Шинэ сүм Есүс
Иохан 2:13-25
Гол эшлэл 2:19
“Есүс тэдэнд – Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэхэд”
Өнгөрсөн хугацаанд бид Иохан 1-р бүлгээс Есүс нь хэн болохыг, Баптисч Иохан Есүсийг хэрхэн гэрчилснийг, мөн Есүс анхны шавь нараа дуудсан тухай суралцсан билээ. Харин 2-р бүлэгт Есүс анхны тэмдэг хэрхэн үйлдсэн, Иерусалимд орж ирээд сүмийг цэвэрлэсэн тухай үйл явдлууд гарч байна.
Өнөөдөр бидний суралцах хэсэг бол Есүс Галилаас Иерусалимд орж ирээд Иерусалим сүмийг цэвэрлэж байгаа тухай мөн энэ үйлдлийг цаана Есүсийн хэлэхийг хүссэн зүйл юу болохыг суралцах болно.
Нэг. Сүмийг цэвэрлэсэн Есүс (13-17)
Есүс шавь нарын хамт Алгасал баярын үеэр сүмд орж ирсэн. Алгасал баяр бол Иудейчүүдийн сахих ёстой 3 том баярын нэг бөгөөд, энэ үеэр 19 дээш насны бүх эрчүүд Иерусалимд ирж сүмд мөргөл өргөх ёстой юм. Есүс хэдий Бурханы Хүү байсан ч хуулийг сахин, Бурханаас тогтоож өгсөн хуулийг гүйцэлдүүлэхийн тулд ийнхүү орж ирж байна. Түүнийг орж ирэхэд сүмийн нөхцөл байдал ямар байсан бэ? 14-р эшлэлийг харвал үхэр, хонь, тагтаа худалдаалагчид болон, мөнгө зоос солигчид сүм дотор сууж худалдаа, солилцоо хийж буй наймааны газрын шиг байв. Сентад орж ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ? Хэрэв сентад орж ирэхэд ийм худалдаа наймааны дүр зураг угтвал яах вэ, кофе аваарай, хуушуур аваарай, орой болж байгаа тул 50 хямдарлаа гэдэг ч юмуу.
Энэ зүйл үүсэх болсон шалтгаан нь Израильчууд эдгээр баярын үеэр энд тэндээс Иерусалимд ирж, гэмшилийн өргөл, татвар зэргийг Бурханд зориулан өргөдөг. Хол газрын хүмүүс өргөлийн мал амьтан, шувуу зэргийг авчрах боломжгүй байсан тул хонь, үхэр, тагтаа зэрэг амьтадыг сүмийн дотор хашаалан зарж эхэлсэн. Мөн Ромын дүрстэй зоосыг хэрэглэхгүй хиймэл шүтээн гэж тооцож, Пэникиад үйлдвэрлэсэн Тирийн цэвэр мөнгөн зоосоор татвар төлдөг байсан. Үүнийг дагаж зоос солилцоо үүссэн байв. Эхэндээ хүмүүсийн хэрэгцээний төлөө байсан ч сүүлдээ эрх мэдэлтнүүдийг ашиг хонжоо олох хэрэгсэл болсон байна. Тахилчид өөрсдийн хийж гүйцэтгэх ажлаа эрх мэдлээр хаацайлан ашиг хонжооны хэрэгсэл болгосон. Тэд наймаачидтай тохиролцож зөвхөн өөрсдийн малыг оруулдаг, татвар авдаг байсан. Ийнхүү сүмд Бурханы дуу хоолой биш малын дуу, наймаачидын чанга дуу хоолой хадаж байлаа. Үүнийг хараад Есүс Бурханы Ариун сүм дээрэмчин, наймаачдын үүр болсон байна гэж хэлсэн Мт 21:13.
Тэгвэл сүм ямар газар байх ёстой вэ?
Сүм бол Бурханы үнэн ба хайр тунхаглагдах газар юм. Сүмд магтан дуу, Бурханы үг тунхаглагдаж, ард түмэн Бурхантай залбирал, гэмшил, магтаалаар Бурхантай уулздаг газар юм. Тахилчдын хийх ажил бол Бурханы үгээр хүмүүсийг хооллож, ард түмний төлөө зуучлан залбирч үйлчлэх ёстой байлаа.
Бурханд зориулагдсан газар хүний ашиг сонирхолд үйлчилдэг болсныг хараад ЕСҮС МАШ ИХ УУРЛАСАН. Тэгээд юу хийснийг15, 16-р эшлэлээс үзье. “дээсээр шилбүүр хийж хонь үхэр бүгдийг нь сүмээс тууж, гарган мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаалж байсан хүмүүст -Энэ юмнуудаа зайлуул. Эцгийн минь гэрийг наймааны газар бүү болго гэлээ.”
Бид Есүсийн хайр, уучлал, золиослол, тэвчээр бүхий дүр төрхийг нь илүү мэдэрдэг. Харин Есүсийн уурлаж буй төрхийг тэр бүр мэддэггүй байж магадгүй. Есүс ийнхүү маш их уурласан шалтгаан нь Бурханы өргөө СҮМИЙГ СҮМ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАХЫГ хүссэн учраас юм.
Сүмийг ариун байлгахыг хүссэн учир: Ариун Бурхантай уулзахын тулд ариун байдлыг сахих хэрэгтэй. Иерусалим сүм ашиг сонирхол давамгайлсан ба ариун байдлаа алдсаныг хараад Есүс уурлаж байна. Бид мөн цуглаанд үйлчлэхдээ хандлага, мотиваци минь өөрийгөө харуулах эсвэл бардам сэтгэлээр байж болохгүй гэдгийг сурч болно. Бурханд чин сэтгэлээр талархаж, мөргөж, хайраа илэрхийлэхийн тулд цэвэр сэтгэлээр үйлчлэх хэрэгтэйг Есүс заахыг хүсэж байан.
Сүмд Бурханы үг тунхаглагдаж байхыг хүссэн. Есүс сүмд явагдаж байсан зохисгүй үйлдлүүдийг зогсоож байгаа нь үндсэн шалтгаан бол Бурханы үгтэй байлгахын тулд юм. Манай чуулганы хувьд Бурханы үг тунхаглагдсан оршихуйгаар дүүрэн газар байх болтугай. Бурханы үг нь бидэнд Ариун библи болж ирсэн ба үгийг нандинд тооцож, хэрэглэж чадахыг хүсэн гуйж байна.
Сүм залбиралаар дүүрэн байхыг хүссэн. Матай номыг харвал Есүс сүмийг цэвэрлэх үеэр Исаиа 56:7 — …Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэх болно. гэсэн эшлэлийг ашигласан. Зөвхөн Иудейчүүд төдийгүй өөр бусад бүх үндэснүүдэд хандсан Бурханы хүсэл найдвар, хайрыг энэ ишлэлээс харж болно. Ийм учраас Бурхан Өөрийн хайртай Хүүг энэ дэлхийд илгээж, бүх үндэснийг аврахыг хүссэн. Сүм залбиралаар дүүрэн байвал олон хүмүүс аврагдаж хайр ивээлтэй байх болно. Залбирал бол Бурхантай зөв харилцаа тогтоох ярилцах Түүнийг сонсох хамгийн чухал харилцаа юм. Манай чуулганыг Бурхан залбиралаар дүүрэн байхад удирдаж өгөхийн төлөө хичээнгүйлэн гуйж байна.
Есүсийн маш их уурласан өөр нэг шалтгаан нь түүний ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ ХАЛУУН ЗҮРХ СЭТГЭЛ юм. 17-р зүйлийг үзээрэй “Шавь нар нь Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгыг санацгаав. Есүсийн маш их уурлаж байгааг харсан шавь нар Дуулал 69:9 эшлэлийг санасан. Тэгээд Есүс Бурханд хандсан халуун сэтгэл хайрын илэрхийлэл байгааг олж шавь олж харсан. Бурханыг халуун сэтгэлээр хайрлаж байгаа Есүс сүмийг зах мэт болгосныг хараад тэвчихгүй байна.
Есүс ийнхүү тэдний гэм нүглийн эсрэг Бурханд халуун сэтгэл гаргасанаараа амь насаа эрсдэлд оруулсан. Хэдий тийм ч буруу зүйлсийн эсрэг тэмцэлдэн, үзэн ядаж, үнэнийг халуун зүрх сэтгэлээр хайрлаж байна. Энэ нь шашны удирдагчдад хандсан Есүсийн хоньчины халуун зүрх сэтгэл, Бурханы хайраар хайрлаж буй хайрын илрэл юм. Есүс тэднийг гэмшилд дуудаж байна. Есүс Христ зөв зүйл үйлдэхдээ зоригтой байсан шиг бид ч бас зоригтой байх хэрэгтэй гэдгийг сануулан хэлж байна. Иймд бид үнэн ба шудрагаар амьдарч гэрэл ба давсын үүрэгийг гүйцэтгэх хэрэгтэй. Бусад хүмүүс бидний амьдралын гэрэлтэй ба амтлагыг мэдээд Христ дээр ирэх хүртэл амьдрах хэрэгтэй. Бид Есүс адил үнэнийг хайрлаж амьдарч чадахын төлөө гуйж байна. Бид зүрхэндээ Бурханыг хайрлаж үнэний төлөө зүтгэлтэй байхад Есүс шиг өөрийгөө бодолгүй үхлээс ч айхгүй зоригтой тэмцэх болно.
Миний хувь өнгөрсөн даваа гарагт үеэл дүүдээ эхнэр гуйхаар айлд очиж, Бурханы өмнө шийдсэн байсан архи уухгүй гэсэн амлалтаа зөрчсөнд маш их гэмшсэн. Тэр хүмүүст би Есүст итгэдэг учраас архи уухгүй гэж хэлж болох байсан ч тэгж чадаагүй. Энэ миний сэтгэл өнгөрсөн хэд хоногт их хэцүү байсан. Тэр үед Есүс надаас ямар их ичсэн бол гэж бодсон. Бурханы үнэн ба хайрын талд зогсож чадаагүйдээ үнэхээр их гэмшсэн.
Хоёр. Шинэ сүм Есүс (18-25)
Есүс сүмд хийсэн үйлдэл, хэлсэн үгс нь сүмд болж буй болохгүй үйлдлийг зогсоохоос илүү гүн утга учиртай байв. 18-р зүйлийг харвал иудейчүүд хүчтэй эсэргүүцэж та бидэнд ямар тэмдэг үзүүлэх вэ? гэж асуусан. Тэд үнэн хэрэгтээ Бурханаас өгөгдсөн тэмдгийг харж итгэх гэсэндээ биш харин өөрсөд нь санхүүгийн хохирол учруулж байгааг зогсоохын төлөө ийнхүү асуусан. Харин Есүс тэдэнд “Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгох болно гэсэнд” Есүс тэдэнд ийнхүү айлдсан.
Есүс сүмийг цэвэрлэсний дараа “Энэ сүмийг нураа. Би гурван өдрийн дотор босгоно” гэж хэлсэн. Хүмүүс Түүний үгийг Иерусалимын чулуун сүмийн тухай гэж ойлгосон учир энэ сүмийг барихад 46 жил шаардагдсан шүү дээ гэж гайхсан. Харин Есүс Өөрийн биеийн тухай ярьж байсан. 21-р зүйлийг үзээрэй. Есүс чулуун барилгыг дахин босгох тухай биш, Өөрийгөө шинэ сүм болохыг тунхагласан юм. Тэгвэл Есүс сүмийг 3 өдрийн дотор босгосон уу? Хуучин гэрээний үед сүмд хийгддэг байсан зүйлс хэрхэн Есүсийн дотор биелэлээ олсныг үзье.
Бурханы орших газар: Хуучин гэрээний үед сүм нь Бурханы оршихуйг бэлгэддэг газар байв. Харин шинэ гэрээнд Есүсийг Иммануэл бидэнтэй хамт буй Бурхан гэж тодорхойлсон. Бурхан Өөрөө бидний дунд Есүсээр дамжуулан оршин байна. Итгэгч хүн бүрийн дотор Бурханы сүнс, ариун сүнс оршин байгаа сүм гэж Паул хэлсэн.
Тахил өргөдөг газар: Хуучин гэрээний үед сүмд амьтнаар тахил өргөдөг байсан тухай бид сурсан. Харин Есүс Өөрөө Бурханы хурга болж хүн төрөлхтөний гэмийг нэг мөсөн үүрэхээр ирсэн гэдгийг хэлж байна. Есүс тахил болгон өргөгдсөнөөр цаашид хонь, үхэр шувуу зэргээр тахил өргөх шаардлагагүй болсон.
Тахилч, зуучлагч болсон: Одоо бид Бурханд ойртохын тулд хуучин гэрээний тахилчийн үүрэг шаардлагагүй болж, Есүс Христээр дамжин Бурхан руу итгэлээр ойртон очих боломжтой болсон.
Бурханд хүрэх зам: Есүсийн үхэл, амилал бидний Бурханд ойртох замыг нээсэн. Бид залбирал болон мөргөлөөр Түүнд ойртож чадна.
Мөргөл өргөх: Хуучин гэрээний үеийнх шиг заавал Иерусалим, эсвэл сүмд очиж мөргөл өргөх шаардлаггүй болсон. Христ дотор хаана ч сүнсээр ба үнэнээр мөргөл өргөх боломжтой болсон. Есүс Самари эмэгтэйд “-Эмэгтэй Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна… Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг өөрт нь ийнхүү мөргөгчдийг хайж байна” Иохан 4:21, 23.
Есүс сүмийг цэвэрлэсэн үйл явдал болон “Энэ сүмийг нураа” гэсэн үг хоорондоо нягт уялдаа холбоотой байна. Есүс зөвхөн хуучин сүмийн буруу хэрэглээг засах гэж ирээгүй. Тэр Өөрөө Бурхантай уулзах шинэ зам, шинэ сүм болохоо илэрхийлсэн юм. Тиймээс одоо итгэгч бид Бурханд ойртохын тулд зөвхөн сүмийн барилга, шашны ёслол, гаднах үйлдэлд найдах биш, харин Есүс Христэд итгэх хэрэгтэй. Учир нь бидний итгэлийн төв нь сүмийн барилга биш, харин үхэж амилсан Есүс Христ юм.
Тиймээс бид Есүсийн нэрээр Эцэгт залбирдаг. Энэ нь зүгээр залбирлынхаа төгсгөлд Түүний нэрийг хэлэх төдий зүйл биш. Харин Түүний загалмайн золиос, амилалт, биднийг Бурхантай эвлэрүүлсэн ажилд найдан Эцэгт ойртож байгаа хэрэг юм.
22-р эшлэлд шавь нар Есүсийг амилсны дараа Түүний хэлсэн үгийг санаж, Судар болон Есүсийн үгэнд итгэсэн гэж гардаг. Тэд эхэндээ бүрэн ойлгоогүй боловч Есүсийн амилалтын дараа Түүний үгийн жинхэнэ утгыг ойлгожээ. Бид ч бас Бурханы Үгийг Христийн үхэл ба амилалттай холбон тунгаан боддог хүмүүс болохыг ерөөж байна.
Есүс Эзэний авчирсан сүмийн тухай шинэ ойлголт үүгээр зогсохгүй.
Жинхэнэ сүм болох Есүс Христэд итгэж, Түүнийг хүлээн авсан бүх итгэгчдийн хувьд ч гайхалтай байр суурийн өөрчлөлт гардаг. Учир нь амилсан Есүс Ариун Сүнсийг бидний дотор илгээсэн билээ. Элч Паул 1Коринт 6:19-20-рт ийнхүү хэлсэн. “Та нарын бие бол Бурханаас өгөгдсөн, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм гэгийг мэддэггүй юм уу? Та нар өөрсдөө өөрсдийнх биш бөгөөд Бурхан та нарыг үнэтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул.”
Үнэхээр гайхалтай нь, орчлон ертөнцийг дүүргээд ч багтахгүй ариун Бурханы Сүнс бидний зүрх сэтгэл болон махан бие дотор оршин суухаар шийдсэн явдал юм. Одоо итгэгч хүн нэг бүр алхаж яваа амьд “Ариунаас ариун газар” болсон билээ. Тэгвэл сүм болсон бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны өмнө дотоод сэтгэлийн ариун байдлаа сахих ёстой. Есүс дээсээр ташуур зангидан сүм доторх шунал ба шударга бус явдлыг хөөн гаргасан шиг, бид ч зүрхнийхээ хамгийн ариун газар дахь завхайрал, үзэн ядалт, эд баялгийг шүтэх үзэл, хувиа хичээсэн ширээнүүдийг өдөр бүр гэмшиж түлхэн унагах учиртай. Түүнчлэн бидний амьдрал бүхэлдээ мөргөл болох ёстой. Сүмийн зорилго бол мөргөл хүндэтгэл юм. Зөвхөн Ням гарагийн цуглааны нэг цаг л мөргөл биш, харин бидний амьсгалж, ажиллаж буй ажлын байр, гэр бүл, амьдралын бүхий л талбарт Ариун Сүнсний сүмийн ёсоор ариун бөгөөд үнэнч шударга байдлаар Бурханыг алдаршуулах ёстой.
Цаашлаад Библи нь итгэлийг зөвхөн ганцаараа ариун болох гэсэн тусгаарлагдмал хувийн үзэлд үлдээдэггүй. Бичээсийн зааж буй сүмийн хамгийн сүрлэг төгс хэлбэр бол аврагдсан итгэгчид хоорондоо холбогдон бүрдүүлдэг бүх нийтийн чуулган юм. Элч Паул Ефес 2:20-22-рт энэхүү агуу барилгын нууцыг нээн харуулсан. “Та нар элч нар ба эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж гэжээ.”
Энэ нь нэгдүгээрт, булангийн чулуу болох Христэд жишгээ тааруулах ёстойг сануулдаг. Барилгын ажилд булангийн чулуу нь бүх тоосгоны тэгш хэм, өнцөг, чиглэлийн туйлын жишиг болдог шиг чуулганы жишиг нь хүний туршлага, нийгмийн хандлага бус, харин булангийн гол чулуу болох Есүс Христийн үг ба загалмайн хайр байх учиртай.
Хоёрдугаарт, бие биетэйгээ холбогдон баригдах ёстой. Сүмийн ханыг бүрдүүлэгч чулуунууд тус тусдаа байвал барилга болж чадахгүй. Элч Петр биднийг амьд чулуунууд гэж нэрлэсэн бөгөөд өөр өөр гарал үүсэл, зан чанар, бэлэг авьяастай итгэгчид хайрын зуурмагаар хоорондоо бат нягт холбогдох хэрэгтэй.
Гуравдугаарт, энэ нь хамтдаа баригдаж буй сүм юм. Бид аль хэдийн төгс болчихсон хүмүүс биш, барзгар талууд бидэнд бий. Гэвч Христ дотор бие биенээ хүлээн зөвшөөрч, засагдан зүлгэгдэж, Ариун Сүнс орших ариун газар болохоор өдөр бүр хамтдаа баригдаж буй нигүүлслийн явц дунд байна. Ганцаараа бүрэн төгс орших бие даасан сүм гэж үгүй бөгөөд хажуудаа байгаа итгэгчийнхээ гараас атгаж, сул доройг нь тэврэн, Христийн хайраар холбогдох үед л ертөнц бидний нөхөрлөлөөр дамжуулан амьд Бурханы цог жавхлант оршихуйг харах болно.
Дүгнэлт: Энэ номлолоор бид Есүс сүмийг цэвэрлэсэн үйл явдал болон Есүс нь яагаад шинэ сүм болох тухай суралцлаа. Шинэ сүм болсон Есүсээр дамжуулан Бурхантай уулзаж, нөхөрлөж, гэмшиж залбиран ЭЗЭН БУРХАНЫ ЕРӨӨЛ дотор амьдардаг хүмүүс болохыг ерөөж байна.
Өнөөдөр Эзэн биднээс асууж байна. Чиний дотор Ариун Сүнс орших тэрхүү ариун байдлаа сэргээж байна уу? Булангийн гол чулуу болох Есүс дотор дэргэдэх итгэгч нартайгаа баяртайгаар холбогдож байна уу? Энэ долоо хоногт өөрийн бие болон амьдрал нь Ариун Сүнсний ариун сүм гэдгийг санаж, ертөнц дунд ялгаран анхилуун үнэрийг түгээцгээе. Ганцаараа биш, харин дэргэдэх итгэгч нартайгаа хайр ба үйлчлэлээр бат холбогдон, Бурханы баярлан орших хамгийн цог жавхлант сүнслэг сүм болон өдөр бүр хамтдаа баригдаж явахыг Эзэний нэрээр ерөөж байна. Амен.