БУРХАН ЕДЕН ЦЭЦЭРЛЭГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
(Аз жаргалын нууц)
Эхлэл 2:4-25
Гол эшлэл 2:16-17
1. Бурхан хүнийг бүтээхээс өмнө газар ямар байдалтай байсан бэ (5-6)? Бурхан хүнийг юугаар бүтээсэн ба хүн яаж амьд бодгаль болсон бэ (7б)? Эндээс хүний амийн уг үндэс болсон Эзэн Бурханы тухай хэлээрэй.
2. Эзэн Бурхан бүтээсэн хүнийхээ төлөө юу хийсэн бэ (8)? Еден цэцэрлэгт ямар моддыг ургуулсан бэ(9)? Мөн цэцэрлэгийн дунд ямар хоёр тусгай модыг ургуулсан бэ (9б)?
3. Еден цэцэрлэгээс эх авсан дөрвөн мөрөн хаагуур урсаж байна вэ (10-14)? Мөрнүүдийн ойр хавиар ямар байсан бэ? Еден цэцэрлэг нь аль талаар диваажин бэ?
4. Эзэн Бурхан Еден цэцэрлэгт хүнийг суулгахдаа ямар үүрэг өгсөн бэ (15)? Эзэн Бурханы хүнд өгсөн анхны үг тушаал нь юу вэ (16, 17)? Үүнээс харахад Эзэн Бурхан хүнд хэр их эрх чөлөөг өгсөн бэ (16)? Мөн сүнсний ямар эмх цэгцийг тогтоосон бэ (17)? Хүнд үг тушаал өгсөн Эзэн Бурханы таалал нь юу ба үүнд ямар хайр илэрхийлэгдэж байна вэ?
5. Эзэн Бурхан ганцаараа байгаа Адамын төлөө юу хийсэн бэ (18-19а)? Тэр үед Адам юу хийсэн бэ (19б-20)? Адамд туслагчийг өгсөн Эзэн Бурханы тухай бодоорой!
6. Бурхан эмэгтэй хүнийг юугаар бүтээсэн бэ (21-22)? Бурханы өгсөн эхнэрийг угтаж буй Адамын баяр баясгалан ба хайр нь ямар байна вэ (23)?
7. Библид гэрлэлтийн утга учрыг юу гэж өгүүлж байна вэ (24)? “Нийлэх” гэдэг үг нь ямар утгатай вэ? Эхнэр нөхөр хоёр яагаад салж болохгүй вэ? (Матай 19:5, 6) Хүний төлөө Еден цэцэрлэгийг байгуулж өгсөн Бурхан хэн бэ?
БУРХАН ЕДЕН ЦЭЦЭРЛЭГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
(Аз жаргалын нууц)
Эхлэл 2:4-25
Гол эшлэл 2:16-17
“Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв”
Бид өнгөрсөн хичээлээр хүнийг бүтээсэн Бурханы тухай суралцсан. Харин өнөөдрийн үг нь Бурхан өөрийн бүтээсэн хүндээ амь өгч, сүнстэй болгосон тухай юм. Өнөөдрийн үгаар дамжуулан Бурханы өгсөн энэ амийг яаж хэрэглэх ёстой вэ гэдгийг гүнзгий бодохыг гуйж байна. 8-р эшлэлийг үзвэл Бурхан хүнийг бүтээгээд аз жаргалын цэцэрлэг гэсэн утгатай Еденд суулгав. Аз жаргал! Энэ нь хүн бүхний хүсдэг зүйл билээ. Хүн яавал аз жаргалтай болох вэ? Өнөөдрийн үгаар дамжуулан энэ асуултын хариуг олохыг гуйж байна.
1. Хүнийг амьд сүнстэй болгосон Бурхан (4-7)
4-6-р зүйлүүд нь хүн бүтээгдэхээс өмнөх газар дэлхийн байдлыг зааж байна. Газарт хур бороо арай ороогүй бөгөөд тал газарт өвс модгүй, тариалангийн талбайд ногоо ургаагүй байв. Зөвхөн уур газраас дээш дэгдэж, бүх газрыг норгож байсан. Хорвоо дэлхий хүн бий болохыг л хүлээж байсан. Энэ үед Бурхан хүнийг бүтээв.
7-р эшлэлийг үзээрэй. “Тэгэхэд ЭЗЭН Бурхан хөрс шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгаль болжээ.” Юуны өмнө энэ зүйлээс хүнийг шороогоор бүтээснийг мэдэж болно. Шороогоор бүтээгдсэн хүн угаасаа сул дорой бөгөөд үхвэл дахиад шороо болдог.
Тэгвэл 7-р эшлэлийг дахиад үзээрэй. Бурхан шороогоор хүнийг урлаад, амин амьсгалыг хамарт нь үлээсэн. Тэгснээрээ хүнийг амьд бодгаль болгосон. Энэ нь хүний тухай дараах хоёр зүйлийг зааж өгч байна.
1-рт, Хүний амийн эзэн нь Бурхан гэдгийг зааж өгч байна.
Амь гэдэг үнэхээр гайхалтай. Хүнд амь байгаа учир улам өсөн үржиж, байлдан дагуулж, эзэмшин захирч чадна. Хэрвээ амь байхгүй бол юу ч хийж чадахгүйгээр барахгүй оршин байж ч чадахгүй.
Тэгвэл амь гэж юу вэ? Амь хаанаас ирж, хаашаа явдаг вэ? Шинжлэх ухааны олон салбарт эрдэмтэд амийн гайхамшгийн учрыг олох гэж оролдсон боловч чадаагүй. Бас амийн үндэс болох цусыг нэг дуслын төдий ч гарган авч чадаагүй ажээ.
Харин өнөөдрийн үгийг үзвэл Бурхан амийн амьсгалыг үлээснээр хүн амьд оршигч болов гэж байна. Тухайлбал, Бурхан бидэнд амийг өгсөн. Тиймээс амийн эзэн нь Бурхан юм. Бурхан бидэнд амийг өгсөн шигээ Өөрийнхөө хүслээр буцааж авдаг. Лук 12:16-21-р эшлэлийг үзвэл, нэг баян хүн хичээнгүйлэн ажиллаж үхэх хүртлээ идэх хангалттай хоол хүнсийг бэлтгэжээ. Тэр хүн “Амь бие минь! Чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац” гэжээ. Харин Бурхан түүнд “Мунхаг аа, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Бид нар бол амийн эзэн биш бөгөөд харин Бурханы өгсөн амийг түр зуур хариуцаж байгаа даамлууд юм. Бид амиа хариуцаж байх хугацаандаа амийг өгсөн Бурханы хүслийн дагуу нандинаар хэрэглэх учиртай бөгөөд хэрвээ Бурхан хүсвэл буцааж өгөх ёстой.
Амийг минийх гэж боддог хүмүүс өөрийнхөө амийн төлөө амьдардаг. Тиймээс амиа хамгаалахыг боддог. Харин түүнээс гардаг зүйл нь зөвхөн санаа зовуурь ба айдас юм.
Гэвч амийн эзэн нь Бурхан бөгөөд Бурхан биднээс амийг авах гэвэл хэн ч саад болж чадахгүй. Мөн Бурхан бидний хүн тус бүрд амийг хариуцуулсан учир хэн ч миний амийг надаас булаан авч чадахгүй. Бурхан бидний амийг хамгаалж, хэрэгтэй бүхнийг хангаж өгдөг.
2-рт, Хүн сүнстэй гэдгийг заан өгч байна.
Хүн шороогоор бүтээгдсэн учраас бие махбодтой байна. Харин Бурхан амийн амьсгалыг түүний хамарт үлээж өгснөөр хүн амьд бодгаль буюу сүнсийг агуулагч оршигч болсон юм.
Хүн бие махбодыг өмссөн болохоор нойр, хоол, биеийн тамир, соёл гэгээрэл, боловсрол хэрэгтэй. Гэхдээ зөвхөн амттай сайхан хоол идэж, их мөнгө олж, найз нартайгаа нийлж архи уун зугаацаж цэнгэснээр хүний сүнс ханадаггүй. Хүний сүнс нь зөвхөн Бурханыг орж ирэхэд л ханадаг. Бурханы үг нь хүний сүнсний хоол хүнс болдог. Бид энэ цагт хүн сүнстэй ба сүнс нь зөвхөн Бурханы үгээр ханадаг гэдгийг ойлгож, өдөр бүр махан биеийн төлөө хоол иддэг шигээ сүнснийхээ төлөө Бурханы үгийг өдөр бүр сайн сурч, түүгээр амьдрахыг гуйж байна.
2. Тушаал өгсөн Бурхан (8-17)
Бурхан хүнийг Өөрийн төрхийн дагуу бүтээхдээ бие махбод ба сүнсийг агуулагчаар бүтээсэн. Тэгээд Бурхан Өөрийн бүтээсэн хүнийг аз жаргалтай амьдруулахыг хүссэн. Үүний тулд Бурхан юу хийсэн бэ? 8-р эшлэлийг үзээрэй. “ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тариад, урласан хүнээ тэнд авчирч тавьжээ.” 8-17-р зүйлээс Бурхан хүнийг аз жаргалтай амьдруулахын тулд хийсэн хоёр зүйлийг олж харж болно.
1-рт, Тансаг сайхан Еден цэцэрлэгийг өгсөн.
Эхлээд 9-р эшлэлийг үзээрэй. ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Еденд амт шим сайтай, боловсорч гүйцсэн, үзэмжтэй сайхан жимс дүүрэн байсан. Еден нь ямар сайхан тансаг цэцэрлэг вэ? Түүгээр ч үл барам 10-14-р зүйлүүдийг үзвэл Еденээс дөрвөн гол эх аван урсаж байна.
Голын эргээр хайрга чулуу, элс биш, харин шижир алт, сувд, алмаз гэх мэт янз бүрийн үнэт эрдэнэсийн чулуу дүүрэн гялалзаж байсан. Еден цэцэрлэг нь ийм л тансаг сайхан, элбэг баян байсан. Тэнд амьдралын ширүүн өрсөлдөөн ч, хоолны төлөө санаа зовох асуудал ч байгаагүй. Ядуу зүдүү, дутуу дулимаг гэсэн үг ч байгаагүй. Еден нь үнэхээр ямар ч дутах зүйлгүй сайхан диваажин бөгөөд аз жаргалын цэцэрлэг байсан.
Хүн бүр ийм диваажинг мөрөөдсөөр ирсэн. Өнө эртнээс эдүгээ хүртэлх хүн төрөлхтний бүх хичээл зүтгэл нь энэ дэлхий дээр тийм диваажинг байгуулах гэсэн хүсэл байсан юм. Октябрийн социалист хувьсгал нь энэ дэлхий дээр бас л тийм диваажинг байгуулах гэсэн оролдлого байсан. Гэвч бүтэлгүй болсон. Америк, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудыг диваажин гэж боддог хүмүүс байдаг. Гэвч “Америкчууд яагаад ажилладаггүй вэ?” гэдэг номоос үзэхэд, Америк улс нь тансаг баян мэт харагддаг боловч үнэн хэрэг дээрээ ажилгүйчүүд, архаг тамхичид, хар тамхичдаар дүүрэн ажээ. Бас тэтгэвэр тэтгэмж авахын тулд гэрлээгүй боловч гэртээ хүүхэд төрүүлсэн эмэгтэй таван сая байдаг гэнэ. Тэд өвөг дээдсийнхээ ажилч хичээнгүй зан чанар ба байлдан дагуулагч генийг алдаж, ямар ч хүсэл эрмэлзэлгүй хүмүүс болцгоожээ. Хүн диваажинг алдаж дахиад энэ дэлхий дээр диваажинг байгуулж чадахгүй болжээ. Энэ бүхэн нь хүн Бурханд дуулгаваргүй хандаж, гэм хийсэн учраас юм. Гэвч Есүс биднийг гэмээс аварч, жинхэнэ диваажингийн хүсэл эрмэлзлийг өгсөн. Тэр нь Бурханы мөнхийн улс юм. Харин энэ улсад зөвхөн гэм нүглээ гэмшсэн, Есүст итгэдэг хүмүүс л орж чадна. Бурханы улс ямар тансаг сайхан, бас хайр ивээлтэй байна вэ? Еден цэцэрлэг бол Бурханы мөнхийн улсын загвар юм. Бид бүгдээрээ Бурханы улсыг эрмэлздэг хүмүүс болохыг гуйж байна.
2-рт, Бурхан хүнд эрх чөлөө ба эмх цэгцийг өгсөн.
2:16-17-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.” Энэ үгаас Бурхан хүнд эрх чөлөө өгснийг мэдэж болно. Бурхан хүнд аливаа модны жимсийг дураараа ид гэж хэлсэн. Бурхан зөвхөн идэх зүйлээр ч барахгүй түүнд хязгааргүй эрх чөлөөг ч өгсөн. Амьтанд зөн совин байдаг боловч эрх чөлөө гэж байдаггүй. Харин хүнд эрх чөлөө байгаа учраас хүмүүс бие биеэсээ ялгагдах мөн чанарыг агуулдаг. Хэрэв Бурхан хүнийг бусад бүтээлүүдээс өөрөөр бүтээгээгүй бол, эрх чөлөө өгөөгүй бол амьтны хүрээлэнгийн сармагчнаас ялгаагүй болох байсан байж ч магадгүй. Эрх чөлөө бол Бурханы хүнд өгсөн нандин зүйл юм. Бурханы өгсөн энэ эрх чөлөөг хүнээс булаах нь гэм юм. Эрх чөлөө нь хүнд байгаа хамгийн онцгой эрх бөгөөд эрхэм чанарыг гэрэлтүүлдэг титэм юм.
16-17-р эшлэлийг дахиад үзээрэй. Бурхан хүнд хязгааргүй эрх чөлөөг өгсөн боловч сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэхийг хориглож “Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ” гэсэн.
Энэ нь Бурхан хүнээс эмх цэгц ба дуулгаврыг шаардсан тушаал юм. Юунд ч захирагдахгүй өөрийн дураар амьдарвал жинхэнэ эрх чөлөөтэй байна гэж боддог хүмүүс байдаг. Гэвч огт тийм биш юм. Хүний эрх чөлөөг заавал хариуцлага дагадаг. Юу хийх вэ гэдэг нь хүний эрх чөлөө мөн. Харин хүн өөрийн үйлдсэн үйлийг заавал хариуцах хэрэгтэй. Боолд эрх чөлөө гэж байдаггүй. Тийм учраас түүнд сонголт ч, хариуцлага ч байхгүй. Зүгээр л эзнийхээ тушаалыг дагавал болно. Харин эзэнд нь эрх чөлөө байгаа. Тийм учраас тэр хийсэн үйлдлээ хариуцах ёстой. Тиймээс хийж болох, хийж болохгүй ажлыг ялган сонгох хэрэгтэй. Энэ нь тийм амархан биш. Тиймээс ч Шартр “Хүн эрх чөлөөнд залхаагдсан” гэж хэлсэн.
Хүн Бурханы үгийг дагахгүй, замбараагүй амьдарвал амархан гэмийн боол болж үхэхээс өөр аргагүй болно. Бурханы бүтээсэн хүн тансаг Еден цэцэрлэгт сууж өөрийн дураар юу ч хийлгүй зүгээр л идэж уун, өдөржин шөнөжин унтаж амьдарвал түүний амьдрал ямар ч утга учиргүй болно. Бурханы бүтээсэн Адам тансаг баян Еденд суугаад Бурханыг мартаж, амьтнаас ялгаагүй амьдарч болох байсан.
Гэвч хүн Бурханы төрхийн дагуу бүтээгдсэн билээ. Иймээс хүн Бурханыг мартаж, Түүнтэй харилцаагүй болбол Бурханы төрхийг алдах болно. Хүн бас сүнстэй билээ. Хэрэв хүн Бурхантай харилцаагүй болбол сүнсний хангалуун байдал огт үгүй болно. Бурхан хүнд тушааж, дуулгавартай байдлыг шаардсанаар хүнтэй үргэлж харилцаатай байж, түүний Их Эзэн нь болох гэсэн. Адам сайн мууг мэдүүлэгч модыг хараад тушаал өгсөн Бурханыг бодож, Бурхантай ярьж, Бурханы хүслээр амьдаръя гэж шийддэг байжээ.
Бурханы үг нь хүнд эрх чөлөө ба амийг өгдөг. Завхай амьдралаас гарч чадахгүй байсан Августин Ром 3:12-14-р зүйлээр дамжуулан эрх чөлөөг олжээ. Бид Бурханы үгийг сэтгэлдээ тавьснаар эрх чөлөө ба аз жаргалыг эдлэхийг гуйж байна. Бид энэ үгаар дамжуулан хүн яаж аз жаргалтай болох вэ гэдгийг суралцлаа. Бид Бурханы үгийг дагаснаараа Бурхантай хайр ба дуулгаврын харилцаатай болохыг гуйж байна. Амен