ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕ
Даниел 11,12-р бүлэг
Гол эшлэл: 12:3
“Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно”
Өнөөдөр Даниел номын сүүлийн номлол үзэх гэж байна. Даниел 11-р бүлэг нь өмнөх бүлгийн үргэлжлэл учраас чухал ойлголтуудыг заан тодруулж өгдөг. Ялангуяа 9-р бүлэгт үзсэн долоон долоо хоногийн талаар, 7-р бүлгийн араатнуудаар төлөөлүүлэн биелэгдсэн дөрвөн улс гүрний сүүлийн гурвын талаар тайлбарлан хэлдэг. Библи дээр Хуучин гэрээ ба Шинэ гэрээний хоорондох цаг үед болох үйл явдлын талаар зөгнөн хэлж байна. Ялангуяа антрихристийн дүр төрхийг нарийвчлан тайлбарлаж өгсөн. Харин 12-р бүлэг эцсийн цаг үед амьдарч буй бидний жинхэнэ хүсэл найдвар юу бөгөөд хэрхэн итгэлээ сахиж амьдрах тухай заан өгч байна. “Бид АЛДАРТАЙ, ОЛНЫ ТАНИЛ байхаар дуудагдаагүй. Бид ИТГЭМЖИТ байхаар дуудагдсан.” Гриег Гроешел. Харин өнөө цагт эсрэгээрээ алхчих гээд байх талтай. Өнөөдрийн номлолоор эцсийн цаг үед амьдарч буй бид ямар учраас эцэс хүртэл итгэмжит байх талаар суралцах болно. 1. Хаадын мөргөлдөөн (11:1-20)Энд хэлэгдсэн зөгнөл нь түүхчдийн судлан, бичиж үлдээснээр түүхэн талаасаа бүгд биелсэн байдаг. Энд тухайн цаг үеийн хаад, эрх мэдэлтнүүдийн дундах зөрчил, тэмцэл, атаа жөтөө арга залийн талаар өгүүлж байна. 1-р эшлэлийг үзээрэй. “Меде хүн Дариусын анхдугаар онд би түүний туслагч бөгөөд хамгаалагчаар зогсов.”Бурхан ямар ч цаг үед Өөрийн ард түмний хамгаалагч байсаар ирсэн гэдгийг үүгээр харуулж байна. Энэ эшлэлд гарч буй “туслагч” гэдэг нь тэнгэрэлч бөгөөд иудейчүүдийг хамгаалагч онцгой тэнгэрэлч юм. Бурхан Өөрийн сонгон авсан ард түмнийг бүх цаг үед хамгаалж, анхааран халамжилсаар, тусласаар ирсэн. Египетийн боолчлолд байхад Мосегоор дамжуулан, Иосефоор дамжуулан өлсгөлөнгийн аюулаас, Естер хатнаар дамжуулан хорон санаат Хаманы гараас, Даниелыг арсланд идүүлэхээс аварсан гэх мэт бүх л цаг үед аварч хамгаалж байсан. Одоо ч ирэх хүнд хэцүү цаг үед хамгаалсаар байх болно гэдгийг хэлж байна. Энэ цагт ч гэсэн Бурхан Өөрийн сонгосон ард түмнийг анхааран харж, хамгаалсаар байгаа юм. Одоо 2-4-р эшлэлээс хараарай. Персийн хаанчлалын дарангуйлагч дөрвөн хааны талаар хэлжээ. Тэдгээр нь Сайрус(МЭӨ 555-530), Камбис (530-522 МЭӨ), Дариус (МЭӨ 522-486), Ахашверош хаан (МЭӨ 486-465) юм. Харин 3-р эшлэлд хэлсэн хүчирхэг хаан нь агуу Александр хааныг хэлж байна. Александр хаан нь МЭӨ 335 онд Персийг нухчин дарж, Грекийн хаан болж хүчирхэгжсэн. Тэгээд маш том газар нутгийг буюу Африк, Энэтхэг хүртэл газар нутгийг эзэлсэн. Ийнхүү зөгнөлийн дагуу түүний хаанчлал оргилдоо хүрмэгц хаанчлал нь нуран унасан. Тэрээр хумхаа, гэдэсний хижиг өвчнөөр маш залуудаа нас барснаар дөрвөн жанжин нь Грекийн эзэнт гүрний газар нутгийг хуваан авсан. Касандр жанжин Македони, Лесиматр жанжин бага Ази буюу орчин үеийн Турк, Селукус Некатор жанжин Сири буюу ойрх дорнодын үлдсэн хэсгийг, Птолемей жанжин Египетийг авсан. Энэ дөрвөн жанжны удмынхан хоорондоо байнга дайтаж хагаралтай байсан учир эцэст нь Ромд эзлэгдэж, хаанчлалаа алдсан. Ийнхүү Грекийн хаанчлал удаан тогтнож чадаагүй. Александр хаан нь өөрийн шунаг сэтгэл ба бардам занг захирч чадаагүй. Ялангуяа сэтгэл сүнсээ захирч чадаагүй. Тиймээс түүний байгуулсан хаанчлал нь нуран унахад хүрсэн. Эндээс бид сэтгэл хөдлөл ба шунаг сэтгэл нь хүнийг сүйрэлд хүргэдэг гэдгийг сурч болно. Аливаа шунаг сэтгэл ба хүсэл нь бардам байдалд хөтөлж, бузар муу уруу хөтөлдөг. Тиймээс бид сэтгэл сүнсээр даруу байж, өөрийн сүнсийг захирч сурснаар энэ дэлхийг сайнмэдээгээр байлдан дагуулж чадна.5-20-р эшлэлийг харвал өмнөд ба умардын хаадын тэмцэл, зөрчлийн тухай өгүүлж байна. Товчхон харвал, тэд үргэлж дайтаж, тулалдаж тэмцэлдэж байсан. Гол нь Сири, Египетийн голд орших Израильчууд нь тэдний дайн тулааны талбар болж, үргэлж зовж шаналж байсан юм. Энэхүү эш үзүүллэгээс Бурхан энэ дэлхий ертөнцийн түүхийг удирдан захирдаг гэдгийг ойлгож болно. Өнөөдөр ч гэсэн энэ дэлхий дээр болж буй түүхийг Бурхан удирдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгснээр Бурханы удирдлага ба эрх мэдэлд найдан амьдарч чадахыг гуйж байна. 2. Антихристийн дүр төрх (21-45)21-р эшлэлийг хараарай. “Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна.” Энд өгүүлж буй жигшүүрт хүн гэдэг нь Сирийн хаан Антиохус Епифанес юм. Тэрээр харгис хэрцгийгээрээ алдартай, уран илтгэгч, хууран мэхлэгч зальхай нэгэн байсан бөгөөд хаанчлалыг ч маш тайван замаар буюу зусар аргаар өөрийн болгожээ. Түүнийг жигшүүрт хүн гэсэн нь Бурханыг доромжилсонтой холбоотой. Антиохус Епифанес нь заримдаа иудейчүүдийг олноор нь хөнөөж, иудейн шашны зан үйлийг хориглож, ариун сүмийг гутаан доромжилж, иудейн соёлыг Грек ёс заншил уруу хүчээр уусгах бодлого явуулж байжээ. Антиохус Епифанес МЭӨ 170 онд өмнө зүгийн хааныг буюу Египетийг бут цохин, их олз баялагтай буцах (28) замд, Израильчуудтай хийсэн ариун гэрээг зөрчин 40000 иудейг хороож, өргөөний эрдэнэсийг дээрэмдэв. Мөн ялалтанд онгирсон тэрээр Мосегийн хуулийг зөрчин дураараа Ароны овгоос бус Бениамин овгоос тэргүүн тахилчийг солин босгов (28). Хоёр жилийн дараа дахин Египетийг довтолж, Александриа газрыг эзлэх боловч Киттимийн хөлөг онгоц буюу Ромын цэргүүд түүний эсрэг ирэх үед айн сандарч нутгийн зүг буцна. (29, 30а). Уурандаа ариун гэрээнд хилэгнэн Иудейчүүдийг Грекжүүлэх бодлого явуулж, итгэлээсээ урвагчдийг дээдлэн, ариун өргөөг бузарлан, гахайн толгойг тахилын ширээн дээр тавиулан мөргүүлсэн. (31) Энэхүү хүнд хэцүү цаг үед Бурханд хандсан итгэлээ сахин, хамгаалж буй хүмүүс байсан. Харин 32-р эшлэлийн “б” хэсгийг харвал “…Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.” гэжээ. Эдгээр хүмүүс нь хавчлага дунд ч шантрах юмуу айсандаа бузар муутай тохиролцолгүй Бурханд улам түшиглэн, хүчирхэгжив. Тэдгээр нь махан биеийг хөнөөх хүмүүсээс бус сүнсийг ч хөнөөж чадах эрх мэдэлтэй Бурханаас эмээн хүндэтгэж байсан. Тиймээс итгэлээр сүнсний тэмцлийг хийж байсан. Тэдний нэг жишээ бол МЭӨ 166 оны Маккабийн бослого юм. Иуда Маккабийн гэр бүл болон итгэл үнэмшлээ хамгаалахын төлөө тэмцэгч хэсэг хүмүүсийг Бурхан тухайн цаг үед босгосон. Тэд итгэл үнэмшлээ хамгаалан босч тэмцэж байсан. Маккабийн дайн хэмээн нэрлэгдсэн энэхүү бослого нь эцэстээ иудейчүүдэд эрх чөлөөг авчирч, Иерусалимын уналтаас хойш анх удаа Иудей хэмээх үндэстэнг бий болгосон байна. Энэ үеэс шашны бүлэглэлүүд байгуулагдаж эхэлсэн. Тухайлбал бидний сайн мэдэх фарисай, садукай, эссэни зэрэг юм. Энэ мэт харанхуй цаг үед Библид бичигдсэн итгэлийн баатрууд шиг агуу итгэлтэй хүмүүс байсан юм. Тэд амь насаараа дэнчин тавьж, ард түмэнд Бурханы үгийг заан, итгэл найдварыг суулган, олныг ЭЗЭН уруу эргүүлсэн. Хавчлагын цаг үед бодит байдалтай тохиолцох нь ухаалаг санагдсан ч тэд тохиролцоогүй. Түнэр харанхуй мэт зовлон хавчлагын цаг үед тэд Бурханы үгээр хүмүүсийг зааварлаж, үнэний үгийг өндөрт өргөсөн. Энэхүү цаг үед Хуучин гэрээ еврей хэлнээс грек хэл дээр орчуулагдаж үгийн үйчлэл ч зогсоогүй. Жинхэнэ хэрсүү ухаантай хүн нь ямар ч цаг үед Бурханы талд бат зогсож, Бурханы үгийг заадаг итгэмжит хүн юм. 36-45-р эшлэлийг харвал антихристийн онцлогийн тухай хэлж байна. Ямар ч хүнд Бурханаас эмээн хүндэтгэх зүрх сэтгэл байдаг. Учир нь хүн Бурханыг алдаршуулах гэж бүтээгдсэн учраас юм. Харин антихристэд Бурханаас эмээх айдас байхгүй. Тэд хүссэнээ хийж, бүхнээс илүү өөрсдийгөө өргөмжилж, Бурханыг доромжлон ярьдаг. Тэд заль мэхээр хүмүүсийг удирдаж, эд баялагаар хөдөлгөдөг. Бүх дэлхийг эзэлж, өөрийн ноёрхолыг тогтоохыг хүсдэг. Алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр Сатанд мөргөдөг. Антихрист өөрт нь тал засагч буюу итгэлээсээ урвагч нарт эрх мэдэл ба хувь өгнө. Гэхдээ хорон муу нэгэн нь хичнээн бардам байсан ч, хязгааргүй эрх мэдлээр Бурханы ард түмнийг хавчиж, зовоосон ч Бурханы тогтоосон цагт дуусгавар болж, төгсгөл нь ирнэ. Тэд өөрсдийн бузар булай үйлийнхээ дагуу шүүгдэх болно (45б).Түүхээс харвал антихристийг төлөөлсөн олон хүмүүс байдаг. Өнөөдрийн бидний суралцсан Антиохус Епифанес, Иерусалимыг МЭ70 онд нураан сүйтгэсэн Ромын жанжин Тит, МЭ 7-р зуунаас одоог хүртэл Иерусалим сүмийг мэдэлдээ байлгаж байгаа ислам шашныхан, Абольф Гитлер, Иосеф Виссарионович Сталин,террорист бүлгийн толгойлогч … зэрэг олон төлөөлөгчид байна. Хэдийгээр эдгээр хүмүүс гаднаас нь харвал жирийн хүмүүс боловч тэдний цаана антихрист ажиллаж, тэднээр Бурханы эсрэг ажил хийлгэсэн. Өнөө цагт ч биднийг эсэргүүцэж, хавчиж, зовоох антихристүүд олноороо байгаа бөгөөд дахин гарч ирэх болно. Харин бид тэдний эсрэг бат итгэлээ сахин хамгаалснаар ялалтын амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа энэ бүхэн бидний итгэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд гэдгийг ухаарч, хэрсүү ухаантай байж чадахыг гуйж байна. 3. Төгсгөлийн цаг үе (12-р бүлэг)Даниел номын сүүлийн 12-р бүлэг нь хожим дэлхийн төгсгөлд болох зүйлсийг хэлж байна. 12:1-р эшлэлийг үзээрэй. “Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.”Энд хэлж буй “Тэр үе” гэдэг нь их зовлонгийн үеийн тухай юм. Өөрөөр хэлбэл Христ ирэхийн өмнөх ариун хүмүүст ирэх зовлонгийн цаг үе юм. Энэ үед итгэгчид антихристэд ихээр хавчигдан, зовж туйлдана. Гэхдээ энэ үед Бурханы хөвгүүдийг хамгаалахаар агуу Жонон Михаел босно. Төсөөлшгүй хүнд зовлон ирэх боловч амийн номд бичигдсэн хүмүүс нь аврагдана. Тэгвэл ямар хүмүүсийн нэр амийн номонд бичигддэг вэ? Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, гэмшсэн бүх хүний нэр амийн номонд бичигдсэн юм. Таны нэр амийн номонд бичигдсэн гэдэгт итгэж байна уу? Тиймээс бид бүгд мөнхийн улсад орох эрхтэй болсон. Илчлэл 20:15-д “Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.” Амийн номонд нэр нь бичигдсэн хүн мөнхийн улсад орох бөгөөд эс бөгөөс галт нуурт хаягдаж, мөнхийн шийтгэлийг авах болно. Тиймээс бидний хамгийн их баярлах ёстой зүйл нь амийн номонд нэр минь бичигдсэн гэдэг зүйл бөгөөд айх ёстой зүйл нь шүүлтийн өмнө зогсож, тамд унахаас айх юм. Матай 10:28-д “Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.” Хэрэв бид энэ эшлэлийг санаж амьдарвал ямар ч зовлон тулгарсан даван туулж чадна. 12:2-р эшлэлд хэлж байгаачлан их хавчлагийн цаг дуусч, эцсийн шүүлтийн цаг болоход бүх үхэгсэд амилж, Бурханы шүүхийн өмнө зогсох болно. Тэр үед цэвэр итгэлээ сахиж эцсээ хүртэл тэвчсэн хүмүүс нь мөнхийн амийг авч, Есүст итгээгүй хүмүүс нь мөнхийн шийтгэлд унах болно. Одоо бүгдээрээ 3-р эшлэлийг уншицгаая. “Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно” Энд хэлж буй хэрсүү ухаантнууд гэдэг нь Ариун Сүнсээр удирдуулан амьдарч, эцэс хүртэл итгэлээ сахиж буй хүн юм. Харин олныг зөвт байдалд авчрагчид бол Бурханы үг ба Есүс Христийн сайнмэдээг тунхаглан төөрсөн сүнснүүдийг авралд авчрагчид юм. Тэнгэрийн мандлын гялбаа шиг, од мэт туяарахын тулд олны танил болж, нэр алдараа цуурайтуулж, хүндэтгэл магтаалыг аваарай гэсэн үг биш. Шөнө болоход дэлхий дээр хүйтэрч, харанхуй нөмөрсөн ч үүр цайхад харанхуй арилж, нарны дулаан илч дэлхийг ээдэг. Үүнчлэн хавчлага ба их зовлонгийн үеийг даван туулсан хүмүүс нь буюу итгэлээ сахисан хүмүүс нь тэнгэрийн мандлын гялбаа мэт энэ дэлхийг гэрэлтүүлэн туяарна. Мөн олныг зөвт байдалд авчрагчид ч гэсэн од мэт туяарна. Эцсийн цаг үед амьдарч буй бид ч гэсэн туяаран гэрэлтэх ёстой. Өөрсдийн амьдрал ба үйлсээрээ, үг яриа ба зан байдлаараа, хийж буй бүх л зүйлсээрээ үлгэрлэн туяарах хэрэгтэй. Есүс Христ уруу олон оюутныг авчрахын тулд залбирч, сайнмэдээг тунхаглан, Библийг заах хэрэгтэй. Ийнхүү гэмийн харанхуй дэлхийг гэрэлтүүлэгч од ба тэнгэрийн гялбаа мэт амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Өнөөдрийн үгээр дамжуулан Бурхан бол дэлхийн түүхийг удирдагч гэдгийг суралцлаа. Даниелаар дамжуулан бичигдсэн энэхүү эш үзүүллэгийн үгс нь биелэлээ олсон бөгөөд эцсийн шүүлтийн талаарх зөгнөл л биелээгүй байна. Энэ цагт Бурхан бидний амьдрал ба түүхийг удирдан, итгэгч биднийг хамгаалан тусалсаар байгаад талархаж байна. Энэхүү үнэнийг санан хүсэл найдвартай амьдарцгаая. 13-р эшлэлд “Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно.” гэсэн. Энд биднийг эцэс хүртэл итгэлээ сахиж, Бурханыг даган амьдрах тухай хэлж байна. Бид нар ямар замаар явж байгаадаа анхаарахаас илүүтэй хийж байгаа ажилдаа, олж байгаа мөнгөндөө, хүрч болох амжилт зэрэг өөр зүйлсэд хэт анхаарал хандуулан ямар замаар явж байгаагаа анзаардаггүй. Бидний явах зам бол нарийн бөгөөд амь ба ивээлийн зам юм. Нарийн замаар явахад хачлага зовлон, асуудал бэрхшээл, эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарах нь зайлшгүй. Тиймээс үүнд бэлтгэлтэй байж, Бурханы бидэнд бэлтгэсэн ивээлийг эдлэхийн тулд энэхүү замаар олныг дагуулан явдаг хүмүүс болохыг гуйж байна. Амен!