2018 оны ХБК-ын 2-р номлол (04.14) Ц. Сүхбат

ЛЕВИЙГ ДУУДСАН ЕСҮС

Лук 5:27-32

Гол эшлэл: 5:27-28

“Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, Намайг дага гэж түүнд хэлэхэд Тэр бүхнээ орхин босож, түүнийг дагалаа”

Энэхүү зарлигаар дамжуулан бид нар татвар хураагч Леви болон нүгэлтнүүдийг дуудсан Есүсийн талаар сурах болно. Мөн Бурханы хүү Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилгыг мэдэх болно. Бас амьдралын шуурганд цохигдон далавч нь гэмтэж, үхэх ч үгүй, сэхэх ч үгүй болсон шувуутай адил гэмээс болж зүрх сэтгэл нь шаналж өвчилсөн, амьдралын гэрэл гэгээ, баяр хөөргүй болсон нэгэн гэмтнийг сонгон дуудсан Есүсийн хайр, Хоньчины дуу хоолойг сурах болно. Энэ цагт гэмээр өвчилсөн биднийг ч хайж ирэн, Өөрийн шавиар дуудаж буй Есүсийн дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна. 27-28-р эшлэлийг үзээрэй. “Дараа нь тэр гарч яван татварын газар суух татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, Намайг дага гэж түүнд хэлэхэд Тэр бүхнээ орхин босож, түүнийг дагалаа”. Есүс саа өвчтөнийг эдгээхдээ гэм нүглийн уучлалыг тунхагласан. Матайн дүрслэлээр Есүс бидэнд зөвхөн уучлалыг тунхаглаад зогсоогүй биднийг эдгээж, Бурханы хүмүүс болгохоор гэмтнүүдтэй хамт амьдардаг. Энэ бол түүний ирсэн зорилго юм. Харин тухайн үедээ, татвар хураагч нар Иудейн нийгэмд боолууд болон янхнуудаас ч дор, нийгмийн хамгийн доод түвшинд байсан байна. Тэд бол Израильд хамгийн их гадуурхагдсан хүмүүс байв. Хүний үндсэн хэмжигдэхүүний нэг нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэх явдал юм. Үүнээс илүүтэй хүн бүрт өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Харин Леви энэ бүхнийг үл ойшоосон. Тухайн үед Ром улс Иудейчүүдээс татвар хураагчийг ажилд авахдаа цуглуулан төлөх татварын хэмжээг бичүүлж авдаг байсан. Тэгээд хамгийн ихийг амласан хүнийг ажилд авч нөгөө татвар төлөгчийн төлөх татвараас илүү ихийг хурааснаар өөртөө завшиж ард олныг зовоон мөлждөг байв. Тиймд хүмүүс татвар хураагч нарыг Ромын төлөө ажилладаг үндэсний урвагч мөн харь үндэстэнтэй адил гэж үзэж үл тоомсорлон гадуурхдаг байв. Тэрээр мөнгийг бүх зүйлийн түлхүүр гэж үзэн мөнгөний хойноос хөөж амьдарсан. Ядуу зүдүү ард түмнээс шударга бусаар татвар хураан өөрийн гэдсийг цатгадаг нь ард түмний бухимдлын объект нь болж байсан. Ингэж амьдрахдаа тэрээр өөртөө итгэх итгэл болон бусдын хүндэтгэлийг алдсан. Үүгээр зогсохгүй Бурханы сонгогдсон ард түмний нэг гэдэг байр сууриа ч алдсан. Тэгвэл нийгмийн уур амьсгалыг мэдсээр байж, Тэр яагаад татвар хураагч болсон бол?. Ер нь хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүсэмжилдэг. Гэсэн ч ийм зүйлийг хүсэхээ больж татвар хураагч болсон нь нийгмийн бодит байдлаас болсон байх. Тухайн үед Ромын колони байсан Иудейчуудын амьдрал туйлын ядуу тарчиг өдөр тутамдаа амь зогоогоод амьдрах нь асуудал болж байсан. Леви энэ бодит байдлыг сайн мэдэрсэн. Тэгээд тэр амьдрахад мөнгө хамгийн чухал хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тиймд мөнгийг хамгийн их олж баяжих боломжтой татвар хураагчийн мэргэжлийг сонгосон байх. Түүний хувьд ийм сонголт хийх олон шалтгаан байсан байх. Ядуу айлд төрж өсөхдөө мөнгөгүйгээс болж олон зовлон ичгүүрийг туулсан байж магадгүй. Ямар ч гэсэн тэр өөрийн бүхий л оюун санаагаа умартан хүмүүсийн дунд суух татвар хураагч болсон. Иудейчүүд хэдийгээр Ромын колончилолд байсан ч Бурханы сонгогдсон ард түмэн гэсэн бахархлаа хэзээ ч орхидоггүй байсан. Гэтэл Леви мөнгө олохын төлөө сонгогдсон ард түмэн гэсэн бахархлаа хаяж, өөрийн үндэстэн төдийгүй хүний мөс чанараа орхисон. Мөнгө олохын тулд ядуу хөршүүдээ гишгэж, шархлуулж хатуу харгис хандах болсон ба тэрээр туйлын аминч бусдыг гэсэн сэтгэлгүй нэгэн болжээ. Леви шуналтай гэгч нь чармайн зүтгэж мөнгө цуглуулж эцэст нь баян болсон. Тэрээр олсон мөнгөөрөө урьд нь хүсэж  байсан бүх зүйлээ авч идэж, үнэтэй ганган хувцас авч өмсөж, унаа тэрэг худалдан авч, том сайхан байр ч авсан байх. Леви өөрийнхөө сайн сайхан амьдралын төлөө татвар хураагч болсон. Түүнд эрх мэдэл, алдар нэр хүнд, мөнгө байхад л бүх юм болно сайхан амьдарна гэж бодсон. Гэвч энэ бүгд нь түр зуурын зүйл байсан. Аз жаргал, баяр хөөр гэдэг зүйлийг мэдрэх нь бага, дарамт ихтэй байсан байх. Өнөөгийн нийгмийн залуучууд татвар хураагч Леви шиг болсон юм шиг санагдаж байна. Зөвхөн мөнгө байхад л болно гэж боддог мөнгийг амьдралынхаа төвд тавьж амьдарч байна. Аз жаргалын болон сайхан амьдралын гол түлхүүр нь мөнгө гэж бодож, мөнгөнд найдаж итгэж, бараг мөнгийг шүтээн болгон амьдрах нь элбэг болсон. Гэвч энэ бүгд нь том эндүүрэл юм. Хэдий мөнгөнд итгэн түүнийг шүтэн амьдрах нь сайхан хэдий ч түүнээс ирэх баяр хөөр, аз жаргал нь түр зуурынх байдаг. Мөнгө нь амьдралд хэрэгтэй нэгэн зүйл боловч, харин бид мөнгийг яаж олж, ямар байдлаар зарцуулах нь бид бүгдийн эрх байдаг. Мөнгө гэдэг зүйлийг бодитоор харахад сайхан байдаг. Мөнгөтэй байхад бүх зүйл элбэг дэлбэг юугаар ч дутахгүй байх боловч энэ нь дэлхийн зүйл ба үүнээс баяр хөөр, аз жаргалыг мэдрэх боломжгүй. Левиг гаднаас нь харахад бүх зүйлээр дутаагүй байгаа юм шиг харагдаж байсан ч доторх сүнс нь үхмэл болсон байсан. Энд сууж байгаа та бүхнийг гаднаас нь харахад сайхан харагдаж байгаа ч доторх сүнс чинь Леви шиг үхмэл болчихсон байгаа юм биш биз дээ. Та дотроо тунгаан бодож үзээрэй. Татвар хураагч Леви мөнгө хөөсөн амьдралаар явсан ч түүний сэтгэл нь хоосон ганцаардмал байсан. Есүс түүний энэ хоосон ганцаардсан сэтгэлийг олж харж чадсан учраас түүнийг “Намайг дага” хэмээн дуудсан. Энэ нь Түүнээс суралцаж, Түүн шиг болон өсдөг,түүгээр ч зогсохгүй бусдыг ивээдэг Есүсийн дагалдагч болно гэсэн үг юм. Энэ нь  Есүсээс авсан Левийн шинэ амьдралын урилга байлаа. Леви нь итгэл найдвар ба хайраар дүүрсэн. Есүсийг хараад өөрийн бүхий л зүйлээ орхин гуниг ба зовлонг мартан амар тайван, баяр хөөрөөр халгин цалгиж, түүний амьдралын гэрэлтэй зам нээгдсэн . 29-р эшлэлийг харвал “Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ”. Үүнээс бид нар Левийн маш их баярласан сэтгэлийг харж болно. Есүс Левиг өөрийн шавиар сонгон дуудсанаар түүний дундуур сэтгэлийг дүүргэж, хөрсөн биеийг нь дулаацуулж өгсөн ба тэрээр жинхэнэ сэтгэлийн баяр хөөр, амар тайвныг мэдрэх болсон. Бидний эзэн Есүс ийм агуу чадалтай нэгэн юм. Ийм агуу Эзэнийг хүлээн авч өөрийн  доторх үхмэл сүнсээ амилуулан, баяр хөөртэй амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна.  Энэ агуу нэгнийг баллууртай адилтган үзэж болох юм. Учир нь бид буруу бичиж зурсан зүйлээ баллуурын тусламжтай арилгаж чаддаг. Үүнтэй адил Есүс бид нарын амьдралын шархыг баллуурдаж дахин шинэ амьдрал эхлэх  боломжийг нээж өгдөг. Дээд цайллаганаас харахад Левийн хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно. Леви нь өөрийгөө Бурханы өмнө хэр үнэ цэнэтэйг  олж харсан. Тухайн үеийн нийгмээс гадуурхагдаж амьдарч байсан тэрээр яаж ингэж өөрчлөгдөх болсон бол: Есүсийн “Намайг дага” гэсэн үг нь түүнийг бүрэн өөрчилж үүгээр ч барахгүй татвар хураагч Леви нь ариун Матай болон өөрчлөгдсөн. Бидний Эзэн гэм нүглээсээ болж шаналж байгаа хүн болгоныг аварч эдгээхийг үргэлж хүсдэг. Тэр ч утгаараа энэ танхимд та бүхэн цугларсан билээ. Энэхүү агуу Эзэнийг хүлээн авч, “Намайг дага” гэсэн үгийн дагуу амьдарч өөрийн бүхий л амьдралаа даатгаж, өөрлөгдөж амьдрахыг хүсэн ерөөж байна. Одоо 30-р эшлэлийг үзье: “Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ” гэж байна. Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийг шавь нартай нь хамт шүүмжилсэн. Баяр хөөртэй байх эрхгүй хүмүүс хэтэрхий баяр хөөртэй байгааг тэд мэдэрч байв.Тэд шавь нараас нь яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ гэж асуусан. Фарисайчууд  бол нүгэлтнүүдэд хандах хамгийн сайн хандлага бол тэднийг нийгмийн хүрээллээсээ хөөж гаргах явдал юм. Тиймээс тэд бүх төрлийн нүгэлтнүүдтэй хамд нөхөрлөхийг цээрлэж тэднийг хөөн тусгаарладаг байсан. Тэдний бодлоор бол Есүс тэдгээр нүгэлтнүүдээр бузарлагдаж, ариун байдлаа бохирдуулж байсан. Бидний Эзэн Есүс бол хүмүүсийн сайн, муу ба ядуу баянаар нь ялгадаггүй хайрын Эзэн юм. Бурхан хүмүүсийг адилхан бүтээсэн ба адилхан хайрладаг нэгэн  юм.  31,32-р эшлэлийг хамт уншъя: “Есүс тэдэнд эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус , харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.”  Ингэж хэлснээрээ Есүс энэ дэлхийд ирсэн өөрийн зорилгоо тодорхой хэлж өгч байна. Өөрөөр хэлбэл Есүс гэмээс болж сэтгэл сүнс нь шаналж, ёолж, орилж байгаа гэм нүглээр дүүрэн хүмүүсийг дуудаж аврахаар энэ дэлхийд ирсэн билээ. Эмч хүн өвчтэй хүнд хэрэгтэй байдаг шиг Есүс нүгэлтэй хүнд хэрэгтэй юм. Леви шиг гаднаасаа харахад чадвартай дутах юмгүй боловч доторх сэтгэл нь ялзарсан олон хүмүүс байдаг. Завхайрал болон садар самуун, pc тоглоом болоод интэрнетэд донтсон, архи тамхи  хэрэглэдэг, үзэн ядалт, шунахайрал  энэ дэлхийн зүйлсэд автсан байдал гээд дотоод зүрх сэтгэл нь  бузар муу бүгдээр дүүрсэн байдаг. Эмч хүн өвчтөнөө шүүмжилж буруутгаж хаядаггүй. Харин эцсийг нь хүртэл эмчилдэг. Үүнтэй адил Есүс биднийг ч мөн буруутгаж зэмлэдэггүй. Бидний зүрх сэтгэлийн өвчинг эдгээнэ гэсэн хүсэл найдвараар эцсээ хүртэл бидэнд үйлчилдэг. Тэгвэл бид нар яаж эдгэрлийг авах вэ? Иохан 1:9-д “Хэрэв бид нүглээ улайвал итгэмжит зөвт тэрээр нүглийг маань уучилж, Бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” гэж бичсэн байна. Бид нар гэмээ улайж Бурханы өмнө гэмшиж чадвал бид нар аврагдаж, гэмээс чөлөөлөгдөх болно. Хэрэв бид нар өөрсдийгөө эрүүл зөвт хэмээн бодсоор байвал эрүүл хүнд эмч  хэрэггүйн адил бидэнд Есүс хэрэггүй гэсэн үг юм. Гэвч энэ дэлхийд эрүүл хүн байхгүй. Адам Евагаас эхэлсэн гэмийн мөн чанар өдгөө хүртэл байдаг. Тиймээс  хүн болгон гэмтэй байдаг. Гагцхүү өөрийн гэмтэй, өвчтэй гэдгээ мэдэж Бурханы өмнө гэмшиж чадсан хүн  бүр эдгэрлийг авах юм. Тиймээс та бүхэн Есүс Христийн өгдөг энэхүү эрх чөлөө, аз жаргалын оргилд гарахыг хүсвэл яг одоо Есүст итгээрэй. Хэдийгээр та бүхэн энэхүү эрх чөлөөг хүсэж байгаа мөртлөө Бурхан болсон Есүс Христэд итгэхдээ эргэлзэж байвал энэ нь өвчтэй хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Гагцхүү Есүс таныг эмчлэх болно. Та бүхэн зөвхөн түүнээс хичээнгүйлэн гуйх л хэрэгтэй. Та бүхэн ингэж  Есүсийг өөрийн эзэн болгосноороо Есүсийн өгдөг  баяр хөөр сүнсний ивээлийг авч чадах юм. Есүс Левийг “Намайг дага” гэж хэлэхэд тэр бүхнээ орхин Есүсийг дагасан. Хожим нь тэр агуу Матай болон өөрчлөгдсөн. Леви адил бүх юмаа орхин Есүсийг дагаснаар  таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Учир нь Есүсийг дагасан амьдрал хамгийн зөв бөгөөд хамгийн хайр ивээлтэй амьдрал юм. Үхлийг ялж амилсан үнэхээрийн хүчит Есүс бид нарыг буруу замаар явуулахгүйн мэдээж юм. Тэгвэл ямар ч гэмийг уучилж эдгээдэг эмчлэгч Есүст очин эмчлүүлэхийг хүсэн гуйж байна. Энэхүү агуу  Эзэнийг даган амьдарч өөрийн амьдралдаа өөрчлөлт хийж, хаанаас ч  аваагүй бэлгийг хүртэж, хэнээс ч  аваагүй хайрыг мэдэрч амьдрахыг хүсэн ерөөж байна.Намайг Цэрэнсамбуу овогтой  Сүхбат гэдэг. Би 1994 оны 12 сарын 7-нд айлын 3 дахь хүү болон мэндэлсэн. Бага нас маань бусад хүүхдийн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Аав зах дээр зогсдог. Харин ээж төрийн албанд ажилладаг байсан. Би багаасаа даруухан, зожигдуу элдэв юм сонирхдоггүй хүүхэд байсан. Намайг 2 настай байхад өвөөгийн минь бие өвдөж манайх гэдэг айл аймгаас сум руу шилжих болсон. Миний хувьд анх удаагаа, өвөө эмээ болон том ахтайгаа уулзсан. Энэ цагаас эхлэн би эмээтэйгээ хамт байж сургуульд сурах болсон. Би ахлах ангиасаа сургуулийн байранд амьдрах болсон. Энэ цагаас эхлэн хичээлээ үе үе тасалж ангийн хөвгүүдтэй хамт айлд мөс буулгаж, зарж олсон мөнгөөрөө тамхи татаж, пиво уух болсон. Нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаад 2 найз маань зодолдсоноос болж нэгийнхээ толгойг хагалсан учир бид цагдаагийн байранд хоносон. Маргааш нь найзуудын аав, ээж бүгд л намайг үзэн ядсан харцаар харж аав ээж 2-ыг хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэж зэмлэж байсан. Ингэж явсаар би 11-ээ төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн боловч сургууль авч чадаагүй. Харин цэрэгт явахаар шийдсэн. Өвөө аав 2 цэргийн хүн байсан учир цэргийн хүн болно гэж боддог байлаа. Цэрэгт явсан жилийн хугацаа надад олон зүйлийг сургасан. Дуулгавартай байдал ба хатуужлыг сурсан юм. Одоо ч хүртэл цэргийн офицер болох нууцхан хүсэл маань байдаг. Нэгэн удаа  би усанд явж байгаад ухаан алдаж унасан. Харин маргааш нь аав минь бөөд үзүүлсэн боловч Намайг тэнгэртэй хүүхэд байна, тэнгэрээ авахгүй бол хүү чинь ойр ойрхон унаж тусдаг болно гэж хэлж байсан. Гэвч ээж дургүйцсэн учир тэр жилдээ эмээ минь өөрийн танил хүмүүсээр дамжуулан ШУТИС-ийн үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр сурах болсон. Би оюутан болоод хичээл хийх хүсэлгүй учраас паб, караоке зэрэг газраар явж цагийг өнгөрөөх болсон. Би 1-р курсэд байхад эмээ минь өөд болсон. Эмээ минь өөд болсон нь миний амьдрал дуусчихсан юм шиг санагдаж байсан. Бурхан намайг анх ахаар минь дамжуулан өөр дээрээ дуудсан. Ах эгч 2 минь цуглаанд явдаг байсан учир үргэлж намайг урьдаг байсан. Миний хувьд эхэндээ Есүс Христийг хүлээн зөвшөөрч, чадахгүй харийн шашин гэж боддог байсан. Цуглаанд явдаг хүмүүсийг харахдаа тархиа угаалгачихсан юм шиг санагдаж байсан. Нэгэн удаа ахынхаа хэтэвчнээс  мөнгө хулгай хийсэн. Маргааш нь гэртээ ирэхэд нэгэн дугтуйтай захиа байсан. Тэр захианд “чи надаас хулгайлсан эд зүйлээ хэлж чадахгүй байгаа бол ах нь чамайг цуглаанд ирвэл уучилна” гэсэн байсан. Энэ мөчөөс эхлэн цуглаанд явах болсон. Миний цуглаанд явах шалтгаан нь бол зөвхөн ахынхаа уучлалыг авахын тулд байсан. Би 2-р курсэд байхдаа UBF цуглааны НБК-ээр уригдан ирж байсан. Би библийн конференцын үеэр хоньчдын намтар сэтгэгдлүүд сэтгэлд минь хүрч миний үйлдэж буй зүйлс нь гэмийн мөн чанартай зүйлс байна гэдгийг олж харсан. Тэр цагаас цуглаандаа тогтмол явах болж 7 хоног болгон библийн хичээл хийх болсон. Библийн хичээлүүдээр дамжуулан махан биеийн хүслээс илүүгээр сүнслэг бие нь ямар чухал болохыг ойлгосон. Би Бурханыг сурах болсноор өөрийгөө ямар ч утга учиргүй амьдарч байгаагаа олж харсан. Матай 6:28-д “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ, Над  дээр ир.  Би та нарыг амраая” гэсэн үгээр дамжуулан олон хүнд ачаанууд үүрч байгаагаа олж харсан. Би цуглаанд явснаас болж хүмүүст доромжлуулж байсан ч гэлээ Есүс доторх амьдрал нь гэрэлтэй амьдрал байна гэдгийг ойлгосон. Тиймээс миний итгэл Бурханд түшиглэдэг болсон учраас Бурханаар удирдуулсан амьдралаар амьдарч Есүсийн замаар явж зөв итгэлийг суран амьдрах болно. Би  2016 онд Христмасын баяраар “Чи надад хайртай юу” зарлигаар оюутныг хоньчлох хоньчноор босох ивээлийг өгсөн. Есүс миний Леви шиг хатуурсан зүрх сэтгэлийг минь өөрчилж, төөрсөн  байхад олж дуудан, өөрийн шавь болгон гэрэлтэй замаар удирдах болсон. Хабаккук 2:4-д “Харагтун бардам нэгний сэтгэл нь зөвт бус байдаг юм.” “Харин зөвт хүн итгэлээр амьдарна” гэж бичсэн байдаг. Өнөөдрийг хүртэл Есүсийн надад зориулсан зориулалт, хайр халамжийг мэдэхгүй явж энэ дэлхийн зүйлс рүү сэтгэлээ хандуулж, бардам зан гарган Бурхан өмнө зөвт бус амьдарч байсандаа гэмшиж байна. Бидний Бурхан хайрын Эзэн юм. Тэр намайг сул дорой байдал гаргаж байсан ч гэсэн үргэлж хайрласаар байдаг. Есүс Левиг өөрийн төлөвлөгөөний дагуу дуудаж, өөрийн зорилгын дагуу өөрчилж өөрийн шавь болгосон. Есүс намайг ч бас цэрэгт явуулж, оюутан болгож, ЮБФ цуглаанд дуудаж, оюутны хоньчноор босгосон нь бүгд Түүний төлөвлөгөө байсан. Тиймээс намайг өөрийн агуу төлөвлөгөөний дагуу удирдаж, хамгийн нандинаар ашиглан гэдэгт би итгэлтэй байна. “Тиймээс би сонгогдсон бас дуудагдсан нэгэн юм”. Левиг ариун итгэгчдийн зам ба гэм нүгэлтэй зам гэсэн 2 төрлийн замаас ариун нандин итгэгчдийн замыг сонгон Есүсийн дуу хоолойг дагаснаар амьдрал нь гайхамшигтайгаар өөрчлөгдөж чадсан. Есүс нь энд цугларсан та бүхний зүрх сэтгэлийг юугаар ч дутаалгүй амьдруулж чадах бүрэн хүч чадал, эрх мэдлээр дүүрэн нэгэн юм. Оюутан хоньдыг хоньчлох нэгнээр сонгогдсон надад, төөрч будилан явж буй олон мянган залуусыг харж, тэднийг өрөвдөн Бурхан луу эргүүлж хоньдыг хоньчлох мэргэн ухаан, хүч чадал ба итгэлийг суулгаж өгөөч гэж хүсэн гуйж байна. Намайг өөрийнхөө агуу хайраар хайрлаж, өдийг хүртэл хамгаалан удирдаж ирсэн Есүс таньдаа талархаж байна. Цаашдаа Таныг харж, Таниас зуурч, олон хоньдыг Тань руу эргүүлж чадах хүчийг хүүдээ зөвшөөрч өгөөч гэж хүсэн гуйж байна.Дүгнэлт:  Энэ номлолоор дамжуулан  бид Есүсийн агуу хайрын тухай болон Түүний  бусдыг өөрчлөх агуу хүчийн талаар суралцлаа. Бидний өдөр тутмын амьдралд байнга асуудал гарч ирдэг ба түүнийг бид өөрсдийн санаа бодлоор шийдэхийг хүсдэг. Леви өөрийн сайхан амьдралын төлөө татвар хураагч болсон ба эцэстээ тэр амьдрал нь хоосон ямар ч учир утгагүй атаа хорсол,  гуниг цөхрөлөөр дүүрэн болсон. Харин Есүс түүнийг сонгон дуудсанаар Левийн амьдрал бүхэлдээ  өөрчлөгдөн агуу Матай болон хувирсан. Бидний утга учиргүй хоосон амьдралыг өөрчлөх цор ганц нэгэн бол Бурханы хүү Есүс Христ юм. Тиймээс та бүхэн өөрсдийн амьдралдаа Есүсийг оруулан, түүнээс хүчийг авч, өөрчлөгдөн амьдрахыг хүсэн гуйж байна. Нэг үг: Бусдыг өөрчлөх хүч, Бурханы хүү Есүс Христ дотор байгаа.

өмнөх нийтлэл2018 оны ХБК-н 1-р номлол (04.13) Б. Батбаатар
Дараагийн нийтлэл2018 оны 25-р номлол (04.16) Абрахам Нямсүрэн