Хэдийгээр тэгэхгүй байсан ч
Даниел 3:1-30
Гол эшлэл 3:17,18
“Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. Хэдийгээр ч тэгэхгүй байсан ч өө хаантан бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй” гэв
Бид өмнөх бүлгээр агуу хаанчлалыг байгуулсан Небухаднезар хааныг түгшээсэн нэгэн зүүдний талаар суралцсан билээ. Тэрхүү зүүд бүх дэлхийг өөрийн эрхшээлд оруулсан Небухаднезар хаанд Бурханы Өөрийгөө илэрхийлэх эхлэл байсан. Бурхан Небухаднезар хаанд сайнмэдээ хүргэхийг хүсчээ. Тиймээс Бурхан дагалдагч нараа энэхүү авралын ажилд хэрэглэж байна. Шадрах, Мешах, Абеднего нарын итгэлийн шийдвэр Бурханыг гайхалтайгаар гэрчилж чадсан. Бурханы ариун мутрыг хөдөлгөн түүний агуу байдлыг бусдад харуулахад бидэнд итгэлийн шийдвэр хэрэгтэй. Тиймээс итгэлээр тууштай тэмцсэнээр Бурханыг гэрчилдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. 1. Алтан хөрөгт мөргөөгүй Шадрах, Мешах, Абеднего.1-р эшлэлийг хараарай “Небухаднезар хаан алтан хөөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь 60-н тохой өргөн нь 6-н тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгожээ”. Алтан хөшөөний өндөр 27-30м, өргөн 2,7-3м байв. Небухаднезар хаан өөрийн дүр төрхөөр алтан бурхан бүтээсний дараа эргэн тойрны хот болоод овог аймгуудад харуулах зорилгоор Дурагийн тал газар байршуулжээ. Тухайн үед тэрхүү хөшөөг халхлах өндөр байшин барилга байхгүй байлаа. Тиймээс хэн ч хаанаас харсан Небухаднезар хааны дүр бүхийалтан хөшөөг олж харах байв. Сэтгэлийг түгшээсэн зүүдний тайлалд өөрийнх нь хаанчлалыг алтан цээж хэмээн Даниел тайлбарлан хэлж өгсөн.Тиймээс тэрхүү үйл явдлаас хойш 16 жилийн дараа өөрийнхөө хаанчлалыг мөнхөд тогтно хэмээн бэлэгшээн алтан хөргийг бүтээсэн нь энэ байлаа. Харин энэхүү хөрөгт бүх ард түмэн бөхийж хүндэтгэл үзүүлэхёслол тун удахгүй болох байв. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцох үүрэг даалгавар мужийн захирагч, харгалзагч ноён,засаг ноён, улсын шүүгч, жасын нярав,хуулийн зөвлөх, хууль сахиулагчид буюу бүх мужийн түшмэдэд өгөгдсөн байлаа.4,5,6-р эшлэлийг хараарай. -Тунхаглагч чанга хашхиран -Ард түмэн, үндэстэн,хэлтнүүдээ та нарт тушаал өгөгдсөн билээ. Та нар бүрээ, лимбэ,ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүхий л хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ харан Небухаднезар хааны алтан хөрөгт мөргөгтүн. Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно гэв. Ийнхүү хэдэн зуун мянган хөгжимчдийн аялгуу Дурагийн талыг сэрээн уянгалсан юм. Ингэснээр ард түмэн, үндэстэн, хэлтнүүд нэгэн зэрэг бөхийн алтан хөрөгт мөргөцгөөв. Харин Шадрах, Мешах, Абеднего нар хөрөгт мөргөсөнгүй. Энэ байдлыг харсан халдейчууд “вавилончууд” тэднийг үтэр түргэн хөрөгт мөргөхийг шаардсан. Бас хааны зарлигийг эс гүйцэлдүүлбэл энэ талаар хаанд мэдүүлэхээ хэлсэн. Гэвч сүрдүүлэг болоод шаардлагыг тэд биелүүлсэнгүй. Тэд хөрөгт мөргөхгүй бол галтай зууханд хаягдана гэдгээ сайн мэдэж байсан. Тэдэнд Харвардын боловсролыг олгосон хааны зарлигийг дагах хэрэгтэй гэдгээ тэд мэдэж байсан. Тэдэнд хамгийн өндөр хэргэм зэрэг хайрлаж, өөрсдийн ард түмнийг захирах эрх мэдэл хайрласан нь Небухаднезар хаан байсан. Үнс нурам дунд олзлогдон ирсэн амьдрал нь хамгийн сайхан орд харшид амьдрах боломжоор солигдсон. Энэ ч бас хааны хайр энэрэл байлаа. Ийм байхад тэд хүний хамгийн сайн мөс чанараар бодоход ч хөрөгт мөргөх нь хааныг үнэхээр хайрлаж, дагадаг гэдгээ харуулах хэлбэр байв. Тэд чимээгүйхнээр мөргөхөд хэн ч харахгүй байлаа. Хэнч тэднийг Бурхандаа үнэнч байсангүй гэж шүүхгүй байсан. Тэд Бурханд үнэнч байгаагүйн төлөө хэнч Небухаднезар хаанд мэдээлж ял асуухгүй байсан. Гэвч тэд харагдахгүй Бурханд үнэнч байж чадсан. Тэд Бурханыг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрласан. Тэд өнөөдөр шударга бусыг үйлдээд маргааш гэмшчихнэ гэж амьдраагүй. Тэд хэн нэгнийг хатуу ширүүн үгээр шүүж гомдоогоогүй. Өөрсдөө дагаж биелүүлдэггүй ариун бус байдлаа бусдыг дагаж мөрд гэж шаардаагүй. Шашинлаг өндөр шалгуурыг хэнд ч тулгаагүй. Хэнийг ямар зовлон, сорилт туулж байгааг ойлгож ухаараагүй атлаа ойлгосон мэт дүр эсгээгүй. Бусдын амьдралд өөрийн бодлоороо хүндэтгэлгүй хандаагүй. Харин Тэд Бурханыг хайрлан бусдад хүндэтгэлтэй хандсан. Тэд бусдыг хайрлахын тулд хичээсэн. Бусдын зовлонгийн төлөө, өөрсдийн ард түмний төлөө хичээнгүйлэн залбирсан. Тэд шударга ёс, итгэлийн хамгийн сайн мөс чанарын төлөө тэмцсэн. Тэд хамгийн сайнаар хичээнгүйлэн ажилласан. Ажлаа ч Бурханы алдрын төлөө хичээнгүйлэн хийсэн. Тэдэнд ямар ч хоёр нүүр байсангүй. Тиймээс тэд одоо Бурханы шударга үнэний төлөө нүүр бардам зогсож байна. Бурханы үгийн дагуу хаана ч, хэзээ ч амьдарч чадсан. Тэдэнд ямар ч буруу хандлага, гэмийн далд амьдрал байгаагүй. Тиймээс тэд одоо нүүр бардам итгэлээ хамгаалан зогсож байна. Шинэ гэрээнд Есүсийг цөлд мацаг барьж үйлчлэлээ эхлэхэд дээрхтэй ижил үйл явдал тохиолдсон байдаг. Матай 5:7,8,9 “Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг үзүүлээд –Хэрэв чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд-Есүс Зайл, Сатанаа Бурхан Эзэндээ чи мөргөж зөвхөн Түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэлээ. Даниелийн 3 найзыг сорьсон диавол Есүсийг бас сорьжээ. Тэднийг хуурамч шүтээн болсон эрх мэдэлд дурлуулах эсвэл тэднээр далайлган өөртөө бөхийлгөх байлаа. Гэвч тэдний хэн нь ч диаволд бөхийсөнгүй. Бидэнд ирээдүйд юу ч тохиолдохыг хэн ч үл мэднэ. Бурхан биднийг хэрхэн өргөмжилж ямар байр суурь эрх мэдэлд хүргэхийг хэн ч таашгүй. Гэлээ ч бид Бурханы ивээлийг санан түүнд хайрлах хайраар шударгаар итгэлээр тэмцсээр байх хэрэгтэй. Нийгмийн ямар нэгэн хэлбэрт баригдан өөрийн шуналын төлөө шударга бусыг үйлдэж болохгүй.Диавол хиймэл шүтээнүүдийн өнгө,хэлбэр, харагдах байдлыг өөрчилсөн. Тэднийг нийгмийн байх хэм хэмжээ мэт харагдуулан бидний итгэлийг булингартуулж байна. Тиймээс Бурханыг бүх зүрх, бүх сэтгэл,бүх хүч чадлаараа хайрладаг хүмүүс болцгооё.2. Галтай зууханд хаягдсан Шадрах, Мешах, АбеднегоЭрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухаанаар ерөөгдсөн тэд бусад түшмэдээс онцгой байлаа. Ийм тэдэнд атаархаж явдаг халдейчуудад тэднийг хөнөөх сайхан завшаан гарч ирэв. Тэд алтан хөрөгт мөргөөгүй үйл явдлыг хаанд мэдүүллээ. Одоо бүгдээрээ 12,13-р эшлэлүүдийг хараарай. Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абеднего зэрэг зарим иудейчүүд бий. Өө хаантан, энэ эрчүүд танд анхаарал хандуулахгүй байна. Мөн бурхдад тань эс үйлчлэн, таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй байна гэв”Тэгэхэд цухалдан хилэгнэсэн Небудхаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв. Тэд алтан хөрөгт мөргөөгүй нь хааны урмыг хугалсан нь мэдээж байлаа. Хаан итгэл хүлээлгэналь нэг мужийг захируулахаар томилсон биш. Харин Вавилон мужийг захируулахаар томилсон маш том итгэл хүлээлгэсэн хэрэг байв. Иймд түүний тушаалыг дагаагүйг сонссон хаан маш ихээр хилэгнэжээ. Энгийн нэгэн компанид ч удирдлагынхаа гаргасан тушаалыг зөрчсөн бол ажлаас халагдах эсвэл сахилгын арга хэмжээ авахуулдаг. Харин тэд хааны тушаалыг зөрчсөн. Тэд галтай зууханд хаягдах шийтгэлийг хүртэхл сонголттой тулгарсан. Тиймээс хаан өөрийн биеэр байцаалт явуулсан. 14-р эшлэлийг хараарай. “Небухаднезар тэдэнд- Шадрах, Мешах, Абеднего нараа та нар бурхдад минь үйлчилдэггүй, мөргөөгүй нь үнэн үү? Та нар одоо бүрээ лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд даруй хаягдах болно. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэнсэн билээ гэв. Хааны царайг харахдаа тэдэнд үзүүлсэн хайр ивээлийг санан гаргасан шийдвэрээсээ буцаж болох байлаа. Гэсэн ч тэд хаанаас эмээсэнгүй. Тэдний хариулт юу байв? Одоо бүгдээрээ хамтдаа 16,17,18 эшлэлүүдийг үзэцгээе. Шадрах, Мешах, Абеднего нар хаанд хариулан,—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. 17 Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. 18 Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.Тэд Бурханы төлөөх гаргасан итгэлийн шийдвэртээ үнэнч хэвээр үлдлээ. Тэд галтай зууханд хаягдахаас айсангүй. Тэд амьд үлдээхийг ч амь тавин гуйсангүй. Бурханаас эмээхийг бүхнээс илүүд үзжээ. Тэднээс бид юу сурч болох вэ? 1-рт: Бурханы тэдэнд харуулсан гайхамшгуудыг хэзээ ч мартаагүй.–Израильчууд Бурханд сонгогдсон ард түмэн гэдгээрээ бахархдаг байсан. Египетийн боолчлолоос чөлөөлөн улаан тэнгисийг хуваан Канаан газар руу удирдсан түүхийг тэд үе уламжлан ярьж байлаа. Үүнээс олон гайхамшгуудыг Израильд үйлдэж байсныг өвөөгөөсөө, ааваасаа сонсож өссөн. Гэхдээ тэд одоо харийн нутагт боол болсон. Энэ бол нэг талаараа гутамшиг ба Бурханд гомдох хамгийн том шалтгаан болж болох байлаа. Израильчуудын хатуурсан гэмшдэггүй зүрх, хорон муу замуудаас болж энэ бүхэн тохиолдож байгааг ухаарч байлаа. Шадрах, Мешах, Абеднего нар Бурхантай хувьчилсан хамгийн нандин харилцаатай байсан. Бурхан Тэдний залбирлаараа үхсэн нэгнийг амилуулж, бузар сүнсийг зайлуулж, эдгэшгүй өвчнүүдийг эдгээж байсан. ТэдБурханы хуулийг бусдад заахад алдагдсан сүнснүүд жинхэнэ баяр хөөрөөр дүүрэн болж байгааг харж байлаа. Тэд хаана ч явсан гэсэн найзтайгаа ярьж байгаа мэт Бурхантай ярилцаж байв. Бурхан тэдний анд нөхөр, хамгаас хайртай Аав, дотны туслагч нь байсан. Бурхан болоод тэдний нөхөрлөлд зүү орох ч зай байсангүй ээ. Тиймээс тэд одоо үүсэж байгаа нөхцөл байдал дунд Бурханд найдсан хэвээрээ л байна. Тиймээс хааны хилэгнэл болоод галтай зууханд хаягдах нь тэдэнд нээх асуудал биш байлаа. Тэд хүнд таалагдахаас илүүтэйгээр Бурханд тааруулж амьдарсан юм. 2-рт Бурхан аврахгүй байсан ч –Хүмүүс бид бодитоор харагдах эд баялаг, нэр хүнд, сайхан орд харш, үнэтэй тансаг машин хүсдэг. Тэдгээрийг олж авахын төлөө амьдардаг. Энэ дэлхийд амьдрах хугацаандаа сайхан амьдарч байвал үхсэний дараа хаана ч очих нь хамаагүй гэсэн хандлагатай амьдардаг. Тиймээс ямар нэгэн залбиралд хариу өгөөгүй бол Бурханд гомдоллодог. Түүнчлэн өнгөрсөнд өөрийнхөө хийсэн зүйлсийг Бурханд сануулан гомдоллодог. Хэн нэгэн хайртай хүнийг минь хүнд өвчнөөр авч явахад, хийхээр төлөвлөж байсан ажил маань бүтэлгүйтэхэд, хүссэн ажилдаа ороогүй бол, хайртай хэн нэгнийг нь эхнэр эсвэл нөхөр болгон өгөөгүй бол. Бид гомдол тээн амьдардаг. Тэгээд гомдолтойгоор шүд зуун итгэлийн замаар алхдаг. Үлгэн салган ч гэсэн Бурханы алдрын төлөө гээд оюутнуудтай библийн хичээл хийн, сайнмэдээг дамжуулан амьдардаг. Гэвч сэтгэл зүрхэнд маань Бурханы огт хариугаа өгөөгүй гуйлтууд байгаа. Үүний зэрэгцээ нөгөө л гомдлууд зэрэгцэн оршсоор. Хэсэг хугацааны дараа гомдлууд Бурхан ер нь байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Ингээд шүд зуун тэсэхээ зогсоон 2 жил, магадгүй 20 жилийн дараа итгэлийн замыг орхиход хүрдэг. Харин 1Тесалоник 5:17,18Үргэлж баяртай бай.Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. Бурханы төлөвлөгөө миний санаа, зорилгоос өөр байх нь олонтоо. Тэр бирд биш учраас огт хариулахгүй байх эсвэл эсрэгээр хариулах тохиолдол зөндөө. Бурхан бидэнгүйгээр Бурхан хэвээрээ л байх болно. Харин бид Бурхангүйгээр хэн ч биш. Тиймээс Бурхан аврахгүй байсан ч, гуйлтанд хариулахгүй байсан ч, хүссэнээр минь үйлдээгүй байсан ч итгэлийн замаа үргэлжлүүлсээр байцгаая. Бурхан бидэнд хамгаас их хайртай. Тэр хамгийн сайныг өгдөг. 3-рт Бурхан итгэлийн шийдвэрийг өөрийн цагтаа сайнаар хариулдаг-Хааны зарлиг, заналхийлэл биеллээ олж бүх ард түмний нүдэн дээр тэд галтай зуух руу хаягдлаа.Тэдний хэн нь ч эцсийн цагт амь гуйн дуугарсангүй. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нэгэн гайхамшиг болсон. 26-р эшлэлийг хараарай “Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод,—Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв. 27 Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. Гурван найз итгэлийнхээ үр жимсийг харж чадсан. Тэд галтай зууханд орсон ч огт шатаагүй. Харин Бурханыг ч басамжлан зогссон хааны амнаар Хамгийн дээдийн Бурхан хэмээн магтаал хүндэтгэлийг өргүүлсэн юм. Бид ч гэсэн өөрийн ямар нэгэн хүслээ Бурханаар биелүүлэхийн төлөө тулгадаг, гомдоллодог биш, Бурханы ариун мутрыг хөдөлгөдөг итгэлийн баатрууд болохыг хүсэн ерөөж байна. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Одоогоор Бурхан Таны гуйлтанд хариулаагүй байсаар байна уу? Тэгвэл Бурхан Өөрийн цагтаа заавал хариулна. Харин бидний итгэл Бурхан аврахгүй байсан ч, хариулахгүй байсан ч Түүний төгс хүсэл бидний амьдралд биелэгдэнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Бурханы хүсэл тэнгэрт шигээ газарт бас биелэгдэх болтугай.