь яахыг хэлж байгаа вэ? Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэмд захирагдах гэдэг нь эрх чөлөөгүй болох, дорд үзэгдэх, хэн ч биш болох зэрэг утга санааг агуулж байдаг. Харин библийн энд хэлж байгаа захирагдах гэдэг нь Бурханы тогтоосон эмх цэгц болон эрх мэдлийг даган мөрдөж амьдрахыг хэлж байгаа болно. Товчлоод хэлбэл Бурханы эрх мэдэлд захирагдан амьдраарай гэсэн үг юм. Библи дээр нөхрийн эрх мэдэл нь ийм ийм хязгааргүй эрх мэдэлтэй байна гэж бичээгүй бөгөөд эхнэр болон хүүхдүүд автоматаар захирагдан амьдрах ёстой гэж бас заагаагүй болно. Үүний жишээ нь Үйлс библийн 5:29 дээр “Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой” гэж хэлсэн байдаг. Иймээс библийн хэлж байгаа эрх мэдэл нь дураараа авирлах зүйл биш бөгөөд хариуцлагатай үйлчлэн амьдрахыг хэлж байгаа болно.
Бидний амьдарч буй энэ нийгэмд чадварлаг, чадалтай, ухаантай эмэгтэйчүүд олон байдаг бөгөөд бодитоор эрчүүдээсээ хэд дахин илүү ажиллаж нөлөөллөө харуулсаар байна. Корона вирусийн үед мэдээлэл өгч байгаа ОБК-т ажиллаж байгаа хүмүүсийг харвал дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа нь нууц биш. Манай улсын хувьд төрийн байгууллагын ажилчдыг бүрдүүлж байгаа ажиллах хүчний ихэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэхдээ нийгэм ийм байгаа ч гэсэн библид эхнэрүүд нь нөхрүүддээ захирагд хэмээн хэлж байна. Яагаад ингэх хэрэгтэй вэ? 23,24-р эшлэлийг үзээрэй. “Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил, нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд” гэв. Учир нь эхнэр нөхөрт захирагдах нь Бурханы тогтоосон эмх цэгц буюу бүтээлийн дэс дараалал юм. Бурхан гэр бүлийг байгуулахдаа нөхрийг бүтээн эхнэрийн тэргүүнээр томилсон билээ. Энэ нь Христ болон чуулганы дэс дараалалтай адилхан зүйл юм. 1 Коринт 11:3-т ийнхүү хэлжээ. “Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.” Тэргүүн гэдэг нь толгойг хэлж байна. Толгой бол биеийн төв болж удирдан залдаг. Эндээс Христ чуулганы төв байдаг шиг нөхөр нь гэр бүлийн төв юм. Христ чуулганыг бүх талаар босгон байгуулдаг шиг нөхөр гэр бүлийг бүхий л талаар хангаж, халамжлан өсгөх үүрэгтэй юм. Есүс Христ нь чуулганы төлөө Өөрийгөө золиосолж үйлчилсэн бөгөөд чуулганы тэргүүн байдаг. Үүнтэй адилтган зүйрлэн хэлсэн шиг нөхрийн хийх зүйл бол үйлчлэл буюу өөрийгөө золиослох юм. Чуулган тэргүүн болсон Христийн үгээр байдаг шиг гэр бүл ч гэсэн нөхрийн гаргасан шийдвэрийг даган амьдрах хэрэгтэй. Гэр бүлийн эмх цэгц болон нэгдмэл нэг байдлын төлөө эхнэр нөхрийг тэргүүн гэж хүлээн зөвшөөрөн хүндэтгэн захирагдах хэрэгтэй. Энэ мэт эмх цэгц гэр бүлд тогтвол хамт байгаа хүүхдүүд хүртэл Бурханы эрх мэдэлд захирагдахыг сурч чадах юм.
Тэгвэл эндээс бид нар нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. 22-р эшлэлийг үзвэл “Эзэнд адил захирагд” гэжээ. Хуучин хүнээ тайлж Христийн тэр агуу хайраар өөрчлөгдсөн шинэ хүн болсон эхнэр та Христэд захирагддаг шигээ нөхөрт захирагдаарай гэж хэлж байна. 24-р эшлэлийг үргэлжлүүлэн харвал “Чуулган Христэд захирагддагийн адил бүх талаар нөхрүүдэд захирагд” гэв.
Христийн дагалдагч нараас ч гэсэн ямар ч болзолгүйгээр Христийг хайрлан дагалдагчийн амьдралаар амьдарсан байдаг. Татвар хураагч Леви, Закхай, Элч Паул, Сүмийн нярвын эхнэр Ионна нь Христийг бүх зүйлээс илүү хайрлан гэрчилж амьдарсан. Мөн 1-р зууны итгэгчдийг харвал Есүс Христэд итгэн түүний төлөө амиа золиослон амьдарсан байдаг. Мөн олон зуун Христэд итгэгч итгэлийн баатрууд зөвхөн тэргүүн болсон Христийг гэрчлэн түүнд дуулгавартай даган амьдарсан байдаг. Тийм учраас хуучин хүнээ тайлж Христийн агуу хайраар өөрчлөгдөн шинэ хүнийг өмссөн хүн нь түүний тушаалд захирагдан амьдарч чадах юм аа гэж хэлж байна. Тушаалд захирагдан амьдарна гэдэг нь түүний тогтоосон эмх цэгцээр амьдарна гэсэн үг юм. Эндээс нөхөрт захирагдахын төлөө юуны өмнө Христтэй зөв харилцаатай байж Түүний тушаалыг даган амьдардаг байх хэрэгтэй. Христэд захирагддаг эхнэр нь нөхөрт захирагдаж чадах юм. Тушаалд захирагдан амьдарна гэдэг нь түүний тогтоосон эмх цэгцээр амьдарна гэсэн үг юм. Эхнэрүүд минь ээ нөхрийг гэр бүлийн тэргүүн болгон тосолсон Эзэнд захирагддаг шигээ нөхөрт бүх талаараа захирагдаж чадахыг хүсэн гуйж байна.
Манай Монгол ардын зүйр үгэнд “Сайн эхнэрийн хүчинд салан эр ханхалзана, сайхан морины сүрд муухай эмээл дэнхэлзэнэ” гэж эхнэрийг магтан бичсэн байдаг. Мөн Сургаалт үгс 19:14-т “Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс ирдэг бол ухаалаг эхнэр Эзнээс ирдэг” гэж бичсэн байдаг. Үүнээс гадна амжилттай сайн яваа нөхрийн ард сайн хань болох эхнэр байдаг учраас гэж хүмүүс ярьдаг. Амьдралын жишээн дээр хүмүүс ярихдаа энэ дэлхийг байлдан дагуулагч нь эр хүн боловч эр хүнийг байлдан дагуулагч нь эмэгтэй хүн гэж тодотгон ярих ч тохиолдол байдаг. Ийм болохоор нөхрийн ирээдүй нь эхнэрээс шалтгаална гээд хэлчихэд нээх хилсдэхгүй байх. Ийм учраас эхнэрийн үүрэг роль их чухал юм. Тиймээс эхнэр хүн хамгийн түрүүнд Христэд захирагдахыг сурах хэрэгтэй. Христэд захирагддаг эхнэр нь магтаал болон талархал, дуулгавартай сэтгэл, хайр ба үнэнээр нөхрөө хайрлан захирагдаж үр хүүхдүүдээ Бурханы хайраар өсгөж чадах юм. Христэд захирагддаг шиг нөхөрт захирагдвал гэр бүлд Бурханы тогтоосон эмх цэгц болон амар тайван дүүрэн болох юм. Энэ цагт Христэд захирагддаг шиг нөхөртөө бүх талаар захирагдаж нөхрөө гэрэлтүүлдэг ухаалаг эхнэрүүд манай чуулганд дүүрэн болохыг хүсэн гуйж байна.
2. Нөхрийн үүрэг (25-30)
Библид нөхрийн үүргийн талаар илүү их захиж бичсэн байдаг. Эхнэрийн үүрэг хэцүү гэж бодож байгаа бол эхнэрт хандсан нөхрийн үүрэг үүнээс илүү хэцүү гэдгийг мэдэж аваасай хэмээн хүсэж байна.
25-27-р эшлэлийг үзээрэй. “Нөхрүүдээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.” Ихэнх нөхрүүд эхнэрээ захирах ёстой гэж боддог. Мөн миний үг тушаал, заавал миний зөв гэсэн байр сууринаас хандах гэдэг. Сэтгэл санаа гайгүй бол хайртай гэх үгийг хэлдэг бөгөөд цэцэг авч өгөх, ямар нэгэн хувцас авч өгөх зэргээр хайраа илэрхийлэхийг хүсдэг. Харин өнөөдрийн зарлиг дээр Христийн хайраар дахин төрсөн нөхрийн гэр бүлдээ хэрэгжүүлэх ёстой тушаал нь Христ чуулганыг хайрлан Өөрийгөө өгөн золиослон хайрласны адил эхнэрээ хайрлаарай хэмээн тушааж байна. Христ чуулганыг хэрхэн хайрласан бэ? 25-р эшлэлийг үзвэл Өөрийгөө өгөн буюу амиа золиослон загалмайг үүрч хайрласан юм. Загалмай дээр цусаа урсган хайрласан билээ. Энэ нь ямар ч болзолгүй хайр бөгөөд Бурханы хайр буюу агапэ хайр юм. Ийм учраас библи дээр энэ мэт нөхөр нь эхнэрээ болзолгүйгээр золиослолын хайраар хайрла хэмээн тушааж байна. Энэ тушаал мэдээж биелүүлэхэд хэцүү юм. Түрүүний зүгээр нэг эхнэр нөхрийн эрос хайраар хайрлаарай гэсэн үг биш юм. Эрос нь өөрийн шунал хүслээр хайрлах хайр юм. Заавал би энэ эмэгтэйтэй сууна гэж зүтгэн хүслээ биелүүлэх тэр хайр бол эрос хайр юм. Энэ эрос хайраар яаж Бурханы хайр ба золиослол, загалмайг тайлбарлаж чадах билээ. Тийм учраас агапэ хайр нь би биш та, та нарыг гэсэн хайр бөгөөд миний хүсэл шунал, тачаал биш харин бусдыг баярлуулж, хайрлаж, үйлчилж тусалдаг, золиосолдог хайр юм. Би танд хайртай гэхээсээ илүү юугаар дутагдаж, юу хэрэгтэй байгааг харж дүүргэн өгч үйлчилж буй тэр хайр нь жинхэнэ хайр буюу агапэ хайр юм. Энэ дэлхий дээр ийм хайрыг зүйрлүүлэх жишээ байхгүй учир элч Паул Христ болон чуулганы хамаарлыг жишээ болгон аван тайлбарлаж байна.
Жинхэнэ нөхөр эхнэр болохын тулд, жинхэнэ гэр бүл болохын тулд нөхөр нь эхнэртээ бүхий л зүйлийг өгч чадах хэмжээний хайраар хайрлах бөгөөд ингэж хайрлуулж байгаагаа мэдэх эхнэр нөхөртөө захирагдахгүй байхын аргагүй бөгөөд дуулгавартайгаар эмээн хүндэтгэж чадах юм. Христ намайг хайрлахад би Христийг ямар ч асуудалгүйгээр хайрлаж дуулгавартай дагасан шиг бид ч гэсэн эхнэрээ энэ мэт хайрлах хэрэгтэй. Хааяа хайрламаар ч юм шиг үгүй ч юм шиг байдаг эрос хайр биш жинхэнэ хайр болох агапэ хайраар хайрлаж чадахыг хүсэн гуйж байна. Энэ цагт манай эрэгтэй хоньчид эхнэрээ болон залуу хоньчид ирээдүйн эхнэрээ энэ мэт Бурханы хайраар харж хайрлах итгэлийн шийдвэр гаргаасай хэмээн хүсэж байна.
Хайрын тухай тодорхойлолтыг 1 Коринт 13 бүлэг дээр ингэж хэлсэн байдаг. “Хайр бол тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсамнадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.” Христ чуулганыг энэ мэт хайраар хайрласан тул нөхрүүдээ та нар ч гэсэн энэ хайраар эхнэрүүдээ хайрлаарай хэмээн тушааж байна.
Бид нар эхнэрээ хайрлах тал дээр өдөр бүр Есүстэй хамт амьдруулж, зугаалуулах тал дээр идэвхтэй дэмжиж туслаасай хэмээн хүсэж байна. Өдөр бүрийн хоол идэх, сүнслэг цаг авах, библийн хичээл хийх, магтаал бэлдэх, сэтгэгдэл бичих, хоньтой библийн хичээл хийх, фишинг хийх, магтаал сонсох, үг хуваалцах, өглөг өгөх, бусдад үйлчлэх тал дээр байнга дэмжих хэрэгтэй юм. Эхнэрээ энэ мэт дэмжиж хайрлавал эхнэр таныг эргээд 100% хүндлэн хайрлаж захирагдах болно.
28-30-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой” гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Бидний мэддэг агапэ хайранд ямар нэгэн хязгаар байдаггүйтэй адил эхнэр, нөхрийн хооронд ямар нэгэн шугам байхгүй гэсэн үг юм. Миний биеийн нэг хэсэг бол эхнэр бөгөөд эхнэрийн биеийн нэг хэсэг би хэмээн хайрлаарай гэж захин хэлж байна. Би өөрөөсөө илүүгээр эхнэрээ хайрлаарай хэмээн тушааж байна. Миний хувьд Ханна хоньчинтой суугаад 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд би эхнэрээ өөрөөсөө илүү хайрлаж чадаагүй ч өөрөөсөө дутуу бол хайрлаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний гэм нүглийг уучилж надад утга учиртай шинэ амьдралыг өгсөн Бурхан надад хамгийн сайныг өгнө гэсэн итгэл байсан учраас итгэлийн шийдвэр гарган итгэлийн гэр бүл болсон. Би Ханна хоньчныг харах бүрдээ талархах бас хайрлах сэтгэл төрдөг. Амьдралын олон асуудал дээр миний шийдвэрийг хүндэтгэн намайг босгон байгуулдаг эхнэрийг харан би талархдаг. Хааяа надад эр хүний бардам омголон зангаар уурлаж бухимдах зандрангуй байх үеүд байдаг ч Бурханаар холбогдсон гэр бүл болохоор шийдэх аргыг бас Бурхан өгч намайг зэмлэж ухааруулж гэмшүүлдэг. Миний төлөө өдөр бүр залбирч намайг урамшуулж босгон байгуулдаг эхнэрийг би яаж хайрлахгүй байж чадах билээ. Нөхрүүд заримдаа дэндүү хүүхэд шиг зантай байдаг юм шиг санагддаг. Намайг хамгийн мундаг гээд л хэлчихэд ямар ч хэцүү ажил амархан мэт санагдаад урам аваад л явж өгдөг хүмүүс чинь эрэгтэйчүүд юм. Тийм учраас энэ завшааныг ашиглаад эмэгтэй хоньчиддоо нөхрөө сайн урамшуулж магтаж байгаарай гэж захимаар байна. Намайг босгон байгуулдаг эхнэрийг би олж авах биш би хайрласнаараа бас бий болгох юм байна гэдгийг сурлаа. Энэ цагт би болон та бүхэн эхнэрээ өдөр бүр агапэ хайраар хайрлан өөрийн бие адил хайрлаж чадахыг гуйж байна.
3. Нэг болох
Паул эцэст нь дүгнэлт болгон 31, 32-р эшлэлийг эш татан хэлж байна. 31, 32-г хамт үзье. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбаод болно. Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна.”
Ямар ч холбоогүй хоёр хүн нэг болно гэдэг нь хэцүү юм. Тийм биш гэж үү? Эхнэрээ та бүрэн ойлгодог уу? Нөхрөө та бүрэн ойлгодог уу? Харин Элч Паул нь Эхлэл 2:24-с эш татан Христ ба чуулган хэзээ ч салшгүй нэгдмэл нэг харилцаатай байдаг шиг нөхөр ба эхнэр хоёр ч гайхамшигтай нэгдлээр нэг бие болсныг чухалчлан хэлж байна. Нэг махбод болно гэсэн нь зүгээр нэг махбодын талаас биш санаа бодол болон сэтгэл сүнсээрээ ч нэгдмэл болно гэсэн утгатай юм. Энэ нь хүний оюун ухаанаар ойлгож чадахгүй зүйл бөгөөд үүнийг Паул энэ нууц нь агуу юм хэмээн хэлж байна. Яаж нэг болох вэ? Эмэгтэй хүний зан чанар эрэгтэй хүнийхээс тэс өөр. Амархан баярлаж амархан гуниглаж, чихээрээ сонсож баярлаж, нүдээр харж тайвширдаг хүмүүс бол эмэгтэйчүүд. Би Ханна хоньчныг хааяа ёстой гоё харагдаж байна гэхээр л инээд алдаад л байн байн утсаараа өөрийнхөө зургийг аваад л явж өгнө. Заримдаа чухал биш юмыг аймаар их асууна, ярина ядаргаатай санагдана. Харин би эхнэрээсээ магтаал урамшуулал авах гэж хичээнэ. Амархан уурлана. Энэ мэт бодит байдлыг харвал, яриад байвал нэг болно гэдэг нь бүтэхгүй зүйл юм. Хэзээ ч хүний зүтгэлээр болох зүйл биш юм. Гагцхүү харин Христ дотор байвал бид нэг болж чадах юм. Ямар ч болзолгүй Христийн хайраар агапэ хайраар бие биенээ хайрлах үед л нэг болж чадах юм.
Одоо 33-р эшлэлийг үзээрэй. “Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.” Өнөөдрийн зарлигаа дүгнэн дахин Паул хэлж байна. Эндээс эмээх гэдэг нь хайр ба хүндлэлийг зааж байгаа болно. Эндээс тушааж буй энэ тушаал нь бидний гэмийн төлөө загалмай дээр цовдлогдон нас барсан Есүсийн агуу золиослолын хайр болох агапэ хайр дээр үндэслэгдсэн юм. Энэ хайр дээр үндэслэгдсэн учраас бид дэлхийн гэр бүлүүдээс ялгаатай юм. Энэ хайраар эхнэрээ хайрлаж, энэ хайраар хайрлагдсан эхнэр нөхрөө хүндлэх нь 100% боломжтой зүйл юм.
Дүгнэлт: Христ ба чуулган гайхамшигтай нэгдэл болдог шиг нөхөр, эхнэрийн харилцаа ч Христэд үндэслэгдэн жинхэнэ Бурханы хайр болох агапэ хайраар дамжуулан махбод болон сүнсээр нэгдмэл болж чадах юм. Энэ цагт энэ хайраар өдөр бүр эхнэрээ хайрлаж, энэ хайраас үүдэн өдөр бүр нөхрөө хүндэтгэн хайрладаг гэр бүлүүд олноор төрөн гарахыг хүсэн гуйж байна. Ийм олон гэр бүлүүдээр дамжуулан Монгол улс маань хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы өв залгамжлагчийн үүргийг гүйцэтгэдэг улс болгон ерөөгдөөсэй хэмээн хүсэн залбирч байна. Амен.