УУЖИМ СЭТГЭЛТЭЙ БАЙСАН БЕРОЙ ХҮМҮҮС
Үйлс 17:1-15
“Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.”(11)
Өнөөдрийн зарлиг нь Паул, Силас нар Тесалоник болон Берой дахь цуглааныг байгуулсан тухай юм. Харин энэ хоёр хотынхны хандлага нь өөр байсан. Уг зарлигаар дамжуулан бид Бурханы үгийг хэрхэн, ямар байдалтайгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ гэдгийг сурах болно.
1. Бүдүүлэг байсан Тесалоник хүмүүс (1-9)
Паул Тесалоникт хүрч очоод иудейчүүдийн Синагогт гурван удаа Амралтын өдөр Судраас сургамжилжээ. Ялангуяа загалмайд нас барж, амилсан Есүс нь Христ болохыг бат итгэлтэйгээр гэрчлэв. Энэ үед үнэнийг хайрлагч грекчүүд, бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд Есүст итгэцгээжээ.(4) Гэтэл иудейчүүд атаархан гудамжны хэсэг балмад хүмүүсийг олж ирээд хотыг үймүүлж, итгэгчдийг зовоов. Түүгээр ч барахгүй Беройд хүртэл мөшгиж ирээд Бурханы ажилд саад хийжээ.(13) Ариун Сүнсний ажлыг иудейчүүд шиг хүний санаагаар харвал Бурханы ажлыг эсэргүүцэгчид болох болно.
2. Уужим сэтгэлтэй Берой хүмүүс (10-15)
Харин Берой хотынхон уужим сэтгэлтэй байсан. Тэндхийн хүмүүс Бурханы үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхээр Судрыг өдөр бүр нягтлан үзэж байв.(11) Түүний үр дүнд олон хүн итгэсэн бөгөөд тэдний дунд Грекийн нэр хүнд бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүс цөөнгүй байв. Бурханы зарлиг нь нуугдсан эрдэнэс мэт байдаг. (Марк 4:22) Түүний дотор Бурханы нууц болон амьдралын үнэний эрдэнэс дүүрэн байдаг. (Дуулал 19:7-10) Тиймээс зарлигийг гүнзгий бодож, судалдаг хүмүүс нь түүний дотроос эрдэнийн чулуу мэт сургамж болон цэцэн ухааныг олж чадна.
Залбирал: Эзэн минь ээ! Шижир алт мэт Таны үгийг үл тоомсорлон тунгаан бодохгүй амьдарч байсандаа гэмшиж байна. Би чин сэтгэлээсээ зарлигийг хүссэнээр Түүний дотор буй амьдралын үнэт эрдэнэсийг олж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Судрыг өдөр бүр нягтлан үз.”