2018 оны ХБК-н 1-р номлол (04.13) Б. Батбаатар

Мосег бэлтгэсэн Бурхан

Гэтлэл 2:1-10

Гол эшлэл 2:10

Бүгдээрээ сайн байцгаана уу бүгдэд нь хаврын библийн конференцын мэндийг хүргэе. Конферонцоор дамжуулан хайр ивээл дүүрэн авч Бурханыг улам илүү таньж мэдээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн зарлигаар дамжуулан үхэх хувь тавилантай төрсөн ч Бурханы тааллаар хувь заяа нь хэрхэн өөрчлөгдөж, Израиль ард түмнийг боолчлолоос аварч  Амар тайван, эрх чөлөөтэй замруу удирдсан Бурханы сонгосон хүн Мосегийн талаар суралцах болно. 1. Хааны боловсролоор хүмүүжсэн Мосе  Гэтлэл 1-р бүлгийг үзвэл Израиль ард түмэн Египетийн газар нутаг дээр олон бас хүчтэй болж байсан ба үүнийг харсан Фараон буюу Египетийн хаан Израиль ард түмнийг олшрохыг зогсоохын тулд тэднээр хүнд хүчир ажил хийлгэж шинээр төрсөн хүү бүрийг нил мөрөнд хаяж охин бүрийг амьд үлдээ гэж тушаал гаргав. Харин Гэтлэл 2:1, 2-г үзвэл Левийн гэрийн нэгэн хүн явж Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг 3 сар нуужээ. Ийнхүү Израилийн хөвгүүд устгагдах аюултай цаг үед Мосе төржээ. Түүний ээж аав нь амь насаа дэнчин тавин хааны тушаалыг зөрчин байж хүүгээ нууж чадах хүртлээ 3 сар нуусан. Харин хүү нь улам чанга уйлах болж тэд хүүгээ нил мөрөнд хаяхаас өөр аргагүй болсон ч Бурханд найдсан итгэлээ алдаагүй юм. Тэд Бурхан хүүг нь заавал аварч удирдана гэдэгт итгэн хулсан сагс авч барагшин болон давирхайгаар шаван түүн дотор хөвгүүнээ хийв. Тэд хүүгээ Бурхан хэрхэн удирдахыг харахын тулд түүний эгч Мириамыг араас нь явуулсан. Харин энэ үед юу болсон бэ? 5-г үзээрэй. Тэгэхэд Фараоны гүнж усанд орохоор нил уруу ирж, шивэгчингүүд нь нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд өнөөх хулсан сагс  байхыг тэр хараад шивэгчингээ илгээж түүнийг авчрууллаа. Фараоны гүнж түүнийг хараад Еврей хүүхэд гэдгийг мэдсэн боловч хүүхдийг өрөвдөх сэтгэл төрөв. Тэгээд түүнийг авч өсгөхөөр шийдэв. Тэгэхэд холоос харж байсан хөвгүүний эгч нь гүнжид очин Би явж Еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүний хөхүүлж өгөх эмэгтэйг дуудах уу? гэв. Фараоны охин үүнийг зөвшөөрөхөд эгч нь явж хөвгүүний ээжийг дуудав. Ингээд Мосе Фараоны өргөмөл хүү нь болов. Мосегийн эх нь хөлсийг нь аван хүүгээ хөхнөөс нь гарах  хүртэл хамт байж өсгөх болов. Энэ бүх зүйл нь агшин зуурт тохиолдсон Бурханы гайхамшигт удирдлага байлаа. Бурхан түүний эцэг, эхийн залбирлыг сонсон гайхамшгийг бүтээн өгсөн. Мосе хөхнөөс гарах 3 нас хүртлээ төрсөн эхийн хүмүүжил доор өссөн. Орчин үеийн сэтгэл судлаач нар хүний зан чанар ба оюун санааны суурь тавигдахад хүүхдийн 3 нас хүртэлх хугацаа нь хамгийн чухал гэж ярьдаг. Мосе хамгийн чухал суурь тавигдах үедээ ээжээрээ дамжуулан Бурханы талаар сонсож Бурханы сонгосон ард түмэн гэсэн ухаан суулгагдах болсон. Мэдээж энэ нь Фараоны охины хүүгээр амьдрах хугацаанд мартагдсан ч түүний дотор суурь нь гүн хадгалагдсан байх. Бурхан дотор санамсаргүй тохиолдол гэж үгүй юм. Бурхан Мосед төгс төгөлдөр тааллыг тавин маш нарийн удирдаж байсан. Үүний адил намайг ч мөн ийм замаар удирдсан байна гэдгийг зарлиг бэлдэж байх хугацаандаа олж харлаа. Эгч маань надаас олон насны зөрүүтэй болохоор намайг бага ангид сурдаг байхад оюутан байсан. Хааяа амралтаараа ирэхдээ надад Есүс гэдэг Бурханы талаар ярьж өгч намайг хотод ирэх үед цуглаанд дагуулан явдаг байсан энэ нь Бурхан надад өөрийгөө бага багаар таньж мэдүүлэн цаг нь болоход өөр дээрээ сонгон дуудсан байна. Үүгээр миний амьдрал Бурханы нарийн төлөвлөгөөний дагуу явагдсан байна гэдгийг ойлголоо. Энд сууж байгаа таньд ч бас Бурханы бэлдсэн нарийн төлөвлөгөө байгаа гэдэгт найдаж байна. 10-г үзээрэй хөвгүүнийг өсөж том болоход Фараоны охин түүнийг хүүгээ болгон нэрийг нь уснаас гаргаж авсан гэсэн утгатайгаар Мосе хэмээн нэрлэв. Ингээд Мосе Фараоны охины хүү нь болж тухайн үеийн хамгийн хөгжсөн соёл иргэншилтэй Египетийн бүх эрдэм ухаанд боловсров. Үйлс 7:22-г үзвэл Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болж гэв. Мосе гүн ухаан, түүх, уран зохиол, хууль, шинжлэх ухаан гэх мэт бүхий л салбарын мэргэжлүүдийг бүрэн эзэмшсэн бөгөөд бидний хэлдгээр төгсөрсөн хүн байв. Бурхан энэ бүгдийг Мосед эзэмшүүлсэн нь Израиль ард түмнийг чөлөөлөн цөлд удирдах суурийг тавьж өгсөн. Энэ бүх эрдэм мэдлэг нь хожим хууль ба бүх тогтоолуудыг тогтоон ард түмэнд заан удирдах тэдний асуудлуудыг шүүх Мосегийн 5 номыг бичих чадварын суурь нь болсон. 11а-г үзвэл Мосе өсөж том болоод нэг өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Энд өсөж том болоод гэдэг нь зөв бурууг ялган салгаж амьдралынхаа чиглэлийг сонгож чадах төлөвшсөн хүн болсон гэсэн утгатай. Тэднийг харсан Мосе өөрийн амьдралыг тунгаан бодож ямар нэгэн үнэ цэнэтэй утга учиртай амьдралын чиглэлийг сонгох хэрэгтэй гэдгийг ухаарсан. Ялангуяа тэрээр өөрийгөө Еврей хүн гэдгийг ухамсарлан гүнзгий бодсон. Тиймээс тэр цаашид фараоны хүүгээр амьдрах уу, Еврей хүнээр амьдрах уу гэсэн сэтгэлийн зөрчилдөөнтэй болсон. Тэгээд нэг өдөр Египет хүн Еврей эрийг хүчирхийлэн зодож байхыг хараад шууд мөнөөх Египет хүнийг алж элсэнд нуув. Хүнийг алсан түүний энэ зүйл хэзээ ч зөвтгөгдөшгүй хэдий ч Мосе яагаад ийнхүү хийсэн бол? Еврей 11:24-26-г үзвэл Итгэлээр Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрднэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Мосе амьдралын замыг сонгоход зөрчилдөөнтэй байсан байх. Фараоны охины хүүгийн хувьд тэр эд баялаг, алдар нэр, эрх мэдэл магтаал цаашлаад Египетийн хаан болох боломж түүнд өгөгдсөн байсан. Харин Бурханы ард түмний нэгээр амьдарвал энэ бүхнийг алдах болно. Гэвч Мосе хамгийн чухал сонголтын цаг үед итгэлээр Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татгалзахыг сонгосон. Учир нь тэрээр баталгаатай ирээдүйтэй эд баялагтай, эрх мэдэлтэй амьдралаас Бурханы хүмүүсийн хамт Христийн зовлонд оролцох нь юутай ч харьцуулшгүй мөнхийн үнэ цэнэтэй гэдэгт итгэсэн. Тэр энэхүү шийдвэрээс болж олон зүрхний өвдөлт золиослол хохирол амссан боловч энэ нь түүний амьдралыг агуу үнэ цэнэтэй болгосон хамгийн чухал сонголт нь болсон. Надад ч мөн Мосе шиг сонголт хийх цаг ирсэн. Энэ үед Би Мосе шиг итгэлээрээ сонголтыг хийсэн. Би сургуулиа төгсөөд өөрийнхөө амьдралыг хөөгөөд мэргэжлээрээ хөдөө очоод ажиллаж амьдрах боломж байгаа ч Бурханд өөрийнхөө амьдралыг даатгаж түүний надад зааж өгөх замаар амьдарна гэж шийдсэн учир  өөрийнхөө хүслээр зөв гэж бодсоноо хийх биш харин Бурханд түшиглэн Түүнээс хариулт ирэх үед дараагийн алхмаа хийнэ гэж шийдсэн. Миний одоогийн байгаа байдлыг харвал тогтмол ажилгүй орлогогүй яаж амьдраад байгаа юм бэ? гэмээр. Гэвч энэ нь миний Бурханд зориулж байгаа өчүүхэн золиослол юм. Бурханы алдрын төлөө амьдарч байхад Бурхан намайг бүх талаар минь хангаж юугаар ч дутаадаггүй. “Матай 6:31-33-д Тиймээс юу идэх билээ, юу уух билээ эсвэл юу өмсөх билээ гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэсэн. Тиймээс Бурханы хаанчлалын төлөө амьдарч байгаа биднийг Бурхан хангаж өгөх болно гэдэгт итгэн Мосе шиг итгэлийн шийдвэр гарган хэцүү байсан ч бат зогсохыг хүсэж байна. Бурхан таны шийдвэрийг ерөөх болно. 2. Цөлийн амьдралаар дасгалжуулагдсан Мосе 13-ийг үзээрэй. Дараа өдөр нь Мосе очиход хоёр Еврей эр зодолдож байгааг харав. Мосе нэгэн ахан дүүсийн зодолдохыг зогсоосон. Үйлс 7:25-д Бурханаас Түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй. 14-ийг үзвэл хэн чамайг бидэн дээр захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр Египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу гэв. Тэд Мосег огтхон ч удирдагчаар зөвшөөрөөгүй байв. Үүнийг сонссон Мосе хэрэг илэрснийг мэдээд айв. Тэгээд Фараон өөрийг нь алахаар хайж байгааг мэдэн Фараоны нүднээс зугтан Медийн газар очжээ. Ингээд Мосе нэг л өдөр Фараоны охины хүүгийн эрхийг алдаж зугтан орогногч нэгэн болж хувирав. Хүний нүдээр харахад Мосегийн амьдрал гэнэт сүйрч шантралын нүхэнд унасан мэт харагдана. Харин яг энэ үед Бурхан дотор шинэ хүсэл найдварын ажил эхэлдэг. Хэдийгээр түүний сонголт үнэхээр агуу зөв байсан боловч Израилийн аврагч буюу сүнсний удирдагч болгон хэрэглэгдэхийн тулд цөлийн дасгал хэрэгтэй байсан. Бурхан үүний төлөө түүнийг цөл рүү түлхсэн юм. Мосе Фараоны нүднээс зугтан холын Медиан цөлд хүрэв. Шантрал цөхрөлийн дунд нэгэн худгийн дэргэд суув. Тэр үед Медианы тахилчийн долоон охин ус татахаар ирэн хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөв. Үүнийг харсан Мосе босож охидод туслан тэдний хонин сүргийг усаллаа. Мосегийн ач тусаар эрт харьсан охидыг хараад эцэг Реуел нь гайхав. Болсон бүх зүйлийг сонссон Реуел өөрсдөд нь тийн хандсан хүнийг яагаад орхиод ирэв хэмээн охидоо зэмлэв. Реуел нь Мосег дуудан халуунаар дайлжээ. Очих газаргүй болсон Мосе тэдэнтэй хамт амьдрахаар шийдэв. Реуел түүнд охин Зифорагаа өгчээ. Мосе хүү төрүүлсэнд Гершим гэдэг нэр өгөв. Энэ нь харь газар цагаач болсон гэдэг утгатай. Энэ нэрнээс харахад түүний цагаачлалын амьдрал хэр хэцүү ганцаардмал байсныг илэрхийлж байна. Мосе Медианы цөл дэх амьдрал нь хадам эцгийнхээ хонин сүргийг хариулан амьдрах амьдрал байсан. Эр хүний хувьд хадмындаа амьдрах нь амар биш байсан байх. Гэсэн хэдий ч Мосе амьдарсаар байсан. Мосе нэг хоёр жил биш харин дөчин жилийн турш хадмындаа амьдран өөрийн биш хадмынхаа хонин сүргийг хариулж байлаа. Хааны ордонд бүх юмаар дутахгүй элбэг хангалуун санаа зовох зүйлгүй амьдарч байсан. Тэр одоо юм юмаар дутагдан гачигдаж цөлд  хонин сүргийн төлөө амьдрах болсон. Тэр 40 жилийн турш хонин сүрэгтэй харилцсаар байгаад модон хэлтэй болсон. Хааны ордонд түүний эзэмшсэн боловсрол туршлага авьяас чадвар юунд ч хэрэг болсонгүй. Иймд тэр өөрийгөө хэрэггүй хүн болсон мэт бодсон байх. Харин Бурхан энэ хугацаанд түүнд агуу хүсэл найдварыг тавин дасгалжуулж байлаа.  Нэгдүгээрт төлөв даруу болгох дасгал.  Мосе ордны боловсрол хүмүүжлээр удирдагчийн чадварыг эзэмшсэн. Иймд тэр өөрөө шийдвэр гарган гал халуун сэтгэлээрээ дарлагдаж буй ахан дүүсээ аварч чадна гэж бодсон. Харин Бурханы авралын ажлыг хүний чадвар шийдвэр ба сайхан сэтгэлээр биелүүлж чадахгүй юм. Бурханы ажилд хэрэглэгдэхийн тулд эхлээд би гэсэн үзэл бодлоо хаях хэрэгтэй. Хэрэв энэ зүйл нь хүнд байсаар  байвал энэ нь Бурханы төлөө өөрийгөө зориулахад улам хэцүү болно. Бурхан хүнийг хэрэглэхэд хамгийн чухал болзол нь нэгдүгээрт даруу сэтгэл, хоёр гуравт ч мөн төлөв даруу сэтгэл юм. Төлөв даруу гэдэг нь гаднахаасаа даруу байхыг биш, дотроо би гэсэн өөрийгөө орхин Бурханыг дуулгавартай дагаж чадах байдлыг хэлж байна. Бурхан мундаг хүн байсан Мосег өөртөө яагаад ч найдаж чадахааргүй хүн болтол номхтгосон. Би Бурханы өмнө төлөв даруу болохын төлөө залбиран гуйдаг. Гэвч сентагийн хоньчидтай харилцах харилцаан дээр миний муухай ааш болон хэл амтай, ууртай байдал минь хоньчдын уур бухимдлыг хүргэдэг. Мөн энэ зангаасаа болж алдарт хэрүүлч хэмээх нэрийг хүртэл зүүж амжсан. Би энэ байдлыгаа зарим талаараа хүлээн зөвшөөрч чадахгүй Бурханд таалагдах гэж амьдарч байгаа болохоос танд таалагдах гэж амьдраагүй хэмээн зөвтгөдөг боловч энэ зан зарим хүмүүст бүдрүүлэл болж байгааг олж харан миний тайрах мөчрүүдийн нэг гэдгийг олж харлаа. Тиймээс цаг үргэлж гэмшин гаднаа биш дотроо Мосе шиг төлөв даруу хүн болох болно.  Хоёрдугаарт. Хоньчины сэтгэлтэй болох дасгал. Бурхан Мосег дөчин жилийн турш хоньчноор амьдруулсан. Тэр анхандаа хоньтой харилцаж байгаа өөрийгөө хараад бухимдаж дураараа бэлчиж байгаа хоньдод ууртай хандсан байх. Хонь хариулах нь амархан биш байдаг. Үргэлж анхаарал тавьж байхгүй бол амархан төөрдөг. Хонь бол олон талаараа хүнтэй төстэй байдаг. Мосе 40 жил хоньчины амьдралаар дамжуулан хонь мэт Израиль ард түмнийг тэвчин уучилж, үйлчлэх зүрх сэтгэлийг сурсан. Авралын ажлыг хүний чадвар ба шийдвэрээр хийж чадахгүй юм. Хоньчин бол хоньдын сул дорой дутагдал ба алдаа зөрчлийг ойлгон тэвчээртэйгээр үйлчилж чадах тийм дотоод чанартай болох хэрэгтэй. Есүс ч дөлгөөн даруу сэтгэлээр олон сүнснүүдэд үйлчлэн тэднийг аварсан. Бид ч хоньчны амьдралын дасгалаар дамжуулан хоньчны дотоод чанарыг сурах хэрэгтэй. Би хоньчин болсныхоо дараа үр жимс их гарган амьдарч хоньдыг сайн тэжээх хоньчин болно гэсэн бодолтой байсан. Учир нь би хүмүүсийг өөр шигээ адилаар төсөөлж хүмүүст Бурханы талаар ярихад тэд итгэн хүлээн авч цуглаанд явдаг болно байх гэсэн хөнгөн бодолтой байснаа олж харсан. Харин одоо миний суралцаж байгаа зүйл гэвэл тэр хүний төлөө тууштай залбирч өөрийнхөө хүслээр яарах бус харин Бурханы цагийг хүлээн Бурханд түшиглэн хийх хэрэгтэй гэдгийг сурсан. Тиймээс таны хийсэн ямар нэгэн зүйл тань танд үр дүнг авчирч байна уу? Үгүй бол тэр зүйлд өөрийнхөө түргэдсэн зангаар хийж Бурханд түшиглээгүй юм биш биз дээ гэдгийг дахиад нэг бодож үзээрэй. 23-25-ийг үзвэл урт хугацаа өнгөрч Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж шүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ. Бурхан тэдний ёолох дууг сонсоод Абрахам, Исаак, Иаковтой байгуулсан гэрээгээ санав. Бурхан Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив. Бурхан урт хугацааны турш авралын ажлаа бэлтгэн одоо цаг нь болоход Израилийн хөвгүүдийг харсан. Энэ нь анхааран санаа тавьсан гэсэн үг юм. Тэгээд итгэлийн өвөг дээдэстэй байгуулсан гэрээнд үндэслэн тэднийг аврахыг хүсэв. Бурханы ажлын төлөө нэг хүн Мосег сонгож далдуур өсгөж байлаа. Бурхан түүнийг наян жилийн турш өсгөн дасгалжуулж авралын ажилд бэлдэж байлаа.  Дүгнэлт Бурхан энэ цаг үед Фараон мэт гэм ба Сатаны боолчлол дор ёолон хашгирч буй сүнснүүдийн дуу хоолойг сонссоор байдаг. Бурхан тэднийг аврахын төлөө биднийг сонгон аварч янз бүрийн дасгалаар дамжуулан өсгөн бэлдэж байна. Тиймээс бид Бурханы бидэнд тавьсан төгс төгөлдөр таалал ба хүсэл найдварыг ухааран одоо Бурханы өгч буй дасгалуудыг даруу ба дуулгавартай сэтгэлээр хүлээн авч авралын ажилд бэлтгэгдэх хэрэгтэй. Бид ч энэ цагт Мосе шиг мөнхийн үнэ цэнэтэй сонголт хийн Бурханы өгөх дасгалжуулалт бүрийг сайн дагаснаар хоньдын хоньчин буюу сүнсний удирдагчаар бэлтгэгдэхийг хүсэн ерөөж байна.

Би өмнө нь Мосе шиг үхэх хувь тавилантай төрж гэмийн буулганд 20 жил дарлагдан амьдарсан ч Бурхан өөрийн цагт Мосег бэлтгэсний адил намайг сонгон дуудаж гэмийн буулгаас минь чөлөөлж Өөрийн амар тайвныг надад мэдүүлсэн. Миний алдаж байгаа мэт цаг хугацаа бүрийг Бурхан өөртөө авч намайг Мосе адил бэлтгэж байгаа гэдгийг энэхүү номлол бэлдэх хугацаандаа олж мэдлээ. Би хаврын библийн конференцоор надад ямар нэгэн үүрэг өгвөл би тэр зүйлийг нь хүлээн авч Бурханыг гэрчилнэ гэж амалсан. Харин Бурхан миний хүслийг мэдэж надад зарлиг заах боломж өгсөн. Зарлиг бэлдэх хугацаанд зарлигаа бичмээргүй больё гээд хэлчихмээр санагдаж байсан хэдий ч, өөрөө өгөөч гэж гуйсан хэрнээ өгснийх нь дараа би болилоо гэж хэлэх эрх надад байхгүй. Харин ч өөрийгөө ивээлтэйд тооцсон. Зарлигаар дамжуулан Бурхан Мосег нууцаар бэлтгэсний адил намайг мөн Мосе шиг ямар нэгэн зүйлд бэлтгэж байгаа гэдгийг суралцлаа. Мөн намайг ч бус энд сууж байгаа та бүгдийг бас Бурхан бэлтгэж байгаа гэдэгт итгэж байна. Бид бүгд үхэх хувь заяатай төрдөг. Харин Бурхан биднийг сонгосноор үхэх хувь тавиланг өөрчилж мөнх амийг өгдөг билээ. Тиймээс  Бурханы бидэнд өгсөн найдварыг алдахгүй амьдарцгаая.  Амен

өмнөх нийтлэл2018 оны Лук 24-р номлол (04.08) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэл2018 оны ХБК-ын 2-р номлол (04.14) Ц. Сүхбат