Алдар суу ба хүч чадлыг ЭЗЭНд өргөж, өргөгтүн
Дуулал 29:1-11 (1)
Давид эрх мэдэлтэн, хүчирхэг нэгнүүдэд хандан алдар суу болон хүч чадлыг ЭЗЭНд өргөж, дахин өргөхийг уриалж байна (1). Энэ нь тэнгэр газар, хамаг бүгдийг захирах бүрэн эрх гагцхүү Бурханд байдаг тул Түүнд алдар сууг заавал өргөх ёстойг онцолсон хэрэг юм. Тэрээр ЭЗЭНий нэрэнд зохистой алдар сууг өргөж, ариун хувцас өмсөн мөргөж хүндэтгэхийг хэлж байна (2). Үүний учир нь Давид аадар бороон дунд сүр жавхлантайгаар нүргэлэх аянгын дуугаар дамжуулан Бурханы дуу хоолойг сонссонд оршино (3, 4). Цахилгаан цахиж, уулын моддод хугарч, ой шугуй галд автаж байлаа. Аянгын нүргээнээр цөл газар доргиж, согоо зулбах хүртэл тийм хүчтэй байв (5-9а). Давид аянгын дууг “ЭЗЭНий дуу хоолой” хэмээн 7 ч удаа илэрхийлсэн байдаг. Бурхантай дотно байсан Давидад энэхүү аянгын дуу нь Бурханы хилэнгийн дуу биш, харин Түүний алдар суу ба хүч чадлыг илэрхийлсэн дуу хоолой болон сонсогджээ. Бурханыг магтан дуулагч ард түмэнд хүч чадлыг өгч, амар амгалангийн ерөөлийг хайрлаж буй дуу хоолой мэт сонсогдсон байна (11).
Давид байгалийн дуу чимээнээс Бурханы дуу хоолойг олж сонсоод Түүнийг магтан дуулсан. Байгаль дэлхий бол Бурханы бүтээсэн бүтээл мөн билээ. Байгалийн аянгын дуу, шуурганы чимээ, шувуудын жиргээ, гол горхины урсгалаар дамжуулан Бурханы хүч чадал, агуу байдлыг эрж хайдаг хүн байхад, байгаль дэлхийг шүтээн болгон тахидаг хүмүүс ч бас бий. Зүрх сэтгэл нь хорвоо ертөнцөд автсан хүмүүс байгалийн дууг сонссон ч Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй. Тэд Библийн үгийг сонссон ч Бурханы дуу хоолой тэдэнд дуулддаггүй байна. Гагцхүү Давид шиг Бурханыг хайрлаж, Түүнд анхаарлаа бүрэн хандуулдаг хүн л Бурханы алдар суу, хүч чадал, хайр ба амгалан тайван байдлын дуу хоолойг олж сонсдог. Бурханы дуу хоолойг сонсож буй хүмүүс зөвхөн Эзэнд хандан “Алдар суу!” хэмээн хашхирах болно (9б).
Амьдралд хэрэгжүүэх нь: Танд Бурханы дуу хоолой сонсогдож байна уу?
Нэг үг: “Алдар суу!” хэмээн хашхирна