2019 оны Галат 2-р номлол (09.23) Б. Баярмагнай

Бурханы дуудлага

Галат 1:11-24
Гол эшлэл: 1:15-16

“Харин эхийн хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж, Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм.”

Галат номыг 1-р бүлэг христитгэгчдийн хувьд хоёр чухал асуудлыг хөндөж байгааг бид харж болно.
1. Сайнмэдээ гэж юу вэ гэдгийг бидэнд өнгөрсөн долоо хоногт сурсан. Сайнмэдээ бол хэн нэгнээс үл хамаарах бөгөөд гагцхүү итгэсэн хүн Мөнхийн улсад орох гайхамшигтай мэдээ юм.
2. Бурханы дуудлага буюу аврал авсан бид цаашид яаж амьдрах талаар зааж байгаа. Амьдралын зорилго, амьд байгаагийн утга учир юу вэ гэж хүмүүс асуудаг. Мэдээж олон зүйлийг хүмүүс хэлэх байх. Гэвч аврагдсан хүмүүсийн хувьд хамгийн том зорилго бол бусдын авралын төлөө явах юм.

1-рт, сайнмэдээ бол хүний тунхагласан зүйл биш юм. Сайнмэдээ бол хэн нэгний зохиосон зохиол биш. Хэн нэгэн үүнийг амьдрал ба туршлагаараа олж мэдээгүй. Энэ бол философи юм уу мэргэн ухаан биш. Энэ бол хүний санаанаас гарч ирээгүй. Энэ бол сонгодог зохиол ч биш. Харин Бурханаар төлөвлөгдсөн, зөгнөгдсөн, эш үзүүлэгдсэн сайнмэдээ. Энэ бол хүн төрөлхтнийг хайрласан Бурханы хайрыг харуулсан гайхамшигтай мэдээ.
Хүн өөрт тулгарсан бүхий л асуудлуудыг үеийн үед шийдсээр ирсэн, шийдсээр ч байх болно. Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учир тэр дүр төрхүүд болох оюун ухааныг ашиглан бүх асуудлыг шийдэж ирсэн. Гэхдээ хэн ч шийдэж үл чадах нэг асуудал үлдсэн. Тэр бол гэм нүглийн асуудал юм. Харин сайнмэдээ бол гэм ба үхлийн асуудлыг шийдсэн гэдгээрээ хамгийн сайхан бөгөөд гайхамшигтай мэдээ.
Тиймээс хүнээр биш, хүмүүсээр ч биш харин Бурханаар л сайнмэдээний тухай заалгасан гэж Паул хэлж байна.
Паул хэн нэгнээр заалгаагүй. Харин бидний хувьд яасан бэ? Та Бурханаас шууд илчлэлт авсан уу? Паултай Есүс шууд учирсан шиг тантай ч гэсэн Есүс уулзсан уу? Заримтай нь тэгсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнхид маань сайнмэдээг хэн нэгэн дамжуулсан байж таараа.

2-рт, Эхийн хэвлийд байхад л Бурхан хүн бүрийг дуудсан. Зөвхөн Паулыг л эхийн хэвлийд байхад нь дуудаагүй юм. Сонин санагдаж магадгүй. Гэхдээ эхийн хэвлийд байхад нь Бурхан сонголтоо хийсэн тухай хэдэн тохиолдол Библид бичигдсэн байдаг. Ах нь дүүгээсээ агуу болно гэж Ребекагийн хэвлийд байх хоёр ихэр хүүхдийг Бурхан төрөхөөс нь өмнө ирээдүйн замыг нь заасан байдаг. Мөн Исаиа 48:8-д
“Чи сонсоогүй, мэдээгүй.
Урьдаас чих чинь нээгдээгүй байв.
Учир нь чи урван тэрслэх бөгөөд
Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь
Би мэдэж байлаа.” Хэвлийд байхад Бурхан биднийг дуудсан. Энэ бол Бурханы дуудлага болохоос биш санал биш. Яагаад гэвэл Бурхан биднийг хэвлийд байхад л мэдэж байсан. Орчин үед хэвлийд ямар хүйсний хүүхэд бүрэлдсэн байна вэ, элдэв янзын ургийн гажиг, хөгжлийн бэрхшээл байна уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болсон. Мэдээж тэр бол техникийн дэвшил. Гэхдээ Бурхан таныг Монгол улсад мэндлүүлэн, энэ газар үйлчлүүлэхээр дуудсан. Тэр таныг эхийн тань хэвлийд байхад л мэдэж байсан.

3-рт, дуудлага. Бурхан биднийг оюутнуудын төлөө дуудсан. Энэ бол манай чуулганд өгөгдсөн, манай чуулганд ирсэн хүмүүсийн дуудлага. Паул харийнхны төлөө дуудагдсан. Тэр дуудлагыг дуулгавартай дагасан. Дуулгавартай дагасан тул тэр ямар ч бэрхшээлийг даван туулсан, бас үр жимс гаргасан. Тэр дуудлагаа өөрчлөх боломж ч байсан. Хүний санаагаар явах боломж ч байсан. Гэвч тэгээгүй. Тэр итгэсэн, дуулгавартай дагасан. Тэгээд гайхамшиг гэгчийг амьдралынхаа турш харж, эдэлсэн. Бурханы дуудлага үргэлж зөв байдаг. Харин хүн Бурханы дуудлагыг үл хэрэгсэж, дуулгаваргүй ханддаг. Паул дуулгавартайгаар дагаж, дуудлагыг биелүүлсэн бол Иудас мөнгөнд шунаснаар дуулгавартай байж чадаагүй.
Дуудлага гэдэг бол үүрэг гэсэн үг. Дуудлага бол сайн дурын зүйл биш. Энэ бол үүрэг. Үүрэггүй хүний амьдралын утга учир алдагдаж эхэлдэг. Хоёрхон жишээ хэлэхэд:
Насаараа улсад ч бай, хувийн хэвшилд ч бай ажилласан хүн тэтгэвэрт гарахад амьдрал нь утга учиргүй мэт санагддаг. Үүнийг тэтгэврийн шоок гэж нэрлэдэг. Өглөө ажилдаа яваад, өдөржин ажиллаад орой нь ажлаасаа ирж багадаа 30 жилийг ийм маягаар өнгөрөөдөг байсан хүн гэнэт нэг л өдөр хийх зүйлгүй болно. Амьдралын нөгөө хэмнэл нь алдагдана. Ажил дээрээ хамт олны хүрээлэл дунд байсан, хүмүүстэй сайнаар ч бай, саараар ч бай харилцдаг байсан хүн гэнэт нэг өдөр хэн ч тоохооргүй болж “хаягдана.” Хүн албаар тоохгүй байгаа биш, гэнэт хүмүүсийн анхаарлын төвд байхаа болино. Хэдийгээр хүнд ч гэсэн ажил хийхээргүй болно. Юу ч хийхгүй, гэртээ зүгээр л сууна. Сонсоход сайхан ч гэсэн үүрэггүй болсон тул хүч хөдөлмөр гаргахгүй ч гэсэн утга учиргүй мэт санагдана. Тэгээд сэтгэлээр унана, дахиж ажил хийх хүсэл төрсөн ч бие нь дийлэхгүйг мэдээд бүр ч хэцүү байдалд орно.
Японд газар хөдлөлт байнга болдог. Гэхдээ 2011 онд Японы хойд хэсгийн Мияаги мужид болсон цунами тэр хавьд асар их хохирол учруулсан байдаг. Тэр цунамигаар маш олон хүн амиа алдсан. Мөн олон үйлдвэр хаалгаа барьсан. Нэг харамсалтай зүйл нь ажилгүй болсон маш олон хүн ялангуяа эрчүүд цунамигийн дараа амиа хорлосон байдаг. Энэ нь жирийн үеийнхээс хэд дахин илүү үзүүлэлт юм. Тэд үүрэггүй болсон тул, юу ч хийхээргүй болсон тул тийм сонголт хийсэн.
Үүрэгтэй байх нь нэг талаар таныг ядрааж байж болно, асуудал дээр асуудал улам нэмж байж ч болно. Гэвч нөгөө талаар таны амьдралыг утга учиртай болгодог. Үүрэг ямар ч байж болно. Ажил хийж, сургуульд сурах нь үүрэг. Гэхдээ зөвхөн ажил хийснээр, сургуульд сурснаар хэмжигдэхгүй. Хүүхдээ харах, хүмүүжүүлэх, сайн дурын ажил хийх ч гэсэн үүрэг. Хэн нэгэнд туслах, бусдыг босгон байгуулах нь ч гэсэн үүрэг. Магадгүй их ажилласан хүний хувьд амрах, зугаалах, тоглож наадах, унтах нь ч гэсэн үүрэг байж болно. Тэр болгон нь хүний амьдралыг утга учиртай болгож байдаг.
Бурхан биднийг хоньчны амьдралаар дуудсан. Энэ бол хамгийн утга учиртай амьдрал. Яагаад гэвэл өлсөж буй нэгнийг хооллож, даарч буй нэгнийг үргэлж хувцаслаж чадахгүй ч гэсэн гэм нүглээсээ болж тамд орох ёстой байсан оюутнуудыг авралд дуудаж, Мөнхийн улсын иргэд болох хүртэл нь сайнмэдээг дамжуулдаг. Тэгээд орхихгүй, аврагдсан хүмүүсийг дахин хоньчин хүртэл нь бэлдэж, сайнмэдээний ирээдүйн ажилтнуудыг бий болгодог. Хамгийн гол нь хоньчны үүрэг нь тэтгэвэрт гардаггүй амьдрал. Та ажлаасаа тэтгэвэрт гарч болно, хүүхэд нь том болоод таны үүрэг багасаж болно, сургуулиа төгсөөд амьдралын хэв маяг чинь өөрчлөгдөж болно. Гэхдээ хоньчны амьдрал хэзээ ч дуусахгүй, үүрэгтэй амьдрал юм. Таныг Бурхан Монгол болоод дэлхийн оюутан залуусын төлөө дуудсан. Үхэн үхтлээ үүрэгтэй, утга учиртай амьдралаар амьдрах боломжтой амьдрал юм.
UBF чуулганд үйлчилж байсан, байгаа, цаашид үйлчлэх бүх хүнийг сайн, сайхан гэж хэлж чадахгүй. Алдаа оноотой амьдрал, үйлчлэл байсан хэдий ч манай чуулганыг Бурхан ерөөсөөр ирсэн. Бүх хүн төгс биш, бүх хоньчин алдаатай. Тэгсэн ч Бурханаар зэмлүүлж, буруу зүйл хийсэн бол гэмшсээр, цаашид Бурханы үгийн дагуу үйлчилсээр ирсэн. Үйлчлэлийн хувьд ч гэсэн 100% төгс нэг ч хүн байхгүй.
Манай чуулганыг үүсгэн байгуулалцсан Сара Бэри гэж хоньчин бий. Одоо хэдэн настай гээч? 89 настай. Анх үйлчилсэн цагаасаа л Сара Бэри хоньчин эрч хүчтэй байсан. Мэдээж одоогийн байгаа насан дээрээ биеийн хүч буурсан ч гэсэн үйлчлэлийн болоод сүнсний хүч нь буураагүй. Одоо хүртэл Чикаго хотод байгаа хоньчид болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй Библийн хичээл хийдэг. Ноднин 10 сарын сүүлээр би очоод Библийн хичээл хийхэд, зөвхөн надад зориулан хичээл бэлдчихсэн байсан. Цагийн зөрүүнээс болж гэж өөрийгөө би өмөөрөн зарим нэг хэсэг дээр дугхийж байсан ч Сара хоньчин тэгээгүй. Эрч хүчээр дүүрэн байж, Библийн хичээлийн цагийг маш гайхамшигтай дуусгасан. Дуусгачихаад залбирах болоход Батсүрэн хоньчны нэрийг торолгүй асууж, сайн байгаа юу? Ажил нь сайн уу? Олон улсын байгууллагадаа ажиллаж байгаа юу гэж асуусан. Мөн илгээлтийн эздийн нэр ба салбар чуулгануудыг нэгбүрчлэн асууж, манай чуулганы төлөө байнга залбирдаг гэдгээ ч бас хэлсэн. Яг Ховд гээгүй, гэхдээ Монголын баруун хязгаарт салбар чуулган тарьсан гэл үү гэж асуухаар нь үнэхээр гайхсан. Үнэндээ би хажууд нь ичих шиг л болж, арайхийн залбирлын сэдвүүдээ хуваалцан хамт залбирлаа. Одоо ч тэр хэвээрээ байгаа биз. Үнэндээ би хэн нэгнийг дөвийлгөх гэсэнгүй. Хэн нэгнийг рекламдах ч гэсэнгүй. Харин үүрэгт амьдрал гэдэг ямар утга учиртай гэдгийг нэг хүний жишээ татан хэллээ. Энэ бол дуудлагатай, үүрэгтэй амьдарсан нэг хүний жишээ. Дуудлага ба үүрэг бол хугацаа нь дуусдаг хүнсний бүтээгдэхүүн шиг, тэтгэвэрт гардаг ажил шиг зүйл биш юм.
Хоньчны амьдрал бол үхэн үхтлээ тэтгэвэрт гардаггүй үүрэгтэй бөгөөд утга учиртай амьдрал юм. Бурхан биднийг ийм гайхамшигтай амьдрал руу дуудсан. Паулыг харь үндэстнүүд руу дуудаж, олон чуулган байгуулж, дагалдагч нарыг төрүүлэн арвин их үр жимс гаргасан шиг биднийг оюутан залуус руу дуудаж, үр жимс гаргахыг хүсэж байна. Паул дуулгавартай дагасан шиг бид ч бас Бурханы дуудлагыг дуулгавартай дагаж байж үр жимс гаргах болно. Гэхдээ дуудлагаа дагах үед тийм ч амар байдаггүй. Дуудлагыг дагаад загалмай ирнэ, зовлон бэрхшээл ирнэ. Дуудлагыг дагаад янз бүрийн хавлага ирнэ, үл ойлголцол, хагарал, шантрал цөхрөл ч ирнэ. Дуудлага өөрөө биднийг маш олон эрсдэл руу дууддаг. Гэвч тэр болгонтой зэрэгцээд ивээл ерөөл ирнэ. Шагнал ирнэ, үр жимс гарна. Эв нэгдэл ирнэ, урам зориг ч ирнэ. Эзэний өгөх ерөөл бялхам байдлаар ирнэ. Хэн ч биш хүнийг Бурхан өргөмжилж, Эзэний гайхалтай зарц, ажилтан болгох болно.
Дуудлага бол дуулгавартай дагахтай шууд холбоотой зүйл. Хэрэв та Бурханы дуудлагыг дуулгавартай дагахгүй бол танаас яахин үр жимс гарах билээ. Та Бурханы дуудлагад ҮГҮЙ гэж хариулбал энэ чуулганд таныг дуудсан дуудлага яахин үр жимс гаргаж чадах билээ? Тиймээс Бурхан энэ чуулганд таныг оюутнуудын төлөө л дуудсан. Оюутнуудыг хоньчлох, дагалдагч болгох, улмаар тэднийг ирээдүйн ёсзүйтэй, шударга хүмүүс болгох зорилгоор Бурхан таныг дуудсан.
Өнөөдөр та хэн ч байж болно. Баян, ядуу, мэдлэгтэй, мэдлэггүй. Залуу хөгшин хэн ч байж болно. Харин таныг оюутнуудын хоньчноор дуудаж байгаа Бурханы дуудлагыг дагавал та Бурханы ажилд хэрэглэгдэх үнэхээр гайхамшигтай хүн болох болно. Хүнийг байгаагаар нь хүлээн авч, бэлтгэж ажилдаа хэрэглэдэг Эзэний өмнө бид очиж байна. Бурханы үгээр өсгөж, Бурханы ажилд хэрэглэгдэх нандин хүн болгодог, болгож байгаа, цаашид ч биднийг хэрэглэх Эзэн Есүст алдрыг өргөж байна.

өмнөх нийтлэлМАРК НОМНЫ ОРШИЛ
Дараагийн нийтлэл2019 оны Галат 3-р хичээл (09.29)