2017 оны Христмасын 4-р номлол (12.24) Б.Баярмагнай

Аврагч мэндэллээ

Лук 2:1-20
Гол эшлэл: 2:10-11

“Тэнгэрэлч тэдэнд – Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Өнөөдөр бид Христ хэрхэн мэндэлсэн талаар, түүний эргэн тойронд юу болсон талаар, хамгийн гол нь Христ яах гэж мэндэлсэн талаар хамт суралцах гэж байна.
Амьдралдаа авсан хамгийн том бэлэг тань юу вэ? Сайн санахгүй байвал энэ жилийн хувьд авсан хамгийн том бэлэг тань юу вэ? Тэр бэлэг таныг ихэд баярлуулсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр бэлэг одоо ч гэсэн таныг баярлуулдаг уу, эсвэл тухайн үедээ л баярлуулаад дууссан уу?
Библи дээр өгүүлсэн түүхийг харвал бараг Европ тэр аяараа, ойрх дорнод болон хойд Африкын улсуудыг хамарсан агуу Ромын хаант улсад хүн амын тооллого явуулах тухай зарлиг гарчээ. Бүх хүн төрсөн нутаг уруугаа явж тооллогод оролцох ёстой болсон. Энэ зааланд хөдөө орон нутгаас УБ хотод ирж суурьшсан хүмүүс хэр олон байна вэ? Хэрэв хүн амын тооллого явагдаад, та яг одоо төрсөн нутаг уруугаа явах боллоо гэвэл хэр хугацаа зарцуулах бол оо? Хамгийн хурдандаа онгоцоор гурван цаг, удаандаа машаанаар хоёр өдөр л болох байх. Тэгвэл тухайн үед Назар хотод амьдарч байсан Иосеф эхнэр Мариагаа дагуулан төрсөн хот болох Бетлехем уруугаа явлаа. Илжиг, тэмээ зэрэг тухайн үедээ л хурдан байсан тээврийн хэрэгслүүдийг ашигласан тэд хэд хоног болж байж Бетлехемд очсоныг таашгүй. Гэхдээ тэд Бетлехемд очсон. Харамсалтай нь төрсөн нутагт нь Иосефыг эхнэртэй нь оруулах орон байр, зочид буудал ч байсангүй. Их тооллого болж байсан тул арга ч үгүй биз. Мэдээж Иосеф, Мариа нар тооллогодоо оролцсон нь дамжиггүй. Гэтэл яг тэр үеэр тооцоолоогүй нэг үйл явдал болсон нь Мариа нярайлах болжээ. Зочид буудалд өрөө байхгүй, хамаатан садан нь оруулах боломжгүй байсан тул аргагүйн эрхэнд малын хашаа уруу яаран сандран зүглэлээ. Хөөрхий хэдэн хонь, ямаа л тэднийг тээршаасангүй. Ганц хоёр майлж, гайхаж байгаагаа л илэрхийлсэн биз. Ингээд Мариа нярайлан, анхны Хүүгээ даавуунд ороож тэжээлийн онгоцонд тавьлаа. Ямар ер бусын үйл явдал болов оо? Хэзээ хүн амаржаад, хүүхдээ тэжээлийн онгоцонд тавьж байлаа? Ийм үйл явдалтай учирч байсан хүн энд байна уу? Малын бэлчээр дээр магадгүй л юм. Гэртээ амаржиж байсан тохиолдол цөөнгүй байсан нь тодорхой. Орчин үед онгоц, галт тэрэг гээд тээврийн хэрэгслүүдэд амаржих тохиолдол л гарч байгаа. Ямартаа ч Есүсийн эх Мариа малын хашаанд амаржиж, Есүсийг даавуунд ороон мал тэжээдэг саванд тавьлаа. Есүс Христ ертөнцөд ийм л замаар ирсэн юм.
Дэлхий ертөнц ямар хурдан өөрчлөгдөж байгаа нь бидний нүдний өмнө тов тодорхой, ив ил харагдаж байна. Ганц гар утасны жишээгээр л тэр өөрчлөлтийг бид харж болно. Хэдхэн жилийн л өмнө Нокиа загварын утас дэлхий даяар ноёлж байсан. Гэтэл одоо iOS ба Android-ийн утаснууд аалзны тор адил дэлхийг хэрж байна. Бас болоогүй ээ, дээрх хоёр системийн гар утас, таблетууд бараг өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна уу гэлтэй бидний нүдний өмнө үзүүлэлт, загвар нь шинэчлэгдсэн гар утаснуудын мэдээлэл хөвөрсөөр байна.
Өөрчлөлт зөвхөн энэ цаг үеийн асуудал биш. Дэлхий ертөнц тэр чигээрээ өөрчлөгдсөөр ирсэн, өөрчлөгдөж байна, өөрчлөгдсөөр ч байх болно. Гэхдээ хамгийн том өөрчлөлт нь Есүс Христ энэ хорвоо дээр мэндэлсэн тэр цаг үеэс хойш болсон юм. Хэдийгээр Есүс жирийн нэг айлын ууган Хүү болон мэндэлсэн ч гэсэн, хэдийгээр Есүс малын тэвшинд тавигдсан ч гэсэн Түүний төрөлт нь дэлхийг орвонгоор нь өөрчилсөн. Тэр хожим хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдож, тэр цовдлогдолт нь хүн төрөлхтөнд гайхамшигтай үр нөлөө, өөрчлөлтийг үзүүлсэн билээ. Хэний ч шийдэж үл чадах тэр шийдлийг Есүсийн загалмай шийдсэн юм. Юу шийдэж, юу өөрчлөгдсөн гэж асуумаар байгаа биз дээ? Үнэндээ Есүс эдийн засгийн асуудлыг шийдээгүй, эрүүл байх асуудлыг ч шийдээгүй. Харин Есүс гэм нүглийн асуудлыг маш гайхамшигтайгаар шийдсэн юм. Тэр нь аврал байлаа. Аврал гэдэг нь Есүс загалмайд нас барж, үхлээс амилсан гэдэгт итгэсэн хүн бүхний гэм нүгэл уучлагдсаныг хэлээд байгаа юм. Гэм нүгэл нь уучлагдсан хүн л орж чадах ганц л газар байдаг юм. Тэр бол диваажин буюу Мөнхийн улс. Тэнд уучлагдаагүй хүмүүс ордоггүй юм. Уучлагдаагүй буюу гэмээ гэмшээгүй, гэм нүгэлтэйгээ зууралдсаар байгаа хүмүүс тийш ордоггүй. Хүний гэм нүгэл гэж хүний биеийн хир буртагтай, гадуур байгаавирус, өвчинтэй зүйрлэгдэшгүй хамгийн бузар эд. Энэ бузар эд хүнийг хамгийн ихээр бузарладаг. Хүний санаа бодол, хүний үг үйлдэл, бие махбод, хүний сэтгэл санаа, эргэн тойрны хүмүүс, ажил төрөл, гэр бүл гээд бүх зүйлийг хамгийн ихээр бузарладаг. Түүгээр бузарлагдахгүй, бузарлагдаагүй зүйл ч гэж байхгүй. Түүний бузар байдалд өртөөгүй хүн ч гэж байхгүй. Энэ дэлхий дээр амьдрагч долоон тэрбум гаруй бүх хүн энэ гэм нүгэл гээчид өртөж, бузарлагдсан. Гаднаа сайхан, хөөрхөн, жентлемэн, гавьяа шагналтай, гоё хувцастай, дэгжин, алдар нэртэй, баян цатгалан, нэр хүндтэй, эрдэм номтой, авьяас бэлэгтэй гээд хүнд үнэлэгдэх түм буман сайхан үнэлэмжүүдтэй байж болно. Гэхдээ бүгд гэмтэй. Бүгд нүгэлтэй. Өөрөөр хэлбэл бүгд гэм нүглээр бузарлагдаж, түүнд дөнгөлөгдсөн. Дөнгөж төрсөн нярай хүртэл гэмтэй гээд бод доо! Та хажуудах хүнээ хараарай. Гэмтэн сууж байгаа. Цэвэрхэн хувцаслаж, цэмцгэр сууж, сайхан инээж байгаагаас үл хамааран таны хажууд сууж байгаа хүн, таны хөрш бүгд гэмтэн. Хүн төрөлхтөн өөрсдийнх нь өмнө тулгарсан бүх асуудлыг шийдсээр ирсэн, шийдсээр ч байгаа. Харин ганцхан асуудал буюу проблэмийг хэн ч шийдэж чадаагүй. Тэр бол гэм нүглийн асуудал. Үүнийг яаж шийдэхээ ч мэдэхгүй яваа хүмүүс энэ дэлхий дээр тэрбум тэрбумаараа яваа. Зөвхөн өөрсдийнхөө төдийгүй эргэн тойрныхоо, бусдын асуудал, бэрхшээлийг ч гэсэн шийдсээр яваанэг л их баатрууд. Нэг л их гавьяатнууд. Гэхдээ гэмийн асуудлуудаа шийдэж чадахгүй л явна. Тэгвэл дэлхийд нүүрлэсээр ирсэн, нүүрлэсээр байгаа, нүүрлэсээр байх энэ л хамгийн том гэмийн асуудлыг шийдэж, танд насан туршийн тань бэлэг болон Есүс Христ мэндэлсэн юм. Христ гэдэг үг нь Чөлөөлөгч, Аврагч гэсэн утгатай грек үг бөгөөд Түүнд итгэсэн бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. (Иохан 3:16)
Бид бага байхдаа шинэ жил ойртоход Өвлийн өвгөнийг тэсэн ядан хүлээдэгсэн. Одоо ч гэсэн хүүхдүүд Өвлийн өвгөнийг хүлээдэг байх. Гэтэл барууны орнуудад Өвлийн өвгөн биш Санта Клаусыг хүлээдэг байсныг мэдсэн. Харин 1998 онд Христэд итгэснээсээ хойш Христ Өөрөө бидэнд бэлэг болон иржээ гэдгийг мэдсэн.
Бэлгийн зорилго ба шинж чанар нь хүнийг тайвшруулж, баярлуулж, баяр хүргэх ба өөр бусад янз бүрийн зорилготой байдаг.Бэлгийн төрөл ч гэсэн төрөл бүрээрээ байдаг. Зөвхөн ганц бэлэг ч байна, бас уутанд төрөл бүрийн амттан, ном, өөр янз бүрийн зүйл хийсэн бэлгийн багц ч байдаг. Христ Өөрөө бидэнд бэлэг болон ирснийг бид мэдсэн. Бурхан бидэнд Есүс Христийг бэлэг болгон илгээсэн билээ. Есүс бол Аврагч, Есүс бол Бэлэг. Та ямар бэлгийг хамгийн ихээр хүсэж байна вэ? Ходоодыг тань дүүргэх чихэр, жимс, өдрийн эсвэл оройн хоолны бэлэг үү? Эсвэл таны алдар гавьяаг мөнхөлсөн ямар нэг одон тэмдэг үү? Эсвэл ирэх жил өмсөх оймс, хувцас хүсэж байна уу? Харин Есүс Христ ирснээр бидэнд дараах бэлгүүд үнэгүйгээр өгөгдсөн юм. Гагцхүү Түүнд итгэх үед л доорх бэлгүүд танд ямар ч болзолгүйгээр, ямар ч шаардлагагүйгээр өгөгдөнө гэдгийг санаарай.
1-рт, танд мөнх амь өгөгдөнө. Ром 6:23-т “Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” гэж хэлэгдсэн. Бурханы бэлэг бол мөнх амь мөн. Танд бэлэг болон өгөгдсөн Христэд итгээрэй. Тэгэх юм бол та мөнх амийг эдлэх болно. Махбодоор үхсэн ч гэсэн та Мөнхийн улс болох Диваажинд мөнхөд амьдарна. Есүс Христ ирснээр хүн төрөлхтөнд өгөгдсөн хамгийн агуу бэлэг бол мөнх амь.
2-рт, амар тайван, тайвшрал.Та Есүст итгэснээр таны зүрх сэтгэл тайвшралаар дүүрэх болно. Гэхдээ асуудлууд тань нь автоматаар шийдэгдэнэ гэсэн үг биш, харин Христэд итгэх итгэлээр таны зүрх сэтгэл амар тайван, тайвшралаар бялхах болно. Филиппой 2:1 “Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэл, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ” гэж бичигдсэн. Тиймээ, зөвхөн Христ дотор л хайрын тайвшрал байдаг.
3-рт, баяр хөөр. Таны баяр хөөр хэр удаан үргэлжилдэг вэ? Хошин шог үзээд хэр үргэлжилдэг вэ? Хуриманд оролцоод, шагнал урамшуулал аваад, баяр хөөртэй үе болсон ч гэсэн таны баяр хөөр үргэлжилсээр байдаг уу? Та баярлаад л байдаг уу?Харин Есүст итгэгчдийн баяр хөөр мөнхөд үргэлжилдэг. Эртний эш үзүүлэгч Исаиа ийн хэлжээ. “Ингээд ЭЗЭНээр золигдогсодбуцаж,Баяртайгаар дууланСион уруу ирнэ.Тэргүүн дээр ньмөнхийн баяр хөөр,Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөдГашуудах, санаа алдах нь зугтанодно.” Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно гэж хэлсэн. Ямар гайхамшигтай гээч. Христэд итгэсэн хүн мөнхийн баяр хөөрийг эдэлнэ. Ямар нэг нөхцөл байдлаас үл хамаарсан баяр хөөр. Ямар нэг үйл явдлаас үл хамаарсан баяр хөөр. Одоо та яамаар байна? Мөнхийн баяр хөөрийг эдэлмээр байна уу? Тэгвэл бидний төлөө малын хашаанд мэндлээд, улмаар загалмайд цовдлогдон үхээд амилсан Есүст итгээрэй. Хэн ч булааж чадахгүй, хэн ч үгүйсгэж чадахгүй, ямар ч уй гашуу, санаа зовиураар үл устгагдах мөнхийн баяр хөөрийг та эдлэх болно. Есүс Христ таныг мөнхийн баяр хөөрөөр хооллох болно.
4-рт, уучлал.Уучлал үгүй бол амьдрал үгүй. Хүн хүнээ уучлах нь байх л асуудал. Гэхдээ өнөөдөр нь уучилсан бол маргааш нь хорссон явж байх үе байдаг. Харин Христийн уучлал мөнхийнх. Ефес 1:7-д “Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Энэ уучлал нь ямар ч болзолгүй. Энэ уучлал нь мөнхийнх. Энэ нь хайраар бялхсан уучлал. Хайраар дүүрэн уучлал. Та хаана ч уучлагдана, та хаана ч энэ уучлалыг эдлэх боломжтой.
Танд зориулсан агуу бэлэг Есүс Христ энэ дэлхийд ирсэн билээ. Ямар гайхамшигтай мэдээ вэ? Бүгдээрээ 10-11-р эшлэлийг үзээрэй. “Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Тийм ээ, энд өгүүлж байгааг харвал зөвхөн тэр нутгийн хүмүүсийг биш, тэр хэдэн хоньчдыг ч биш харин бүх ард түмнийг үлэмж баярлуулах мэдээ гэж онцолж байна. Тэгвэл тэр мэдээ нь Аврагч Эзэн Христ бид бүхний төлөө, бүх ард түмний төлөө мэндэлсэн явдал юм.

Хайртай Есүс Христ минь,
Би нүгэлтэй бөгөөд надад Таны уучлал хэрэгтэй байгааг би ухаарч байна. Зөвхөн Та л гэм нүглийг уучилж чаддаг гэдэгт би итгэж байна. Би Таныг зүрх сэтгэлд минь орж ирэн, миний гэм нүглийг уучилж, амьдралын маань удирдагч болооч хэмээн гуйж байна. Гэм нүглүүдээс минь намайг аварсанд тань баярлалаа. Одоо Диваажин бол миний шагнал болсон гэдэгт итгэлтэй байна.

өмнөх нийтлэл2017 оны Христмасын 4-р хичээл(12.24)
Дараагийн нийтлэл2018 оны Лук 13-р хичээлийн асуулт (01.07)