ЗОРИГТОЙ БАЙГТУН!
Үйлс 23:11-35
“Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон -Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.”(11)
Паул иудейчүүдийн зөвлөлөөс Кайсари дахь Ромын захирагч уруу илгээгджээ. Түүнд маш олон аюул тулгарч байсан. Харин Бурхан түүнд хэрхэн тусалсан бэ?
1. Паулыг урамшуулсан Эзэн (11)
Паул дайснуудтайгаа тэмцэлдэж ялалт байгуулсан боловч дотоод сэтгэл нь айдас түгшүүртэй байсан юм шиг байна. Учир нь тэр шөнө Эзэн Паулын дэргэд зогсон “Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм” гэжээ. Эзэн Паулыг тулгарсан хэцүү бэрхшээлээс нь чөлөөлж өгөхөөсөө илүү дайснуудтайгаа идэвхтэй тэмцэлдэж, сайн мэдээг гэрчлэхийг хүсэв. Эзэн сонгосон зарц нартайгаа үргэлж хамт байдаг. Ийм Бурханыг харахад ямар ч хэцүү байдалд орсон ч зоригтой байж чадна.
2. Паулын амийг хамгаалсан Бурхан (12-35)
Иудей хүмүүсийн дунд Паулыг алахын тулд мацаг барьж, сэлмээ ирлэж байгаа хүмүүс дөч гаруй байжээ. Тэдгээр хүмүүс Паулыг хөнөөх төлөвлөгөө зохиож байв. Харин тэдний хуйвалдаан нь биелэгдэхгүй юм. Үүнийг мэдсэн Паулын зээ дүү нь зуутын даргад мэдэгдсэн ба зуутын дарга мянгатын даргад мэдэгджээ. Тиймээс мянгатын даргын хоёр зуун цэрэг, далан морьтон, хоёр зуун жадчин бүгд дөрвөн зуун далан цэргээр Паулыг хамгаалж захирагч Фелик уруу илгээв. Ийнхүү Бурхан Ромын цэргүүдээр дамжуулан Өөрийн сонгосон хүний амийг хамгаалж аюулгүй болгожээ. Үүгээр дамжуулан Паул Ром уруу явах эхний алхмаа хийв.
Залбирал: Эзэн минь ээ! Та сайн мэдээний гэрч нартай хамт байж хамгаалж өгдөгт баярлалаа. Би ямар ч хэцүү байдалд орсон ч Танд итгэж, зоригтойгоор сайн мэдээг дэлгэрүүлнэ.
Нэг үг: “Зоригтой байгтун! Би чамтай хамт байна.”