ОРГИЛОХ БУЛАГ
Иохан 4:1–30
Гол эшлэл: Иохан 4:14
“Есүс — Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хүн хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно”.
Өнөөдрийн номлолоор бид Есүс нэгэн самари эмэгтэйтэй уулзаж, ярилцаж буй тухай үзэх болно. Энэ эмэгтэй өмнөх бүлэгт үзсэн Никодемоос эрс ялгаатай нэгэн байв. Никодем бол хүндлэгдсэн, өндөр байр суурьтай, Иудейн удирдагч хүн байсан. Харин энэ эмэгтэй бол гадуурхагдсан, доромжлогдсон, дорд нэгэн байв. Никодем ёс суртахуунтай байсан бол энэ эмэгтэй ёс суртахуунгүй нэгэн байв. Энэ хоёр хүнийг сайн харвал хоёулаа дотоод сэтгэл, сүнсэндээ цангасан, Есүсийн өгдөг амийн усыг уух шаардлагатай хүмүүс байв. Тиймээс ч Есүс тусгайлан тэдэнтэй 1:1-ийн хичээл хийж байгаа юм.
Никодем нь сүмийн итгэгч нарыг төлөөлдөг бол, харин самари эмэгтэй нь үл итгэгч хүмүүсийг төлөөлдөг. Өнөөдөр зарим итгэгчид цуглаанд тогтмол явж, 10/1-ээ өргөж, Библийн хичээл хийсэн ч сүнсний баяр хөөргүй, сүнсний хүчгүй, дотоод сэтгэл нь хангалуун бус, амийн ус оргилохгүй амьдардаг хүмүүс байдаг. Мөн үнэн Бурханыг таньж мэдээгүй хүмүүсийн хувьд гаднаас нь харахад ямар ч асуудалгүй мэт харагдавч, дотоод сэтгэл нь хангалуун бус, жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадалгүй, сэтгэл сүнс нь цангасан амьдардаг. Тэгвэл өнөөдрийн үгээр дамжуулан Есүс бидэнд нуугдсан эрдэнэс мэт чухал үнэнийг зааж өгөх болно.
Хүний сэтгэл, сүнсний цангаасын үндсэн асуудал нь юу вэ? Сэтгэл, сүнсний цангаасыг бид хэрхэн шийдэх вэ? Есүсийн өгдөг амийн усыг бид хэрхэн уух аргыг сурах болно. Зөвхөн Есүст итгэгчдийн дотроос ундардаг, мөнх амь өөд оргилох булгийн усыг хүн бүр сэтгэл сүнсэндээ хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Надад уух ус өгөөч (1–12)
1–4-р зүйлийг үзээрэй! Есүсийн тунхагласан сайн мэдээ Баптисч Иоханыхаас илүү хүчтэйгээр олон хүнд хүрсэнд тухайн үеийн хуулийн багш нар атаархал болон үзэн ядах сэтгэлээс болж Есүсийг буруутгах болсон. Есүс тэдэнтэй хэрэггүй зөрчилдөөн үүсгэхгүйн тулд Иудейг орхин Галил руу явсан. 4-р эшлэлийг харвал Есүс Самариар дайран явах хэрэгтэй болов (4). Тухайн үед иудейчүүд самаричуудтай харилцдаггүй байсан учраас Галил явахдаа Самарийн газар нутгаар явалгүй, хоёр дахин хол замаар тойрч явдаг байв. Учир нь гэвэл Самари нь хойд Израилийн нийслэл хот байсан бөгөөд МЭӨ 722 онд Ассирт эзлэгдсэн. Тэр үед Ассирын хаан өөрсдийн эзэмшилд авсан хүмүүсээс Самарийн хотуудад суурьшуулсан (2 Хаад 17:24). Самари нутгийн хүмүүс тэдгээр үндэстнүүдийн нөлөөнд орж, хиймэл шүтээн шүтэж, өв соёл, уламжлалын цэвэр байдлаа алдсан учраас юм (9б).
Тэгвэл Есүс яагаад заавал энэ Самариар дайран явсан бэ? Есүс дөт замаар явахыг хүссэн юм болов уу? Эсвэл иудейчүүд самаричуудтай харилцдаггүй байсныг мэдээгүй юм болов уу? Аль нь ч биш юм. Есүс Иохан 10:16а-д “Энэ хашаан дахь хонинуудаас өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой” хэмээн хэлсэн байдаг. Тийм учраас Есүс самари эмэгтэйтэй уулзаж, түүнд Бурханы бэлэг болон амийн ус өгөхийг хүссэн.
5–6-р эшлэлийг үзээрэй. Есүс шавь нарынхаа хамтаар Самарийн Сухар гэдэг хотод ирсэн. Сухар нь Самарийн нэгэн хот бөгөөд тэнд Иаковын худаг байдаг байв. Есүс болон шавь нар говь, цөлийн халуун наранд ойролцоогоор 45 км замыг туулан ирсэн. Тэр үед өдрийн ид халуун үе болох 12 цагийн үе байсан учир Есүс маш их ядарч, ам нь цангасан байв.
7–8-р эшлэлийг үзээрэй! “Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс — Надад уух юм өгөөч гэв. 8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа.”
Есүсийн сууж байсан худаг дээр нэгэн самари эмэгтэй ус татахаар ирсэн. Тухайн үеийн Палестины эмэгтэйчүүд өдрийн халуун нарнаас зугтан өглөө юм уу, оройн сэрүүнд хоёр, гурваараа нийлэн ус утгахаар ирдэг байв (Эхлэл 24:11). Гэтэл энэ эмэгтэй яагаад өдрийн ид халуунд ганцаараа ус авахаар ирж байна вэ? 18-р эшлэлийг үзвэл энэ эмэгтэй таван нөхөртэй байсан гэдгийг мэдэж болно. Магадгүй хот тосгоныхон түүнийг янз бүрээр гадуурхаж, доромжилж, шүүмжилдэг байсан байх. Тэрээр хүмүүсийн буруутгал, шүүмжлэлээс зугтахын тулд ганцаараа ус утгахаар ирдэг байв. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй хотын хүмүүстэй харилцааны асуудалтай, хүмүүстэй өөрийгөө харьцуулах сэтгэлтэй, мөн ганцаардалтай байсан. Өнөөдөр олон хүмүүс бусадтай харилцах харилцааны асуудлаас болж бусадтай хана үүсгэн, ганцаардлын дунд өөрийгөө тусгаарлан амьдардаг. Зарим нь гэм нүгэл, алдаа зөрчлөөс болж дотроо өөрийгөө буруутган, хүмүүсээс өөрийгөө тусгаарлан амьдардаг.
Тэгвэл ийм эмэгтэйд Есүс юу гэж хэлсэн бэ? 7б-г үзье. “Есүс түүнээс — Надад уух юм өгөөч гэв.” Есүсийн уг үйлдэл нь зүгээр нэг ус уухыг хүссэн бус, харин гүн утга учиртай байсан. Есүс түүнээс ийнхүү асууснаар энэ эмэгтэйтэй нүүр тулан харилцахыг хүссэн. Өөрөөр хэлбэл Есүс гэм ба шархаар дүүрэн эмэгтэйг хайж очоод, дотор буй асуудлыг ил гаргаж, шархтай газрыг нь хөндөж, доторх асуудалтай нь нүүр тулуулснаар эдгээж өгөхийг хүссэн. Өнөөдөр ч гэсэн Бурхан гэм ба шархаар дүүрэн биднийг хайж очин, шархтай газрыг маань хөндөж, дотор буй асуудалтай маань нүүр тулуулж, эдгээж өгөхийг хүсдэг. Яагаад? Учир нь Бурхан биднийг өдөр бүр өдрийн халуунд ганцаараа ус хутгахаар явдаг амьдралаар амьдруулахыг хүсдэггүй учраас юм.
Тиймээс Бурхан биднийг ганцаардаж, дотоод зүрх сэтгэлдээ шаналж байхад, янз бүрийн асуудлаар дүүрэн, гэм нүглийн хүлээс дунд амьдарч байхад Есүс Өөрөө над дээр ирээд “Надад уух юм өгөөч” гэж гуйн, бидэнтэй нүүр тулан харилцахыг хүсдэг. Энэ цагт “Надад уух юм өгөөч” хэмээн гуйж байгаа Есүсийн дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна.
Гэтэл эмэгтэйн хариулт ямар байсан бэ? 9-р эшлэлийг үзээрэй. “Өнөөх эмэгтэй — Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)” Эмэгтэй Есүс ус гуйж байхыг хараад бүр мэл гайхан, шоконд орсон. Иудейчүүдэд орхигдсон, гологдсон самаричууд, тэр самаричуудын дундаа ч ад үзэгдсэн, хэн ч биш, гэмтэй, ямар ч итгэл найдваргүй тийм эмэгтэйд Есүс Өөрийн Бурханы яруу алдрын сэнтийгээ орхин, хамгийн төлөв даруугаар энэ эмэгтэйгээс ч дорд нь болон “Надад уух ус өгөөч” хэмээн очиж байна.
Энэ хэсэгт нэр өгвөл та ямар нэр өгөх вэ? Би бол “Тэнгэрлэг учрал” гэж нэр өгмөөр байна. Амен. Есүс надтай яг ингэж уулзсан тэр учрал ч мөн тэнгэрлэг учрал байсан юм. Амен. Гэмийн боол байсан намайг хайж ирсэн Есүс Танд баярлалаа.
Одоо 10-р эшлэлийг үзээрэй. “Есүс түүнд — Хэрэв чи Бурханы бэлгийг болон ‘Надад уух юм өгөөч’ гэж байгаа нь хэн болохыг мэдсэн сэн бол чи Түүнээс гуйж, харин Тэр чамд амийн усыг өгөх байсан” гэж айлдав.
Есүс эмэгтэйд хоёр зүйлийг ойлгуулахыг хүссэн. Нэгдүгээрт, “Бурханы бэлэг” юу болохыг, хоёрдугаарт, “Надад уух юм өгөөч” гэж гуйж буй хүн хэн болохыг мэдүүлэхийг хүссэн. Самари эмэгтэй Есүсийг ердийн нэг иудей хүн, ам нь цангасан хүн гэж харсан. Гэвч Есүс жирийн нэг хүн бус, харин Бурханаас өнө эртнээс зөгнөгдсөн Аврагч Мессиа, Бурханы цорын ганц Хүү байсан. Хэрэв самари эмэгтэй Есүсийн энэ үнэнийг мэдэж, Есүсийг таньж мэдвэл түүний хандлага өөрчлөгдөж, Түүнээс өөртөө хамгийн хэрэгтэй байгаа зүйлээ гуйх байв. Өнөөдөр ч гэсэн бид Есүсийн үнэнийг таньж мэдэн, Есүсийг зөвөөр харвал бидний Есүст хандах хандлага өөрчлөгдөх болно.
Есүс эмэгтэйд “Бурханы бэлэг”-ийг өгөхийг хүссэн. Яагаад юм бол? Учир нь самари эмэгтэй одоо хүртэл Бурханы бэлгийн талаар бодож ч үзээгүй, сонсож ч байгаагүй нь ойлгомжтой. Харин тэр хүмүүсийн өгөх бэлэг, энэ дэлхийн бэлэг, нөхрийн өгдөг бэлгийг л мэддэг бөгөөд түүнийг л хүсэж, эрэн хайж амьдарсан. Магадгүй нөхрийнхөө тавьдаг анхаарал, хайр халамж, хүмүүсийн үзүүлдэг сайхан сэтгэл, хаа нэгтэй байх өөрийг нь төгс бүрэн хайрлаж ойлгох тэр нэг хүний хамгийн сайн бэлэг гэж бодож амьдарсан байх.
Ер нь тэгээд сайн сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж хаа байхав. Хүн бүр л баяр хөөртэй, аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч махан биеийн хүсэл, шунаг сэтгэл, амар хялбар амьдрах хүсэл, амин хувиа хичээх зэрэг нь хамгийн зөв мэт боловч эцэстээ энэ самари эмэгтэй шиг ганцаардал ба шархаар дүүрэн сэтгэлтэй хоцордог. Тэгээд зарим нь энэ мэт сэтгэлээ тайтгаруулахын тулд шоудах, кино үзэх, дуу дуулах, спортоор хичээллэх, тасралтгүй утас ухах, зурагт үзэх, ПС тоглох, интернэт ухах, шоппинг хийх гэх мэт зүйлсээр түр зуурын сэтгэл ханамжийг хайдаг. Энэ дэлхийн улс орон өөрчлөгдөж, техник технологи хөгжих тусам хүний доторх сэтгэл ханамжийг дүүргэх мэт шинэ шинэлэг олон зүйлс тасралтгүй гарч ирсээр байдаг. Хэчнээн сайхан зүйлс байлаа ч гэсэн эцэстээ хүнийг хоосон сэтгэлд автуулж, дотоод сэтгэлдээ жинхэнэ ханамжийг эдэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл хүн жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадалгүй, сэтгэл сүнсэндээ цангаастай амьдарсаар л байна.
Тэгвэл ийм эмэгтэйд Есүс юу гэж хэлсэн бэ?
2. Оргилох булаг (13–30)
Одоо 13, 14-р эшлэлийг үзээрэй! Бүгдээрээ хамтдаа уншъя!
“Есүс — Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” гэхэд.
Есүс энд “Иаковын худгийн ус” нь юу вэ? Энэ нь дэлхийн бүх зүйлс бөгөөд дэлхийн мэдлэг боловсрол, мөнгө, нэр алдар, гавьяа, хайр дурлал, өндөр албан тушаал, тав тухтай амьдрал, амтат хоол гэх мэт зүйлсийг зааж байна. Эдгээр зүйлс нь хязгаартай бөгөөд хүний дотоод сүнсний цангааг бүрэн тайлж чадахгүй юм. Хүн хэчнээн тансаг байшинд амьдарч, амттай тансаг сайхан хоол идсэн ч, хамгийн үнэтэй, сайхан машин унасан ч дотоод сэтгэл, сүнс нь жинхэнэ ханамжгүй, сэтгэл хангалуун бус байдаг.
Тэгвэл яагаад энэ дэлхийн зүйлс хүний буюу бидний дотоод сэтгэлийн цангааг тайлж чадахгүй байна вэ? Эхлэл номын 2-р бүлгийг харвал Бурхан хүнийг анх бүтээхдээ газар шорооноос урлаад, амийн амьсгалыг үлээж оруулахад хүн сүнсээр оршин байгч болсон (Эхлэл 2:7). Үүнээс харвал хүн мах бие болон сүнс гэсэн хоёр биетэй юм. Хүний мах бие хоол унд идэж байж цаддаг бол сүнс хэзээ ч мах биеийн хэрэгцээгээр хооллох боломжгүй юм. Тиймээс энэ дэлхийн ямар ч зүйлс хүний сүнсийг дүүргэж чадахгүй.
Тэгвэл Есүсийн өгдөг ус нь юу вэ? 14-р эшлэлийг дахин үзээрэй!
“Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно”.
Есүсийн өгдөг ус нь хүнийг хэзээ ч дахин цангуулахгүй бөгөөд тухайн хүний дотроос үргэлж өөд оргилох булгийн ус шиг гэж байна. Яагаад? Яагаад гэвэл Есүсийн өгөх ус нь энэ ертөнцөөс ирдэг биш, харин Бурханаас ирдэг учраас юм. Өөрөөр хэлбэл Есүсийн өгдөг усыг Иаковын өгдөг устай харьцуулбал мөн чанарын хувьд тэс өөр зүйл юм. Есүсийн өгдөг ус нь хүнээс ирдэг зүйл биш, харин Бурханаас бэлэг болон ирдэг учраас юм.
Тэгвэл Есүсийн бидэнд өгдөг ус нь чухам юу вэ? Иохан 7:37–39а-д:
“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран — Цангасан хүн байвал Над руу ирж, уугтун. Бичвэрт хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ” гэв.
Эндээс харвал Есүст итгэх үед Бурханы бидэнд бэлэг болгон өгдөг Ариун Сүнсийг зааж байна. Энэ л Бурханы өгдөг Ариун Сүнс бидний дотор оршиход бидний сэтгэл, сүнсэнд урсаж буй гол мэт, өөд оргилж буй булаг мэт бидний сэтгэл, сүнсийг тэтгэдэг гэсэн утгатай. Та бүхэн доороосоо ундрах, бургилах булаг, рашаан харсан уу? Тасралтгүй, үргэлж, байнга ундарсаар байдаг. Салхитай, бороотой, халуун, хүйтэн зэргээс үл хамааран ундарсаар л байдаг. Ариун Сүнс бидний сэтгэл, сүнсийг ийнхүү тасралтгүй, үргэлж, байнга цутгана гэсэн утгатай. Үнэхээр гайхалтай биш гэж үү?
Энэ л Сүнс бидний дотор оршиход бидний амьдралд ямар үр жимс төрүүлдэг вэ? Галат 5:22, 23-т:
“Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм” гэв.
Бидний дотор Ариун Сүнс оршиход бид өөрийн эрхгүй хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, дөлгөөн зангаар дүүрэн хүн болдог. Мөн шинэ чанар, шинэ үзэл бодол, шинэ хандлагаар дүүрэн амьдруулдаг. Ийм хүн нь өөрийн дотроос үргэлж ундран гарч буй сүнслэг амийн усыг бусдад өгдөг амьдралаар амьдардаг. Энэ цагт таны дотор юу өөд оргилох булаг мэт, юу таны дотроос гол мэт урсан гарч байна вэ?
Бид Бурханы хүүхдүүд болсон хэдий ч сүнсний баяр хөөргүй, сүнсний хүчгүй, дотоод сэтгэл хангалуун бус байх үе байдаг. Заримдаа энэ дэлхийн зүйлсээр ундаасах үе байдаг. Яагаад ийм байна вэ? Яагаад надаас бусдыг хайрлах, уучлах, тэвчих сэтгэл гарахгүй байна вэ? Яагаад Сайн мэдээг дэлгэрүүлэх хүсэлгүй болдог вэ? Уг нь би Ариун Сүнсийг хүлээн авсан, Ариун Сүнс миний дотор оршиж байгаа ч би Ариун Сүнсээр удирдуулахгүй, Ариун Сүнстэй нөхөрлөхгүй, Ариун Сүнсэнд түшиглэхгүй байгаа учраас тэр юм. Өөрөөр хэлбэл бид дотоод зүрх сэтгэлдээ өөр зүйлсээр буюу энэ дэлхийн зүйлсийг байлгаж, хүсэн тэмүүлж, дотроо дүүргэн, хадгалж байгаа учраас юм. Мөн энэ дэлхийн зүйлсээс гадна Ариун Сүнсээр удирдуулахад саад болдог нэг зүйл нь гэмийн асуудал юм. Гэм нүгэл бидний Ариун Сүнсний гол урсах, оргилох сувгийг бөглөдөг. Тиймээс бид чин сэтгэлээсээ гэмшвэл гэмийн бөглөө тайлагдан, Ариун Сүнсний ус дахин бидний сэтгэл, сүнсэнд өөд оргилох булгийн ус мэт дахин ундрах болно.
Одоо 15, 16-р эшлэлийг үзээрэй!
“Эмэгтэй Түүнд — Эзэн минь, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус татахаар энд ирэхгүй болно гэв. Есүс — Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав”.
Эмэгтэй Есүсийн амийн усны тухай сонсоод сэтгэлээ нээн, тэр усаа надад өгөөч гэсэн. 14-р эшлэл: Үнэхээр хүсэхгүй байхын аргагүй сайхан мэдээ байсан. Харин энэ үед Есүс явж, нөхрөө дуудаад энд ир гэв (16). Есүс амийн усыг гуйж буй эмэгтэйн ярианы сэдвийг шууд өөрчилж, түүний хувийн амьдрал, нөхрийн асуудал руу орж байна. Яагаад? Есүсийн өгөх амийн усыг уух гэвэл нөхрийн асуудлыг өөрөө хэлж, гэмийн асуудлыг шийдэх ёстой байв. Эндээс харвал эхлээд хүн Есүсийн өгөх амийн ус буюу Ариун Сүнсийг хүлээн авах гэвэл заавал гэмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн утгатай. Хэрэв бид өөрсдийн гэм нүглийг Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшвэл Бурхан бидний сэтгэл, сүнсийг Ариун Сүнсээр дүүргэж, бидний дотроос Ариун Сүнсний мөнхөд оргилох булаг мэт ундран оргилох болно.
Мэдээж дотор байгаа асуудлаа ил гарган, түүнтэйгээ тулж, түүнийгээ ил гаргана гэдэг нь амар биш. Зүрх сэтгэлийн өвдөлт, ичгүүр заавал дагалддаг. Гэвч бид чин сэтгэлээсээ гэмшиж чадвал Бурханаас ирэх гайхамшигтай ивээлээр Ариун Сүнсээр дүүрч, Бурханы онцгой хайр ба ивээлийг дүүрэн амсдаг.
17-р эшлэлийг үзээрэй. Самари эмэгтэй “Би нөхөргүй” гэсэн. Энэ нь түүний чин сэтгэлийн хариулт байсан. Тэрээр таван нөхөртэй байсан бөгөөд одоо байгаа нөхөр нь ч гэсэн жинхэнэ нөхөр болж чадахгүй байна гэсэн түүний чин сэтгэлийн илчлэл байсан. Энэ нь хэн ч түүний сэтгэл ханамжийг өгч чадаагүй гэсэн өчил юм. Есүс түүний үгийг сонсоод чин сэтгэлийн үгийг нь хүлээн зөвшөөрч, “Би нөхөргүй” гэж зөв хэллээ гэсэн. Тэгээд “Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр биш тул чи үнэнээр хэлэв” гэв. Есүс энэ эмэгтэйн өнгөрсөн ба одоогийн бүх амьдралыг мэдэж байсан.
Эмэгтэй өөрийнх нь бүх зүйлийг мэддэг Есүсийг эш үзүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрч (19, 20), дотроо үргэлж боддог байсан мөргөлийн талаар асуусан. Үүнээс харахад эмэгтэйн сэтгэлийн гүнд байсан жинхэнэ асуудал нь нөхрийн асуудал биш, харин Бурхантай хэрхэн зөв харилцах, хэрхэн МӨРГӨХ нь түүний гол асуудал байсан гэдгийг мэдэж болно. Иймээс Есүс түүнд мөргөлийн талаар буюу Бурхантай хэрхэн зөв харилцах аргыг зааж өгсөн. 23, 24-р эшлэлийг үзээрэй.
“Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ үнэнээр Эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ үнэнээр мөргөх ёстой” гэв.
Есүс энд хүн Бурханд сүнс ба үнэнээр мөргөх цаг ирсэн гэж байна. Учир нь Есүс Христ ирснээр Хуучин Гэрээний үеийн материаллаг болон ёс төдий дүрэм журмын дагуу тахил өргөдөг амьдрал бус, харин хүн бүр Ариун Сүнсээр дамжуулан хаана ч, хэзээ ч Бурханы өмнө очих шинэ зам нээгдсэн гэдгийг тунхаглаж байна. Бурханд Сүнсээр мөргөнө гэдэг нь бидний сэтгэл, сүнсний гүнд орших Ариун Сүнсэнд хичээнгүйлэн түшиглэж, Түүгээр удирдуулан захирагдахыг хэлж байна. Үнэнээр гэдэг нь бусдын өмнө дүр эсгэлгүй, хоёр нүүр гаргалгүй, амьд Бурханы үнэн үг ба Ариун Сүнсний дагуу чин сэтгэлээсээ хандахыг хэлж байна. Бурхан ийм л мөргөгчдийг эрж байна.
Самари эмэгтэй Бурханд хэрхэн мөргөх, буюу Бурхантай хэрхэн зөв харилцахыг мэдэхгүй байсан учраас сэтгэл, сүнсний асуудлаа шийдэж чадахгүй байсан. Тиймээс тэр өөрийн гол асуудал болох сэтгэл, сүнсний цангаасыг тайлах нэгнийг эрэн хайж амьдарсан. Гэвч түүний сүнсний цангаасал нь эцэстээ түүнийг ганцаардсан, бусдаас тусгаарлагдсан, дотоод сэтгэл, сүнсэндээ шарх ба өвдөлтөөр дүүрэн нэгэн болгон хувиргасан.
Өнөөдөр бид ч гэсэн Бурхантай зөв харилцаагүй байвал бидний сэтгэл, сүнс цангасаар байх болно. Гэвч Есүсийн хэлсэнчлэн Бурханд Сүнс ба үнэнээр мөргөх цаг ирсэн. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрэн хайсаар л байна.
25, 26-р эшлэлийг үзээрэй! Эмэгтэй Есүсийг Аврагч Мессиа буюу жинхэнэ чин сэтгэлээсээ мөргөх Нэгэн байна гэдгийг мэдсэн. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот руу буцаж очоод хүмүүст “Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү?” хэмээн тунхагласан гэв (29). Урьд нь эмэгтэй хотын хүмүүсээс айж, санаа зовж, гадуурхагдан, тэднээс өөрийгөө тусгаарлан амьдарч байсан бол Есүстэй уулзсаны дараа бүрэн өөрчлөгдсөн. Учир нь тэр өөрийн сэтгэл, сүнсний цангааг тайлах өөр нэгнийг эрэн хайж амьдрах шаардлагагүй болсон. Энэ бол Есүсийн амийн усыг хүлээн авсан хүний амьдралд гардаг өөрчлөлт юм. Амен.
Дүгнэлт: Хүн бүр дотоод сэтгэл, сүнсний цангаастай байдаг. Энэ цангаасал хүн бүрт өөр өөр байдаг. Хэрэв бид энэ цангааг энэ дэлхийн зүйлсээр тайлах бүрд дахин цангах болно. Харин бид өдөр бүр “Надад уух юм өгөөч” хэмээн даруухнаар биднээс гуйж буй Есүсийг хүлээн зөвшөөрч, Түүний өгдөг амийн усыг уувал бидний дотроос амийн усны гол урсаж, өөд оргилох булаг мэт сэтгэл, сүнсний дүүрэн амьдралаар амьдрах болно.
Самари эмэгтэй адил цангаж, будилж төөрсөн, гэмийн боолоор амьдарч, сүнсээр сохор, ганцаардсан хэн ч биш намайг хайж ирсэн, Бурханы бэлэг болох амийн усыг өгсөн Эзэн Бурхандаа талархал, магтаалыг өргөж байна. Цаашид үнэнээр ба Сүнсээр жинхэнэ хүндэтгэл ба мөргөлийг өргөдөг, Ариун Сүнсний үр жимсээр дүүрэн амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН.