Төгс хүн
Иаков 3:1-12
Гол эшлэл 3:2
“Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.”
Иаков номны гол сэдэв нь мэргэн ухаан юм. Яг л Хуучин гэрээний Сургаалт үгс ном шиг гэсэн үг. Мэдээж бусад бүлгүүдийг нь харвал мэргэн ухааны талаар тодорхой заасан байгаа.
Өнөөдөр бид төлөвшилтийн 4-р номлол сонсох гэж байна. Төлөвшсөн хүн байхын тулд хэдэн зүйл дээр өсөж хөгжсөн байх хэрэгтэй талаар бид энэ 8 сард сурч байна. Тэдний нэг нь хэл яриа юм.
Хэлний тухай олж авсан хэдхэн баримтаасаа та нартай хуваалцъя.
Хурууны хээ дахин давтагддаггүйтэй адил хүний хэлний хээ ч бас дахин давтагддаггүй.
Хамгийн хүчтэй булчин бол таны хэл.
Халимны хэл нь л гэхэд нэг заантай тэнцэхүйц жинтэй байдаг.
Эрэгтэй хүний хэлний дундаж жин 70 гр, эмэгтэйгийнх 60 гр. Урт нь эрэгтэйгийн 8,5 см, эмэгтэйгийнх 7,9 см. Ямартаа ч хэл бол биеийн өчүүхэн жижиг эрхтэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх аа.
Тэгвэл өнөөдрийн үгэн дээр Иаков бидэнд хэлний тухай юуг анхааруулахыг хүсэж байна вэ?
1-рт, багш болохыг хүн бүр эрмэлзэж хэрэггүй гэж байна. (1) Олон хүн тухайн үед багш болохыг ихэд хичээдэг байж. Яагаад гэвэл олны дунд хүндтэй, хэлсэн үг нь нөлөөтэй, мөн байр суурь нь ч өндөр. Хэдийгээр тийм боловч тэд бусад хүмүүсээс илүү хариуцлагатай байх шаардлагатай.Тийм учраас үлэмж хүнд шүүлтэд орно гэж сануулж байна.
Багш болно гэдэг нь биднийхээр хоньчин болж байгааг хэлж байна. Хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг хариуцна, тэдний өмнө ёсзүй болон өөр хариуцлага хүлээнэ. Мэдээж тэдний өмнө хоёр нүүр гаргаж амьдарна гэсэн үг биш боловч багачуудыг бүдрүүлсэн нэгэн нь тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр гэдэг Есүсийн сануулгыг бас санах ёстой болно. Мэдээж энд Эзэнээс өгөгдсөн дуудлага маш чухал байдаг. Тийм учир хоньчин болно гэдэг хүссэн хүний, эсвэл хиймээр санагдсан үүрэг алба биш. Харин Бурхан таныг энэ цаг үеийн оюутан залуусын хоньчин болгохоор дуудсан бол та дуулгавартай дагаж байгаа хэлбэр. Зөвхөн Библийн хичээл хэн нэгэнтэй хийгээд зогсохгүй бас үлгэрлэх хэрэгтэй, шаардлагатай нөхцөлд Бурханы үгэн дотор сахилгажуулан, дасгалжуулах хэрэгтэй. Өөрөө ч бас байнга өсөж хөгжих гэж тэмүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл багш хүн өөрөө хөгжихгүй бол бусдыг дагуулахад үнэхээр бэрхшээлтэй. Тиймээс хэл яриан дээрээ төдийгүй чадвар мэдлэгээ байнга update хийж байх хэрэгтэй болж байна.
2-рт, бид олон зүйл дээр бүдэрдэг ч үгэн дээрээ бүдэрдэггүй нь төгс хүн. 2-р эшлэлийг үзээрэй. “Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.” Төгс хүн гэж энэ дэлхийд байхгүй, гэхдээ төгс хүн болох арга замыг Иаков бидэнд зааж байна. Хүн олон зүйл дээр бүдэрдэггүй гэж үү? Та хараа, сонсгол, гар хөлөөрөө гэмд уруу татагдан бүдэрдэг байж болно. Сэтгэл зүрхээрээ ч бүдэрдэг байх. Харин үгэн дээрээ бүдэрдэггүй хүн нь төгс гэж хэлж байна. Хам сэдвийг нь харвал энэ нь багш нарт хандан хэлж байгаа боловч бас жирийн итгэгчдэд ч хандан хэлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүн үгэн дээрээ хамгийн их бүдэрдэг. Агт алдвал барьж болно, ам алдвал барьж болохгүй гэж зүйр үг ч бий. Тийм учраас заримдаа халамцуу, согтуу үедээ янз бүрийн үг алдсан хүмүүс бишгүй бий. Сэтгэл хөдлөлдөө автсанаас болж хэлэх хэлэхгүй үгийг, бусдыг шархлуулах, гомдоох үгийг хэлсэн тохиолдол ч бий. Нэгэнт ам алдвал алдсан үгээ яаж барих вэ? Тэр үгнүүдийг барих, буцаах ямар ч боломжгүй.
Хэлийг Иаков морь болон усан онгоцтой зүйрлэж, цаашид анхааралтай байхыг сануулж байна. Морь л гэхэд хазаараар хөтлөгддөг. Том биетэй, хүчтэй атлаа нуруун дээр нь мордож, хазаар эзэмшсэн нь түүнийг хаа хүрэх, яаж явахыг шийддэг.
Зөвхөн усан онгоц төдийгүй өнөөгийн бүх л тээврийн хэрэгслийг жижигхэн рүл буюу жолоодлогоор жолоодож хаа хүссэн газартаа хүрч байна. Усан онгоцыг залуурдахын тулд залуурч нь жолоон дээр суух хэрэгтэй болно. Гэхдээ залуурч жолоодоход усан онгоцын залуур хаа хүрэхийг шийддэг. Энэ хоёр зүйрлэлээс харвал хэл бол бидний залуур юм. Бидний амьдралын залуур гэж хэлэхэд болно. Тиймээс үг хэлэн дээрээ бид маш болгоомжтой байх хэрэгтэй. Зарим нэг нь бодож болох юм, би хэлгүй болчихвол амар юм биш үү гэж. Манай ажил хэлгүй, дүлий хүмүүст зориулан яг одоо бидний үзэж буй Иаков номыг дохиогоор хийж байгаа. Сонирхуулаад 1-р бүлгийн хэсгээс үзүүлье. Хэлгүй хүмүүс хэлэн дээрээ алдахгүй гэж андуурч болохгүй, тэд өөрсдийн гэсэн хэлтэй, өөрсдийн гэсэн харилцах арга барилтай. Тиймээс хэн ч гэсэн хэлэн дээрээ буюу харилцаан дээрээ алдаа гаргах боломжтой гэсэн үг. Гэхдээ морийг амгайвчаар, усан онгоцыг залуураар жолоодож болдогчлон бид ч бас хэлээ захирч, үг хэлэн дээрээ алдахгүй байх боломжтой. Энэ бол боломжгүй зүйл огтхон ч биш. Та өөрийн хэлээ захирах бүрэн боломжтой. Гэхдээ захирч байна гээд юу ч дуугарахгүй, юу ч ярихгүй гэсэн үг огт биш. Эсвэл хэвийн хэмжээнээсээ бага ярина ч гэсэн үг биш. Харин хэлэх үгэн дээрээ илүү хянамгай байна гэсэн үг юм. Хянамгай байснаараа алдах зүйл огтхон ч үгүй, харин ч олох зүйл ихтэй.
Одоо 5-р эшлэлийг үзээрэй. “Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ.”Үгэн дээрээ алдахгүй байхыг Иаков гал түймэртэй зүйрлэн хатуу сануулж байна.Гал түймрийг нэг л алдвал ойр хавийн бүх зүйлээ залгиж байж л санаа амардаг. Гал түймрийг зогсоохгүй бол хохирол амсаад үлдэхээс өөр аргагүй болно.
Хэл яриа, ялангуяа хов жив, элдэв цуурхал яг үүнтэй адил байдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй, бусдыг гүтгэсэн, доромжилсон, бусдын нэр хүндэд халдсан ямар нэг яриа яг л гал түймэртэй адилхан. Бүх хүнд тэр даруй хүрдэг, бүх хүний оюун ухаан, бодол санааг ч өөрчлөх агуу чадвартай. Хэл яриандаа анхаарахгүй бол та хаана ч түймэр тавиад явах боломжтой, бүр хэзээ хаана түймэр тавьснаа ч мэдэхгүй явах үе байна. Түймэр асар их хохирол учруулдаг шиг таны хэрэггүй яриа, худал цуурхал ч гэсэн үнэхээр их хохирол, хор хөнөөл учруулах чадвартай. Тамхи, архи болон өөр бусад донтолтуудын хор хөнөөлийн талаар бид наснаасаа их сонсож, бас багагүй их мэдээлэл авцгаадаг. Тэгвэл бид хэлний учруулдаг хор хохирлыг хэмжихийн аргагүй. Тийм учраас таны хэл ярианд эдгэрэл хэрэгтэй байгаа эсэхийг шалгаарай, таны хэл яриа засагдах ёстой үгүйг та нягтлан үзээрэй. Гэхдээ дээр хэлсэнчлэн тэр нь бага яриарай, эсвэл ярих хэмжээгээ багасгаарай, дуугүй болоорой гэсэн үг огтхон ч биш. Харин ч сайн сайхан үгийг амнаасаа гаргах гэж хичээх хэрэгтэй. Бусдыг урамшуулсан, дэмжсэн, бусдыг бас сахилгажуулсан, зөвийг тунхагласан үгийг амнаасаа гаргах гэж хичээгээрэй гэсэн утгатай. Хэл хэдийгээр хор хохирол ихтэй боловч зөв ашиглаж чадвал бусдыг босгон байгуулах, эдгээх ч хүч чадалтай. Төлөвшил бол хэл яриагаа яаж ашиглах вэ гэсэн хэмжүүр юм. Та буруугаар ашиглаж байвал, та бусдыг унагахаар хэрэглэж байвал хэр зэрэг төлөвшсөн гэсэн үг вэ? Олон хүн төлөвшсөн гэдгийг дуугүй байхыг, даруу байхыг хэлнэ гэж боддог байж магадгүй. Тийм байх боломжтой боловч харин үг хэлээ юунд, хэзээ, хаана, яаж хэрэглэхээ мэддэг хүнийг бас төлөвшсөн хүн гэж хэлнэ.
6-8-р эшлэлүүдийг үзээрэй. “Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн.” Иаков хэлийг үргэлжлүүлэн муулсаар байна. Хэл бол гал гэж хэлээд үргэлжлүүлэн хэлийг зүй бусын ертөнц ажээ гэсэн.Далд байгаа хэрнээ, бас жижиг хэрнээ яахаараа зүй бусын ертөнц болчихдог билээ? Матай 15:18-д “Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг” гэжээ.Эхлээд хэл яриагаараа хүн өөрөө бузарлагддаг, тэр нь мэдээж дотор нь буй зүрхний бодлууд, гүтгэлэг, худал хуурмаг зэргээс үүдэлтэй. Тиймээс таны дотор зүй бусын ертөнц байна уу, эсвэл зүй ёсны ертөнц болгох уу гэдгээ та шийдээрэй.
Хэл бүх биеийг бузарладаг гэсэн. Улмаар бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асдаг. Яасан үнэн бөгөөд шулуухан хэлж байна вэ? Ганц үгнээсээ болоод амиа алдсан хүмүүс олон бий. Зөвхөн өөрийн амьдралаа ч биш гэр бүл, эргэн тойрны хүмүүсээ ч бас галдан шатаалгасан хүмүүс их бий. Эмгэнэлтэй нэгэн түүх Тооллого номонд буй. Кора болон Левийн хэсэг хөвгүүд Мосе, Аарон нарыг буруутгасан. Тэр буруутгал нь өөрсдийнх нь төдийгүй хамт байсан бүхнийх нь амийг авч одсон байдаг.
Хэл нь номхруулагдашгүй догшин эд гэж байна. Та санал нэг байна уу? Танд захирагдаж байна уу?Хүн үг хэлээ захирч чадахгүйгээс маш олон асуудал үүсдэг ба үүсгэдэг.Хэлээ захирахыг хүн бүр оролдож үзсэн байх. Гэвч бүтэлгүйтсэн гэж бодож байна.
Тэгвэл бидэнд нэгэн сайхан мэдээ байна. Бидний Эзэн Есүс загалмай дээр бидний төлөө үхсэн, тэгээд амилсан. Улмаар Ариун Сүнсийг бидэнд илгээсэн билээ. Бид Ариун Сүнсээр удирдуулбал хэлээ захирч чадна. Ариун Сүнсэнд найдаж, Түүнээс тусламж гуйвал Тэр бидний бузар муу яриаг эдгээж, харин бидний аманд Өөрийн үгээ оруулах болно.Тиймээс Ариун Сүнсээр удирдуулаарай. Түүнд амьдралаа даатгаарай. Тэр үед таны хэл ярианд эдгэрэл ирж, таны амьдрал өөрчлөгдөх болно.