Бүх зүйлийн Эзэн Есүс
Лук 19:28-48
Гол эшлэл 19:38
“Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа”
Өнөөдрийн номлолоор дамжуулан бид нар агуу гайхалтай түүхийг хийх гэж байгаа Агуу нэгний төлөв даруу байдал, амар тайван ба нигүүсэл, цаашлаад авралын ажлыг хэрхэн үнэн болоод шударгаар хийж байгаа талаар суралцана. Оргүй хоосноос, орчлон ертөнцийг бүтээсэн Бурханы хүү Есүс Христ нь өөрийгөө хэрхэн даруу болгож бидэнд амар тайван, авралын хаан болон ирж байгаа талаар бид суралцана. Энэ цагт Есүсийг зүрхэндээ хүлээн зөвшөөрч бид ч бас төлөв даруу, амар тайван, авралын Эзэн болсон Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Ингэснээрээ бид нар ч гэсэн энэ Есүсийг дамжуулж олон хүнд Бурханаар ирдэг жинхэнэ амар тайван, авралын баяр хөөрийг дамжуулж чадахыг гуйж байна.
1. Дудран унасан хаан (28-40)
28-р эшлэлийг үзээрэй. “Эдгээрийг алдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав”. Хүмүүс Есүсийг Иеруслаим руу явах үед бүгд өөр өөрийн санаагаар дүгнэж байлаа харин Есүс Бурханы хаанчлалын төлөө, загалмайн үхлийн төлөө, энэ дэлхийд ирсэн зорилгын дагуу Иерусалим руу явж байсан. Тэрээр үхлийг ялан дийлж, амилснаараа гэм ба үхлийн хүчийг бут цохин, бүх хүнд амиллалын шинэ хүсэл найдварыг өгөхийн тулд зоригтойгоор Иерусалимын зүг явсан. Хүний санаагаар хэцүү байсан тэрээр Бурханы ажлын төлөө шавь нараа манлайлан, тэдэнд үлгэр жишээ болон тэргүүлэн алхсан.
29-р эшлэлийг харвал Есүс Чидун хэмээн уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирэн Иерусалимд орох бэлтгэлээ хангахаар болсон. Үргэлжлүүлэн 30, 31-р эшлэлийг үзээрэй. “Эсрэг талын тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер нь унаж байгаагүй дудран олно. Тайлаад энэ авчир. Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлана вэ?” гэвэл “Эзэнд” энэ хэрэгтэй байна” гэж хэл гэжээ.
За эндээс “Эзэнд энэ хэрэгтэй” гэсэн үг нь Түүнийг бүх юмсын Эзэн гэдгийг тунхаглан, гэрчилж байгаа хэлбэр юм. Есүс нь зүгээр нэг хүний төрхөөр ирээд агуу зүйлийг хийж эхлэсэн бөгөөд шавь нар нь түүнийг агуу нэгэн гэж хүлээн зөвшөөрсөн ч бүх юмсын Эзэн гэдгийг хүлэээн зөвшөөрөөгүй байсан юм. Гадна талын дүр төрх нь даруу нэгэн, ямар нэгэн сүрлэг хүч чадалтай харагдахгүй байсан. Харин Есүсийн үнэн төрх нь орчлон ертөнцийг бүтээсэн Бүтээгч буюу бүх юмсыг захирдаг Эзэн юм. Иохан номын 1:3 дээр Есүсийг бүх зүйлийн Эзэн хэмээн хэлсэн байдаг. Тиймээс дэлхийн бүх юмс Түүнийх юм. Тиймээ Эзэн нь юмаа авах гээд ирчихсэн хэмээн хэлж байна. Эзэнд хэрэгтэй гэж байна. Вов энэ үнэхээр гайхалтай үг байсан. Түүнд хэрэгтэй л гэж байгаа бол тэрээр юуг ч хэрэглэх эрхтэй юм. Зүгээр нэг дудран төдийгүй бидний амьдралд байгаа бүх зүйл нь түүнийх юм. Оорчлон ертөнцийн Эзэн болсон Есүс нь бидэнд энэ амь амьдрал, цаг зав, эд хөрөнгө гэх мэт зүйлийг түр өгсөн бөгөөд бүх юм нь Түүнийх бөгөөд бид түр хариуцагч даамал төдий юм. Тиймээс Эзэнд хэрэгтэй гэвэл хэзээ ч, юуг ч Түүнд зориулах хэрэгтэй. Миний амь нас, эд хөрөнгө, мөнгө, цаг зав бүхий л амьдралыг хэрэглэнэ гэвэл Түүнд өргөх хэрэгтэй юм байна гэдгийг өнөөдрийн энэ үг бидэнд хэлж байна. Энэ дэлхийн бүх юмсын Эзэн нь Есүс юм байна гэдгийг дахин ухаарч байна. Энэ дэлхийд хоосон ирсэн хоосон л явна. Үнэн юм байна. Библи хэлж байна би хэлээгүй шүү.
Үргэлжлүүлээд 32-34- р эшлэлийг үзээрэй. “Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов. Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс Та нар юунд дудранг уяанаас нь тайлав гэхэд тэд Эзэнд хэрэгтэй байна гэв.” Тэд Есүсийн заасанчлан “Эзэнд хэрэгтэй байна” гэв. Тэгтэл эзэн нь шууд зөвшөөрөв.
Гайхалтай үйл явдал болж байна. Эзэн нь шууд зөвшөөрсөн гэжээ. Есүсийн шавь нар энэ үйл явдлаар Есүсийг бүх юмсын Эзэн бөгөөд бүх зүйлийг удирдаж байгаа гэдгийг бодитоор мэдэрсэн. Тэд Есүсийг ингэж мэдэрсэн хамгийн том зүйл бол Есүсийн үгэнд дуулгавартай дагасанд байсан. Тэд өөрийн санаа бодол болон өөрсдийн арга барилаар хийх гэж үзээгүй үгэнд 100 хувь дуулгавартай байж үйлдсэн. Эндээс бид нар Бурханы үгэнд дуулгавартай байснаараа гайхамшигийг мэдрээд зогсохгүй Бурханаас ирдэг хайр ивээл нигүүслийг дүүрэн авч амьдарч чадах юм. Ер нь бид нар хэцүү асуудлыг шийдэх гээд өөр зүйлийг хайх хэрэггүй. Бидэнд байгаа библи дээр бүх асуулт, бүх амьдралын хэв маяг, бүх хийж болох болохгүй зүйлийн талаар заасан байгаа. Тийм учраас бид нар библийн үгийн дагуу Бурханы үгийн дагуу л хийж үйлдэхэд л болно. Хүний үг биш Бурханы үгэнд дуулгавартай амьдардаг хүмүүс болохыг хүсэн залбирч байна. Бурханы үгийн дагуу амьдарснаар Бурханы ивээл ба хүч чадлыг дүүрэн амсдаг амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна.
Дудран гэж орсон бас нэг гэрчлэл нь эш үзүүлэгч Зехариагаар зөгнөсөн Месиагийн тухай амлалтыг биелэгдэж байгааг харуулж байна. Зехариа номын 9:9-д Есүсийг ямар хаан болох талаар зөгнөсөн байдаг. “Сион охин минь! Үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин минь, Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Тэрээр даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ” гэж зөгнөсөн байжээ.
Бид нар тэгвэл энэ дудран унасан Есүс нь ямар талаараа Хаан Мессиа болж байгаа талаар суралцацгаая.
1-рт, Есүс нь төлөв даруугийн Хаан юм.
Дэлхийн хаад өөрийн сүр хүч, эрх мэдэл, нэр алдар, эд хөрөнгөөрөө өрсөлдөж ард түмнийг захирдаг. Хэзээ ч сул дорой харагдахыг хүсдэггүй. Харин Есүс дудран унаж эгэл даруу байдлаараа өөрийгөө даруу төлөв хаан гэдгээ харуулж байна. Есүс уул нь бүх дэлхийг бүтээгч, бүх хаадын Хаан бөгөөд хамгийн сүр жавхлантай, алдартай байх зохистой нэгэн юм. Харин тэрээр хамгийн сул дорой дудранг унаснаар Өөрийнхөө төлөв даруу чанарыг харуулсан. Есүс нь төлөв даруугийн хаан тул түүнд ямар нэгэн ялгаварлал, бардамнал, аминч сэтгэл байхгүй. Тэрээр даруу сэтгэлээр бүх зүйлд хамгийн сайнаар хандах болно. Ялангуяа бид нар ийм Есүстэй холбогдвол бид ч бас даруу төлөв байж Есүсээр дамжуулан түүний өмнө очиж, зүрх сэтгэлээ нээн түүнтэй ярьж чадах юм.
Есүс Хаан боловч төлөв даруу учраас ямар ч хүнийг ялгаварлалгүй хүлээн авдаг. Хүчгүй сул дорой, гэм нүглээр дүүрэн нэгэн нь зүрхээ нээн түүн дээр очвол тэр ямар ч хүнийг, хэнийг ч бай хүлээн авах болно. Бид сэтгэл сүнсээр даруу, дуулгавартай нэгэн болох үедээ төлөв даруугийн Хаан Есүсийн өмнө очиж чадна. Ингэснээр төлөв даруугийн Хаан Есүсийг зүрхэндээ хүлээн зөвшөөрөх бөгөөд бидний сэтгэл зүрх ч бас Есүсээр дамжигдан, түүний үгээр эмчлэгдэх болно. Бид даруу болсноороо ямар ч оюутан залуусыг хүлээн авч үйлчилдэг, хамтран зүтгэгчид болон бусдад хайрыг түгээж чаддаг даруу нэгэн болж чадах юм. Сая Азийн директоруудын конференцийн үеэр Есүсийн дотор даруугаар бусдад үйлчилж байгаа мишионер хоньчдыг хараад өөрийн эрхгүй талархсан. Мундаг сургууль төгссөн, өндөр цалинтай ажилд орсон, баян, бахархаж орилоод баймаар хүмүүс мөртлөө бусдын хөлийг угааж, хайрлаж, цаг зав, залуу нас, хүсэл мөрөөдлөө орхин хоньдын хоньчноор амьдарч байгааг хараад талархсан бас хүндэтгэсэн. Тэдэнд бас даруу байдлаас гадна авралын баяр хөөр дүүрэн байсан. Энэ цагт даруу төлөв Есүсийг бүгдээрээ сайн сурч дуулгавартайгаар зарлигийн дагуу амьдардаг хүмүүс болцгооё.
2-рт, Есүс нь амар тайвны Хаан юм.
Есүс бол энэ дэлхийн бүх ард түмэнд жинхэнэ амар тайвныг өгөхөөр ирсэн Хаан юм. Есүсийн өгөх амар тайван нь түүний үгэнд итгэн гэмшиж, гэмийн өршөөлөөр дамжуулан ирдэг гайхалтай бэлэг юм. Энэ жинхэнэ амар тайвныг хэн ч өгч чадахгүй. Есүс дудран унаснаар жинхэнэ амар тайвныг өгөхөөр ирсэн Хаан гэдгийг зааж өгөхийг хүссэн. Сүр жавхлангаар сүржигнэн ирээгүй бөгөөд зүрх сэтгэлд амар тайван, тайвшралыг өгөхийн тулд ирсэн. Есүсийн ирсэн гол зорилго нь бидний бүх гэм ба гуниг, өвчин зовлон, сул доройг үүрэн загалмайд нас барахын тулд байсан. Есүсийг өөрийн Аврагч, Хаан хэмээн хүлээн авахад бид Бурханы өршөөлийн хайраар дамжин ирдэг жинхэнэ амар тайвныг амсаж чадах юм. Олон асуудлаар дамжуулан бид нар амар тайвны хаан Есүстэй байх нь ямар их ивээл ерөөл вэ гэдгийг харж чаддаг. Бас талархдаг.
Есүсийг мэдэхгүй олон хүмүүс жинхэнэ амар тайванаар амьдарч чадалгүй байнга л нэг зүйлд санаа зовон түгшиж, түр зуурын марталтаар амьдардаг. Харин дудран унаж ирсэн Есүсийг хүлээж авах юм бол жинхэнэ амар тайвныг эдлэх болно. Жинхэнэ амар тайван нь Бурханаас л өгөгддөг сүнслэг бэлэг юм. Есүсийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрөхөд л амсаж болох хамгийн сайхан зүйл бол амар тайван байдал юм. Хүн амар тайван байна гэдэг бол хамгийн сайхан зүйл юм. Хичнээн мөнгөтэй, хичнээн баян, хичнээн хүчтэй байгаад амар тайван байхгүй бол хүн ямар ч аз жаргалгүй. Олон хүмүүс Есүсээр дамжуулан түүгээр хаанчлуулахад Тэр бидний амьдралыг ч амар тайвны замаар хөтлөн дагуулах болно. Хааяа үгийг уншихад хүртэл амар тайван бидэнд ирдэг шүү дээ. Энэ цаг бидэнд амар тайвныг өгөхөөр ирсэн Есүст талархаж байна.
3-рт Есүс бол Авралын хаан юм.
Эш үзүүлэгч Зехариа Мессиа Есүс нь зөв шударга, даруу, амар тайвны Хаан гэдгийг мөн ялалтын Хаан гэдгийг гэрчилсэн. Үүгээр зогсохгүй Есүс хэн ч унаж байгаагүй дудран унаж Иерусалимд орсон зорилго нь цэвэр ариун өргөл болж байгаа бөгөөд Өөрийгөө золиослохын тулд юм. Хүн төрөлхтнийг гэмээс аврахын тулд, зөгнөлийн дагуу загалмай дээр нас барсан Есүс нь миний гэм нүгэл, зовлон гунигийг авч намайг үхлээс аварсан жинхэнэ авралын Хаан юм. Хаан хүчтэй ч гэм нүгэл, үхлийн асуудлыг шийдэж чадахгүй бол төгс хаан болж чадахгүй. Харин Есүс үхлийг ялан дийлж, амилснаар Бурханы хүч чадалтай, Аврагч мөн гэдгээ баталсан. Есүс амиллын хүч чадлаар дарангуйлагч Сатаны гэм ба үхлийн эрхшээлээс бүх хүнийг аварч чадах Аврагч Хаан юм. Энэ Есүсийг хаанаар хүлээн авахад л Сатаны эрхшээлээс чөлөөлөгдөн, жинхэнэ амийн гэрэлтэй амьдарч чадна. Үнэндээ бид нар Есүстэй уулзсанаар даруу болж, Есүстэй хамт байснаар амар тайван байж, Есүст үүрүүлснээрээ гэмээс чөлөөлөгдөн аврал авч амьдарч байна. Энэ цагт төлөв даруугийн Хаан, амар тайвны Хаан, авралын Хаан Есүсийг өөрийн Хаанаар хүлээн зөвшөөрч энэ хайр ивээл болон баяр хөөрийг дүүрэн эдлэхийг хүсэн гуйж байна.
Одоо 38-р эшлэлийг үзээрэй. “Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ. Амар тайван нь тэнгэрт, алдар сүр нь хамгийн дээр байх болтугай” Энэ нь Мессиа ирэхийг хүлээж байсан иудейчүүдийн Алгаслын баярын үеэр уншиж байсан дуулал юм. Энд “Эзэний нэрээр ирэгч Хаан” гэсэн нь Есүсийг Бурханы илгээсэн Христ буюу хүн төрөлхтний сөгдөн дагах бүх хаадын Хаан гэдгийг харуулж байна. Тиймээс бид ч Түүний хааны эрх мэдлийг хүлээн авч, Түүнд бүх хайр ба үнэнчийг өргөж амьдрах хэрэгтэй. 38-р эшлэл шиг бид нарын амьдрал дээр бид нар энэ мэт Есүсийг магтан дуулж, гэрчилэн амьдрах хэрэгтэй юм. Олон гайхалтай зүйлийг харсан шавь нар шиг олон зүйлийг харж байгаа бид нар библийн үгийг хүлээн авч номлол, магтаал, сэтгэгдэл, гэрчлэлээр дамжигдан хийгдэж байгаа Бурханы гайхалтай ажлуудыг харан магтах хэрэгтэй юм. Бид нар Бурханыг магтахгүй тэр орон зайнд өөр нэгнийг оруулах эсвэл сатаны дуу хоолойг оруулан амьдрах болдог. Бид өөрсдийгөө хаан, амьдралынхаа эзэн болгосон бардам сэтгэлийг орхин Түүнийг өөрийн амьдралын Хаан болгон Түүний захиргаа ба удирдлагыг дуулгавартай даган амьдрах хэрэгтэй. Энэ цагт төлөв даруугийн хаан, амар тайвны хаан, авралын хаан Есүсийг өдөр бүр зүрх сэтгэлдээ хүлээн авч бидний амнаас талархал, магтаал, гэрчлэл, нигүүслийн дуу хоолой өдөр бүр оргилдог хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2. Хотыг хараад уйлсан Есүс (41-48)
41-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж” Есүс Иерусалим хотод ойртон очоод хотыг харж, түүний төлөө уйлав. Учир нь Бурханы хот болох
Иерусалим нь Сатаны хот болсон байлаа. Исаиа 2:3 дээр Иерусалим сүм нь Бурханы үг урсан гарч дэлхийн ард түмэнд хүрэх ёстой байсан. Эш үзүүлэгч Исаиа дэлхийн үндэстнүүд Бурханы үгийг сонсохоор Сион уруу ирэх үзэгдлийг харж түүнийгээ тунхаглан хэлсэн байдаг. Гэтэл Иерусалим хот нь одоо Бурханы үгийг орхисон газар болон хувирсан байсан. Ёс бус байдал, садар самуун, ашиг хонжооны үүр болж нэг үгээр хэлбэл ялзарсан хот болсон байсан. Лук номын 13:33,34 дээр Бурханы илгээсэн зарц нарыг ч доромжлон, чулуудан алдаг ноцтой гэмээр дүүрэн хот хэмээн бичжээ. Үргэлжлүүэн 44- эшлэл хүртэл хүртэх шийтгэлийг хүртэл бичсэн байна. Бодитоор Иерусалим хот МЭ 70 онд Ромын Титус жанжин Иерусалим хотыг удаан хугацаагаар бүрэн бүсэлснээр тэр үед Алгаслын баярыг сахихаар ирсэн байсан олон хүмүүс хот дотор хоригдон, өлсгөлөнд нэрвэгдэж, өвчнөөр нэг сая гаруй хүн үхсэн түүхэн баримт байдаг. Мөн тэдний зарим нь өлсөөд хүүхдүүдээ хүртэл чанаж идсэн гэсэн түүхэн үнэн тэмдэглэгдэн үлджээ.
Одоо 45, 46-р эшлэлийг үзээрэй. “Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, тэдэнд Миний гэр залбирлын гэр байх ёстой гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв” Есүс сүмд ороход наймаачдаар дүүрэн байв. Орон нутгаас ирсэн хүмүүст зориулан тахилын өргөлүүдийг зарж, сүмийн татварт хэрэглэгддэг зоосноос ашиг олж, шимтгэл авч байлаа. Бурханы үгийн тунхаг, гэмийн өршөөл, залбирал болон үгийн тараалт байх ёстой газар 100 хувь өөр дүр төрхтэй харагдаж байлаа. Хүний зүрх худал хуурмаг, мөнгөний шунахайрал, эрх мэдлийн шуналаар дүүрсэн үед, ёс төдий шашинлаг амьдрал болон хувирсны тод жишээ тэнд харагдаж байлаа. Тэдний үзэл бодол нь үл итгэгчидтэй адил болж дэлхийн зүйлсийг хайрлаж байсан. Тахилч нар урт цагаан дээл өмсөн, сүсэгтэй дүртэй боловч хонин сүргийн сүнслэг байдалд огт анхаарахаа байсан байлаа. Иерусалим сүм бол Израилын итгэлийн төв байсан бөгөөд ингэж ялзарсан байгаа нь бүх Израилын итгэл ялзран доройтсон гэсэн утгыг агуулж байна. Есүс сүмд ороод тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, сүмийг цэвэрлэн ариусгав. Үүгээр тэр Бурханы эсрэг гэмийн тухай уур хилэн ба шударга шүүлтийг илэрхийлсэн юм. Есүс төлөв даруу, амар тайвны Хаан төдийгүй гэмийг шийтгэдэг зөв шударгын Хаан гэдгийг харуулсан юм.
47-р эшлэлийг үзвэл Есүс сүмийг цэвэрлэсний дараа Есүс өдөр бүр сүмд ирэн Бурханы үгийг заах ажилд төвлөрсөн. Ямар ч хүсэл найдваргүй ард түмэнд Бурханы хаанчлалын жинхэнэ найдварыг суулгахыг хүссэн. Шашны удирдагчид Есүсийг хөнөөх завшааныг хайсаар байсан боловч ард олон Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.
Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед ч бидний зүрх сэтгэл, гэр орон, сүм чуулган маань Бурханы оршихуй, ариун сүм байх ёстой. Гэмээ ухааран гэмшиж, сайн мэдээнд итгэж, гэмийн өршөөлийг эдэлж, Бурханыг хүндэтгэн мөргөн, Түүнд залбирлыг өргөж, Түүний үгээр дүүрэн бөгөөд Бурханы хүүхдүүдтэй нөхөрлөн Түүний үгийг тунхагладаг ариун газар байх ёстой. Бид хичээнгүйлэн сайн мэдээг тараадаг байх ёстой. Энэ цагт өөрсдийн сэтгэл сүнс болон миний гэр, сүм чуулганаа сайтар шалгаж Христийн үгийг дамжуулдаг, тунхагладаг цэвэр ариун байдлыг дахин сэргээн амьдарцгаая хэмээн уриалж байна.
Дүгнэлт: Есүстэй хамт байвал төлөв даруу байж, амар тайван байж, бас авралын баяр хөөрөөр дүүрэн амьдарч чадах юм. Түүгээр ч үл барам Есүстэй хамт байдаг, зарлигтай байдаг амьдрал нь өөрсдийн сана бодол, гэр орон, сүм чуулганаа ариун зөвт байдал дотор авч явж чадах юм. Энэ цагт дудран унаж ирсэн Есүсийг өдөр бүр зүрх сэтгэлдээ хүлээн авч амар тайван, авралын баяр хөөр, гэмийг ялан дийлж Есүсээр удирдуулдаг ариун амьдралаар амьдарч чадахыг хүсэн залбирч байна.