2019 оны Нигүүлслийн 3-р номлол (08.03) К. Болдбаатар

БУРХАНЫ НЯЦААГДАШГҮЙ НИГҮҮЛСЭЛ

Иохан 3:1-15

Гол эшлэл: 3:3

“Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна…”

Орчин үеийн Эвангелийн гол төлөөлөгчдийн нэг Жон Стотт нэгэн удаа Стенфордын их сургуулийн оюутнуудын хүндэтгэл мөргөл дээр “Хриситгэгч нараа, Дахин төрцгөөе” хэмээн уриалсан байдаг. Христитгэгч бидэнд  “дахин төрөх” нь яагаад хэрэгтэй вэ? Хүн хэрхэн дахин төрөх вэ? Мэдээж энд хэлж байгаа “дахин төрөх” нь махбодын хувьд ерөөсөө яриагүй гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Өнөөдрийн үгээр дамжуулан бид бүхэн Бурханы нигүүлслийг дахин дахин хүлээн авч тунгаан бодохыг хүсэн гуйж байна. Бид Бурханы нигүүлслээр дамжуулан “сүнсээр дахин төрж”, улмаар энэ цаг үед бусдад тэрхүү авсан нигүүлслээ ярьдаг, гэрчилдэг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.1. Дахин төрөлт гэж юу вэ? /1-8/Одоо 1, 2-р эшлэлийг үзээрэй. “1Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. 2 Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв.” Фарисай, иудейчүүдийн удирдагч, израйлийн багш нэгэн болох Никодем гэгч хүн МЭ70 он хүртэл амьдарч байсан ажээ. Түүний тухай цөөхөн хэдэн эшлэл библид бичигдэн үлдсэн байдаг. Никодем нь тухайн үедээ улс төр, нийгэм, шашны хувьд мундаг, нэр алдартай, нөлөө бүхий чинээлэг хүн байжээ. Яагаад гэвэл тэрээр хүн бүрийн олж чадаагүй нэр алдар, эзэмшээгүй мэргэжил, эдлээгүй эрх мэдэл, байр суурьт хүрсэн байв. Тэгвэл тэрээр ямар хүн байв?- Тэрээр фарисай бүлгийн хүн байлаа. Шашны гол бүлэглэлийн гишүүн байсан. Фарисай хүн болохын тулд багаасаа Мосегийн хуулийг цээжилж, сахиж, заах ёстой. Гэхдээ Есүс Матай 23:3- д хэлсэнчлэн “3Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг.” Мөн Талмуд, Тора зэрэг израйлийн уламжлалт номоос заадаг хүмүүс байсан. Тэрээр хуулийг мэддэг байв. /Иохан 7:50-51/ – Иудейчүүдийн удирдагч хүн байсан. Өөрөөр хэлбэл, израйлийн зөвлөл /манайхаар УИХ/ болох Санхедрины гишүүн байв. 71 гишүүний нэг юм. Тэд хамтдаа сууж улс орон, ард иргэдийн аливаа асуудлыг зөвлөлдөж, хэлэлцэж, шийдвэрлэдэг байжээ.- Тэрээр Израйлийн багш байлаа. “Рабби буюу Рабуни”. Багш гэвэл ер нь ямар ч улс, нийгэмд дээгүүр байдаг мэргэжил юм. Бусдад заах чадвараар, мэдлэгээр илүү байсныг мэдэж болно.  – Никодем нь нийгэмд эзлэх байр сууриасаа гадна баян чинээлэг байжээ. Хожим нь Есүсийг баривчлагдах үед Түүнийг өмөөрсөн янзтай үгсийг хэлж байв. Мөн загалмайд цовдлогдсоны дараа оршуулганд нь зориулж 100 литр мирр зуун настын хольцтой анхилам үнэртэй тосыг авчирсныг бид мэдэж болно. /Иохан 19:39/ Энэ бүгдээс харахад Никодем нь ямар зиндааны, мэдлэг боловсрол, нэр хүнд нь хэр хүн байсныг харж болно. Тухайн цагийнхаа хувьд жинхэнэ лидер хүн байв. Энэ нь түүний нэртэй ч холбоотой байж болох юм. Никодем нь грекээр “хүмүүсийг ялагч” гэсэн утгатай аж. Дахин 1,2-р зүйлийг харвал тэрээр Есүс дээр шөнөөр иржээ. Яагаад вэ? Хэдийгээр түүнд дутагдаад байх зүйлс алга байсан ч тэрээр Есүс дээр ирсэн юм. Есүс ч түүнийг хүлээн авч уулзсан. Магадгүй Есүсийн цаг завыг харсан байхаа. Тэгвэл Есүсийн хариулт нь юу байсан бэ?Одоо бүгдээрээ 3-р эшлэлийг хамт уншицгаая. “3Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна…” Есүс шууд л хариултыг нь хэлсэн. “…За сайн байна уу? Хэрэг зориг хэнд үү? Ямар хэргээр явна?…” гэх мэтээр асуусангүй. Учир нь Иохан 2:23-25-д хэлсэнчлэн “23Алгасалын баяраар Иерусалимд байхдаа Есүсийн хийсэн тэмдгүүдийг олон хүн үзээд Түүний нэрэнд итгэжээ. 24Харин Есүс өөрийгөө тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ. 25Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.”  Есүс бол бүгдийг мэддэг Эзэн юм. Хэнд юу хэрэгтэйг хэнээс ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тиймээс Тэр Никодемыг асуухаас өмнө хариулсан юм. “Дээрээс төрнө” гэдэг нь дахин төрөх буюу “born again” гэсэн үг бөгөөд мэдээж шууд утгаараа биш. Дахин төрөхгүй байх нь Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй хэмээн Есүс шулуухан хэлсэн. Шулуун шударга, шууд, тодорхой ярьдаг хүмүүстэй харилцахад амар байдаг. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй аж. Түүнчлэн 3-р эшлэл дээр хэлж буй “үзэх” гэсэн үг нь энгийн нэг эд материал юм уу, үзэгдлийг үзэх гэсэн утгатай биш бөгөөд “мэдрэх”, “оролцох”, “ойлгож ухаарах” гэсэн утгатай “ἰδεῖν (idein)”грек үг юм. Дахин төрөхгүйгээр Бурханы хаанчлалд оролцож, мэдэрч, ойлгож чадахгүй гэсэн утгыг агуулж байна. Бид Христийг хүлээн зөвшөөрөөгүй байхдаа Бурханы хаанчлал болоод түүнтэй холбоотой ажлуудыг ойлгодоггүй байсан. Яах гэж сүм, чуулганд явах ёстойгоо ч сайн ойлгохгүй, харин ч эсрэгээр итгэгчдийг муугаар хэлж, доромжилж байсан нь үнэн юм. Бид дээрээс төрөх ёстой юм. Дээрээс гэдэг нь Бурханаас, Ариун Сүнсээр гэсэн утгатай. Босоо тэнхлэгийн дагуу юм. Миний ингэж хэлсэнд та бүхэн бүү гайхаарай. Одоо Никодемын хариулт юу байсныг анхааралтай харцгаая. 4-р эшлэлийг хамт уншицгаая. “4Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ.” Үүнийг Никодем яагаад ойлгоогүй юм болоо? Ийм зүйл байж болох уу? Мэдээж болохгүй. Хэзээ ч хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадахгүй. Түүний ийм байдлыг харвал хэдийгээр дээр дурдсанчлан leader хүн байсан ч Есүсийн хэлсэн үгийг ойлгоогүй. Бидэнд зарим үед үнэхээр ийм зүйл тохиолддог. Эндээс харвал тухайн үеийн нийгэмд удирдагчдын сүнсний байдал ямархуу байсныг ойлгож болно. Библийн түүхэнд удирдагчдын сүнсний байдал доройтох үед дандаа асуудал тулгардаг байсан. 5-р эшлэлийг үзээрэй. “5Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. 6Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.” Есүс дахиад л хэлж байна. Бурханы хаанчлалд орох тухай. Гэхдээ 2 зүйлийг онцолсон бөгөөд ус болон сүнснээс төрөх талаар маш тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл “дахин төрөх” талаар илүү тайлбарлаж өгч байна. Энд хэлсэн ус болон Сүнснээс гэснийг авч үзвэл: 1-рт: “Уснаас төрнө” гэдэг нь гаднах байдлын илэрхийлэл, баталгаа болдог бөгөөд гэмшиж, баптисм хүртэхийг зааж байна. 2-рт: “Сүнсээр төрөх” гэдэг нь сүнслэг байдлын хувьд дахин төрөхийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, сүнсээр шинэчлэгдэн өөрчлөгдөхийг хэлж байна.  Мэдээж ус болон Сүнсээр төрөхийн эхний алхам бол итгэлтэй холбоотой юм. Бид юуны түрүүнд итгэх хэрэгтэй юм. Никодемын нөхцлийг харвал тэрээр амжилт бүтээлээр дүүрэн нэгэн байв. Түүнд дутуу юм юу ч байсангүй. Харин тэдгээр зүйл нь Никодемд амьдралын баяр хөөр, сүнсний хангалуун байдлыг өгч чадаагүйг Есүс мэдэж байлаа. Яагаад вэ? Учир нь түүний амьдралд Бурханы хаанчлал буюу захиргаа байхгүй байсан аж. Зөвхөн махбодын зүйлсийг бодож, мөрөөдөж, хүсэж амьдарсан. Ёстой л түүний оймсонд 10000 $ байх энүүхэнд байсан байхаа. Харин Есүс түүнийг мэдэж байсан. Баян чинээлэг, эрх мэдэл, алдар нэр, мэдлэг боловсролтой байсан ч Никодемын дотор Бурханы хаанчлал байсангүй. Тэрээр сүнсний зүйлийг ч ойлгохгүй байв. Ийм түүнд Есүс дахин дахин “… Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. 6Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.” гэж хэлж байна. Махбодын зүйлсийг ярихад хүртэл ичмээр юмс байдаг.Бодит амьдрал дээр Бурханы хаанчлалыг амсаж буй хүн, Бурханы хаанчлалыг мэдэхгүй байгаа хүний хооронд асар том ялгаа байдаг. Бурханы хаанчлалын захиргаа, удирдлага, баяр хөөрийг мэдэрч, эдэлж байгаа хүн нь амьдралын янз бүрийн санаа зовиур, шантрал, гуниг, зовлон бэрхшээл тохиолдсон ч гэсэн түүнийг даван дийлэх хүч, нигүүлсэл нь Бурханаас ирдэг учир баяр хөөртэй амьдардаг. Харин Бурханы удирдлага байхгүй амьдарч буй хүн нь хичнээн элбэг дэлбэг, гачигдах юмгүй байсан ч сэтгэл сүнсний хувьд зовлонтой, хүсэл найдваргүй амьдарч байдаг. Зөвхөн өнөө маргаашийн зугаа цэнгэл, нэр алдар, хөрөнгө мөнгөний төлөө л амьдардаг. Бурханы хаанчлалыг үзээгүй хүмүүс авлига хээл хахуульд автаж, улс нийгмийн үнэ цэнэ, үнэнч шударга байдлыг унагааж байдаг. Бид тийм биш биз дээ? Бид өөрсдийгөө нэг шалгах хэрэгтэй байхаа? Та сүнсээр дахин төрсөн үү? Христитгэгч бид Бурханы хаанчлалыг харж, мэдэрч, оролцож амьдрах хэрэгтэй юм. Тийм хүмүүс болохыг хүсэн гуйж байна.           7, 8-р эшлэлийг үзээрэй. “7“Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. 8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав.” Грек хэлэнд “pneuma”- гэдэг үг байдаг. Энэ нь сүнс, салхи, амьсгал, амьсгалах хэмээх утгыг агуулдаг. Бид салхийг мэдэрдэг. Гэхдээ хаанаас ирээд хааш оддогийг бас мэддэггүй. Харин салхины хүчтэй, зөөлөн буюу ямар ул мөр үлдээсэн эсэхийг нь бид хардаг. Үүний адил Сүнсээр дахин төрсөн хүний амьдралд мөн адил ул мөр үлддэг. Зарим нь удаан аядуу зөөлөн өөрчлөгдөж байхад, зарим нь богино хугацаанд хурдан өөрчлөгддөг.Эцэг, эхийн хайрыг мэдрээгүй өссөн хүн Есүст итгэсний дараа Бурханы хайр хичнээн гүн, өндөр болохыг мэдэрдэг. Уучлалыг мэддэггүй нэгэн нь Бурханы уучлалаар дамжуулан мэддэг. Амин хувиа боддог байсан нэгэн бусдын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байдаг. Атаархал, хувиа хичээсэн нэгэн нь уужим сэтгэлтэй болдог. Үхлийн айдаст боолчлогдон амьдарч байсан хүн Христ ертөнцийг ялсан гэдэгт итгэн ялалтын амьдралаар амьдардаг. Хүсэл тачаалын сэтгэлд автагдан, өөрийгөө ялладаг нэгэн нь Есүсийг аврагчаар хүлээн зөвшөөрснөөр гэмээ гэмшиж, Бурханы хаанчлалын баяр хөөрөөр дүүрэн болдог. Эдгээр нь Сүнсээр дахин төрсөн хүний амьдралд үлдээсэн Ариун Сүнсний ул мөр юм. Элч Иохан “дахин төрөлт”-ийн талаар ийнхүү хэлжээ. Иохан 1:12-13-т “12Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. 13Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.” Дахин төрнө гэдэг нь хүмүүсийн зүрх сэтгэлд удамшин хадгалагдаж ирсэн нүгэлт чанар өөрчлөгдөж, Бурхантай итгэлээрээ харьцаж чадах болсон сүнсний өөрчлөлт юм. Мөн түүнчлэн Бурхан Өөрөө Ариун Сүнсээр хүний доторх ёс суртахууны шинэ түвшинг байгуулж, Христ доторх шинэ амиар амилуулж буй Бурханы үйлс билээ. Тиймээс махбодын үйлс, хичээл зүтгэл, хүний хүсэл, амбиц, амьдралын түвшин, эрэгтэй эмэгтэй, иудей ч бай, грек ч бай хамаарахгүй юм. Зөвхөн Бурханаар л Ариун Сүнсээр хийгддэг ажил юм. Дахин төрөх нь зөвхөн Бурханаас өгөгддөг нигүүлсэл буюу бэлэг юм. Тэгвэл бид хэрхэн дахин төрдөг вэ? Библи бидэнд энэ тухай юу гэж тайлбарладаг вэ?    А. Дахин төрөлт нь гэм нүглээ орхиж, Бурхан руу эргэх үйл явцыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл гэм нүглээ гэмшиж, Христэд итгэн, Христийг аврагчаар хүлээн зөвшөөрөхийг хэлж байна. 1Иохан 3:9 –т “Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна.” Б. Дахин төрөлт нь шилжилт буюу сүнсний өөрчлөлт, шинэчлэлт юм. Энэ нь хуучин амьдралаас шинэ амьдрал руу, үл итгэлээс итгэл рүү, амьгүйгээс амьтай болдог. 2Коринт 5:17 “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна.”  В. Дахин төрөлт нь хувьчилсан харилцаа юм. Энэхүү харилцаа нь Бурханы үгэн дээр тулгуурладаг. 1Петр 1:23 “Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ.” Иаков 1:18 “Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв…” Бурханы үгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх үед чин сэтгэлийн гэмшил гардаг. Чин сэтгэлээсээ гэмших үед Ариун Сүнсний хүч биднийг өөрчлөн шинэчилдэг.Сүнсээр дахин төрөх нь бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Хэрэв бид дахин төрөхгүй бол яах вэ? Хуучин хүн болох Адамын дотор махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч бусдын адил уур хилэнг хүртэх байсан. Гэвч дахин хэлэхэд энэ нь зөвхөн Бурханаас бөгөөд Ариун Сүнсний хийх ажил юм. Бурхан бидэнд Өөрийнх нь хүүхэд болох эрхийг Есүсээр дамжуулан өгчихсөн. Ийм байхад бид үгүй гээд зугтсаар байх уу? Аль эсвэл хүлээн зөвшөөрөхгүй гээд хэвээрээ байх уу? Тиймээс бид дахин төрөөгүй бол төрцгөөе. Өөрчлөгдөөгүй бол шинэчлэгдэцгээе. Бурханы өгсөн нигүүлслийг үнэгүйгээр авцгаая. Харин дахин төрсөн бид юуг хийх ёстой вэ? Цаашид хэрхэн амьдрах хэрэгтэй вэ?       2. Няцаагдашгүй нигүүлсэл /9-15/ Одоо 9-р зүйлийг үзээрэй. “9Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.” Хэрэв би Никодемын оронд байсан бол “Эзэн минь, надад зааж өгөөч. Би хэрхэн сүнсээр дахин төрөх вэ?” гэж асуух байсан.  Харин Никодем юу гэж асуусан бэ? Энэ хүртэл Есүс түүнд Сүнсээр дахин төрөх, шинэчлэгдэн өөрчлөгдөх ёстой гэдгийг хангалттай тайлбарласан. Гэсэн ч тэрээр Есүсийн ярьсан зүйлийг няцаах зүйлийг ярив. Никодем үнэнтэй нүүр тулсан боловч үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Зарим тохиолдолд хүмүүс үнэнийг нуун дарагдуулж, бүр үнэнээс зугтах ч үе байдаг аж. Ийм түүнийг Есүс ийнхүү зэмлэж байна.  10-13-р эшлэлд “10Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. 12Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? 13Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй.” Хэн ч байсан Бурханы өмнө гэм нүглээ гэмшиж, Есүсийг Эзэн гэж амаараа тунхаглаж, үхлийг ялан дийлсэн гэдэгт нь зүрхэндээ итгэвэл авралыг авдаг. /Ром 10:9-10/ Гэтэл сүүлийн үед гаж урсгал, буруу сургаал онолын хүмүүс итгэгч, дагалдагч, цаашлаад ахлагч нарыг хүртэл сүм чуулганаас холдуулж байна. Бүр гэр бүлүүдийг хүртэл салгаж байгаа нь эмгэнэлтэй юм. Үнэнээс татгалзаж, төөрч байгаа юм. Есүсийн хэлж буй “тэнгэрийн юмс” гэдэг нь Бурханы авралын ажлыг хэлж байна. Гаж буруу урсгал чиглэлийн барьдаг нэг зүйл, халхавч нь “сүнсээр дахин төрөх”, “аврал авах” гэх мэт нэршлийг ашигладаг. “Та аврагдсан уу?” эсвэл “Та сүнсээр дахин төрсөн үү?” “Хэзээ аврагдсан бэ?”, “Аврагдсандаа бат итгэлтэй байна уу?” гэх мэтчилэн асуудаг. Үүний нэг жишээ нь “Авралын урсгал” хэмээх гаж урсгал юм. “IYF” нэрээр халхавч хийн их сургууль, дунд сургуулийн оюутан, сурагчдыг уруу татсаар байна. Амийн номд нэр нь бичигдсэн өдөр нь тодорхой байх ёстой. Ариун Сүнсний хүч та нарын дотор байх боломжгүй хэмээн заадаг. Гэх мэт гаж буруу онол, сургаал, урсгалынхан бидний Бурханаас авсан нигүүлслийг няцаах гэж оролддог. Бидний амьдралд Бурханаас янз бүрийн нигүүлслүүд өгөгдсөн байдаг. Чуулганд ирэх, итгэлээр амьдрах, хоньчин болох, гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, сургуулиа төгсөх, ажилд орох, компани байгуулах, илгээлтээр явах, орон байртай болох, цалин нэмэгдэх, машин унаатай болох, албан тушаал өсөх гэх мэтээр нэрлээд байвал олон нигүүлсэл байдаг. Мэдээж үл итгэгч хүмүүст ч гэсэн ийм зүйлс байдаг. Гэхдээ би яагаад нигүүлсэл гэж ярьж байна вэ? гэвэл өнөөдөр бид итгэгчид, дагалдагчид юм. Бурханы нигүүлсэл нь хүн болгонд харилцан адилгүй өөр өөр байдаг. Ефес 2:8-ийг үзвэл “8Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг…” гэжээ. Бурханы нигүүлсэл бол бэлэг юм. Хүн бүрийн амьдрал өөр өөр учир бэлэг нь ч өөр өөр байдаг. Гэхдээ Бурханаас өгөгдсөн бэлэг олон янз байж болох ч христитгэгч хүмүүсийн хувьд нэг ижил зүйл нь “сүнсээр дахин төрөх” нигүүлслийг хүн болгонд өгсөн явдал юм. Сүнсээр дахин төрөх нь Бурханы нигүүлсэл, бас Бурханы үнэн юм. Сүнсээр дахин төрөх нь христитгэгчдэд өгөгдсөн Бурханы хамгийн том бэлэг билээ. Христитгэгч хүнд хүмүүсээс олон төрлийн буруушаалт, няцаалт, шүүмж ирдэг. Цуглаанд явж яах гэсэн юм? Чиний итгэдэг Есүс бол харийн шашин? Чи итгэснээрээ чамд ямар ашигтай юм бэ? гэх мэт… Яг л Никодем шиг “…Ийм юм яаж байх юм бэ?…” гэдэг. Бид үнэнтэй нүүр тулахад яадаг вэ? Үнэн биднийнг чөлөөлдөг. Иохан 8:32 “32Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.”, Иохан 17:17 “Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.”Тэгвэл бид “сүнсээр дахин төрсөн” энэхүү Бурханы бэлэг болсон нигүүлслээ хэрхэн хадгалж, хамгаалах хэрэгтэй вэ? Сүнсээр дахин төрсөн хүнийг хэрхэн таньж мэдэх вэ? А. Хамгийн сайн хамгаалалт бол довтлох гэдгийг бид мэднэ. Эзэн Есүсийн хэлснээр бол “…Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчлэх…” юм. Бурханыг таньж мэдэхийн тулд Түүний үгэнд улам бүр суралцах, библи унших, 1:1 библийн хичээлийг тасралтгүй хийх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй Эзэнээс өгөгдсөн үг, бодол санааг, Бурхан таны амьдралд хийсэн гайхамшиг, өөрчлөлт, шинэчлэлт, шийдвэр, амлалтыг сэтгэгдлээр дамжуулан гэрчлэх хэрэгтэй юм.Чуулганы түүхэнд Мартин Лютер, Жон Нокс, Уилрич Звингли, Жон Весли зэрэг олон хүн христитгэлийг өмгөөлөн хамгаалж, амьдралаа өргөсөн юм. Тэд буруу онол сургаал, тэрс үзлийн эсрэг тэмцэж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй христитгэлийн талаарх ном зохиол бичиж, чуулганы хөгжил сэргэлтэнд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Тэдгээрийн нэг нь Жон Калвин юм. Тэрээр Калвинизмыг үндэслэгч бөгөөд “сүнсээр дахин төрөх”-ийг Бурханы нигүүлсэл гээд хэзээ ч “няцаагдашгүй нигүүлсэл” хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс Бурханы нигүүлслийг хэн ч, хэзээ ч няцаашгүй юм. Б. Сүнсээр дахин төрөх нь Бурханы нигүүлслээр өгөгддөг гэдгийг бид харж байна. Ариун Сүнсний ажил учраас үр дүн, үр жимс байх ёстой. Галат 5:22, 23-ийг үзвэл “ 22Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, 23дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.” Бурханы няцаагдашгүй нигүүлслийг авсан хүмүүст дээрх сүнсний үр жимс нь байдаг. Учир нь Бурханы ажил нь Ариун Сүнсний ажил юм.Энэхүү Бурханы няцаагдашгүй нигүүлслийг улам бүр эдэлж амьдраарай гэж ерөөмөөр байна. Бурхан UBF чуулган төдийгүй Монгол чуулганд “сүнсээр дахин төрсөн” хүмүүсийг олноор босгон байгуулж өгөхийг хүсэн гуйж байна. Бурхан олон оюутан залуусыг энэ үеийн сүнсний удирдагчаар төрүүлж өгөхийг хүсэн гуйж байна.  Дүгнэлт: 14, 15-р эшлэлийг үзээрэй. “14Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь 15Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ.” Египетээс гарсан түүх нь Есүстэй холбогдож байна. Сүнсээр дахин төрөх нь итгэлтэй шууд холбоотой юм. Ром 10:17 “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.” Түүнчлэн итгэл нь дуулгавартай байдлыг шаарддаг. “Сүнсээр дахин төрөх” нь итгэл болон дуулгавартай байдлаар илэрдэг. Бурханд итгэх итгэлгүйгээр Бурханы хаанчлалыг харж чадахгүй юм. Тиймээс ч израйльчууд итгэлгүйгээсээ болж цөлд олноороо үхсэн юм. Харин өнөө цагт ямар ч гэм нүгэлтэй хүн итгэлээр Есүсийн загалмайн өмнө очиж, гэм нүглээ гэмшиж, Есүсийг аврагчаар хүлээн зөвшөөрвөл мөнх амийг өвлөн авах болно.  “Сүнсээр дахин төрөх” гэсэн ойлголтыг пастор, теологич Ч.Стенли “…Бид диваажинд очих хүртлээ бидэнд өршөөл, уучлал, гэмшил хэрэгтэй бөгөөд өөрсдийн амьдралаа Бурханд өргөсөөр байх явдал юм.” гэж тодорхойлсон. Монгол чуулганы жилийн дундаж өсөлтийг сүүлийн 2 жилийн судалгаанаас харвал 6.3% гэсэн байдаг. Энэ нь манайх шиг улсад маш бага үзүүлэлт юм. Өнөөдөр чуулганы өмнө тулгараад буй асуудал бол “сүнсээр дахин төрсөн” хүмүүсээ цаашид хэрхэн авч явах тухай юм. Үүний тулд сүнсний өсөлт, төлөвшилд зайлшгүй анхаарах хэрэгтэй цаг үе ирээд байна. Азийн чуулганууд “сүнсээр дахин төрсөн” хүмүүсийнхээ оюун бодол, зүрх сэтгэл, үйлчлэлийнх нь хувьд анхаарал тавин сахилга баттай ажиллаж байна. Тиймээс оюун бодол, зүрх сэтгэл, гарын үйлсийн хувьд сахилга баттай байх нь чухал юм. Та Бурханаас авсан нигүүлсэлээ нууж байгаа юм биш биз? Бурханаас авсан няцаашгүй нигүүлслээ бусдад ярьж, гэрчилж, тунхагладаг хүн болоосой хэмээн ерөөж байна. АМЕН

өмнөх нийтлэл2019 оны Нигүүслийн 3-р хичээл (08.04)
Дараагийн нийтлэл2019 оны нигүүлслийн 4-р хичээл (08.11)