МИНИЙ ЭЦЭГ АЖИЛЛАСААР БАЙГАА УЧИР БИ Ч АЖИЛЛАНА
Иохан 5:16-30
“Харин Есүс тэдэнд -Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав.”(17)
38 жил өвчтэй байсан хүнийг амралтын өдөр эдгээсэн гээд Иудейчүүд Есүсийг хавчих болжээ. Харин Есүс тэдэнд яагаад эдгээсэн, мөн хожим хийх ажлаа юу вэ? гэдгийг хэлж өгчээ.
1. Миний эцэг одоо болтол ажилласаар байна (16-18)
Есүс Иудейчүүдэд яагаад амралтын өдөр ажил хийснээ хэлж өгөв. “Миний эцэг одоо болтол ажилласаар байна. Би ч одоо ажиллаж байна.” Бурхан хүн гэмд унаснаас хойш эдүгээ хүртэл өчүүхэн зуур ч амраагүй, авралын үйлсийг бүтээсээр байгаа билээ. Бурхан бол амралтын өдөр ч гэсэн хүнийг амилуулах ажлыг хийдэг. Тийм учраас Есүс ч амралтын өдөр ажиллана гэж хэлж байна. Өөрийн хийж буй ажлыг Бурханы ажил бөгөөд тэр нь Бурханд таалагдана гэдэгт итгэх итгэл Есүст байсан юм. Тиймээс хүмүүсийн хавчлага, өширхөлтөөс өчүүхэн ч шантарч, айсангүй. Бурханы алдрын төлөө зоригтойгоор ажилласан.
2. Сонсдог хүмүүс амьд байх болно (19-30)
Есүс өөрийнхөө ажлыг хийж байгаа бус, харин Бурханы ажлыг хийж байна. Бурхан үхэгсдийг босгон, тэдэнд амийг өгдөгчлөн Есүс ч бас хүнд амийг өгдөг. Бурхан Есүст эцсийн өдөр шүүх эрхийг өгсөн юм.
Энэ Есүсийн дууг сонсдог хүн мөнхийн амьтай болох бөгөөд шүүхэд очихгүй. Тэр үхлээс гарч амь уруу шилжинэ. Есүсийн дууг сонсдог хүн амьд байх болно. Харин сонсдоггүй хүн үхлээс гарч чадахгүй. Хүн заавал Есүсийн дууг сонсох хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь ээ! Намайг дэлхийн ямар ч хавчлаганд шантралгүй Эзэний ажлыг хийхэд туслаач!
Нэг үг: Миний Эцэг одоо болтол ажилласаар байна