2025 оны Лук 21-р номлол (06.08) Эбэ Матай хн

Бурханы Христ

Лук 9:18-27
Гол эшлэл 9:20

“Тэр тэдэнд – Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр – Бурханы Христ гэж хариулжээ”

Өнгөрсөн бүлгүүдээс харахад Есүс олон гайхамшигтай зүйлсийг хийсэн. 5 талх 2 загасаар 5000 хүнийг хооллосон. Бузар чөтгөрүүдэд эзэмдүүлсэн хүнийг чөтгөрөөс нь салгасан. Бүх насаараа өвчтэй байсан нэгнийг эрүүл болгож цэвэр болгосон. Энэ мэт олон гайхамшигтай ажлуудыг хийсэн. Харин өнөөдрийн үгээр дамжуулан Есүс нь хэн бэ? гэдгийг зааж өгөхийг хүссэн. Өнөөдрийн номлол нь итгэгч хүмүүст маш чухал зүйлийг заан өгч байна. Тийм учраас анхааралтай сайн сонсож, Есүс нь хэн болох, итгэгч нэгний амьдралд Есүс ямар байр суурьтай болох талаар хичээнгүйлэн сурч чадахыг хүсэн залбир байна.

1. Христ бол бидний амьд найдлага болон найдвар юм.
18-р эшлэлийг үзээрэй. “Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэдэнд – Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад” Есүс Бурханы ажлыг хийхийн өмнө дандаа залбирсан. Та нар библийг харвал Есүс ямар нэгэн чухал ажлыг хийхийн дандаа залбирч байсан. Эндээс та нар намайг хэн гэж ярьж байна гэдэг нь энгийн асуулт мэт боловч маш чухал амьдралын асуулт бөгөөд Есүсийн дагалдагч нарын үндсэн асуудлыг шийдэж өгөх хамгийн чухал асуулт байсан гэдгийг мэдэж болно. Есүс өөрийгөө Мессиа бөгөөд зовлон ба үхлийг амсан загалмайд дээр нас барах болно гэдгийг илчлэхийг хүссэн. Залбирлаар дамжуулан Ариун сүнсээр дүүрэн болоод зоригтойгоор шавь нартаа өөрийгөө тунхаглан тэднийг юу хийж яаж амьдрах ёстойг нь ухааруулахыг хүссэн.
Ахиад бүгдээрээ 18-р эшлэлийг үзээрэй. Иохан номын 17:3-г үзвэл цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь гэж бичигдсэн байдаг.
За асуултын хариулт нь өөр өөр байсан. 19-р эшлэлийг үзвэл хүмүүс янз бүрээр хэлж байсан. Шавь нар нь “Тэд баптисч Иохан гэдэг, зарим нь Елиа, өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг” гэв. Баптисч Иохан нь гэмшлийг тунхаглагч нэгэн байсан. Елиа нь Бурханд хандсан, халуун сэтгэл ба ард түмэнд хандсан хоньчны халуун сэтгэлээр дүүрэн эш үзүүлэгч байсан. Энэ мэт хүмүүсийн нийтлэг тал нь бүгд Есүсийг агуу нэгэн гэж бодсон. Хүний санаагаар дүгнэж ойлгож байсан.
Тиймээс Есүс шавь нараасаа асууж байна. 20-р эшлэлийг үзээрэй. Хамтдаа уншицгаая. “Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” Энэ асуулт нь Есүсийг дагаж байгаа шавь нарт хамгийн чухал асуулт байсан. Есүс нь ямар агуу нэгэн бөгөөд дагалдагч нарын амьдралыг өөрчлөх гайхалтай нэгэн гэдгийг тэдэнд хурдан хэлж өгөхийг хүссэн. Тэдний замыг, амьдралыг үзэх итгэлийг тодорхой болгож өгөхийг хүссэн. Хэн нэгэн Есүсийг зөв танин мэдэж, түүнийг дагадаг хувийн итгэл нь аврал ба амьдралын үндэс суурь болж ямар ч нөхцөл байдлын дунд ганхашгүй итгэлийн хүн болгодог гэдгийг тэдэн заахыг хүссэн. Тэдэнд жинхэнэ амьд итгэл, найдварыг заахыг хүссэн.
Одоо бүгдээрээ 20б-г үзээрэй. Есүсийг асуухад хамгийн түрүүнд Петр хариулав. “Бурханы Христ” гэв. Матай 16:16-д “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв” Петр Есүсийг “Бурханы Христ гэж хариулжээ” гэв. Эндээс Христ гэдэг үг нь грек хэл бөгөөд еврей хэлэр Мессиа гэж дууддаг. Мессиа нь Бурханаар тослогдсон Нэгэн буюу Аврагч гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс Бурханы Христ гэдэг нь амлагдсаны дагуух аврагч нэгэн гэсэн утгатай юм. Петрийн хэлж буй энэ тунхаглал нь Есүсийн Бурханлаг мөн чанарыг гэрчлэн, махан биеийг өмссөн Бурхан гэдгийг тунхаглаж байгаа хэлбэр юм.
Анхны хүн Адамын гэмээс болж хүн төрөлхтөн гэмд унан, сатаны боолчлолд орсон. Хүн гэдэг амьтан хэзээ ч өөрийн хүч чадлаар гэм ба сатаны эрхшээлээс гарч чадахгүй болсон. Тийм учраас Бурхан хүмүүсийг өрөвдөн хайрлаж, аврагч Мессиаг илгээнэ гэж хуучин гэрээнд амласан байдаг. Эхлэл 3:15 дээр зөгнөлийн эхний эшлэл бичигдсэн байдаг. Цаг нь болоход Бурхан амласан Мессиаг илгээсэн. Есүс бол Бурханы Христ гэсэн нь Христ итгэлт бидэнд өгч буй үндсэн суурь үнэн бөгөөд бидний итгэл ба Христ чуулганы суурь юм. Петрийн хэлж байгаа энэ илчлэл нь зөвхөн Есүс л Бурханы илгээсэн Мессиа бөгөөд бүх хүн төрөлхтний цорын ганц хүсэл найдвар гэсэн утгатай. Мөн Христ гэдэг нь эш үзүүлэгч, тахилч, хаан гэсэн 3 утгыг илэрхийлж байгааг бөгөөд энэ дэлхийд хүн төрөлхтөний аврагч болон ирж байгаа гэдгийг харуулж байна.
Хүмүүс шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, эд хөрөнгө, мөнгө, эрх мэдлээр дүүрэн байвал хамгийн сайн, хамгийн ухаалаг байж дутах зүйлгүйгээр амьдрана гэж найддаг. Гэм нүглийн асуудал, өршөөл уучлал нь дээрх зүйлсээр шийдэгдэнэ гэж хардаг. Яг үнэндээ мөнгө, эрх мэдэл, шинжлэх ухаан хөгжих тусам хүний сэтгэл хатуурч гэм нүгэл улам л газар авч байгааг бид өөрсдөө харж байна. Хүн төрөлхтний үндсэн асуудал болох гэм ба үхлийн асуудлаас биднийг ерөөсөө аварч чадахгүй юм. Мөнгө хэзээ ч бидэнд жинхэнэ амийг өгч, найдвар болж чадахгүй. Хүмүүс хэн нэгэн агуу нэгэн миний тайвшрал, тайтгаруулагч гэж дагаж байгаад замаасаа төөрдөг. Ямар нэгэн үзэл санаа, шашин, мөнгө, техникийн хөгжил гэх мэт нь бидний жинхэнэ аврагч болж чадахгүй гэдгийг бид нар харж байна. Харин Бурханы илгээсэн Есүс Христ л биднийг гэм ба мөнхийн сүйрлээс аврах, цорын ганц найдлага юм. Есүс нь 22-р эшлэл дээр хэлсэнчлэн загалмай дээр нас барж дахин амилсан жинхэнэ амьд найдвар юм. Түүнд итгэх итгэл нь биднийг амар тайван руу, тайвшрал руу, үнэн руу, зөвт байдал руу, хайр ба уучлал руу, нигүүсэл ба өршөөл рүү чиглүүлж байдаг. Энэ Есүсийг л бид Христ Аврагчаараа хүлээн зөвшөөрч, Түүнд бүх найдвараа тавин амьдрахад хэзээ ч урам хугарахгүй бөгөөд авралд хүрэх юм.
Яг одоо Есүс одоо биднээс асууж байна. “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” Хүн тус бүр бодож үзээрэй. Нээрээ Есүс нь хэн юм бэ? Хүн болгоны уулзсан Есүс өөр өөр байдаг. Надад тайвшрал болсон Есүс байхад, надад урам зориг өгсөн Есүс байдаг. Хэн нэгэнд хоргодох газар болж байхад зарим нэгэнд нь хүч чадал болж байдаг. Зарим хүнд Есүсийн цуглаан хоол өгдөг газар, амардаг газар, олон найз нөхөдтэй болдог газар, сайхан хүмүүс байдаг газар гэх мэтээр өөр байдаг. Харин яг одоо дахин таниас асууж байна. Таны хувьд Есүс хэн бэ? Та Есүсийг хэн гэж бодож, итгэж байна вэ? Та Бурханд итгээд 1 сар болсон уу? 1 жил болсон уу? 10 жил болсон уу? 30 жил, 50 жил болсон уу хамаагүй юм. Яг өнөөдөр одоо та хэн гэж итгэж найдан амьдарч байна вэ? Би одоо Есүсийг хэн гэж илчлэн тунхаглаж чадах вэ? “Есүс бол Бурханы Христ” гэх энэ илчлэл нь Есүсийг Бурханы илгээсэн миний Аврагч, миний амьдралын Эзэн Хаан хэмээн хүлээн зөвшөөрч байна гэсэн итгэлийн тунхаг юм. Христ нь угаасаа хаан гэсэн утгыг илэрхийлж байгаа тул бид түүнийг хаанаар өргөмжлөн амьдрах хэрэгтэй. Бид нар энэ дэлхийд амьдрахдаа өөр зүйлийг Есүсээс илүү тавьж түүнд захируулан амьдардаг. Залуучууд сүүлийн үед гар утас, завгүй гэх дэлхийн үзэл бодол, зугаа цэнгэл, эд хөрөнгө, эрх мэдэл, садар самуун амьдралыг хаанаар өргөмлөн амьдарч байна. Харин энэ цагт бүгдээрээ миний зүрх сэтгэлд байгаа хааныг өөрчилөн Есүсийг хаан болгон амьдраасай хэмээн хүсэн гуйж байна. Элч Паул Ром 10:9-д ингэж хэлсэн байна. Есүст зүрхэндээ итгэхээс гадна, амаараа илчилснээр аврагдана гэж хэлснээр илчлэлийн чухлыг дурдсан юм. Бид нар өдөр бүр илчлэн тунхаглаж чадахыг гуйж байна. Петр шиг гэрчилдэг хүмүүс болцгооё. Би одоогийн байдлаар дутуу дулимаг, сул дорой, асуудлаар дүүрэн, гэмтэй, өөрчлөгдөөгүй байж болно. Олон жил итгэгчээр амьдарсан ч сул дорой нэгэн байж болно. Тэгсэн ч гэсэн Есүсийг Бурханы илгээсэн миний цорын ганц Аврагч Христ хэмээн илчлэх хэрэгтэй. Надаас өдөр бүр энэ илчлэлт гарснаараа Есүс Христ миний амьдралын Аврагч, Хаан, Эзэн болж энэ дэлхийд амьдрах туршид минь миний найдвар, амьд найдлага минь болох юм. Мөн энэ Есүсийг би хүлээн зөвшөөрөх үед Бурханы амийн үг, сургаал, номлол намайг захиран үүрд мөнх удирдах болно. Энэ цаг та өөрийнхөө итгэлийг голж, өөрийгөө голж байсан бол амьд найдвар, найдлага болсон Есүс рүү очоорой хэмээн уриалж байна. Та бол Бурхан Христ хэмээн түүнийг илгээгдсэн аврагч, миний төлөө загалмай дээр нас барж миний бүх гэм нүглийг үүрсэн аврагч Мессиа хаанаар өдөр бүр тунхаглаасай хэмээн залбирч байна. Яг одоо та илчилж чадаагүй бол энэ цагт Есүсийг миний Христ хэмээн амаар тунхаглаж чадахыг хүсэн гуйж байна. Бүгдээрээ хамтдаа хэлцгээе. Есүс Миний аврагч, Есүс Миний Христ. Есүс миний найдвар. Есүс миний амьд найдлага хэмээн тунхаглан амьдрахыг хүсч байна.
Миний хувьд Бурхан надад сүүлийн үед олон зүйлээр дамжуулан Есүс бол миний аврагч, найдвар, амьд найдлага, хоргодох газар, тайвшрал гэдгээ харуулсаар байгаа. Энэ дэлхийд эрдэм мэдлэгтэй, ухаантай, мөнгөтэй хүн, хүч чадалтай, сайн хамаатан садантай хүн, сайн найз нөхөртэй, сайн үр хүүхэд өсгөсөн хүн ямар ч зовлонгүй сайхан амьдрана гэж боддог байлаа. Харин амьдраад үзсэн чинь тийм биш юм байна гэдгийг маш их мэдэрч байна. Миний хамгийн сайн найз тунгалагийн булчирхайн хорт хавдар тусаад эцсийн шатандаа орсон. 2 өдөрт нэг удаа би түүнтэй ярилцсаар л байгаа. Энэ найз маань Сөүлийн үндэсний их сургуульд доктор хамгаалсан бөгөөд 5 хэлээр чөлөөтэй ярьдаг. Солонгосын нэгэн их сургуульд профессор хийдэг. Маш их хэцүү байгаа. Энэ өвчнөөс салах гэж хичээж байгаа. Мөн миний сайн найз нар гэмийн хүлээснээс гарч чадалгүй гэр бүлээсээ салж, өрөнд орж, архичин болсоор л байна. Бурхан ааваа та бол миний Христ хэмээн би тунхаглаж байна. Та ч бас миний өвчтэй найзын Христ болооч хэмээн гуйж байна. Та миний өрөнд орсон, архинд орсон найз нарын минь Христ болооч хэмээн гуйж байна. Та бас миний өнгөрсөнд уулзсан, одоо уулзаж байгаа, ирээдүйд уулзах бүх хоньдуудын минь Христ болооч хэмээн хүсэн залбирч байна. Дээрээс нь та энд сууж байгаа бүх хүний Бурханы Христ болооч хэмээн хүсэн залбирч байна. Цаашлаад бүх Монголчуудын Христ болсноороо Монгол улс тахилч улс, ариун үндэстэн, Бурханы хаанчлалын өв залгамжлагчид болж чадахыг хүсэн гуйж байна.

2. Хаан болсон Есүс ба өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрдэг амьдрал
Одоо бүгдээрээ 23-р эшлэлийг үзээрэй. “Тэр тэдэнд бүгдэд нь хандаж, Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл, тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага.” Есүст итгэж амьдарч байгаа дагалдагч нартаа зүгээр итгэн найдах биш энэ дэлхийд амьдрахдаа бодитоор хэрхэн Бурханы хаанчлалын төлөө амьдрах ёстойг заан өгч байна. Есүс Өөрийнх нь зам тодорхой байдаг шиг өөрийг нь дагахыг хүсэгч нь Есүсийн амьдралыг дуурайн дагах ёстой гэдгийг тодотгон хэлж байна. Есүсийг дагах нь бүх хүнд нээлттэй. Есүсийг дагадаг амьдрал нь Бурханы үгийн дагуу тул яах ёстойг хэлж байна.
1-рт, Өөрийгөө үгүйсгэх хэрэгтэй гэжээ. Өөрийгөө үгүйсгэх нь энэ дэлхий ба өөрийн эзэн нь Есүс Христ гэсэн итгэлийн бат суурьтай байхыг хэлж байгаа. Мөн хэнд захирдагдан амьдрах вэ? гэдгийг хэлж байгаа болно. Дээр өгүүлсэнчлэн хаан болсон Есүст захирагдан амьдрах уу? Үгүй юу гэсэн асуултын хариулт юм. Бид хаан Есүст захирагдан амьдарвал өөрийгөө үгүйсгэнэ. Харин өөрийнхөө дураар амьдрах болбол энэ нь энэ дэлхийн эзэн муу сүнсэнд захирагдан амьдрана гэсэн утгатай. Зоосны хоёр тал шиг нэг бол Есүс үгүй бол гэм нүгэл юм. Христийг өөрийн амьдралын төвд тавихыг хэлж байна. Бид Есүсийг Христ хэмээн зөвшөөрөөгүй байхад цаг ямагт өөрийгөө төвд тавин, өөрсдийн амьдралыг төлөвлөн жолоодож, хувийн ханамж, ашиг хонжоо, нэр төр, амбиц, зугаа цэнгэлийн төлөө амьдардаг. Харин бид ингэж амьдрах үед жинхнээсээ амар тайвныг эдэлж, асуудалгүй, санаа зовуурьгүй амьдардаг билүү? Бид Есүсийг Христ хэмээн хүлээн зөвшөөрсөн бол өөрөө хаан суудлаасаа буун Есүсийг хаан ширээнд нь залж түүгээр удирдуулан амьдрахыг хүсэн гуйж байна. Есүс бол амар тайван, нигүүсжл, хайр уучлалын хаан юм. Бид хаан Есүсийн хүсэл тааллаар дуулгавартай амьдрах хэрэгтэй. Энэ нь өөрийгөө үгүйсгэнэ гэдгийн жинхэнэ утга юм. Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь Есүсээс илүү тавьдаг хайртай бүх зүйлээ орхихыг зааж байна. Намайг зовоодог гэм нүгэл, гэмт чанарууд тухайлбал залхуурал, амиа бодох, үзэн ядах, амархан гомдох, бардамнах, атаархах, бусдыг шүүмжлэх, шантрах, ямар нэгэн зүйлд донтох гэх мэтийн хуучин чанаруудаа ч орхихыг зааж байна. Энэ цагт бид зүрх сэтгэлдээ итгэлээр Христийг хүлээн зөвшөөрснөөрөө өөрийгөө бүрэн үгүйсгэж зөвхөн үгийн дагуу хаан Есүст захирагдан амьдарч Бурханы үг ба ариун сүнсний удирдлагын дагуу амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2-рт, Загалмайгаа авч дагах ёстой. Энэ нь Христ гэмтэй бидний төлөө загалмайн зовлон амссан шиг Христийг гэрчлэгчийн амьдралаас болж амсах бодит зовлон, хавчлага, хохирол, золиослол, бүр үхлийг хүртэл үүрэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Жаахан аймаар санагдаж магадгүй гэхдээ бид өдөр бүр Христийн төлөө загалмайгаа баяртай үүрч амьдрах хэрэгтэй. Сайн мэдээг тунхаглаж, библийн хичээл хийж, хонь тэжээх нь загалмайгаа үүрэх хэлбэр юм.
Бурханыг Христ хэмээн тунхагласан нэгэнд өөрийгөө үгүйсгэн загалмай үүрэх хэцүү биш юм. Бүгдээрээ өдөр бүр Христийг миний бүх зүйлээр тунхаглан өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрдэг Христийн цэргээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
24-26-р эшлэлд өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрч шавийн замаар явах ёстой үндсэн шалтгааныг Есүс тайлбарлаж байна.
“Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана тэр түүнийгээ аварна. Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ” Энэ нь хувийн амьдралын төлөө бүх санаа бодол, хүслүүдийг төвлөрүүлэн амьдарвал эцэст нь мөнх амьд хүрч чадахгүй ба харин ч Есүст анхааран, Түүний төлөө амьдарвал мөнх аминд хүрнэ гэсэн утгатай юм.
26-р эшлэлийг анхааралтай харвал Есүс болон загалмайн амьдралаас ичин, ертөнцийн юмсын төлөө амьдарсан хүмүүсээс Есүс хожим ирэхдээ ичнэ гэдгийг сануулан хэлж байна. Есүсийн шударга шүүлтийн өмнө тийм хүмүүс ичгүүрийг амсах болно хэмээн хэлж байна.

Дүгнэлт: Есүс бол Христ буюу бидний цорын ганц Эзэн, Аврагч билээ. Энэ амьдралын турш Есүс л миний авраг Христ буюу амьд найдвар, найдлага минь болох юм. Энэ дэлхийн алга болж устах зүйлд найдах биш өдөр бүр амьд найдвар болосн Есүст найдан амьд итгэлээр амьд хүн шиг амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Есүсийг Христ Эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн бид Есүсийн заасан замаар явж, өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрэн амьдарснаар олон оюутан залуусыг гэмээс аварч, босгон байгуулснаараа Эзэн Есүсийг баярлуулж чадахыг хүсэн гуйж байна. Амен.

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.06.10/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 22-р хичээлийн асуулт(06.15)