2026 оны Гэтлэл 4-р номлол (05.10) Калеб Ганболд хн

МОСЕГ ДУУДСАН БУРХАН

Гэтлэл 3:1-22
Гол эшлэл 3:5

“Тэгтэл—Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав”

Өнөөдрийн номлол бол библи болоод Израильчуудын түүхэн дэх Бурханы агуу удирдагч болох Мосег Бурхан хэрхэн дуудсан тухай юм. Мосе Бурханы дуудлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн амьдралыг зориулах үед, тэрээр хоёр сая гаруй израильчуудыг, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүн болох Египетийн боолчлолоос чөлөөлж, Бурханы амласан сүү балаар бялхсан сайхан уудам нутаг руу удирдан дагуулсан. Энэ л Мосегийн амьдрал нь Израиль үндэстэн төдийгүй, Бурханы авралын түүхийн маш чухал ажлын нэг хэсэг болон хэрэглэгдсэн. Бурхан өнөөдөр ч гэсэн гэм ба муу сүнсний боолчлол дор урт удаан хугацаанд шүүрс алдах мэт зовж, шаналж, цөхрөн, төөрөлдөн амьдарч ч буй олон мянган хүмүүсийг аврах, тэднийг жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ утга учиртай үнэн цэнтэй, нандин амьдрал руу удирдан дагуулах хүнийг эрэн хайсаар байдаг. Тэгээд Бурхан Мосе шиг дууддаг. Тэгвэл энэ цагт Мосег дуудаж буй Бурхан нь хэн бэ? Бид Бурханы дуудлагыг хэрхэн, ямар сэтгэлээр хүлээн авах хэрэгтэй вэ? гэдгийг сурах болно. Ариун Сүнс энэ цагт өнөөдөр ирсэн хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, Бурханы дуудлага ба Бурханы агуу тааллыг ухаарахад, хүлээн зөвшөөрөхөд тусалж өгөөч хэмээн хүсэн гуйж байна. АМЕН.
1. Галын дөлөн дунд Мосег дуудсан Бурхан (1-12)
1-р эшлэлийг үзээрэй “Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ” гэв. Энэ эшлэлд Мосегийн хоёр дахь амьдралын үеийг нэг үгээр товчхон өгүүлж байна. Мосе Мидианд ирээд аль хэдийн 40-н жил өнгөрсөн бөгөөд одоо 80-н настай. Энд Бичигч нь Мосег “Хадам эцэг Иетрогийн хонин сүргийг хариулж байв” гэж байна. Үүнээс харвал Мосе 40-н жил хадмындаа амьдарч, өөрийн гэсэн зүйлгүй хадам эцгийн хонин сүргийг хариулан хоньчноор амьдарсан. 1б-г үзвэл “Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ” гэж байна. Орхи дорнодод хоньчид заримдаа алс хол газар бэлчээр, ундны усны эх үүсвэрийг хайн хонин сүргийг алс холын газар тууж, бэлчээдэг байсан. Тэгэхээр Мосе тухай үеийн хоньчидын адил сүргээ цөлийн араар тууж, Хореб уул хүртэл явсан. Энд “Бурханы уул Хореб” гэж онцолсон байна. Энэ нь Гэтэл номд хожим гарах Синай уул бөгөөд Мосе энэ ууланд Бурхантай нүүр тулан ярьж, арван хуулийг авж, Изриаль ард түмэн анх удаа Бурхантай гэрээ байгуулсан гэх мэт Бурханы олон илчлэлийг авсан түүхэн, чухал, онцгой газар байсан учраас бичиг нь ийнхүү онцолсон.
Зарим судлаачид “цөлийн ар”-г гэдэг нь ердийн бэлчээр нутаг бус харин гүн цөлийн хэсэг бөгөөд ус ундарга багатай, хуурай халуун уур амьсгалтай, газар зүйн байрлалын хувьд хад асга, уул толгод ихтэй газар учир Мосег бүрэн хүмүүсээс тусгаарлагдаж, хүний арга барил, хүний ухаан, хүний хүч чадал бүрэн үгүй болсон гэж үздэг. Гэвч гүн цөлд Мосе Бурханы дуудлагыг авч, Бурхантай уулзсан. Эндээс харвал хүн гүн цөл мэт амьдралын дунд ялангуяа бүтэлгүйтэл, ганцаардал, шантрал, цөхрөл, бусаас тусгаарлалт, гологдол, тодорхойгүй нөхцөл байдал дунд Бурхантай уулзаж, Бурхантай илүү ойртож, Бурханы дуу хоолойг Бурханы дуудлагыг ердийн үеийнхээс илүү хүлээн авдаг.Бурхан Мосед хэрхэн үзэгдсэн бэ?
2,3-р эшлэлийг үзэрээй “ ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.* 3 Тэгээд Мосе—Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ.”
Энд гарч буй Өргөст бут (The Bush) нь орхи дорнодын бүс нутагт, хатуу ширүүн уур амьсгалтай, говь цөлийн бүсэд ургадаг бутлаг төрлийн мод юм. Цөлд мод ховор учир хатсан бут сөөгийг голдуу түлээ болгон хэргэлдэг байсан ба хэрэв өргөст бутанд гал хүрвэл шууд шатдаг байсан. Гэвч Мосег харахад бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг харсан. Тэгвэл Бурхан яагаад Мосед ийм үзэгдэл дунд үзэгдсэн бэ? Үүнийг судлаачид олон янзаар тайлбарладаг боловч, Гэтлэл номын гол сэдвийн хүрээнд харвал Бурханы хийх гэж буй авралын ажлын дүр зургийг үзүүлсэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Бурхан галын түлш мэт юун ч хэрэггүй болсон Израиль ард түмнийг, Египетчүүдийн дарлал дор галд шатах мэт зовлон дунд байсан ч, Бурханы ариун оршихуй тэднийг устгалгүй, хамгаалж буйг бэлгэддэг гэж тайлбарладаг.
Одоо 4-6-р эшлэлийг үзээрэй “Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан—Мосе! Мосе! гэсэнд тэрээр—Би энд байна гэж хэлэв.”
Мосе шатаж буй бутан дундаас Бурханы дуу хоолойг сонссон. Бурхан Мосег нэрээр нь хоёр удаа дуудсан. Энэ нь таньдаг, сайн мэддэг нэгнээ дуудаж байгаа мэт Бурхан Мосег дуудсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Өнөөдрийг хүртэлх Мосегийн бүх амьдралыг Бурхан хэнээс ч илүү сайн, мэдэж байгаа гэсэн утгатай. Мидиан цөлийн 40-н жилийн хоньчны амьдрал, хатуу ширүүн говь цөлийн амьдрал, янз бүрийн өдөр тутамд тулгарч буй зовлон бэрхшээл, ганцаардал зэргийг Бурхан сайн мэдэж байгаа гэсэн утгатай.
Өнөөдөр ч гэсэн Бурхан бидний хүн нэг бүрийг сайн мэддэг. Хаанаас хаа хүрж явааг, янз бүрийн алдаа оноог, ямар гэм үйлдсэнийг, таны зүрх сэтгэлийг юу шаналган зовоож байгааг, өдөр тутмын амьдрал, хичээл сургууль, ажил мэргэжил, нийгэм, гэр бүл зэргээр дамжуулан юуг мэдэрч, юу туулан явааг, ямар зовлон бэрхшээлтэй тулж байгааг Бурхан хэнээс ч илүүгээр сайн мэддэг юм. Тиймээс бид гомдоллож, шантрах хэрэггүй юм.
Мосе Бурханыг дуудах үед “Би энд байна” гэж хэлсэн. Энэ үед Харин Бурхан юу гэж хэлсэн бэ?
5-р эшлэлийг үзээрэй “Тэгтэл—Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.” гэв. Бурхан Мосед 1-рт “Чиний зогсож байгаа газар ариун газар” 2-рт “шаахайгаа тайл” гэж хэлсэн. Тэгвэл эдгээр нь юу гэсэн утгатай вэ?
1-рт “Чиний зогсож буй газар ариун газар” яг одоо Мосе ямар газар зогсож байгаа вэ? Энэ бол цөлийн ар буюу гүн цөлийн хэсэг юм. Энэ газар хүн амтнаас алс хол, ус багатай, халуун хуурай ширүүн уур амьсгалтай жирийн бэлчээр нутгаас илүү хүнд газар юм. Мосегийн хувьд энд зугтаж ирсэн газар, хүмүүсээс тусгаарлагдсан газар, ганцаардсан газар, ялагдсан газар, шантрал, цөхрөлөөр дүүрэн газар, муу хувь заяаны газар байсан. Өөрөөр хэлбэл Мосегийн хувьд зогсож буй газар нь ариун газар биш, Бурханы оршихуй байхаар, Бурхан хамт байхаар газар биш байсан. Гэвч Мосегийн нүдээр ийм байсан ч, Бурхан түүний зогсож буй газрыг “ариун” газар гэж тунхагласан. Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхан байгаа газар, Бурханы оршихуй байгаа газар, Бурхантай хамт байдаг газар ариун газар болдог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Мосегийн зогсож буй газрыг ариун болгож байгаа нь Бурханы оршихуй байгаа учраас ариун болгосон. Бурхан Мосед ямар санагдаж, юу мэдрэгдэж байгаагаас үл хамааран, тухайн газрыг ариун хэмээн харж, Мосегийн хараа бодлыг өөрчлөхийг хүссэн.
Тэгвэл энэ цагт та яг одоо хаан зогсож байна вэ? Зарим оюутан залуучуудын хувьд эцэг эх, хэн нэгний ятгалаг, шахалтаас болж хүсээгүй мэргэжил сонгох, хүсээгүй сургуульд орох, хүсээгүй зүйлээ хийх үе байдаг. Зарим залуучуудын хувьд хиймээргүй, дургүй ажлаа хийх, хүсээгүй газар байгаа мэт бодогдох үе ч байдаг. Энэ үед бидний дотор ямар сэтгэгдэл төрдөг вэ? Гомдоллож, шантарч, ялагдлын сэтгэлтэй, дургүйд хүчгүй амьдардаг . Олон хүмүүс өөрийн зогсож байгаа газраа, хийж байгаа зүйлээ, сурч байгаа сургуулиа голж яг л гүн хатуу ширүүн цөлийн амьдрал дунд яваа мэт байдаг. Бид байгаа газар бүрд Бурхан хамт байгааг, Бурханы оршихуй байгааг ухаарахгүй, харахгүй, ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байвал яг л Мосе шиг цөлийн амьдралаар амьдардаг. Тэгээд энэ нь ур удаан, тодорхойгүй үргэлжлэх үед, бид зугтаж, хурдан явахыг хүсдэг. Танд зугтаамаар, хурдан салж явмаар, удаан баймааргүй газар байна уу? Гэвч энэ цагт Бурхан таны зогсож буй газрыг “Чиний зогсож байгаа газар ариун газар” хэмээн тунхаглаж байна. Энэ нь бид зогсож буй газраа юу гэж бодож, юу гэж харж байгаагаас үл хамааран Бурхан надтай хамт байгааг, Бурханы оршихуй ба таалал байгааг хүлээн зөвшөөрвөл ариун газар болох болно. Үүнийг ухаарч, харж, ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал энэ газар надад тухтай, таатай, амар тайван, байгаад баймаар, утга учиртай, үнэ цэнтэй, нандин газар болох болно. учир нь гэвэл тэр газар Бурхан надтай, Бурханы оршихуй хамт байгаа учраас юм. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй! “таны байгаа газар ариун газар”шүү!
2-рт Бурхан Мосед “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл” хэмээн хэмээн хэлсэн. “Шаахайгаа тайл” гэж хэлээрэй! Иудейчүүдийн хувьд шаахайгаа тайлах нь зөвхөн хөлд дэх шаахайгаа тайлах бус өөр гүн гүнзгий утга илэрхийлдэг. Энд гарч буй “Тайл” гэдэг үг нь еврейгээр “שַׁל (shal)” гэж бичдэг бөгөөд энэ нь тайл, сулла, чөлөөл, уяхгүй байх гэсэн утгатай. Тэгвэл Бурхан Мосег юуг тайлж, юуг суллаж, юуг өөрөөсөө чөлөөлж, юуг өөртөө уяхгүй байхыг хүсэж байна вэ? Бурхан Мосег хуучин хүний бодол санаа, үзэл бодлуудыг тайл, сулла, чөлөөл, уяхгүй байхыг хүссэн. Өөрөөр хэлбэл Мосе өөрийн ард түмэнд гологдсон, тэднээс шархалсан, хүн алсан, зугтсан, миний амьдрал дууссан, би хэнд ч хэрэггүй болсон гэх мэт хуучин хүний эдгээр бодол санааг өөртөө хадгалахгүйг байх, тайлах, энэ бүх бодол санаасаа өөрийгөө чөлөөл, зүрх сэтгэлдээ уяатай байгаа хуучин бүх зүйлсийг сул тавь гэсэн утгатай. Мөн Орхи Дорнодод хөл нь хүний биеийн бусад эрхтнүүдийг бодуул илүү их тоос шороо болж байдаг учраас бохир гэж үздэг байсан.
Тиймээс шаахайгаа тайл гэдэг нь гэм ба бузар муу зүйлсийг амьдралаасаа гэмшиж, тайлан, орхи гэсэн утгатай. Хэрэв бид Бурханы дуудлагыг авч, Бурханы үүргийн дагуу амьдрах гэвэл өнгөрсөнд үйлдсэн гэм нүглээ Бурханы өмнө чинь сэтгэлээсээ гэмшиж, сэтгэл сүнсээ шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр танд юуг тайлж, юуг суллаж, чөлөөлж, юуг уяхгүй, орхих, хаях зүйл юу байна вэ? Ялангуяа Бурханы дуудлагын дагуу амьдрахад, Бурханы үүргийг биелүүлэхэд тайлж, суллаж, орхих ёстой зүйл юу байна вэ?. Хуучин хүний бодол санаа, хуучин хүний гэмт чанар, хуучин хүний үзэл бодол, хуучин хүний хүсэл, төлөвлөгөө гэх мэт хуучин хүнтэй холбоотой бүх зүйлсийг тайлж, суллаж өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Хэрэв шаахайгаа тайлахгүй бол бид Бурханы оршихуйд ойртох боломжгүй, Бурхантай хамт алхаж чадахгүй, Бурханы хайр ивээлийг амсаж чадахгүй юм. Энэ цагт хүн нэг бүр Бурханы бидэнд өгсөн дуудлага ба үүргийн гүнзгий ухаарч, Бурханы үг ба тушаалыг хүндэтгэн, даруу сэтгэлээр хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Хажууд байгаа хүндээ хэлээрэй! ‘Бурханы өмнө бүрэн шаахайгаа тайлаарай!
Одоо 6-10-р эшлэлийг үзээрэй! Энд Бурхан Мосегоор дамжуулан Израиль ард түмний төлөө юу хийх гэж байгааг, мөн Израиль ард түмэнд хандсан Бурханы зүрх сэтгэл ямар байгааг маш тод илэрхийлэгдэж байна. Бурхан Египетд байгаа ард түмнийхээ зовлонг, “Би харсан”, “Би сонсон”, “Би мэднэ” гэж хэлсэн(7). Өнөөдөр олон хүн Бурхан намайг харахгүй байна, Бурханы миний гуйлтыг сонсохгүй байна, Бурхан миний гуйлтайнд хариулахгүй байна хэмээн Бурханд гомдолдог. Гэвч Бурхан бидний бүх зүйлсийг харж, бүх зүйлийг сонсож, бүхнийг мэдэж байдаг Бурхан Эзэн юм.
Мөн Бурхан “Би бууж ирлээ”, “Би чөлөөлж”, “Би авчруулъя” хэмээн хэлсэн(8-10). Энэ нь израиль ард түнийг аврах төлөвлөгөөг Бурхан Өөрөө санаачилж, Бурхан өөрөө эхлүүлж, Бурхан Өөрөөр хийж төгсгөнө гэсэн утгатай. Тэгэхээр аврал ба сайн мэдээний ажил нь, нэг хүнийг аврах ажил нь Бурханы ажил гэсэн утгатай. Тиймээс дуудлага авсан хүмүүс энэ ажилд хэрэглэх багаж, хэрэгсэл, төдий гэдгийг мартаж болохгүй. Заримдаа бид хэн нэг надаас болж, миний сайн ба муугаас болж аврагдаж чадахгүй, сайн мэдээг хүлээн авахгүй байна гэж боддог. Гэвч энэ бол эндүүрэл юм. Харин бид цаг үргэлж авралын ажлын гол эзэн нь Бурхан Өөрөө гэдгийг санаж амьдарвал шантралгүй, тууштайгаа, идэвхтэй, урам зоригтойгоор эцэс хүртэл авралын ажилд үйлчилж, хэрэглэгдэж чадна.
Тэгвэл Мосе Бурханы дуудлагад хэрхэн хариулсан бэ? 11-р эшлэлийг үзээрэй “Гэвч Мосе, Бурханд—Фараон руу очиж, Израилын хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв.” Энэ л Мосегийн хариултыг сайн анхааралтай харвал, 40-н жилийн өмнөх Мосегоос огт өөр байгааг харж болно (Үйлс 7:24). Өөрөөр хэлбэл Мосе Бурханы дуудлагад шууд татгалзсан. Учир нь тэрээр өөрийгөө хэн ч биш хэмээн үзсэн учир “Би хэн юм бэ?” хэмээн хариулсан. Үүнээс харвал Мосе Мидиан цөлийн 40-н жилийн дасгалжуулалтын амьдралаараа дамжуулан өөрийгөө хэчнээн сул дорой, юун ч хэрэггүй хүчгүй нэгэн болсон гэдгийг гүнзгий ухаарсан. Тиймээс Тооллого 12:3 Мосег ингэж хэлсэн. “Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн” байлаа. Эндээс бид Бурханы авралын ажилд ямар хүн дуудагдан, хэрэглэгддэг вэ? гэдгийг сурч болно. Энэ бол өөрийн сул доройг бүрэн хүлээн зөвшөөрдөг, өөрийн хэмжээ ба хязгаараа мэддэг, өөрийн сана бодол, төлөвлөгөө, хичээл зүтгэлд найддаг бус харин зөвхөн Бурханд найдан, түшиглэгдэг нэгэн нь Бурханд хэрэглэгддэг гэдгийг сурч болно.
2. Би бол <<Би байгаа>> (13-22)
13-р эшлэлийг үзээрэй! “13 Тэгэхэд Мосе, Бурханд—Хараач, би Израилын хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар луу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ?* гэв. Үнэндээ Мосе Египетд байгаа израильийн ахан дүүс дээр очих итгэлгүй байсан. учир нь тэрээр 40-н жилийн өмнө тэд Мосег хүлээн авалгүй, гологдсон шарах байсан. Магадгүй Израильчууд Мосег очиход хүлээн авахгүй байх гэсэн айдас байсан. Гэвч тэд Мосег эрүүл ухаантай юм ярьж байна гэж үзлээ гэж бодоход , хэн түүнд ийм үүрэг өгсөн бэ? хэн өөрийг нь явуулсан бэ? хэмээн асуувал юу гэж хариулах вэ? хэмээн Бурханаас асууж байна. Гэтэл Бурхан юу гэж хэлсэн бэ?
14-г үзээрэй бүгдээрэй хамтдаа уншъя! “Бурхан, Мосед—Би бол «Би байгаа»a юм гэв. Тэгээд Тэр—Израилын хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар луу илгээв” гэж хэл гэв.* ”
Тэгвэл “Би бол <Би байгаа> юм’ гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Еврейгээр “אֶהְיֶה אֲשֶׁר אֶהְיֶה” (Ehyeh Asher Ehyeh) гэсэн үг “Ehyeh” гэдэг үг нь еврей хэлний “Hayah” буюу “байх” гэсэн үгнээс гаралтай. Энэ нь “Би байна”, “Би байх болно” “Би оршин байдаг” “Би үргэлж байх Нэгэн” гэсэн утгатай. Тэгэхээр Бурхан Мосед “Би бол би байгаа” юм хэмээн хэлсэн нь “Би бол байдаг”, “Би бол байх Нэгэн”, “Би бол Өөрөө Оршигч”, “Би бол байсаар байдаг Нэгэн” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан бол үргэлж байдаг, хэнээс ч үл хамааран Өөрөөр оршдог, ямар ч үед байсаар байдаг Орчлон хорвоо ертөнцийг бүтээсэн Бүтээгч Бурхан байна гэж хэлсэн.
Тухайн үед Египетчүүдийн бурхад тодорхой нэртэй, үүрэгтэй, хязгаартай, ямар нэг газар нутагтай холбоотой байсан Жишээ нь: Ра- нарны бурхан, Hapi-Нил мөрний бурхан гэх мэт. Гэвч Мосед “Би бол Би байгаа” гэж хэлсэн нь Би бол египетийн бурхад шиг хязгаарлагдмал бус, харин Тэнгэр ба газрыг бүтээсэн, Бүтээгч, Бурхан гэдгээ илчилсэн.
Бурхан Мосед ийнхүү өөрийн нэрийг илчилсэн нь зүгээр нэг хэрэг биш байсан. Энэ бол Мосегийн дуудлага, үйлчлэл, хувийн итгэлд нь маш чухал зүйл байсан. Мосе өөрийгөө “Би хэн юм бэ?” хэмээн хэлснээр би чадваргүй, би бүтэлгүйтсэн, би бол оргодол, би бол хэнд ч хэрэггүй нэгэн гэх мэт өөрийгөө л харж байсан. Гэвч Бурхан Мосегийн энэ л өөрийгөө л хардаг, өөртөө төвлөрсөн байдлыг “Бурхан хэн бэ?” гэдэг рүү эргүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл асуудлын гол нь Мосе биш, харин Мосег дуудаж буй Бурхан хэн бэ? гэдэг нь хамгийн чухал байсан. Тиймээс Мосе бэлэн биш, төгс биш, сул дорой, хэн ч биш, чадваргүй, хүчгүй нэгэн байсан ч, Бурхан Өөрөө төгс, хил хязгааргүй, үүрд мөнх Оршигч Нэгэн түүнийг дуудсан юм. Бурхан одоо ч гэсэн олон хүнийг дууддаг. Гэвч ихэнх нь Мосе шиг би хэн юм бэ? чадахгүй гэж хэлдэг. Гэвч Бурхан биднийг өөрийгөө бус харин Бурхан хэн бэ? буюу Бурханы мөн чанарт найдаасай, түшиглээсэй, Бурханыг хараасай хэмээн хүсдэг. Тэгвэл бид намайг дуудаж буй Бурханд зоригтойгоо, итгэлтэйгээр амен хэмээн хэлж чадна.
15-р эшлэлийг үзээрэй. Энд Бурхан дахид өөрийнхөө өөр нэрийг хэлж байна “Цааш нь Бурхан Мосед-Израилын хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Эзэн намайг та нар луу илгээв” гэж хэл. Энэ мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм” Энд Бурхан өөр нэг нэр болох Би бол Би байгаа гэдэг нэр нь YHWH (ЯХВЭ) гэсэн анх эгшиггүй еврей хэлний дөрвөн үсгээр бичигддэг байсан. Хожим нь еврейчүүд энэ нэрийг хэт ариун гэж үзээд чангаар хэлээс зайлсхийж хийж оронд “אֲדֹנָי (Adonai) = “Эзэн” хэмээн өөр нэрээр орлуулан Бурханыг хүндэтгэн дуудах болсон. Бурхан өөрийгөө “Абрахам, Исаак, Иаковын Бурхан Эзэн” хэмээн нэрлэсэн нь хүмүүсийн амьдралаас хол зайтай оршдог бус харин Абархам, Исаак, Иаков нартай ойр дотно хамт байсан шиг, хүн бүрийн амьдралд ч хамт байдаг Бурхан гэдгээ ойлгуулахын тулд байсан. энэ бол одоо ч гэсэн Өөрийн дуудаж буй хүн бүрийн амьдралд ойр, хамт байдаг Бурхан юм.
16-22-г үзэрэй! Бурхан Мосед Израилийн ахмадуудад очин тэдэнд тавьсан Бурханы хайр ба хүсэл найдвар юу болохыг дамжуулаарай хэмээн тушаасан. Мөн Египетийн хаанд очоод Бурханы хэлсэн үгийг дамжуулахыг тушаасан. Гэвч тэд Мосегийн үгийг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, зөрүүлдэнэ, ялагдана гэж хэлсэн. Тэгээд тэднийг Бурханы хүчит мутраар цохих үед, израильчуудыг чөлөөлөх болно болно гэж Бурхан амлалтаа өгсөн. Бурхан ийнхүү Мосед урьдчилан хэлсэн нь хэчнээн тэд Мосегийн үгийг сонсохгүй, хичээн зөрүүдэлсэн ч, хичээн ялагдсан ч, дуудлагыг авсан Мосег эцэс хүртэл итгэмжтэй, тууштай байхыг хүссэн. Тэгвэл Бурхан цагна болоход Бурхан өөрийн хүчит мутраар дамжуулан тэднийг чөлөөлөх болно гэсэн. Өнөөдөр ч гэсэн Бурханы дуудлагыг авсан хоньчид бидний хувьд бидний үгийг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авахгүй, эцэс хүртэл эсэргүүцэн, зөрүүдлэх үед бид ялагдаад байгаа мэт үе байдаг. гэвч бид Бурханы хүч чадал ба амлалтад итгэн Бурханы өгсөн дуудлага ба үүрэгт итгэмжтэй байх үед, Бурхан цаг нь болоход Өөрийн хүчит мутраар дамжуулан өөрийн хүмүүсийг авах болно хэмээн амлаж байна. Хэрэв бид энэ л амлалтад итгэж байвал, бид ямар ч үед Бурханы дуудлагын дагуу амьдарч чадна.
Би 2009 онд Бурханы ивээлээр МУИС-г геологч мэргэжлээр төгссөн. 2011 онд уул уурхайн компанид мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Тэгээд Мосе шиг хөдөө ууланд явж байгаад, Бурханы дуу хоолойг тодоор сонссон. Бурхан Мосе шиг шатаж буй бутан дундаас миний нэрийг дуудаагүй ч, амийн үг болох библийн үгээр дамжуулан Бурханы дуу хоолойг тод хүлээн авсан. Миний мэргэжил хавар 4-н сараас, намар 11 сар хүртэл хөдөө уул хадаар хэсэж, хад чулуунаас шинжилгээний дээж аван, алт үнэт метал эрж хайх, судлах ажил хийдэг байсан. Би өдөр бүр өглөө 8 цагт ажил эхлэх бол 7 цагт босоод библи уншиж, ӨБХ бичиж, залбираад ажлаа эхэлж, ажил орой дууссаны дараа тэнгэр өөд хараад Бурханд залбираад унтдаг байсан. Гэтэл нэгэн өдрийн өглөөний ӨБХ нь Иохан 21:1-15 “Чи надад хайртай юу хоньдыг минь тэжээ” гэх үг байсан. Би ч өглөө нь ӨБХ идээд, орой нь ажлаа дуусгаад унтахын өмнө залбирахаар гарсан. Энэ үед Бурхан надаас Ганболдоо “ЧИ надад хайртай юу?” гэж маш тодоор асуух шиг болсон. Энэ үед би Петр шиг “Тиймээ ЭЗэн Танд хайртайг минь та мэднэ ” хэмээн хариулсан. Энэ үед Бурхан надад “Хоньдыг минь тэжээ” гэж хэлсэн. Энэ үед яагаад ч юм би өөрийн эрхгүй уйлж байсан. Энэ үйл явдлаас хойш, жилийн дараа өөрийн хүсэлтээр өргөдлөө бичээд ажлаасаа гарсан. Тэр жил Бурхан намайг чуулганд бүтэн цагийн хоньчны үйлчлэл рүү чиглүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Бурханы хоньдыг тэжээн, үйлчилж байна. Бурханы дуудлагын дагуу амьдрахад амар байгаагүй. Үргэлж өөрийгөө голох, шантрах, цөхрөх, бүтэлгүйтэх, би чадахгүй гэх үе олон байсан. Одоо ч гэсэн адилхан. Гэвч Бурханы дуудлага нь би хэн бэ, би ямар вэ? гэдэгт бус, харин намайг дуудсан Бурхан хэн бэ? гэдэгт илүү төвлрөх нь асуудлын гол нь гэдгийг дахин сануулж байна. Хайртай Бурхан Аав аа өдөр бүр өөрт бус, Та хэн бэ? гэдэгт илүү анхаарлаа хандуулснаар, Таны дуудлагын дагуу эцэс хүртэл амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бурхан Мосег 80-н жилийн турш бэлтгэн, дасгалжуулсны дараа дуудсан. Хожим нь Бурхан Мосе гэгч нэг хүнээр дамжуулан өөрийн сонгосон ард түмэн болох Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж, сүү балаар бялхсан сайхан уудам нутаг болох канаан нутагт руу удирдсан. Эцэст нь Бурхан Израиль ард түмэнийг хаан мэт тахилч, ариун үндэстнээр ерөөж, бүх үндэстнийг буюу бүх дэлхийг аврах ажилд хэргэлхийг хүссэн. Бурхан ийм л агуу том төлөвлөгөөний нэг хэсэг болгон Мосег сонгон дуудсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан Өөрийн агуу том авралын ажлын төлөвлөгөөний нэг хэсэгт хэрэглэхээр бидний хүн нэг бүрийг сонгон дуудсан. тиймээс энэ цагт хүн нэг бүр Бурханы дуудлагын өмнө даруу сэтгэлээр шаахайгаа тайлж, Түүний дуудлагыг зүрх сэтгэлдээ чинь сэтгэлээ хүлээн зөвшөөрч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН.

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 5-р хичээл (05.17)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.12/