Бос, дэвсгэрээ аваад алх
Иохан 5:1-15
Гол эшлэл 5:8
“Есүс түүнд, Бос дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.”
Та биднийг амьдралд хүчгүй болгодог үндсэн шалтгаан нь нүгэл юм. Зовлон бэрэхшээл бус харин Нүгэл нь бидний амьдралын үнэ цэнийг алдагдуулж, биднийг сул дорой, хүчгүй, итгэл найдваргүй болгодог. Тэгвэл энэ хүчгүй хэцүү байдлаас хэрхэн гарч вэ? Бид фитнесст явж дасгал хийснээр эсвэл олон ном уншиж, подкаст сонсож, маш их мэдлэгтэй болсноор үүнийг даван туулж чадах уу? Эдгээр нь бидний бие махбод, оюун ухаанд тустай боловч биднийг хүчгүй болгоод байгаа гэмийн асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй. Харин Бид Есүсийн дуу хоолойг л сонсох хэрэгтэй. Зөвхөн Есүс л бидэнд ер бусын мэт сүнсээр дүүрэн, зөвт амьдрах хүчийг өгч чадна. Амен
Өнөөдрийн номлолоор дамжуулан энд сууж буй хүн бүр Эзэн Есүсийн “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?”, “Бос! Дэвсгэрээ аваад алх” гэсэн амийн зарлиг, тушаалыг сонсож, хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Чи эрүүл болохыг хүсэж байна уу? (1-6)
Есүс Галилын Кана хотод хоёр дахь тэмдгийг үзүүлснийхээ дараа еврейчүүдийн нэгэн баярын үеэр Иерусалим руу явсан (1). Тун удахгүй 1 сарын дараа Монгол түмний НААДАМ болох гэж байна. Наадмаар хүн бүр л үндэснийхээ дээл хувцасаар гоёж, улсынхаа туг далбааг намируулаад л, сэтгэл санаа, уур амьсгал нийтээрээ л баярлан хөөч байдаг. Үүний адил Иерусалимд баярын уур амьсгал орсон байв. Гэсэн хэдий ч Иерусалимд болсон баяр ёслолын үеэр гадуурхагдсан, хаягдсан, өвчтэй зовлонтой хэсэг бүлэг хүмүүс байсан. 2-р эшлэлд “Йерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, хараагүй, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв.” Иерусалим хот руу орох олон хаалга байдаг. Нехемиагийн үед хэрмийг дахин барихад Хонины хаалга нь анхны баригдсан хаалга бөгөөд үүнийг тэргүүн тахилч өөрөө барьсан (Нехемиа 3:1). Энэ хаалгаар дамжуулан тахилын хургыг хотод авчирдаг байсан.
Хонины хаалганы хажууд Бетездагийн цөөрөм байв. Энд янз бүрийн л өвчин зовлонтой хүмүүс хэвтэж байв(3). “Бетзада” гэдэг нь “өршөөлийн гэр” гэсэн утгатай. Хүмүүс тэнд цугларч, Бурханы өршөөлийг хүлээдэг байв. Намайг урд амьдарч байхад нутгийн олон дүү нараас сонссон зүйл нь: Нутагт нь нэг мундаг үздэг, хардаг хүн гарч ирээд. Тэр хүн рүү хол ойроос маш олон хүн их хэмжээний өргөл барьцаан барин, оочир дараа үүсгэн зорих болсон гэсэн. Бүгд л өөр өөр өвчин зовлон, бэрхшээлтэй хүмүүс. Ийм тэдний цөхрөл, шанлал нь их байгаа нь тодорхой. Тэд Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж усыг хөдөлгөхөд түрүүлж орсон хүн нь эдгэрнэ гэж итгэж, ус хөдлөхийг хүлээж байв (4). Тэд Эзэний тэнгэр элч хэзээ ирэхийг мэдэхгүй ч баярын үеэр хөдөлж магадгүй гэсэн хүлээцтэй байсан юм шиг байна. Тэд ердийн үед бие биедээ туслах, Хэрвээ үс хөдөлөх юм бол тэд бүгд л амь тавин өрсөлдөн тэмцэлдэж, хүн бүр л амин хувиа хичээх болдог.
Энэ дүр зураг нь бидний амьдарч буй ертөнцийн төлөөлөл, дүрслэл юм. Сүнслэг байдлын хувьд хүмүүс Есүсийг Аврагч гэж хүлээн авахад хэтэрхий бардам учраас нүдтэй боловч сохорсон байдаг. Мөн Бурханы үнэний үгийн дагуу алхаж чаддаггүй нь хөлтэй боловч доглон, Тэд хатангиржсан, учир нь тэд юу нь зөв, юу нь буруу болохыг сүнслэгээр ялгахаа больж, дэлхийн чиг хандлагын дагуу амь тавин явдаг. Нэгэн бодолын маш өрөвдөлтэй юм. Байнгын өрсөлдөөн, тэмцэлийн дунд Элон Маск, Оджаргал мэтийн хэдхэн цөөн хүн л амжилтанд хүрдэг. Харин ихэнх хүмүүс нь бүтэлгүйтэж, цөхрөлд ордог. Хүн бүр л сайн, сайхан, дутагдаж гачигдахгүй амьдрахыг хүсдэг. Гэхдээ ихэвчлэн бидний хүслээр болдоггүй. Харин бүр эсэргээрээ улам дордож байгаа мэт санагдах нь ч бий. Ийм байдлаар нэг жил, хоёр жил, арван жил, гучин найман жил өнгөрвөл юу болох вэ? Ямар ч хүн итгэл найдвар бүрэн үгүй болж, цөхрөл, ялагдлаар унах болно. Гэвч Есүс ийм бидэнд хүч, итгэл, найдвар өгөхийн тулд Бетзадагийн цөөрөм мэт энэ ертөнцөд ирсэн юм. Есүс Өөрөө таныг зорин, эрэн хайж очисон юм. Есүс бол бид бүхний жинхэнэ итгэл найдвар юм.
5-р эшлэлийг үзвэл “Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв” Тэр бусдын тусламжгүйгээр хөдлөх боломжгүй байв. Эхэндээ тэрээр гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө тусламж авч чаддаг байв. Гэвч тэд түүнийг нэг нэгээр орхиж явсаар эцэстээ түүнд туслах хүн нэгч үлдсэнгүй бүгд түүнийг орхисон. Тэр ихэнх цагаа дэвсгэр дээрээ хэвтэж өнгөрөөдөг байв. Тэр магадгүй маш туранхай, бие дээрээ олон яр, шархтай, эвгүй үнэртэй байсан байх. Түүнийг харах, түүний хажууд байх нь их хэцүү байсан байх. Тэр энэ байдалд 38 жил байсан. Энэ бол урт хугацаа. Одоогоос гучин найман жилийн өмнө гэвэл 1988 он. Тэр үед манай улс хуучин соцолист дэглэмтэй БНМАУ байсан. Тэр цагаас хойш 38 жилийн дотор монгол төдийгүй дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж хөгжисөөр л. Харин энэ хүний хувьд юу ч өөрчлөгдсөнгүй, сайжирсан ч үгүй. Үнэндээ тэр жилээс жилд улам дордож байв. Тэр хүн амьдрал нь бараг л шатаад дуусч буй лаа шиг байсан. Хэн ч түүн дээр очиж, түүнд тусалж, түүнтэй ярилцах хэн ч байсангүй. Харин ийм түүнийг Есүс эрэн хайж, зорин очисон. Усан сангийн дэргэдэх бүх хүмүүсийн дундаас Есүс түүнд анхаарал хандуулж байв.
6-р эшлэлийг үзвэл Есүс түүнийг тэнд хэвтэж байхыг хараад удаан хугацаанд ийм байдалд байгааг мэдээд түүнээс ‘Чи эрүүл болохыг хүсэж байна уу?’ гэж асуусан. Есүс түүнийг маш анхааралтай ажигласан. Есүс түүнийг ойлгосон, мэдсэн. Хэн нэгэнд туслахын тулд үнэн зөв ойлголт чухал байдаг. Тэр хүнийг ойлгосны дараа Есүс ийнхүү асуусан: “Чи эдгэрэхийг хүсэж байна уу?” Есүс өвчтэй хүнээс яагаад ингэж асуусан юм бол? Есүс энэ хүн эдгэрэх хүслээ алдсан гэдгийг ойлгосон. Тиймээс Есүс түүнд эдгэрэх хүслийг төрүүлэхийг хүссэн. Хамгийн аймшигтай хандлага бол “би угаасаа л өвчтэй, эдгэрэхгүй”, “би угаасаа л гэмтэн, найдваргүй” хэмээн хүлээн зөвшөөрөх, дөжөрсөн явдал юм. Жишээлбэл: Заримдаа бид аймшигтай муухай үнэртэй газарт ороход яадаг билээ? Гэвч удаан байх юм бол бид үнэрт нь дасаж, мэдрэг чанараа алдаж эхэлдэг. Үүнтэй адил бид анх нүгэл үйлдсэний дараа маш их айж, сандардаг. Харин дахин давтан үйлдвэл гэм нүгэлдээ эвлрэн гэмийн ухамсар байхгүй болдог. Бид бардам зан, амин хувиа хичээсэн байдал, залхуурал, шунал тачаал гэх мэт нүглийн өвчиндөө дөжөрч эхэлдэг. Бидэнд ужигарсан өвчнөөс эдгэрэх хүсэлтэй болох хэрэгтэй. Хэрэв бид эдгэрэх хүсэлгүй бол хамгийн сайн эм ч үр дүнгүй байх болно. Тийм учраас Есүс тэр хүний зүрх сэтгэлд эдгэрэх хүслийг суулгахыг хүссэн. Улмаар Есүс бидний доторх Бурханы дүр төрхийг сэргээхийг үнэхээр хүсдэг.
Мөн Есүс ийнхүү асууж байгаа нь түүний харааг ус хөдөлхөд туслах хүнд бус Өөр рүүгээ хандуулахыг хүссэн. Хэрэв Өөрт нь хандсан хүсэл байвал Би эдгээж, эрүүл болгож чандах юм гэдгийг ойлгуулахыг хүссэн. Есүст боломжгүй зүйл гэж байхгүй. Есүс бүх зүйлийг хийж чадах ч, бидний зүгээс хүсэл болон итгэлтэй байхыг шаарддаг болохыг сурч болно.
Өнөө үед ч 38 жилийн турш өвчтөн мэт ялагдал ба шантрал дотор муу хувь заяатай эвлэрэн хүчгүй, эдгэрэх хүсэл ч үгүй амьдарч байгаа олон хүмүүс бидний эргэн дойронд байгаа. Тиймээс ийм биднийг Есүс эдгэрэх чин хүсэл болон итгэлтэй болгохын тулд зорин ирээд тусгайлан асууж байна: “Та эрүүл болохыг хүсэж байна уу?”
Танд төсөөлөгдөж байна уу? Түүнийг зорин очиж буй Есүсийг. Энэ бүхэн санаандгүй тохиол биш, харин ИВЭЭЛ юм. Есүсийг сайн харах юм бол Тэр цул хайр, нигүүлсэл, өршөөл, итгэл найдвар, хүч чадал, гэрэл гэгээ, аврал юм. Энд сууж буй хүн бүрийг зорин ирсэн Есүсийн төлөө талархал, магтаалыг өргье.
2. Бос, дэвсгэрээ аваад, алх (7-9)
Есүс “Та эрүүл болохыг хүсэж байна уу?” гэж асуухад тэр хүн юу гэж хариулсан бэ? “Тийм ээ, эрхэм ээ! Та чинь юу асууна вэ? Мэдээж Би үнэхээр эдгэрэхийг хүсч байна”, “Та эрүүл болгоод өгөөч” гэж хариулсан уу? Үгүй тэ, Харин тэр “Эзэн минь, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд намайг очих гэсээр байтал өөр хүн надаас түрүүлээд орчихдог гэсэнд” (7) гэж хэлсэн. Түүний энэхүү хариултаас олон зүйлийг мэдэж болно. Тэр өдий болтол эдгэрч чадаагүй нь өөрт нь туслах хүн нэгч байдаггүй учраас хэмээн хүмүүст гомдоллосоор байна. Ийм гомдоллох нь хүнд түшиглэдэг сэтгэлээс бий болдог. 38 жилийн турш өвчилсөн түүний хувьд хүмүүст түшиглэх нь байх ёстой, мэдээжийн зөв зүйл мэт санагдаж болох юм. Гэхдээ ямар ч хүнд хэцүү байдлын дунд байсан хүнд, хүнийг түшиглэх нь гэм юм.
Би нэг удаа найзтайгаа гадаадад явж байсан юм: өмнө нь түүнд би их тус болж байсан. Харин энэ удаа би их хэцүүхэн байдалтай байсан. Миний нөхцөл байдлыг найз маань мэдэж байсан учраас би түүнийг надад туслах байх гэж найдаж байсан юм. Гэтэл тэр надад танихгүй хүн шиг л хандаж байгааг хараад би шоконд орох шиг л болсон. Тэгээд Бурханд хандан гомдоллож эхэлсэн. Миний сэтгэл санаа гэж авах юм байхгүй хүнд хэцүү шанлалын байдалтай байсан. Гэтэл Бурхан надад яг тэр мөчид орой руу орох мэт ойлгуулсан зүйл нь чи яагаад Надад биш энэ хүнд найдна вэ? Гэсэн. Би бүр өөрийгөө хохирогчийн дүрд оруулаад өвчилчихсэн мэт байгаагаа олж харсан. Тэгээд би маш их ичих шиг болсон тэгээд гэмшсэн. Тэрхэн мөчид миний нөхцөл байдал хэвээрээ ч гэсэн миний дотор асар том бул чулуу аваад хаясан мэт болсон.
Бурханаас бус, хүмүүсээс хамааралтай хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй. Бусдаас хамгийн сайн тусламж авахгүй бол гомдоллодог. Ийм хүмүүст туслах нь үнэхээр хэцүү байдаг. Гэсэн хэдий ч Бурханаас хамааралтай хүмүүс тахир дутуу биетэй байсан ч олон зүйлийг хийж чадна.
Ник Вуйчич гээд хүнийг мэдэх байх: Тэр бол дэлхий даяар сая сая хүнд урам зориг өгдөг Христитгэлийн номлогч, урам зоригийн илтгэгч юм. Тэрээр төрлөхийн гар, хөлгүй төрсөн. Түүний амьдрал хүнд хэцүү сорилтоор эхэлсэн. Хэдийгээр тэр Христ итгэлт гэр бүлт төрсөн ч гэлээ, түүнийг төрөх үед ээж, аав ч мөн маш их цочирдож байсан. Ник Сургуулийн насандаа бусдаар шоолуулж, гадуурхагдан, дээрэлхүүлэн маш их сэтгэлээр унасан. 10 настайдаа амиа хорлохыг хүртэл оролдож байсан. Дараа нь тэр 15 настайдаа Бурхантай хувиараа гүнзгий уулзаж ЦОР ганц итгэл найдвар, хүч, аврал бол Есүс болохыг ухаарсан, хүнд биш Есүст л итгэж найдахыг ухаарсан. Тэр мөчөөс түүний амьдралд цоо шинэ эргэлт бий болсон. Тэр амьдралынхаа төлөө Бурханд үргэлж талархаж, бусдад итгэл найдвар, урам зориг өгөхийг эрэлхийлж эхэлсэн. Түүний чадвар гэвэл тэр хоёр хуруутай жижигхэн тахианы мэт хөлөө ашиглан зарим эрүүл саруул хүнээс илүү олон зүйл хийж сурсан. Аягатай ус уух, үсээ самнах, шүдээ угаах, утас компьютер ашиглах, сахлаа хусах Мөн гольф, теннис, хөлбөмбөг, усанд сэлэх, серфинг хийх, шүхэрээр үсрэх зэрэг спортоор хичээллэдэг. Бурхан түүнд хөл өгөхөд бэлэн байхын тулд тэрээр шүүгээндээ гутал хадгалдаг. Тэрээр гэрэлсэн бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр дэлхийн 70 гаруй орноор аялж, Бурханд итгэх итгэл, хувийн гэрчлэлээ хуваалцаж олон хүнд итгэл найдвар урам зориг хайрласаар байна.
Тэр саравчин доор дэвсгэр дээрээ хэвтдэг Ник байж болох байсан. Хоньдод үйлчилэн хоньчноор амьдрах гэвэл бид олон бэрхшээлтэй тулгарч, алдаа гаргадаг. Дараа нь шүүмжлэл ирдэг. Бид дахин дахин оролдож болох ч аажмаар бидний шийдэмгий байдал сулардаг. Эцэст нь бид шаргуу хичээсэн ч гэсэн хөдөлмөр маань дэмий хоосон болно гэж бодож, ялагдлын сэтгэлгээтэй болдог. Энэхүү ялагдлын сэтгэлгээ нь бидний гэр бүлийн амьдрал, хичээл сурлага, нийгмийн амьдрал, ажлыг талбарт ч бий болж болзошгүй юм. Ингэснээр бид сүнслэг хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болход амархан. Бид Есүсийн үгийг сонсож ялагдлын сэтгэлийг даван туулах ёстой.
Есүсийн юу айлдаж буйг сосогтун. 8-р эшлэлийг уншъя. “Есүс түүнд ‘Бос! Дэвсгэрээ аваад, алх’ гэж айлдав.” Энэ бол Есүсийн тэр хүнийг эдгээх нигүүлслээс үүдэлтэй тушаал юм. Энд бид Есүсийн энэ хүнийг эдгээхийг хүссэн зүрх сэтгэлийн хүслийг харж болно. Хэдийгээр тэр хүний хариулт хангалтгүй байсан ч Есүс түүнд тавьсан агуу хүсэл таалал нь тодорхой байна. Есүс түүнийг хүнд түшиглэн гомдоллож, ямар ч хүчгүй хэвтмэл амьдрахыг хүсээгүй. Есүс түүнийг ялагдлын сэтгэл ба муу хувь заяанд автагдан амьдрахыг хүсээгүй. Бурханыг гуниглуулан, үнэ цэнэгүй амьдрахыг хүсээгүй.
Харин Есүс түүнийг босож, Бурханыг алдаршуулдаг, бусдад Бурханы ивээлийг хуваалцдаг, ерөөлийн үндэсээр амьдруулахыг хүссэн. Тиймээс Есүс түүнд: “Бос! Дэвсгэрээ аваад алх” гэж тушаасан. Яагаад гэвэл бид бол цорын ганц Бурханд найдан түшиглэж, бусдад үйлчилхээр бүтээгдсэн учраас юм. Ром5:8-д “Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан” гэжээ. Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэж, шинэ амьдралаар амьдрах хүчийг өгдөг. Бид Есүсийн “Бос!” гэсэн үгийг сонсох хэрэгтэй. Есүс биднийг зөвхөн босоод зогсохгүй, дэвсгэрээ аваад алхаасай гэж хүсдэг. Бид хуучин муу зуршил, бурханлаг бус амьдралын хэв маягтаа эргэн орох ёсгүй. Бид Ариун Сүнсний хүчээр Христ төвтэй шинэ амьдралаар амьдрах ёстой. Тиймээс Паул “Сүнсээр яв” гэж хэлсэн (Галат 5:16).
“Бос! Дэвсгэрээ аваад алх” гэдэг нь Бурханы Хүүгийн амь өгөх үгс юм. Тэр хүн Есүсийн дууг сонсоод ер бусын хүчийг хүлээн авчээ. 9-р эшлэлд “Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав” гэж хэлсэн байна. Есүсийн үгс амь өгөх хүчтэй.
3. Дахин нүгэл бүү үйлд (9б-15)
Тэр хүн эдгэрсэн өдөр нь Амралтын өдөр байсан (9б). Тэр дэвсгэрээ аваад баяр хөөртэй, эдгэрсэн явааг нь харсан еврей шашны удирдагчид баярласангүй. Уул нь тэд тэр хүнийг эдгэрсний төлөө баярлаж, Бурханыг магтах ёстой байсан. Гэвч тэд түүнийг хуулийн нэрээр хүлэхийг санаархаж байна. Хайргүй хууль хүнийг хөнөөдөг. Тэд эдгэрсэн хүнийг айлгахыг оролдсон.
Есүс тэр хүнийг ганцааранг нь орхиогүй. Хожим нь Есүс түүнийг сүмээс олоод “Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахин нүгэл бүү үйлд гэв.” гэж хэлсэн (14). Энэ нь бидэнд Бурханы нигүүлслийг хүлээн авсны дараа ямар амьдралаар амьдрах ёстойг заан өгч байгаа юм. “Харагтун, чи эрүүл болжээ” гэсэн үг нь Есүсийн бидний амьдралд авчирсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг юм. Бид өөрсдийгөө өнгөрсөн үеийнх шигээ харах ёсгүй, харин Есүсийн бидний амьдралд хийсэн эдгэрэлтийн гэрэлд үргэлж харах ёстой (2 Коринт 5:17). Есүсийн “Нүгэл үйлдэхээ боль” гэсэн үг нь цаашид зөвхөн Есүст итгэж, найдан, Бурханд талархаж, шинэ амьдралаар амьдрах гэсэн утгатай. Эс тэгвээс түүнд бүр дор зүйл тохиолдож магадгүй юм. Эндээс бид Бурханы нигүүлслийг хүлээн авах нь сүнсээр дөнгөж төрсөнтэй адил бөгөөд түүний дараа өсөх хэрэгтэй гэж байна. Бурханы нигүүлслийг хадгалахын төлөө тэмцэж байхдаа бид илүү их нигүүлслийг хүлээн авч чадна. Чи Эрүүл болохыг хүсэж байна уу? Бос, дэвсгэрээ аваад алх. Энд сууж буй хүн бүр Есүсийн дуу хоолойг сонсож шинэ, хүч чадлаар дүүрэн үр жимстэй амьдралаар амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт: Есүсийн “Бос! Дэвсгэрээ аваад алх” гэсэн үгийг сонсцгооё. Бурханы биднийг Есүст итгэх итгэлээр амьдраасай гэж хүсдэг тэрхүү эрч хүчтэй амьдралаар амьдарцгаая. Бид Эзэн Бурханы өмнө даруу, хүсэлтэй хүсэлтэй, итгэл найдвартайгаар насан турш амьдарч чадахад туслаарай. Ариун сүнсний хүч дотор шинэ хүнээр эрч хүчтэй, урам зоригтой, итгэлийн ялалт байгуулан амьдархад тусалж, ерөөж өгөөрэй. Бурхан та бүгдийг ивээр. Есүсийн нэрээр Амен.