ҮХЛЭЭС АЙГААГҮЙ СТЕФАНЫ ИТГЭЛ
Үйлс 7:39-60
“Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар -Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашгирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.”(60)
Итгэлээ хамгаалахын тулд цог жавхлантайгаар амь үрэгдсэн анхны хүн бол Стефан юм. Өнөөдөр түүний итгэлээс суралцъя.
1. Стефаны урам зориг (39-53)
Израиль Мосег голсон боловч Бурхан түүнийг босгож, Израилийг аварсан билээ. Израиль Мосег дуулгавартай дагаагүй. Тэд хуучин амьдралаа санан мөрөөдөж, хиймэл бурхан бүтээж, түүнийгээ шүтжээ.(39-41) Ийнхүү тэд дахиад дуганыг Бурхан болгон шүтэж байв. Туйлын Ариун Бурхан нь хүний гараар бүтээсэн бүтээлд оршдоггүй юм.(48-49) Стефан дуганыг шүтээн болгосон тэдний сүнсний мэдлэггүй байдлыг зэмлэв. Өвөг дээдэс шигээ цаг ямагт Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, Бурханы босгосон зарц нарыг хавчиж, эцэст нь Аврагчийг алсан тэдний гэмийг илчилж, гэмшлийн мэдээг дамжуулж өгсөн.(51-53)
2. Стефаны итгэл (54-56)
Стефаны үгийг сонссон иудейчүүд маш их уурлан шүдээ хавирав. Харин Ариун Сүнсээр дүүрэн байсан Стефан тэр ширүүн нөхцөл байдлын дунд ч Бурханы яруу алдар ба амилсан Есүсийг Бурханы баруун талд зогсож байгааг харсан.(55) Тэр үхэх үедээ зовлон амссан биш, харин Бурханы яруу алдар болон амилалтын найдварыг эдэлжээ.
3. Стефаны хайр (57-60)
Стефан чулуудуулан үхэж байхдаа ч тэдний төлөө гуйв. Энэ нь Эзэний эцсийн гуйлттай адилхан байна. (Лук 23:34) Стефан хэлмэгдэн үхэхдээ ч Есүсийн хайраар дүүрэн байсан. Ийм түүний нандин үхлээр дамжуулан Бурхан хавчигч Саулыг итгэгч Паул болгож шинэ хүнээр төрүүлнэ.
Залбирал: Эзэн минь ээ! Намайг ч гэсэн Ариун Сүнсээр дүүрэн болгож, Стефанд байсан урам зориг, итгэл, хайрыг өгөхийг гуйж байна. Эсэргүүцэгчдэд Есүсийн хайраар хандахад туслаач.
Нэг үг: “Үхлээр Бурханыг алдаршуулсан Стефан”