Өдөр бүрийн хоол /2026.09.26/

АРИУН СҮНСНИЙ ҮЙЛСИЙГ ГЭРЧИЛЖ БУЙ ПЕТР

Үйлс 11:1-18

“Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би хэн гэгч хэн билээ? гэв.”(17)

Харь үндэстэнд сайн мэдээ дэлгэрснийг сонссон зарим хөвч хөндүүлсэн хүмүүс уурлажээ. Тэд Петрийг хөвч хөндүүлээгүй Харь үндэстэнтэй хамт хоол идсэн гэдэг шалтгаанаар ширүүн шүүмжлэв. Тэгэхэд Петр тэдэнд Ариун Сүнсний үйлсийн тухай гэрчлэв.

1. Дэс дарааллаар нь тайлбарласан Петр (4-17)

Петр өөрийг нь шүүмжлэгчидтэй тэмцэлдэх гээгүй. Харин өөрөө яагаад Харь үндэстэнд сайн мэдээг дэлгэрүүлэх болсон тухай болон Бурханы удирдлага, Ариун Сүнсний ажлыг дэс дараагаар нь тайлбарлан өгчээ. Дараа нь “Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би хэн гэгч хэн билээ? гэв.”(17) Ер нь Бурханы ажлыг хийж байхад хоорондоо санал нийлэхгүй үе олон гардаг. Тэр үед зөрүүд зан гаргах юм уу, эсвэл бие биенээ муулвал Бурханы үйлс илрэхгүй болно. Харин Петр шиг төлөв даруугаар Бурханы удирдлага болон Ариун Сүнсний үйлсийг дэс дараатай тайлбарласнаар хамтдаа Бурханы тааллыг олох хэрэгтэй.

2. Бурханыг магтаж буй хөвч хөндүүлсэн Иудей итгэгчид (18)

Петрийн дэлгэрэнгүй тайлбарыг сонссон хөвч хөндүүлсэн хүмүүс буруу ойлгож байснаа мэдээд буруугаа хүлээж “Амь өгөх гэмшлийг Бурхан бас Харь үндэстнүүдэд соёрхжээ” гэцгээв.(18) Тэдгээр хүмүүс анхандаа Петрийг шүүмжилж байсан боловч харин түүний яриаг сонсоод Бурханыг магтацгаав. Тэдэнд Бурханаас эмээн хүндэтгэх итгэл байсан учраас түр зуур буруу ойлголцсон асуудлыг зөвөөр шийдэж чаджээ. Цаашлаад тэд Бурхан бол иудейчүүд төдийгүй хүн төрөлхтөний Бурхан болохыг ухаарчээ.

Залбирал: Эзэн минь ээ! Би бусдад шүүмжлэгдэх үедээ Петр шиг төлөв даруугаар Бурханы удирдлага ба Ариун Сүнсний үйлсийг сайн тайлбарлаж чадахыг гуйж байна. Үл ойлголцох үедээ амархан уурлан бухимддаг чанараа орхиход минь туслаач.

Нэг үг: “Зөрүүд зан гаргалгүйгээр Ариун Сүнсний ажлыг дагана.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.25/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.28/