2026 оны Гэтлэл 7-р номлол (06.21) Д. Эрдэнэбат хн

Намайг Эзэн гэдгийг мэдэх болно

Гэтлэл 7:8-8-19
Гол эшлэл 7:17

“Иймээс Эзэн айлдаж байна. Намайг Эзэн гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.”

Бид өнгөрсөн 7 хоногийн зарлигаар дамжуулан Бурхан Фараонд Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилж, тахил өргөх ёстойг сануулсан. Харин Фараон Эзэн гэж хэн юм бэ? би яагаад Израильчуудыг явуулах ёстой юм бэ хэмээн Бурханыг үл тоомсорлож, басамжилж, доромжилсон. Фараон өөрийгөө бурхан мэт өргөмжилж байсан.
Харин өнөөдрийн зарлиг бол Бурхан Фараонд гамшгуудыг буулгасан тухай юм. Тиймээс Бурхан арван гай гамшгаар дамжуулан Өөрийгөө хэн болохыг тодорхой харуулах гэж байна. Бардам зүрх сэтгэлтэй Фараон руу Мосег явуулж Израиль ард түмнийг Египетээс явуулахыг шаардсан. Гэвч Фараон зүрхээ хатуурлан Бурханыг эсэргүүцсээр байв. Эцэст нь Бурхан 10-н гамшгаар Фараоныг цохисноор Израиль ард түмнийг 400 жилийн боолчлолоос чөлөөлж, аварч чадсан юм. Энэ цагт гамшгуудаар дамжуулан Өөрийгөө илчилсэн Бурханыг суралцах болно. Бурхан Египетчүүд болон Фараоны бурхан мэт шүтээн болсон зүйлсээр нь шийтгэлийг буулгаж байна. Эдгээр шүтээнүүд нь үнэндээ бурхан биш, харин хүний гараар бүтээгдсэн зүйлс гэдгийг илчилж өгч байна. Бурхан бол тэнгэр газарыг бүтээсэн, бидний амь ба үхэл, ерөөл ба хараалыг захирдаг цорын ганц Бурхан гэдгийг суралцах болно. Надаас өөр Бурхан байхгүй гэдгийг зааж байна. Амь болсон энэ л Бурханыг сайн сурч чадахыг хүсэн гуйж байна.

Одоо зарлигийн 8-р эшлэлийг үзээрэй. “Эзэн Мосе Аарон нартай ярин -Фараон та нарыг “Гайхамшиг үзүүл” гэвэл чи Ааронд “Таягаа авч могой болгохоор Фараоны өмнө хая” гэж хэл хэмээн айлдав. Мосе Аарон нар Фараон руу очиж, Эзэний тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ. Тэгтэл Фараон ч мэргэд ба илбэчдийг дуудахад, тэд ч илбээрээ нэгэн адил үйлдэв. Тэд бүгдээрээ таягаа хаяхад тэдгээр нь могой болов. Үүнийг харсан Фараоны зүрх сэтгэл бардам болсон. Энд хэрэглэсэн “могой” гэдэг үг нь далайн мангас (tannin)-ыг заадаг. Езекиел номд энэ үгийг Египетийн хааныг том матар, далайн мангастай зүйрлэн бичигдсэн байдаг. (Езек 29:3, 32:2) Харин Аароны таяг шидтэнгүүдийн таягыг залгисан. Энэ нь Египет болон Фараон Бурханы шүүлтэд залгигдахыг урьдчилан харуулж байна. Гэсэн хэдий ч Фараон тэмдэг нэхсэн мөчөөсөө эхлэн аль хэдийн итгэхгүй байхаар шийдсэн байсан. Өөрийн шидтэнүүд мөн адил тэмдэг үзүүлж чадсаныг хараад тэрээр Мосегийн үгийг сонсохоос татгалзав.

Арван гамшиг:
1. Эхний гамшиг. Усыг цус болгов. (7:14-25)
Одоо 14,15р эшлэлийг үзээрэй. Эзэн, Мосед -Фараоны зүрх хатуурчээ. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна. Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.
Нил мөрөн Египетчүүдэд амийн ундрага нь байв. Нил мөрний хажууд Египетчүүдийн бүхий л соёл иргэншил үүсэн хөгжиж, тэдний бүхий л амьдрал нил мөрөнтэй холбоотой байв. Тэд нилээс уух ус болон төрөл бүрийн загаснууд тэдний хоол хүнс нь болж байлаа. Үүгээр үл барам 6-р сард өндөр уулын цас хайлан нилийн ус аажмаар халин, эргэн тойрны тарианы талбайг усалснаар, тэд арвин ургацаа хураадаг байв. Тиймээс Египетчүүд нил мөрөнд өөрсдийг нь тэтгэдэг бурхад оршдог гэж үзэн, тэдэнд тахил өргөдөг байв. Фараон ч өглөө бүр нилийн эрэг дээр очин нилийг хамгаалагч бурхан Osirist-д тахил өргөдөг байлаа.

Одоо 17-р эшлэлийг хамт уншья. Иймээс Эзэн айлдаж байна. “Намайг Эзэн гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.”
Бурхан хиймэл шүтээн тахил өргөж буй Фараонд очин таягаараа нилийн усыг цохин цус болго гэж Мосед тушаав. Мосе Аарон нар Эзэний тушаасан ёсоор цохиход, нилийн бүх ус нь цус болон хувирав. Нилийн загас үхэж, нил өмхийрсэнд уснаас ууж чадахгүй болов. Энэ нь бүтээлийг шүтээн болгосон Египетчүүдийн гэмийн тухай Бурханы шийтгэл байлаа. Мөн Фараон Бурханыг сонсохоос үргэлжлүүлэн татгалзавал цаашдаа бүх Египетийн нутгийг сүйрүүлэн гэсэн сануулга байв. Фараон Бурханы шийтгэлээс айж Израилчуудийг явуулах хэрэгтэй байсан. Гэвч тэр Египетийн илбэчид ч илбээрээ үүнтэй адил үйлдсэнд нь зүрхийг хатуу болгов. Тэгээд Эзэний үгийг сонсоогүй мөн, зүрхээ ч хандуулсангүй. Энэ гамшиг долоо хоног үрглэлжлэв.

Хоёр дахь гамшиг. Мэлхий (8:1-15)

Одоо 1,2 эшлэлийг үзээрэй. “ Эзэн Мосед Фараонд очиж, түүнд “Эзэн ийнхүү айлдаж байна”. Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би бүх нутаг дэвсгэрийг чинь мэлхийгээр цохино.
Египетчүүд мэлхийг ариун амьтан гэж үзэн төрөлт, үржил шимийн бурхан болох Хекетыг (Heqet) бэлэгдэн шүтдэг байсан. Мэлхий толгойтой эмэгтэй эсвэл бүтэн мэлхий хэлбэрээр дүрслэгдэг. Египетэд мэлхий толгойтой эмэгтэй хүний биетэй хөшөө олон байжээ. Нил мөрөн үерийн дараа олон мэлхий гарч ирдэг байсан тул Египетчүүд мэлхийг шинэ амьдрал, үржил шимийн бэлэгдэл гэж үздэг байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүд болон эх баригчдыг хамгаалдаг бурхан хэмээн шүтдэг байсан.
3-р эшлэлийг үзээрэй. Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно. Египетчүүдийн шүтээн болсон мэлхийнээсээ болж идэж ч, унтаж, амар тайван сууж ч чадахгүй болов. Бурхан мэлхийг энэхүү зовлон ба хараалын зүйлс болгосноор мэлхий шүтээнд үйлчлэх нь хичнээн мунхаг гэдгийг харуулсан.

Одоо 8-р эшлэлийг үзээрэй. Мосе Аарон нарыг Фараон дуудаж -Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж Эзэнээс гуй. Тэгвэл би ард түмнийг явуулж Эзэнд тахил өргүүлье гэж хэлэв.
Энэ мэлхийнээс болж Фараон тайван сууж чадахгүйд хүрээд Мосе Аарон нарыг дуудан мэлхийнүүдийг зайлуулахыг гуйхаас өөр аргагүй болсон.
Мосе Фараоноос мэлхийг зайлуулахын тулд Бурханаас хэзээ залбиран гуйхыг хүсэж байгааг нь асуусан. Ингэснээр гай гамшгийг авчирсан Бурхан мөн тэр гай гамшгийг төгсгөж, дуусгаж чаддаг юм гэдгийг харуулахыг хүссэн юм.
10, 11р эшлэлийг үзвэл Тэр Маргааш гэж хэлэв. Мосе Бидний Бурхан Эзэн шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог. Танаас, ордноос чинь, албатууд ба ард түмнээс чинь мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
Мосе Бурхан бол цорын ганц Эзэн гэдгийг харуулахын тулд Эзэнээс гуйхад Эзэн мэлхийнүүдийг зайлуулж өгөв. Энэ үед Фараон бага зэрэг даруу болсон мэт харагдсан. Гэвч Египетийн шидтэнгүүд мөн адил мэлхий гаргаж чадсан тул түүний зүрх сэтгэл дахин бардам болж Эзэний өмнө гэмшихээс татгалзав. Ийнхүү тэр Бурханы хүчийг харсан ч үнэхээр гэмшиж, дуулгавартай болохын оронд дахин зүрхээ хатууруулсан юм.

Гурав дахь гамшиг. Дэлэнч (8:16-19)

Одоо 16-р эшлэлийг үзээрэй. Эзэн Мосед Ааронд “Таягаа сунган газрын тоос шороог цохь. Тэгэхэд тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болох болно” гэж хэл хэмээв.
Фараон амалсандаа хүрээгүй учир Бурхан Мосед шууд 3 дахь гамшиг буулгахыг тушаасан. Мосе Аарон нар таягаараа газрын тоос шороог цохиход Египет нутгийн бүх тоос шороо дэлэнч болж хувирав. Египетчүүд үржил шимтэй газрын хөрсийг газрын бурхан буюу Гебт (Geb) бурхан болгон шүтдэг байсан. Гэтэл газрын тоос шороо нь дэлэнч болж хүн ба малд шавав. Дэлэнч нь маш жижиг хаздаг шавьж буюу шумуултай адил амьтан гэж ойлгож болно. Дэлэнч маш жижигхэн боловч, нэг хатгуулахад л маш их өвтгөдөг байсан байна. Эдгээр дэлэнч нар маш хурдан тархаж, айл гэр бүрт нэвтрэч, хүмүүс болон мал амьтдыг хазаж зовоож байв. Энэ гай гамшгаас эхлэн Египетийн илбэчид, шидтэнгүүд Бурханы үйлсийг дуурайж чадахаа больжээ.

19-р эшлэлийг үзвэл. Илбэчид Фараонд -Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ.
Өөрөөр хэлбэл тэд энэ гай гамшиг хүний ид шидээр бус, Бурханы хүчээр болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Шидтэнгүүд хүртэл бууж өгч, Бурханы хүчийг хүлээн зөвшөөрсөн боловч Фараоны зүрх сэтгэл хатуу хэвээрээ байж, тэр Мосегийн үгийг сонсохоос татгалзсаар байлаа. Бурханы Фараон болон Египетчүүдэд учруулж байгаа гай гамшгуудыг ажиглавал эхний болон хоёр дахь гай гамшгийн өмнө Фараонд урьдчилан анхааруулга өгдөг. Харин гурав дахь гай гамшгийн өмнө ямар ч анхааруулга байдаггүй. Өөрөөр хэлбэл Бурхан хоёр удаа анхааруулж, гэмших боломж өгсний дараа сонсохгүй бол гурав дахь удаад анхааруулгагүйгээр шүүлт ирдэг хэлж байна.

Бурхан Египетчүүдийн хүндэтгэж, алдаршуулж, мөргөн шүтэж байсан шүтээнүүдийг нэг нэгээр нь цохисон юм. Нил мөрнөөс эхлээд тэдний шүтдэг бүх зүйл Бурханы шүүлтийн өмнө хүчгүй болох нь илчлэгдэв. Ингэсэнээр Египетчүүд болон Фараоны бахархаж, найдвар тавьж байсан бүх зүйлс үнэндээ бурхан биш харин хүний гараар бүтээгдсэн эвсэл Бурханы бүтээсэн зүйлс төдий болохыг харуулсан юм. Нил мөрөн ч, мэлхий ч, газар шороо ч бурхан биш юм.
Бурхан энэ үнэнийг Фараон, Египетчүүд болон Израильчуудад бүрэн ойлгуулахын тулд арван гамшгийг илгээсэн юм. Бурханы зорилго нь зөвхөн тэднийг шийтгэх биш, харин Намайг Эзэн гэдгийг мэдүүлэх явдал байв. Гай гамшиг бүрээр дамжуулан Бурхан Өөрийн эрх мэдэл, сүр хүч, алдар сууг илчилж, хуурамч шүтээнүүдийн хоосон чанарыг ил болгосон юм.

За тэгвэл бид өнөөдрийн зарлигаар дамжуулан Бурхан бидэнд юуг хэлж, сануулахыг хүсэж байгаа бэ? Бид энэ амьдралдаа юуг хиймэл шүтээн мэт шүтэж амьдарч байна бэ?

Оюутан залуусийн хувьд юунд найдаж, түшиглэж, хиймэл шүтээн болгож амьдарч байна. Өөрийн эрдэм мэдлэг, ур чадвар би л бүхнийг хийж чадна гэсэн байдалдаа найдаж бардам сэтгэлтэй амьдарч байна уу? Эсвэл надад юу ч байхгүй, би хийж чадахгүй байна гэсэн гомдлох сэтгэлтэй амьдарч байна уу? Бид юунд найдаж, итгэж амьдарч байгаа нэг бодож үзэхийг хүсэн байна. Манай ажилчин хоньчдын хувьд юунд найдаж түшиглэж байна бэ? Өөрсдийн хийж байгаа ажил болон албан тушаал, эрх мэдэл, хэн нэгэн дарга, хэн нэгэн хүнд эсвэл мөнгөнд найдаж байна уу? Гэвч эдгээрийн аль нь ч бидний найдах зүйл биш юм. Бурхан бидэнд сануулсаар байхад гэмшихгүй бол Фараон мэт зүйл бидний амьдрал ирэх болно. Харин энэ амьдралыг бүрэн захирч удирддаг нь Амьд бөгөөд үнэн Бурхан юм. Тиймээс бид шүтээн мэт зүйлсээс нүүр буруулж, бүхнийг захирагч Эзэнийг мэдэж, Түүнд итгэж, Түүнд л мөргөн үйлчилж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бурханы бидэнд даатгасан загалмайгаа итгэмжтэй үүрч, оюутан хоньдод үйлчилж, итгэлээр ялалт байгуулан амьдарцгаая.

Би энэ зарлигаар дамжуулан өнгөрсөн амьдралаа эргэн нэг харлаа. 2000 оны эхээр сентад хоньчиноор дамжуулан анх удаа ирж билээ. Тухайн үед маш дуулгаваргүй, өөрийнхөөрөө дураарай хонь байлаа. Бурханы ивээлээр хоньчин болж байсан. Хоньчин болоод удаагүй солонгос явсан учраас итгэлийн амьдрал, хонь тэжээхийг сайн суралцаагүй, мэддэггүй байлаа. Солонгост очоод ажил хийж мөнгөтэй болсон учраас маш их бардам нэг байсан. Монголдоо ирээд сургуулиа төгсөөд ах нарын компанинд ажилд ороод амьдрах байр, унах машин гээд дутах зүйлгүй бардам нэгэн байсан. Бурханы ивээлээ итгэлийн гэр бүлээр босож, сайхан эхнэр, хүүхдүүдтэй болсон. Ажил болон мөнгийг шүтээнээ болгож амьдарсан.
Миний хувьд бүх зүйлийг мөнгөний нүдээр харж ирсэн. Бурханы үгийг дуулгавартай дагахгүй өөрийн амарыг ирж амьдарч ирсэн. Хонь тэжээхгүй зөвхөн өөрийгөө л боддог амьдрал байсан. Харин Бурхан надад хайртай учраас Өөрлүүгээ эргүүлэхийн тулд миний шүтэж, найдаж байсан ажил болон ах дүүс мөнгө гээд бүх зүйл дээр намайг цохисон юм. Би ажил ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Тэр л үеэс Бурхан Өөрийг улам илүү их мэдүүлж, тануулж эхэлсэн. Өглөө бүр Бурхан өмнө очиж өөрийнхөө хичнээн сулдорой, дуулгаваргүй, бардам, үйлчлэлгүй байсанаа гэмшин очих болсон. Би Бурхан өмнө хэн ч биш гэдгээ маш сайн ойлгож, гэмшиж амьдарч байгаа. Миний бардам зан бага багаар үгүй болж байгаа. Би Бурханы хайрыг улам ихээр мэдэрч амьдрах болсон. Миний амьдралд Бурхан байхгүй бол би яаж амьдрахаа ч мэдэхгүй болсон. Бурхан миний амьдралыг маш гайхамшигтайгаар удирдаж, ерөөж өгч байгаа. Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэг ч ажил хийгээгүй. Гэхдээ би юугаар ч дутаагүй, өлсөө ч үгүй, өмсөх зүйлээр ч дутаагүй Бурхан бүх зүйлээр хангаж өгсөн. Хүүхдүүд маань ч бас итгэлээр өсөж, өдөр бүр библиэ уншиж Бурханы талаар их зүйлс асуух болсон. Одоо хүртэл Бурханы ивээл, ерөөл дотор амьдарсаар байна. Эзэн минь эцэс хүртэл Таны алдарын төлөө оюутан залууст хичээнгүйлэн үйлчилж, амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Намайг Эзэн гэдгийг чи үүгээр мэдэх болно гэдэг нь Фараон шиг бардам хүмүүст шүүлт болж ирдэг бол, Мосе шиг итгэж дуулгавартай дагагчдад хүч чадал, ерөөл болж ирдэг. Эхэндээ Фараон Мосегоос хавьгүй агуу, эрх мэдэлтэй хүн мэт харагдаж байв. Тэднийг харьцуулахын аргагүй байсан. Гэвч Бурханы гай гамшгууд ирэхэд Фараон нуран унаж, харин Мосе өргөмжлөгдсөн юм. Энэ нь Мосе өөрөө агуу байсандаа биш, харин түүний итгэж, үйлчилж байсан Бурхан агуу бөгөөд хүчирхэг байсан учраас Мосе өргөмжлөгдөж агуу нэгэн болсон юм. 1Самуел 2:30-д “Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна” гэж айлддаг. Эзэнийг хүндэтгэгчид Түүнээр хүндлэгдэнэ. Харин Түүнийг үл тоомсорлож, бардам зан гаргагчид Фараоны адил доройтож, эцэстээ сүйрэлд хүрдэг. Мөн Сургаалт үгс 3:6-д “Алхам бүрдээ Түүнийг таньж мэд амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно” хэмээн хэлсэн. Бид амьдралынхаа бүх зүйлд Бурханыг хүлээн зөвшөөрч Түүнийг өргөмжлөн итгэж найдах үед Тэр Өөрийн Эзэн болох эрх мэдлйиг бидний амьдралаар дамжуулан илчлэх болно.

Дүгнэлт:
Бурхан Мосе, Аарон хоёрыг Фараон уруу илгээх үед Аарон Бурханы үгийн дагуу таягаа шидэхэд тэр нь могой болов. Харин Египетийн шидтэнүүд ч мөн өөрсдийн таягаа шидэхэд могой болсон юм. Гаднаас нь харахад Бурханы хүч болон энэ ертөнцийн хүч адилхан мэт санагдаж байлаа. Гэвч маш том нэг ялгаа байсан юм. Аароны таяанаас болсон могой шидтэнүүдийн бүх могойг залгичихсан. Энэ үйл явдал нь зүгээр нэг гайхамшиг биш юм. Бурхан удахгүй болох сүнслэг тулалдааны үр дүнг урьдчилан харуулсан хэрэг байлаа. Египет бол тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг улс байсан бөгөөд Фараон өөрийгөө бурхан мэт үздэг байв. Гэвч Бурхан жинхэнэ тэмцэл эхлэхээс өмнө хэн нь ялалт байгуулахыг харуулсан юм. Бурханы ялалт аль хэдийн шийдэгдсэн байлаа.
Энэ нь өнөөдөр амьдарч буй бидний хувьд ч маш чухал утгатай. Есүс Христ загалмай дээр нас барж, амилсан үед Сатан өөрийгөө яллаа гэж бодсон байж болох юм. Гэвч загалмай нь ялагдал биш, харин ялалтын эхлэл байсан юм. Есүс амилснаар нүгэл, үхэл болон Сатаны эрх мэдлийг ялсан билээ. Колоссай 2:15-д Есүс загалмайгаар дамжуулан эрх мэдэл ба хүчнүүдийг зэвсэггүй болгож, тэднийг олон нийтийн өмнө шившиг болгон ил гаргасан гэж хэлдэг. Тиймээс итгэгч хүн ялалт байгуулахын төлөө тэмцдэг хүн биш, харин аль хэдийн ялсан Есүс Христийн ялалтын дотор тэмцдэг хүн юм.
Бидний амьдралд сорилт, уруу таталт, зовлон бэрхшээл, айдас түгшүүр ирдэг. Заримдаа энэ ертөнцийн хүч илүү хүчтэй мэт, муу зүйл ялж байгаа мэт санагдаж болно. Гэвч Аароны могой бусад могойг залгисан шиг эцэст нь Бурханы ялалт бүхнийг залгих болно. Бид үр дүн нь юу болохыг мэдэхгүйгээр тэмцэж байгаа хүмүүс биш. Загалмай ба дахин амилалтаар аль хэдийн шийдэгдсэн тэмцлийн дунд амьдарч байгаа хүмүүс юм. Тиймээс бүү ай, бас бүү шантар. Бидний Эзэн Есүс Христ аль хэдийн ялсан бөгөөд Түүний дотор байгаа бид ч мөн ялсан хүмүүс билээ.
Иймээс Эзэн айлдаж байна. Намайг Эзэн гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.24/