Мөнгөнд дурлах нь сүйрэл
1 Тимот 6:3-10
Гол эшлэл 6:10
“Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.”
Өчигдөр бид нар Хаанчлалын санхүүгийн талаар маш хэрэгтэй семинарт сууцгаасан.
Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдийн 16 нь, сайнмэдээний дөрвөн номын 10 эшлэл тутмын нэг нь, Библи дээр бараг 2000 удаа мөнгө, санхүү, түүнд итгэмжтэй байх тухай өгүүлсэн байдаг.
Элч Паул ч гэсэн мөнгөтэй холбоотой дөрвөн том зарчмыг бидэнд зааж үлдээсэн.
1-рт, мөнгөнд дурлах нь сүйрэл дагуулна
2-рт, өгөөмөр бай
3-рт, ажил хөдөлмөр бол утга учиртай зүйл
4-рт, баян байх нь асуудалгүй зүйл
Өнөөдөр бид Паул мөнгөний талаар, түүнд хандах хандлагын талаар юуг бидэнд захиж үлдээсэн нэг зарчим буюу Мөнгөнд дурлах нь сүйрэл дагуулах талаар хамтдаа сурцгаая.
3-р эшлэлийг үзээрэй. “Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас,” Аливаа өвчин өөрийн гэсэн эх үүсвэртэй байдаг. Жишээ нь: Архи их уувал элэгний өвчтэй болно. Тамхи их татвал уушигны өвчтэй болно. Ногоо бага, мах гурил их идвэл ходоодны өвчтэй болно гэх мэтээр.
Тэгвэл бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд байдаггүй хүмүүс нь бардам, юу ч ойлгодоггүй, сөргөлдөөн ба үгсийн маргаанаар өвчилсөн байдаг аж. Түүний үр дагавар нь буюу өвчний илрэл нь атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан аж. Өөрөөр хэлбэл атаархал, хэрүүл, гүтгэлэг, сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацах, итгэлийг ашиг олох хэрэгсэл болгодог гэдэг нь илрэл гэвэл үүний өвчин нь Есүсийн эрүүл сургаалийг үгүйсгэдэг хүмүүс аж. Тэд эрүүл сургаалийг ойлгодоггүй, хүлээж авдаггүй хүмүүс гэсэн үг. Мөн Эзэний үгийг албаар мушгин гуйвуулдаг хүмүүс ч бас байдаг. Тийм хүмүүс нь атаархал, хэрүүлээр дүүрэн. Та өөрийгөө нэг хараарай. Таны дотор юу байна вэ? Та Эзэний үгийг хэр зэрэг сахиж байгаа вэ? Зарим хүн итгэлийг ашиг болох хэрэгсэл болгон ашиглах тохиолдол байдаг.
Тэгвэл Эзэний үгийг үнэн зөвөөр сахьдаг хүмүүс нь ямар байдаг гэж байна вэ?
6-р эшлэлийг үзээрэй. “Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.” Итгэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг гэж байна. Хүн бүр ашиг олохыг хүсдэг. Хүн бүр алдагдалтай амьдрахыг хүсдэггүй. Хүн бүр орлого ихтэй, зарлага багатай баймаар байдаг. Орлого их, зарлага бага байвал ашигтай байна гэж бид өчигдөрхөн үзсэн билээ. Тэгвэл ашигтай амьдрахын тулд итгэл ба сэтгэл хангалуун байдал хоёрыг зэрэг байлгах хэрэгтэй гэж байна.
1-рт, итгэл буюу бидний сүнслэг амьдрал нь өөрөө ашигтай байх ёстой. Итгэлээр үлгэн салган явж болохгүй. Хүнийг харж бүдэрч, унаж болохгүй. Бурханы үгийг ямар нэг байдлаар ашиглаж, бусдыг бүдрүүлж ч болохгүй. Бид бол ялалтын амьдралтай хүмүүс гэдгээ санах ёстой. Алив саад бэрхшээл байсан ч гэсэн бид түүнийг даван гарах итгэлтэй байх ёстой. Эзэн Христ бидний өмнөөс загалмай дээр үхэж, бидний гэм нүглийн асуудлыг аль хэдийн шийдсэн. Бидэнд ялалтын амьдралыг өгсөн. Тийм байтал бид гэм нүгэлдээ одоо хүртэл баригдсан хэвээр байвал тэр ялалтын амьдрал мөн үү? Тийм байтал бид өөрсдийн сул дорой байдал, Бурханд найдаж чадахгүйгээсээ болоод бүдэрч байвал тэр итгэлийн амьдрал мөн гэж үү? Тиймээс та бид итгэлээр ялалт байгуулахад өөрсдийгөө дасгалжуулах хэрэгтэй. Өөрсдийн дотор байгаа итгэлээ бид баяжуулах ба батжуулахад анхаарах ёстой юм.
2-рт, сэтгэл хангалуун байдалгүй бол таны сүнслэг амьдралд ашиг гарахгүй гэж байна. Та амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ? Заримдаа бид өөрийн эрхгүй өөрийн амьдралаа бусдынхтай харьцуулдаг. Хийж байгаа ажил үйлчлэл, орлого, ба эд хөрөнгөтэй нь харьцуулах гээд байдаг. Гэтэл бидэнд төлөвлөсөн Бурханы агуу төлөвлөгөө гэж бий. Бидний амьдрал бусдынхтай заавал адил байх албагүй. Сэтгэл хангалуун байхын нууцыг 7-8-р эшлэлүүд дээр хэлж байна. “Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.” Та ертөнцөд юутай ирсэн бэ? Памперсаа бариад, хэдэн доллар атгаад гарч ирсэн үү? Эсвэл төлбөрийн карт сугавчлаад гараад ирсэн үү? Та ертөнцөөс буцахдаа юутай явах вэ? Хурааж хуримтлуулсан мөнгө, үл хөдлөх хөрөнгөө аваад буцах уу? Мэдээж үгүй. Нүцгэн ирсэн, нүцгэн л буцна. Тийм учраас сэтгэл хангалуун байхад маш амархан болж байна. Хүнийг сэтгэл хангалуун байлгадаг хоёр л зүйл байдаг аж. Хоол хүнс, хувцас хунар. Бусад нь тансаг хэрэглээ шахуу. Мэдээж өнөөдөр бидний анхан шатны хэрэглээ болсон зүйлс байна. Гэхдээ өмсөх хувцас, идэх хоол бол үндсэн бөгөөд анхан шатны хэрэглээ юм.
Тиймээс танд итгэл ба сэтгэл хангалуун байдал хоёр байна уу гэдгийг шалгаарай. Хүмүүс бид өөрсдөд маань дээрх хоёр зүйл байгаа эсэхийг шалгаагүйн улмаас төрөл бүрийн зүйлийг эрэн хайж, тэндээсээ сэтгэл хангалуун байлгах зүйлийг олохыг хичээдэг. Мөн итгэлгүй олон үйлдэл хийхэд хүрдэг. Үнэндээ та итгэл ба сэтгэл хангалуун байвал бид зүсэн зүйлийн уруу татлага, сорилтоос хамгаалагдаж чадна. Итгэлгүй бол Бурханд таалагдахгүй. Сэтгэл хангалуун биш бол амьдралыг та утгагүй нүдээр харна. Хоол, хувцас нь үндсэн хэрэгцээ гэж байгаа шиг өнөөдөр таны үндсэн хэрэгцээ ба танцаг хэрэглээ хоёрыг ялгаарай. Тэгж байж та сэтгэл хангалуун амьдарч чадна. Зарим хүн тансаг хэрэглээгээ үндсэн хэрэгцээ мэт бодсоноос болоод сэтгэл хангалуун бус амьдардаг. Тэд ямар ч уруу татлагад автахад амархан, тэд ямар ч сорилтыг давж гарахад хэцүү болдог. Тийм учраас сэтгэл хангалуун бус байгсад соригдохдоо маш амархан. Сэтгэл хангалуун бус байдлыг нь ашиглахад л болоо.
Одоо 9-р эшлэлийг үзээрэй. “Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг.” Баяжина гэдэг муу зүйл биш. Баян байх нь буруу зүйл ч биш. Харин хандлага илүү чухал. Юуны төлөө яах гэж баяжих гэж байна вэ? Тийм учраас баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод унах магадлал маш өндөр. Баяжина гэдэг нь өөрөө тоглоом биш. Энэ бол маш их сорилт, уруу татлагатай учирна. Цаашлаад төрөл бүрийн хор хөнөөлтэй хүсэлд унана. Эцэстээ сүйрэлд ч унаж магадгүй. Тиймээс хандлагаа бид зөв тодорхойлох ёстой болж байна. Хэрэв бид зөвхөн мөнгө харж, баян болно гэвэл ямар ч бизнес цэцэглэсэн ч гэсэн тэр хүн өөрөө өөрийгөө алж байна гэсэн үг. Эргэн тойрноо ч бас алдана гэсэн үг. Тиймээс баяжих хүсэл байгаа бол галаар наадаж байж л зөв шударга байдлаар явахаас өөр аргагүй болно. Хүн хэзээ ч өөрийгөө ханаж цадсан гэж хэлж чаддаггүй үе байдаг. Ялангуяа мөнгөтэй болсон үедээ. Ялангуяа баян болсон үедээ. Зөвхөн мөнгөтэй баян болсон үедээ ч биш, бас нэр төртэй болсон үедээ хүн зогсоогдошгүй мэт санагдах вий.
10-р эшлэлийг хамт уншицгаая. “Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.” Сорилт, уруу таталт нь мөнгөтэй ч бас холбоотой байдаг. Гэхдээ Паул энд мөнгөний талаар хоёр зүйлийг маш тодорхой хэлж байгааг үзэцгээе.
1-рт, мөнгө бол бузар муу зүйл гэж Паул энд хэлээгүй. Харин мөнгөнд дурлах нь хамаг бузар муугийн үндэс гэж хэлж байна. Хэрэв мөнгө бузар муу байсан бол бид бүгдээрээ бузар муу байх байсан. Гэтэл мөнгө өөрөө бузар муу биш. Мөнгөнд хандах хандлага л биднийг ариун ба бузар гэдгийг тодорхойлно. Та мөнгийг хэрэглээндээ хэрэглэж байна уу, эсвэл хэрэггүй зүйлсэд, мөн тансаг хэрэглээндээ зориулж байна уу? Заримдаа бид хэрэглээндээ хүрэлцэхгүй байна гэж мөнгөнд шунах тохиолдол бий. Тийм ээ, бид тэгж өөрсдийгөө өмөөрөн бодож болно. Тэглээ гээд бид мөнгөнд дурлаж, бүр амьдралдаа тэргүүн зорилго болгож болохгүй. Тэр нөхцөлд Сатан маш овжиноор биднийг ашигладаг.
2-рт, мөнгийг дээдэлж, дурлах нь үнэхээр хор хөнөөлтэй зүйл. Энэ бол хортой асуудал. Мөнгөний амтанд орсон бол хүн хэзээ ч болихыг боддоггүй. Харин ч улам л шунасаар байдаг. Улам л зорилгоо болгох хэрэгсэл болгодог. Мөнгөгүйгээр хүн амьдрахгүй, гэхдээ мөнгөтэй байлаа гээд баяр хөөр, сэтгэл хангалуун болдоггүй.
Сэтгэл хангалуун байх ганц л арга бол Бурханыг харж амьдрах юм. Угаасаа бүх зүйл түр зуурынх. Тэрбумтан байлаа гээд санхүүгийн баталгаатай болчихдоггүй. Харин ч сэтгэл зовиур ихтэй болно. “Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно” гэж Есүс Матай 6:21-д хэлсэн. Тиймээс эд баялаг, мөнгө хөрөнгөнд шуналгүйгээр харин өөрт оногдсоноо хийгээд явбал Бурхан аяндаа шагнах болно.
Сургаалт үгс 30:7-9-д “Хоёр зүйлийг би Танаас гуйж байна. Харин намайг үхэхээс өмнө надад бүү татгалзаарай! Хоосон хуурмагийг, худал үгийг хол байлгаач, надаас. Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч, надад бүү өгөөч. Ногдох хувь минь болох талхаар намайг тэжээгээч. Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, няцаж буцах вий, эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.” Сургаалт үгс номыг бичигч нарын нэг Агур нь хоёр зүйлийг Бурханаа гуйсан. Хоосон ядуу ч биш, гэхдээ баян ч биш байлгаж өгөөч гэж. Өөрөөр хэлбэл баланстай байлгаж өгөөч гэж залбирсан. Бидний амьдрал баланстай байх ёстой юм. Энэ баланстай амьдрал нь биднийг сэтгэл хангалуун, бас дутагдах гачигдах зүйлгүй болгоно. Үргэлж Бурханы ивээлийг санаж амьдрахад хүргэнэ.