Анхан шатны 2-р хичээлийн асуулт; номлол

ХҮНИЙГ БҮТЭЭСЭН БУРХАН
(Хүний оршин байхын утга учир ба зорилго)
Эхлэл 1:26-2:3
Гол эшлэл 1:31
1. Бурхан хүнийг бүтээхэд ямар төлөвлөгөөтэй бүтээсэн бэ (26)? Хүн Хэний төрхийн дагуу бүтээгдсэн бэ (27)? Хүн “Бурханы төрхийн дагуу” бүтээгдсэн гэдэг нь ямар утгатай вэ (Леви 11:44, 1 Иохан 4:16, Дуулал 8:5, 139:14, Ефес 4:15, 24)?
2. Бурхан хүнд ямар үүрэг хариуцлагыг өгч ерөөсөн бэ (26б, 28)? Энэ тушаалд илэрсэн хүний аз жаргалтай амьдрах замын тухай ярина уу (Ефес 2:10)? Мөн Бурхан хүн ба амьтдын хоолны асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ (29, 30)?
3. Бурхан хамгийн сүүлд хүнийг бүтээсний дараа ямар сэтгэгдлийг илэрхийлсэн бэ (31)? Үүнээс харахад хүн Бүтээгч Бурханы өмнө ямар оршин байгч бөгөөд амьдралын зорилго ба чиглэл ямар байх хэрэгтэй вэ (Исаиа 43:7, Зефаниа 3:17)?
4. Бүх юмсыг бүтээх ажлыг гүйцэтгэсний дараа Бурхан юу хийсэн бэ (2:1-3)? Амралтын өдөр нь ямар өдөр вэ (Гэтлэл 20:8-11, Исаиа 58:13-14)?
ХҮНИЙГ БҮТЭЭСЭН БУРХАН
(Хүний оршин байхын утга учир ба зорилго)
Эхлэл 1:26-2:3
Гол эшлэл 1:31
“Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.”
Бурханы бүтээсэн ертөнц бүгд гайхамшигтай боловч ялангуяа хүн, түүний дундаас хүний гарыг харвал үнэхээр гайхалтай байдаг. Хүн амьтдаас ялгаатай нь яг энэ гар хөгжсөн учраас гайхамшигтай соёл иргэншлийг хөгжүүлэн цэцэглүүлсэн гэж үздэг хүмүүс олон байдаг. Нэг өдөр энэ гарын хуруунууд цуглаад өөрөө өөрсдийгөө хамгийн мундаг гэж онгирсон гэнэ. Хамгийн түрүүнд эрхий хуруу би эхний хуруу учраас хамгийн мундаг гэв. Гэтэл долоовор хуруу ямар нэгэн юмыг заахад би ажилладаг. Тийм учраас би хамгийн мундаг гэв. Тэгэхэд дунд хуруу бидний дундаас хэн хамгийн том билээ дээ гэв. Үүний дараа ядам хуруу хөөе сүй тавьж хурим хийх үед бөгж хаана зүүдэг билээ. Эрхий хуруунд хуримын бөгжөө зүүдэг хүн харсан уу? Тиймээс би хамгийн мундаг гэв. Хамгийн сүүлд чигчий хуруу юу гэж хэлсэн болоо? Та нар надгүйгээр бол тахир дутуу болно шүү гэсэн гэнэ. Тэдний хэлсэнчлэн таван хурууны аль нь ч хэрэггүй биш юм. Бүгд нандин чухал юм. Тэднээс нэг нь л байхгүй бол гар маань маш үзэмж муутай төвөгтэй асуудал их гарах болно. Үүнчлэн Бурхан ч гэсэн хүн тус бүрийг эрхэм нандин, гоо үзэсгэлэнтэй, хайрламаар сор бүтээлээр бүтээсэн. Гэвч бодит амьдрал дээр олон хүн би юунд ч хэрэггүй, би гологдмол, би яагаад ийм царай муутай юм бол оо гэх мэтчилэн шаналан амьдардаг. Алдартай итгэгч Мүүди нь “Бидний амьдралд биднийг хамгийн их зовоодог хүн нь өрөөл бус харин би өөрөө юм” гэж хэлсэн. Бид бүгд Бүтээгч Бурханы хамгийн сайн чанартай гайхамшигтай бүтээл боловч өөрийн үнэ цэнийг ухаараагүйгээс болж өөрийгөө болон өөрийн амьдралыг голж хараан, муу хувь заяатай гэж бодон амьдардаг хүмүүс олон байдаг. Өнөөдрийн  үгаар дамжуулан Би Бурханы өмнө хэн бэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ? гэдгийг тунгаан бодож, өөрийн үнэ цэнэ ба амьдралын жинхэнэ утга учир ба зорилгоо олж чадахыг хүсэн гуйж байна.
1-рт, Хүн Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн.
26-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд Бурхан – Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав.” Эндээс дүр төрх гэдэг нь гаднах төрх бус доторх мөн чанарыг зааж байна. Тухайлбал Бурхан Өөрийнхөө мөн чанарын дагуу хүнийг бүтээсэн. Нэг талаас үзвэл хүн амьтантай төстэй байдаг. Ялангуяа сармагчны гар ба хөлийн хуруу хүнтэй дэндүү төстэй учраас гайхмаар. Гэвч сармагчинд Бурханы дүр төрх, Бурханы мөн чанар нь байдаггүй. Хүнд амьтдын зөн совингоос шал өөр Бурханлаг чанар байдаг. Тэгвэл бидний дотор сийлэгдсэн Бурханы мөн чанар нь яг юу юу вэ?
Юуны өмнө хүн Бурханы ариун дүр төрхийн дагуу бүтээгдсэн. Тиймээс ариунаар амьдрах гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Леви 11:44-с үзвэл “Би ариун тул өөрсдийгөө ариусгаж ариун байгтун” гэж Бурхан хэлсэн. Гудамжны нохойнууд хүмүүс холхин явж байгаа гудамжинд шээж баасан ч огтхон ч ичдэггүй. Харин хүн хамгийн ариун амьдрахаар бүтээгдсэн учраас ёс суртахууны чанартай байдаг. Тиймээс энэ чанараа зөрчихөд өөрөөсөө ичих сэтгэлтэй болж шаналж мөн гунигладаг. Гэмээ ухамсарлаж, санаа зовон дахин тэгэхгүй гэж боддог.
Мөн хүн Бурханы хайрын мөн чанартай бүтээгдсэн. Тиймээс бусдыг хайрлан нандигнан амьдардаг. 1Иохан 4:46-д “Бурхан бол хайр” гэсэн. Бурханы хайрын мөн чанартай бүтээгдсэн учраас хүн бусдыг хайрламаар, хайрыг хуваалцан амьдрах сайхан сэтгэлтэй байдаг. Нэгэн дайны талбарт болсон үйл явдал. Нэгэн цэрэг маш хүндээр гэмтэж ам нь маш их цангажээ. Тэгэхэд хажууд нь байсан цэрэг өөрийн усны саванд үлдсэн жаахан усыг өгөв. Усыг уух гэтэл адилхан ам нь цангаж буй бусдыг хараад санаа зовон ууж чадалгүй нөгөө усны саваа хажууд буй цэрэгтээ өгчээ. Тэгэхэд тэр нь ус ууж буй дүр исгэн дуу чимээ гаргасны дараа өөр цэрэгт саваа өгөв. Нөгөө цэрэг ч мөн адил тэгж өөр нэг рүүгээ өгөв. Ингээд усны сав буцаад тойрон ирсэн ч ус нь хэвээрээ байсан гэнэ. Үүгээр цэргүүд бие биеийнхээ хайраас болж аюултай мөчийг сайн даван туулж чадсан гэнэ. Энэ нь хайрын хүч билээ. Бидний эргэн тойронд бусдын төлөө өөрийгөө золиослон үйлчилдэг хүмүүсийн тухай мэдээлэл сонсогддог. Энэ нь бидний дотор Бурханы хайрын чанар сийлэгдсэн учраас юм.
Мөн хүнд шинэ зүйлийг бүтээх оюун ухаантай бүтээгдсэн. Тиймээс үргэлж шинэ зүйлийг бүтээж байдаг. Зөгийнүүд өөрсдийнхөө гэрийг барих үйл явц маш гайхамшигтай байдаг. Тэд шугам татаад хэмжчихсэн юм шиг 6 өнцөгт хэлбэртэй гэрийг барьдаг. Тоншуул хошуугаараа модыг тоншин маш нарийн нямбай модон дотор гэр барьж байгаа нь гайхамшигтай байдаг. Гэвч шавж болон амьтдын гэр нь 3000 жил өнгөрөхөд нэг ч удаа хэлбэр дүрс, төрх байдал нь өөрчлөгдөөгүй. Харин хүмүүсийн гэр нь хувирч өөрчлөгддөг. Улам бат бэх, илүү өндөр, илүү тав тухтай болон хөгжсөөр байна. Компьютер ба гар утсыг ч мөн хараарай. Саяхан 10 жилийн өмнө гэхэд одоогийнх шиг ийм гар утас, компьютертой болно гэж төсөөлөө ч үгүй байсан. Орчин үеийн электрон, харилцаа холбооны хэрэгслүүд нь маш хурдацтай хөгжиж байна. Билл Гейтс “Санаа бодлын хурд” гэдэг номдоо ийнхүү хэлсэн. Хүн бусад амьтдаас том биетэй биш, илүү хурдан хүчтэй ч биш, хараа болон үнэртэх мэдрэмж ч тэднээс дорой байдаг. Гэсэн ч байгаль ертөнцөд зэрлэг амьтдын дундаас амьд гарч чадаж байгаа нь гарамгай оюун ухаан байгаа учраас юм. Хүн ийм оюун ухаанаар дамжуулан багаж хэрэгслүүд ба техник технологийг хөгжүүлэн үүгээр орчныг өөрчилж байна. Магадгүй дараагийн 10 жилийн өөрчлөлт нь өнгөрсөн 50 жилийн өөрчлөлтөөс ч их байх болно. Ингэж хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийг гайхалтай хөгжүүлж байгаа нь хүн Бурханы бүтээгч мөн чанарыг агуулсан оюун ухаантай бүтээгдсэн учраас юм.
Ингэж бид бүхэн Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас бүх бүтээлүүдийн дундаас хамгийн нандин, эрхэм чанартай, ариун бөгөөд бүх бүтээлийн дээж охь болж чадсан. Давидын хэлсэнчлэн хүн бол алдар ба хүндэтгэлийн титэм өмсгөгдөж (8:5), аймшигтай бөгөөд гайхамшигтай оршин байгч болсон (Дуулал 139:14) Гэвч өнөө үеийн хүний дүр төрх нь юу болсон бэ? Ариун дүр төрхөөр амьдарч байна уу? Өөрийгөө золиослон бусдыг хайрладаг уу? Бүтээгчийн оюун ухаанаар сайхан зүйлсийг бүтээн амьдарч байна уу? Хүн оюун ухаанаараа бусдыг луйвардан зовоодог. Дайны зэвсгүүдийг улам аймшигтай хүчтэйгээр бүтээж гэмгүй хүмүүсийг хөнөөсөөр байна. Компьютерын садар самууны сайтууд бүтээн тоолшгүй олон залуучуудыг өвчлүүлж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс улам сүнслэг чанар, ёс суртахуунаа алдаж амьтнаас өөрцгүй амьдрах болсон. Заримдаа амьтдаас долоон дор болчихсон байдаг.(Эхлэл 6:3) Амьтад гомо сексийг үйлддэггүй. Харин хүмүүс амьтад ч үйлддэггүй бузар мууг үйлдэж байна. Амьтад нь өөрийн зулзагыг амиа золиослон хайрлан хамгаалж байхад орчин үед хүмүүс өөрөөсөө төрсөн хүүхдүүдээ зодон тарчлааж, гудамжинд хаях тохиолдол ч байна. Хүн яаж ийм болтлоо доройтон ялзарсан бэ? Тэр нь гэмээс болж Бурханы нандин чанар ба дүр төрхийг алдсан учраас юм.
Тэгвэл бид яавал алдсан Бурханы дүр төрхийг сэргээж чадах вэ? Үүний төлөө бидний гэмийн өмнөөс загалмайд цовдлогдсон Есүсийн цусаар ариусгагдах хэрэгтэй. Тэгэхэд Есүсийн цус биднийг анх Бурханы бүтээсэн шинэ бүтээл болгон шинэчилж өгдөг. (2 Коринт 5:17) Ефес 4:22-24-р эшлэлийг үзвэл “Амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхт тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санаагаараа шинэчлэгдэн, жинхэнэ зөвт байдал ба ариун чанар дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.” гэв. Олон хүмүүс өөрийгөө хараад би засаршгүй хог шиг найдваргүй хүн гэж боддог. Харин тийм биш юм. Манай Эзэн Есүс хэчнээн эвдэрч доройтсон хүмүүсийг ч гэсэн цоо шинээр өөрчлөн, шинэ хүн болгон бүтээж чадах хүч чадалтай.
2-рт, Бурхан хүнийг шинэ газрыг байлдан дагуулж захирдаг үүрэгт оршин байгчаар бүтээсэн.
28-р эшлэлийг үзээрэй. “Бурхан тэднийг ерөөж, тэдэнд – Үржиж олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.” Эндээс “Үржиж олширцгоог” гэсэн үг нь Бурханы дүр төрхийг дуурайсан хүнийг олон төрүүлээрэй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бурханыг алдаршуулан, баярлуулдаг хүнийг олон төрүүлээрэй гэсэн үг. Бид махбод ба сүнсээр Бурханы дүр төрхийг дуурайсан хүүхдийг олноор төрүүлэх хэрэгтэй. Махан биеийн хүүхэд ч гэсэн Бурханы тааллаар өсгөх боломж л байвал олон байх тусмаа сайн. Мөн сайнмэдээг дэлгэрүүлснээр Бурханы баярладаг сүнсний хүүхдүүдийг олон төрүүлэх хэрэгтэй. Бид олон сүнсний хүүхдүүдтэй болоход Бурхан алдаршиж бид ч гэсэн баяр хөөртэй ерөөлийн үндсээр амьдарч чадна. (Иохан 15:8, 11)
“Газрыг эзэмш” гэдэг үг нь Эхлэл 1:1-д бүтээжээ гэсэн утгатай адил юм. Тухайлбал газрыг эзэмш гэдэг нь энэ газар дээр амьдрахад залхууран назгайраад хүчгүй амьдралгүй ямар нэгэн шинэ зүйлийг бүтээн, соёл иргэншлийг хөгжүүлэн амьдраарай гэсэн үг юм. Үүнийг соёл иргэншлийн тушаал гэдэг бөгөөд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, эрдэм боловсрол, урлагийн бүх талбар дээр үргэлж шинэ зүйлийг бүтээн хөгжүүлээрэй гэсэн утгатай үг юм. Ялангуяа улс төрийн талбарт шинэчлэл маш их хэрэгтэй. Авлига, танил талыг харж хүмүүсийг ажилд авдаг байдлыг больж үнэхээр үнэнч шударга, Бурханаас эмээдэг, ард түмнийг хайрладаг, хүмүүсийн төлөө өөрсдийгөө зориулж чадах жинхэнэ удирдагчдыг босгох хэрэгтэй. Мөн садар самуун, ялзарсан соёл иргэншлийг шинэчлэн цэвэр, зөв, сүнслэг соёл иргэншлийг бүтээх хэрэгтэй. Манай нийгмийн гэмийн соёл иргэншлийн байдал маш ноцтой байдаг. Үүнийг шинэчлэн шинэ соёл иргэншлийг бүтээхгүй бол аяндаа энэ нийгэм ялзран сүйрэх болно. Библийн хичээлийн хөдөлгөөнөөр дамжуулан их дээд сургуулиудын завхайрал, архидалт, худал хуурмагийн соёл иргэншлийг шинэчилж Библид үндэслэсэн шинэ соёл иргэншлийг бүтээх хэрэгтэй. Ялзрал, доройтол, шударга бусаар дүүрэн нийгмийг шинэчлэн Библид үндэслэсэн ажлын газар ба гэр бүлийн соёл иргэншлийг бүтээх хэрэгтэй. Залуу насандаа Бурханы өгсөн нандин үүргийг ухамсарлан үүний төлөө хичээнгүйлэн амьдрахад бид үнэхээр үнэ цэнэ, утга учиртай агуу амьдралаар амьдарч чадна.
Хүн энэхүү үүргийг биелүүлэгч оршин байгчаар бүтээгдсэн. Бурханы өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэн идэвхтэй амьдрахад түүний амьдрал амьтай, үргэлж хөгжин, үр жимстэй амьдарч чадна. Харин Бурханы өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэн амьдрахгүй бол залхууран сэтгэл сүнсээр өвчлөх болно. Өөрийгөө алдахгүйн төлөө аминч, давчуу амьдрах болно. Бурханы хүн бүхэнд өгсөн үүрэг нь сурч ажиллаад мөнгө олж хоол идээд амьдарч байгаад үхэхээс аргагүй бидний амьдралыг хамгийн үнэ цэнтэй, нандин болгодог ерөөл юм. Бурханы өгсөн үүрэг нь мөн гэмээс болж үхэж буй сүнснүүдэд сайнмэдээг дамжуулснаар тэднийг амилуулан Бурханы Хүү Есүсийн дагалдагчаар өсгөх юм. (Үйлс 1:8, Матай 28:18, 19)
29-30-р эшлэл нь бид хичээнгүйлэн үүргээ биелүүлэн амьдрахад Бурхан идэх хоол хүнсний асуудлыг Өөрөө шийдэж өгнө гэдгийг заан өгч байна. Ер нь хүмүүс идэх асуудал шийдэгдсэний дараа үүргээ биелүүлж чадах биш үү гэж боддог. Харин Бурхан эхлээд үүрэг өгч түүний дараа хоол хүнсний асуудлыг шийдэж өгсөн. Энэ нь эхлээд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд Бурхан Өөрөө бодит амьдралын асуудлыг ч шийдэж өгнө гэсэн амьдралын зарчмыг заан өгч байна. Есүс ч гэсэн Матай 6:33-т ийнхүү хэлсэн. “Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл тэдгээрийг бүгдийг нь та нарт нэмж өгөх болно.”
3-рт, Бурхан хүнийг нэн сайхан бүтээлээр бүтээсэн.
31-р эшлэлийг үзээрэй. “Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод өглөө болсон нь зургаа дахь өдөр.” Бурхан ертөнцийн юмсыг бүтээх болгондоо ‹‹сайхан байжээ›› гэж хэлдэг байв. Харин зургаа дахь өдөр хүнийг бүтээсний дараа ‹‹нэн сайхан›› байжээ гэв. Энэ нь Бурханы бүтээлүүдийн дундаас хүн нь хамгийн сор бүтээл гэсэн утгатай. Айл гэрт хэчнээн гоё сайхан юмс дүүрэн байсан ч аав ээж нь өөрсдийг нь дуурайсан хүүхдүүдээ харахаас илүү баяр хөөр байдаггүй. Үүн шиг Бурханы хувьд энэ дэлхийд тоолшгүй олон гайхамшигтай сайхан бүтээлүүд байдаг ч тэдгээр нь Бурханы дүр төрхийг дуурайсан надаас ирэх баяр хөөрийг гүйцэхгүй. Бурхан надаас болж баяр хөөрөө дийлэлгүй намайг чимээгүй хайрлан, надаас болж баярлан хөөрч дуулдаг. (Зефаниа 3:17) Бурхан ийнхүү ганц хүн намайг хайрлан баярлаж нандинд тооцдог учраас цорын ганц Хүүгээ хүртэл загалмайд золиосолсон. Үүгээрээ Бурхан надад хандсан Өөрийн хайраа баталсан. Намайг бүтээж, нэн сайхан гэж баярласан Бурханыг хүлээн зөвшөөрөхөд өөрийгөө гололгүй, мөн бусадтай харьцуулалгүй, өөрийн үнэ цэнийг ухааран, Бурханы өмнө зоригтой амьдарч чадна.
Нэгэн жишээг дурдвал, энэ нь 1963 онд болсон үйл явдал бөгөөд нэгэн эмэгтэй жирэмсэн 9 сартай байхад нь ус нь гарч эмнэлэгт хүргэгдэв. Гэтэл хүүхдийг хүчээр гаргах гэсэн эмчийн алдаанаас болж хүүхдийнх нь тархи гэмтэж хүүхэд нь насаараа мэдрэлийн саажилттай болсон. Тэр хүүхэд 17 нас хүртлээ ядуу тарчиг амьдрал ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн муу хувь заяанаас болж олон удаа амиа хорлохыг завджээ. Харин нэгэн цуглааны Библийн багшийн тусламжтайгаар Бүтээгч Бурхантай уулзсаны дараа түүний амьдрал орвонгоороо эргэсэн. Тэрээр Бурхан өөрийг нь бүтээж нэн сайхан гэж хэлсэн үгийг сонссон тэр мөчөөс түүний амнаас гуниг цөхрөл, гомдлын оронд талархал, магтаалын дуу урсаж эхэлсэн. Тэр эмэгтэй олон магтан дуу зохион дуулж, олон хүмүүст сайхан гэрчлэл хуваалцдаг хүн болсон. Энэ хүн бол Сун Мён Хи гэдэг яруу найрагч юм. Тэрээр одоо ч гэсэн хүзүүний ясны өвчнөөсөө болж маш их зовлон амсан амьдарч байгаа ч гэсэн Эзэний хайранд хүлэгдэн магтан дууг бичсээр байгаа. Түүний саяхан бичсэн дуун дээр ингэж дуулж байна. “Ганцхан би байсан ч миний төлөө орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан. Ганцхан би гэмд унасан ч миний төлөө загалмайд цовдлогдох байсан Бурхан. Ганцхан би байсан ч миний төлөө тэнгэрийн хаанчлалыг бэлдэх Бурхан. Би Эзэнийг магтъя, Би Эзэнийг хайрлая, Мөнхийн мөнхөд”. Ингэж намайг бүтээж маш их баярласан Бүтээгч Бурхантай уулзахад амьдралын жинхэнэ баяр хөөрийг амсаж, утга учиртай амьдарч чадна. Амьдралын хэцүү бэрхшээлтэй тулгарсан ч идэвхтэй даван туулж, Түүний өмнө баяр хөөртэй амьдарч чадна. Яагаад гэвэл намайг нэн сайхан гэж тунхаглан намайг хайрласан Бурхан надтай үүрд мөнх хамт байдаг учраас юм. Энэ цагт Бурханы өмнө өөрийн оршин байхын утга учир ба үнэ цэнийг олсноор жинхэнэ үнэ цэнтэй, утга учиртай амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Бурхан хүнийг бүтээгээд маш их баярласан нь хүн Бурханы алдрын төлөө бүтээгдсэн гэдгийг харуулж байна. Исаиа 43:7-д “Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчраг. Алдрынхаа төлөө Би түүнийг бүтээсэн. Би түүний бий болгож, хэлбэржүүлсэн гэнэ.” Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн үндсэн зорилго нь Өөрийн хүч чадал, бурханлаг чанар ба алдрыг илэрхийлэхийн тулд байв. Тиймээс хүний оршин байхын эхний зорилго нь Бурханыг алдаршуулан баярлуулахад байдаг. Бид эхлээд өөрийнхөө төлөө амьдрахад аз жаргалтай амьдарч чадна гэж боддог. Гэвч хүний оршин байх эхний зорилго ба амьдралын эмх цэгцийг алдахад өөрийн болон гэр бүлийн төлөө хэчнээн их мөнгө олж, нийгэмд өндөр байр суурь эзэлж, нэр төртэй болсон ч жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадахгүй болно. Бид Бурханы тогтоосон амьдралын эмх цэгцийг алдалгүй амьдралын үндсэн зорилгыг дуулгавартай дагаснаар эхлээд Бурханы алдрын төлөө амьдардаг жинхэнэ аз жаргалтай хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
4-рт, Бурхан хүнийг амралтыг сахих хэрэгтэй оршин байгчаар бүтээсэн.
2:1-3-р эшлэлийг үзвэл Бурхан зургаан өдрийн турш тэнгэр газрын бүх юмс ба хүнийг бүтээсний дараа долоо дахь өдөр болоход амарсан гэдгийг хэлж байна. Тэгээд энэ өдрийг ерөөж ариун болгосон. (Гэтлэл 20:8-11) Бурхан ингэсэн нь бүтээлийн ажлаар ядарсандаа бус зургаан өдрийн бүтээлийн ажлыг тусгаарлан тэмдэглэхийн тулд байв. Бурханы хувьд энэ өдөр нь алдар ба баяр хөөртэй өдөр бөгөөд бүх бүтээлүүдийн хувьд талархал магтаал ба нөхөрлөлийн өдөр юм. Энэ өдрөөр дамжуулан Бурхан бүтээлүүдэд хандсан хайраа дахин батлан харуулж, бүтээлүүд нь Бүтээгч Бурханы эрх мэдлийг дахин санаж, Түүнд алдрыг өргөх юм. Зөвхөн махан биеэр амрах өдөр бус Бурханы надад үзүүлсэн хайр ивээлүүдийг санан бодож, өөрийгөө ариусган сүнсээр амралтыг авах өдөр юм. Ингэж Бурхан амралтын өдрийг бусад өдрөөс тусгаарлан, онцгойлон ариун Бурханы өдөр гэж тогтоосон. Тиймээс бид зургаан өдрийн турш хичээнгүйлэн загалмайг үүрэн ажлаа биелүүлсний дараа хийж байгаа бүхнээ зогсоон амралтын өдрийг Бурхан дотор зөв сахих хэрэгтэй. (Исаиа 58:13,14) Хуучин гэрээний амралтын өдөр нь Христийн амилалтын өдрийн сүүдэр учраас элч нарын үеэс амилалтыг тэмдэглэхийн төлөө бүтэн сайн өдрийг амралтын өдрөөр тогтоосон. Ариун сэтгэлээр Бүтээгч Бурханы өмнө очин, гэмшил магтаал, үг залбирлаар Түүнд мөргөж мөн итгэгч нартай ариун нөхөрлөл үүсгэн сайныг үйлдсэнээр Бурханыг баярлуулах хэрэгтэй. Тэгэхэд сэтгэл сүнсээр жинхэнэ амралтыг эдэлж чадна. Хүн амралтын өдрийг санан ариунаар сахихад эмх цэгцтэй ялалтын амьдралаар амьдарч чадна.
Дүгнэлт: Бид бүхэн Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн хамгийн сайхан бүтээл, үүрэгтэй, сүнслэг оршин байгч гэдгийг сурлаа. Бурхан дотор ийм бидний жинхэнэ төрхийг олж, Бурханы өгсөн үүргийг биелүүлэн амьдарснаар утга учиртай ерөөлтэй үр жимстэй хүмүүс болохыг гуйж байна. Амен.
өмнөх нийтлэлАнхан шатны 1-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэлАнхан шатны 3-р хичээлийн асуулт; номлол