Тийн байсан ч би Танд найддаг
Дуулал 31:1-24 (14)
Давид “ЭЗЭН минь, би Танд хоргодож байна” хэмээн бат итгэл ба найдвар дундаас дуугаа эхлүүлж байна (1). Түүний найдаж буй Бурхан бол бат бөх Хад, аврагч Цайз шивээ мөн билээ (2). Тэрээр хамгийн аюулгүй хорвоогийн хоргодох газар болдог. Давид Бурхан Өөрийн нэрийн төлөө ч байсан Танд хоргодогч хүмүүсийг мөнхөд ичгүүрт оруулахгүй гэдэгт итгэж байлаа. Тэр үед Давидын чихэнд дуулдаж байсан зүйл бол зүг зүгээс ирэх дайснуудын гүтгэлэг ба өөрийг нь хөнөөх гэсэн яриа төдийхөн байв (13, 18). Тэрээр сэтгэлийн зовнил, гашуудлаас болоод харах мэлмий, сүнс хийгээд махан бие нь туйлдан доройтсон байлаа (9). Насан туршийн амьдралаа уй гашуу, гаслан хашхираан дунд өнгөрүүлсэн мэт санагдаж байв (10). Ийнхүү хүн туйлын хүнд хэцүү нөхцөлд тулгарвал гүн цөхрөлд автаж, амьдралаа зөнөөр нь хаяхдаа амархан байдаг. Гэвч Давид хэн юу ч гэж хэлсэн гагцхүү Эзэнд л найдаж, Түүнийг “Миний Бурхан” хэмээн өчих болно гэсэн юм (14). Энэ нь “Тийн байсан ч би Танд найддаг. Өө, ЭЗЭН минь!” гэсэн үг билээ.
Давид хэцүү бэрхшээл дунд байсан ч амьдралынхаа ирээдүйг бүхэлд нь Эзэний мутарт даатгасан (5, 15). Есүс Христ ч мөн адил загалмай дээр 5-р ишлэлийн үгийг иш татан Өөрийн сүнсийг Бурханд даатгасан билээ. Давид гагцхүү Бурхан л өөрийнх нь асуудлыг шийдэж чадах Нэгэн мөн гэдэгт итгэж байв. Бурхан Өөрт нь хоргодогч хүмүүст өгөхийн тулд агуу их нигүүлслийг (сайн сайхан зүйлсийг) нөөцлөн хадгалж байдаг (19). Тийм учраас Давид гэгээнтнүүдэд хандан ЭЗЭНийг хайрла гэж уриалж байна. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч тууштай бөгөөд зоригтой байж, Бурханы тусламжийг эцсээ хүртэл хүлээхийг сануулж байна (24). Бид Эзэнд хоргодон, ирээдүйн өдрүүдээ Бурханд даатгах үедээ л хамгийн аюулгүй байх болно.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Бурханы тусламжинд бат итгэж байна уу?
Нэг үг: Тууштай бөгөөд зоригтойгоор ЭЗЭНийг хүлээцгээе