2025 оны Лук 33-р номлол (09.07) Д. Эрдэнэбат хн

Хавчиг хаалгаар орохыг хичээ
Лук 13:18-35
Гол эшлэл 13:24
“Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ.”
Бид өнгөрсөн 7хоногийн зарлигаар дамжуулан Үл гэмших аваас бүгд үүнийг адил мөхөх болно гэдгийг үгийг суралцсан. Харин өнөөдрийн зарлигаар 1-рт гичийн үр ба хөрөнгийн сургаалт зүйрлэлээр дамжуулан Бурханы хаанчлалын мөн чанарыг тухай заан өгч байна.  2-рт Бурханы хаанчлалд орохын тулд хавчиг хаалгаар орохыг хичээн амьдрахыг зааж байна. Манай цуглаан бүх итгэгч Бурханы хаанчлалд орохын тулд өдөр бүр өөрийгөө үгүйсгэнэ, загалмайгаа үүрэн хавчиг хаалгаар орж чадахыг хүсэн гуйж байна.
1. Гичний үр ба хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл
Есүс Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?
19-р эшлийг үзвэл “Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэжээ гэв.”
Гичийн үр  нь маш жижиг боловч өсөж ургавал тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэж чадахаар том хэмжээтэй мод болон ургадаг байна. Есүс Бурханы хаанчлалыг ийм өчүүхэн жижигхэн гичийн үртэй адилтгаж байна. Гичийн үр жижиг боловч том мод болтол ургаж өсөх хүч чадалтай байдаг шиг Бурханы хаанчлал ч гэсэн маш өчүүхэн зүйлээс эхэлдэг ч, цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн төсөөлж ч чадахгүй хэмжээгээр гайхалтай өсдөг. Энэ нь Бурханы хаанчлалын гаднах тооны өсөлтийг зааж байна. Бурханы хаанчлал нь өсөн хөгжиж, улс үндэстнүүд ирэн Христийн хаанчлал дотор амар тайвныг эдлэх болно гэдгийг харуулж байна. Есүс энэ дэлхийд жирний нэг мужааны хүү болж ирсэнээр Бурханы хаанчлалын биелэл эхэлсэн. Энэ Есүсийг дагадаг хүмүүсийн ихэнх нь эрх мэдэл, эрдэм мэдлэггүй, гэм нүглээр дүүрэн, загасчид, татвар хураагч, сулдорой эмэгтэйчүүд байсан. Гэвч Есүсээр эхэлсэн Бурханы хаанчлал нь өсөж бүх Иудей, Самари төдийгүй бүх дэлхийг сайнмэдээгээр байлдан дагуулсан. Одоо ч гэсэн сайнмэдээний ажил Ариун Сүнсээр удирдуулан хүчтэй явагдаж байгаа.
20, 21-р эшлэлийг үзээрэй. “Тэр дахин айлдахдаа Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй, түүнийг авч гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.” Энд бас маш бага хөрөнгийг гурван хэмжүүр гурилд хийвэл бүхэлд нь исдэгийг зааж байна. Энэ хөрөнгөний сургаалт зүйрлэл нь Бурханы хаанчлалын дотоод өөрчлөлтийн ажил ба далд үр нөлөө өгдөг мөн чанарыг  харуулж байна. Ялангуяа энэ нь нэг хүний өөрчлөлтөөс эхэлдэг. Нэг хүний зүрхэнд сайнмэдээ суулгагдахад тэр нь аажмаар нөлөөлөн эцэст нь түүний дотоод сэтгэл ба амьдралыг үндсээр нь өөрчилдөг. Бидний дунд ч ийнхүү өөрчлөгдсөн, өөрчлөгдөж байгаа хүмүүс олон байгаа. Бид заримдаа библийн хичээлийг хийгээд байгаа ч ямар ч өөрчлөгдөх, шинжгүй хүмүүсийг хараад шантармаар санагддаг. Гэвч бид Бурханы хаанчлалын сайнмэдээнд хөрөнгө мэт хүнийг өөрчлөх амийн хүч байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгээд цөхрөлтгүй 1:1 библийн хичээлээ хийвэл тэр хүний дотор өөрчлөлт гарна гэдэгт итгэх хэрэгтэй. Бид тэр хүнийг өөрчлөх гэж санаа зовох хэрэггүй. Энэ нь Бурхан тэр хүнийг өөрчлөх болно. Сайнмэдээг хүлээн авсан нэг хүний өөрчлөлтийн нөлөөгөөр түүний гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, энэ нийгэм ч гэсэн өөрчлөгдөг. Тиймээс бид цөхрөлтгүй 1:1 библийн хичээлээр сайнмэдээг дамжуулахад Бурханы хаанчлал нь хөрөнгө мэт үр нөлөөг өгөн улам тархах болно.
2. Хавчиг хаалгаар орохыг хичээ
Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. Хэн нэгэн Түүнээс Эзэн, цөөхөн хүн л аврагдах уу гэж асуухад Есүс түүнд шууд хариулт өгөлгүй Бурханы хаанчлалд орох гэвэл хэрхэн амьдрахыг зааж эхэлсэн.
Одоо бүгдээрэй 24-р эшлэлийг хамт уншья. “Тэр -Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ.”
Есүс авралын хаалга нь хавчиг нарийн ба орохыг хичээхгүй бол орж чадахгүй гэж байна. Есүс авралыг олж авахын тулд хичээх хэрэгтэйг зааж байна. Хичээхгүй энэ дэлхийд уусаж амьдарвал авралыг олж чадахгүй. 2Тимот 2:3-6 д элч Паул итгэгч хүнийг байлддаг цэрэг, уралддаг тамирчин, зүдэн зүтгэдэг тариачинтай адил гэж зүйрлэсэн. Тиймээс Бурханы хаанчлалд орохын тулд зүгээр аясаараа амьдрах бус итгэлтэйгээр өдөр бүр сүнслэг тэмцэлтэй, сатаны эсрэг тэмцэл хийх хэрэгтэй юм. Мөн марафонд гүйгч мэт өдөр бүр өөрийгөө үгүйсгэн дасгалжуулснаар ялалтын титэмийг авахын тулд хичээнгүй гүйх хэрэгтэй. Мөн тариачин ургацаа хураахын тулд маш их зүдэн зүтгэдэг шиг хичээл зүтгэлийг гаргах хэрэгтэй. Тиймээс хавчиг хаалгаар орохыг хичээ гэсэн үг нь өдөр бүр өөрийн гэмт чанар ба махан биеийн хүслүүдийг үгүйсгэн, гэмшиж, тэмцэлтэй Бурханы хүслийг дуулгавартай дагахын төлөө хичээнгүйлэн амьдрах хэрэгтэй гэсэн үг юм.
Энэ Есүсийн үгнээс харвал итгэлийн амьдрал нь амар хялбарыг илэрхийлдэг амьдрал бус өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрдэг амьдрал гэдгийг мэдэж болно. Олон итгэгч, итгэлийн амьдралыг загалмайн зовлонгүйгээр амар хялбараар урсгалаараа амьдарч байгаад Бурханы хаанчлалд орвол болно гэж эндүүрдэг. Ийм үзэлтэй хүмүүс нь болж өгвөл өөртөө тааламжтай амар хялбар замыг сонгож, загалмайн амьдралаас холуур явдаг. Гэвч Есүс бидний хүсдэг эрэн хайдаг замын эсрэг замаар явахыг тушааж байна. Матай 7:13,14 “Хавчиг хаалгаар ор сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.” Мөн Лук 9:23,24д “Есүс Миний араас дагахыг хүсэгч  нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрэн дагаг гэжээ.” Элч Паул ч Үйлс 14:22д Бурханы хаанчлалд орох гэвэл олон зовлон туулах ёстой гэв. Ром 8:17д Бурханы хаанчлалын өв залгамжлагчид нь Христтэй хамт зовдог. Түүний зовлонгоос нь хуваалцан амьдардаг гэжээ. Тиймээс хавчиг хаалгаар орох амьдрал нь Есүсийн загалмайн зовлонд оролцдог зовлонгийн зам юм.
Уг нь авралын хаалга нь энэ дэлхийн бүх хүнд нээлттэй байдаг. Хэн ч Есүсийг Христ гэдэгт үнэн зүрхээсээ итгэж, дагуулгавартай дагвал авралыг олж болно. Нэгэнт аврагдсан юм чинь гээд өөрийгөө төвд тавин өөрийн хүсэл шуналыг даган амьдарсаар байдаг. Гэвч бид итгэлээр аврагдсан нь эхлэл төдий юм. Бид аврагдсан хүний хувьд Бурханы хаанчлалд орох хүртэл гэмшил ба дуулгавартай байдлаар цаг ямагт хавчиг хаалгаар орохыг хичээн амьдрах хэрэгтэй. Тэгэхийн тулд өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, Есүсийн үг ба хүсэл тааллыг дагна загалмайн зовлонгийн зам байлаа ч гэсэн дагах хэрэгтэй. Энэ нь аврагдсан хүний явах зохистой жинхэнэ ерөөлтэй, итгэлийн амьдрал юм.  Миний хувьд ч гэсэн итгэлээр нэгэнт аврагдсан юм чинь гэсэн бодолтой өөрийгөө төвд тавиж, итгэлийн амьдралыг загалмайн зовлонгүйгээр, амар хялбар, өөрийн таатайгаар амьдарч байгаад Бурханы хаанчалд орвол болно гэж эндүүрч амьдарч байсандаа энэ цаг гэмшиж байна. Бурханы хаанчлалд орохын тулд өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч, сүнслэг цагуудаа авч, сайнмэдээний ажилд найдинаар хэрэглэгдэж, нэг хоньд 1:1 библийн хичээл хийж, үйлчилж чадахад тусалж өгөхийг хүсэн гуйж байна. Тэгсэнээрээ  хавчиг хаалгаар орохын тулд хичээж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 25-р эшлэлийг үзээрэй. “Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин Эзэн минь, бидэнд онгойлож өгөөч” гэсэн ч Тэр та нарт хариуд нь Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй гэнэ.” Энэ үг нь Бурханы хаанчлалд  орох боломжоо алдана гэсэн сануулга юм. Авралын хаалга байнга нээлттэй байхгүй. Заавал хаах цаг ирнэ. Нэг хаагдвал дахин хэзээ ч онгойхгүй болно. Энэ явдал нь Есүс дахин ирээд бүх дэлхийг шүүх өдөр болно. Мөн хувь хүний үхлийн цаг гэж бас ойлгож болно. Үүнчлэн авралын хаалга хувь хүнд ч түүхэн цаг дээр ч хэзээ хаагдахыг хэн ч мэдэхгүй. Тиймээс гэмшиж хавчиг хаалгаар орох хэрэгтэй. Тэр цаг нь яг одоо юм. Бид маргааш юу болохыг мэдэхгүй тул одоо л гэмшин, хавчиг хаалгаар орохыг хичээх хэрэгтэй. Боломжоо алдсан хойно хичнээн орохыг хүссэн ч Эзэн Есүс “Би та нарыг хаанаас ирснийг мэдэхгүй” гэх болно.
Тэгтэл тэд юу гэж эсэргүүцсэн бэ? “Бид Таны өмнө идэж ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ гэх болно.” Хүмүүс авралын баталгааг гаднах зүйлсээс олох гэдэг. Тэд гаднахаар бол итгэгчийн амьдралын хэв маягтай байсан. Хүндэтгэлийн цуглаанд тогтмол сууж, үгийг сонсож, чуулганд хамт нөхөрлөн заримдаа сайнмэдээний ажилд ч оролцон үүгээрээ аврагдана гэж найдсан. Гэвч үнэндээ тэд үгийг сонссон хэр нь зүрхээрээ гэмшээгүй байсан. Эзэн гаднахыг бус үнэнээсээ гэмшин эргэсэн зүрхний итгэлийг хардаг. Есүс үнэнээсээ гэмшин, Түүнийг дуулгавартай дагаагүй хүмүүст хатуу хэлж байна. “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл” Есүс тэднийг ёс бусыг үйлдэгч гэж байна. Учир нь тэд амаараа л “Эзэн минь, Эзэн минь” гэдэг боловч бодит амьдрал дээр өөрийн хүслээр, дэлхийн шунал ба махан биеийн хүсэл тачаалыг дагасан юм. Бид бүгд энэ цагт цуглаандаа тогтмол явж, Бурханы ажилд оролцож байгаагаар аврагдана гэсэн хуурамч найдварыг орхин, үнэн зүрхээрээ гэмшин, Есүсийг, Христ гэдэгт итгэн, Ариун Сүнсээр удирдуулдаг амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл Бурханы хаанчлалын найрт ямар хүмүүс суух вэ? 28,29-р эшлэлийг үзээрэй. “Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан ба шүд хавирах нь байх болно. Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно.”  Абрахам, Исаак, Иаков болон эш үзүүлэгч нь Бурханы үгийг дуулгавартай даган зөвхөн итгэлээр амьдарсан хүмүүс юм. Үүнчлэн Бурханы хаанчлалын найрт цусан холбоо, яс үндэс, нас хүйс, нийгмийн зиндаа гэх мэтээс үл хамааран дөрвөн зүгийн аль ч үндэстэн байсан Есүсийн сайнмэдээг сонсоод даруу сэтгэлээр гэмшин, итгэлээр хүлээн авсан хүмүүс л суух болно. Хэдийгээр Абрахамын удам, иудей хүн байсан ч Есүсийн сайнмэдээнээс татгалзан дагаагүй хүмүүс хөсөр хаягдана. Иудейчүүдэд хамгийн түрүүнд Есүсийг хүлээн авах боломж өгөгдсөн ч тэд татгалзсан. Эцэст нь авралын боломж нь харь үндэстэнүүд рүү шилжсэн. Тиймд Есүс сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж сануулж байна. Бид ч гэсэн цуглаанд явсан цаг хугацаа ба өөрийн үйлсээр өөрийгөө зөв болгон бардамнан гэмшихгүй бол эцэст нь сүүлчийнх болж мэднэ.
31-р эшлэлийг үзээрэй. “Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд -Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс хол яв гэв.”  Есүс Өөрийг нь алах гэсэн Херодын заналхийлэл байлаа ч тууштай үүргээ биелүүлж байгаад загалмай ба амиллаар дамжин хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэнэ гэв.
“Үзэгтүн Би өнөөдөр, маргааш, чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ. Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм гэж хэл”. Бид эндээс аюул үхлийн заналхийл байсан ч явах ёстой замаараа явна гэсэн үүрэгт хандсан Есүсийн хандлагыг сурч болно. Бид Бурханы тааллыг даган, бусдыг аврахын төлөө амьдрахад олон саад бэрхшээлтэй тулгардаг. Эцэг эх төрөл саданы эсэргүүцэл ба сүрдүүлэг, үл итгэгчдийн доромжлол ба буруутгалыг амсдаг. Мөн өөртөө тааламжтайгаар амар хялбар амьдармаар сайхан уруу татлага ч ирдэг. Харин Есүс Өөрийгөө үгүйсгэн, Бурханы хүсэл тааллыг дагадаг хавчиг хаалгаар орохыг хичээн тууштай зогссон. Бид ч Бурханы даалгасан оюутнуудыг аврах үүргийг гүйцэхийн төлөө ямар ч хэцүү зүйлс тохиолдсон ийнхүү тууштайгаар явах ёстой замаар явж чадахыг хүсэн гуйж байна.
34,35-р эшлэлийг үзээрэй. 34,35 эшлэл бол иудейчүүдийн сүйрлийн тухай тунхаглал юм. Иерусалимд хандсан Есүсийн гашуудал юм. Есүс тахиа дэгдээхэйнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг тэднийг хайрын энгэртээ тэврэхийг маш их хүссэн. Гэвч тэд Есүсийн хайр ба сануулгад татгалзан эцэст нь Есүсийг загалмайд цовдлуулсан. Ийм тэд МЭ-ний 70 онд Бурханы шийтгэлийг аван сүйрсэн. Есүс тэдэнд ирэх хатуу шийтгэл ба гэмшихгүй хэвээрээ байгааг хараад гашуудав.
  Дүгнэлт:
 Өнөөдрийн зарлигаар дамжуулан Бурханы хаанчлалд орохын тулд хавчиг хаалгаар орохыг хичээж амьдрахыг зааж байна. Есүс Бурханы хаанчлалыг гичийн үртэй адилаар зүйрлэж байна. Гичийн үр төдий жижигхэн зүйлээр дамжуулан Бурхан авралын ажилаа эхлүүлдэг. Бурханы хаанчлал нь өсөж бүх Иудей, Самари төдийгүй бүх дэлхийг сайнмэдээгээр байлдан дагуулсаар байна. Мөн хөрөнгөний сургаалт зүйрлэлээр нэг хүний өөрчлөлтөөр дамжуулан бидний эргэн тойронд байгаа бүх хүмүүс өөрчлөгдөгийг зааж өгч байна. Өөрчлөгдсөн хүмүүс хавчиг хаалгаар орохыг хичээн өдөр бүр өөрийн гэмт чанар ба махан биеийн хүслүүдийг үгүйсгэн, гэмшиж, тэмцэлтэй Бурханы хүслийг дуулгавартай дагахын төлөө хичээнгүйлэн амьдрах хэрэгтэй юм. Манай чуулганы бүхий л хүмүүс хавчиг хаалгаар орохыг хичээж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
өмнөх нийтлэл2025 оны Лук 35-р хичээл (09.14)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.09/