Өдөр бүрийн хоол /2026.05.22/

ШИЙТГЭДЭГГҮЙ ЕСҮС

Иохан 7:53-8:11

“Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд – Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд,” (7)

Есүсийг барихаар явсан бараа бологчид Есүсийн үгэнд сэтгэл хөдөлж ирсэнд шашны удирдагчид ихэд уурлажээ. Тэд Есүсийг алахын тулд бүр чармайлтаа гаргажээ. Харин Есүс үнэний үгээр тэдний заль мэхийг зайлуулж, гэмтэй эмэгтэйг аварч өгсөн билээ.

1. Нүгэлгүй нь эхлээд чулуугаар шид (7:53-8:9)
Есүс өглөөгүүр дуганд зарлигийг зааж байхад сургаал номлогчид, фарисайчууд садарлаж байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Есүс дээр авчрав. Тэд энэ эмэгтэйг авчирсэн нь Есүсээс зөвлөгөө сонсохын тулд бус, харин түүнийг урхинд оруулахын тулд юм. Тэд Есүсээс “За, Мосегийн хуулинд энэ мэтсийг чулуугаар шидэгтүн гэж тушаасан байдаг. Харин та юу гэх сэн бол?” гэж асуув.
Есүс хэсэг зуур дуугүй байж байгаад амаа нээн “Та нараас нүгэлгүй нь эхлээд чулуугаар шид” гэж хэлэв. Энэ үгийг сонссон Фарисайчууд яаж ч чадахгүй болсон. Гартаа барьсан байсан чулууг тавьж нэг нэгээр гадагш гарч явжээ. Гэмтэй хүн адилхан гэмтэй хүнийг шийтгэх эрхгүй байдаг. Энэ дэлхий дээр Бурханы өмнө зөвт хүн ганц ч байхгүй билээ. (Ром 3:10,18)

2. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд (10, 11)
Дуганд ганцаараа үлдсэн мөнөөх эмэгтэйд Есүс “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд.” гэж хэлэв. Фарисайчүүд болохоор хүмүүсийг буруушааж шүүмжлэх дуртай байсан. Харин бидний Эзэн Есүс гэмтнийг хүлээн зөвшөөрч өршөөлийн хайрыг үзүүлдэг. Тэгээд гэмшилд зохистой үр жимсийг төрүүлэхийн тулд амьдралын шинэ зүг чиглэлийг өгдөг.

Гуйлт: Эзэн минь ээ! Дандаа бусдыг шүүмжилж байсандаа гэмшиж байна. Би үргэлж Есүсийн өршөөлийн хайрыг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээр ах дүүсийг өршөөдөг амьдралаар амьдарна.

Нэг үг: Бусдыг бүү шийтгэ!

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.20/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.23/