Өдөр бүрийн хоол /2023.04.01/

ТЭНД БИ ЧАМТАЙ УУЛЗАНА

Гэтлэл:25:1-22

“Тэнд Би чамтай уулзана… Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.”(22)

1. Би тэдний дунд оршино(1-9)
Бурхан Өөрийн ард түмнийг хайрладаг тул тэдний дунд оршин ивээхийг хүсэв. Иймээс тэдний дунд орших Бурханы ариун газрыг барь гэж тушаажээ.(8) Харин ариунаас ариун Бурхан бузар гэмтэй хүмүүсийн дунд оршино гэдэг нь амар зүйл биш байлаа. Тиймээс Бурхан ариун газрыг Өөрийн заасан аргаар бариулах гэж байна.(9) Гэмтэй бид Ариун Бурханы өмнө очихын тулд Бурханы тогтоосон аргыг дагах ёстой.

2. Би чамтай уулзана.(10-22)
Ариун газарт авдар ба өршөөлийн суудал хоёр хамгийн чухал байдаг. Авдарт гэрчлэл, өөрөөр хэлбэл Бурханы Мосед өгсөн 10 хуулийг хийнэ. Өршөөлийн суудал бол авдрын дээр тавьдаг тагны хэсэг юм. Израильчууд гэрчлэлийн хавтанд сийлэгдсэн зарлигаар дамжуулан зүрх сэтгэлийн гэмээ ухааран гэмших болно. Мөн тэргүүн тахилч нь ард түмний гэм өршөөгдөхын төлөө өршөөлийн суудалд амьтны цусыг цацдаг.(Левит 16:15)
Энд Бурхан хүнтэй уулзаж Өөрийн үгээ айлдана.(22) Бурхан бидний гэмийг өршөөн бидэнтэй уулзахын төлөө Христийн нандин цусыг асгаруулсан. Бид Бурхантай уулзах гэвэл Түүний Ариун үгийн өмнө гэмээ гэмшиж Христийг миний гэмийн төлөө цусаа урсгасан хэмээн хүлээн зөвшөөрснөөр өршөөлийг хүртэнэ. Ингэхэд бид Эзэний дууг сонсож Түүний тааллыг ухаарах болно.

Гуйлт: Эзэн минь! Гэмтэй надтай уулзахын төлөө Христийн нандин цусыг асгаруулсанд баярлалаа. Таны айлдаж байгааг сонсоход минь надад туслаач.

Нэг үг: Гэмтэнтэй уулзаж өгдөг Бурханы хайр

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.03.31/
Дараагийн нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /23.04.03/