Залуу минь бос
Лук 7:11-17
Гол эшлэл 7:14
“Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс – Би чамд хэлж байна. Залуу минь бос! гэхэд”
Хайр ивээл мөнх амийн их Эзэн минь таныг хүндэтгэн магтах өдрийг зөвшөөрөн өгсөнд баярлалаа. Таны үгээр дамжуулан бид нар хүсэл найдвар, урам зориг, эрч хүчийг авахад та туслаарай. Таны үгийг зүрх сэтгэлдээ дүүрэн байлгаснаар үгнээс ирдэг хүч ба амар тайван бидний амьдралд дүүрэн байхыг гуйж байна. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
Өнөөдрийн үгэнд энэ дэлхийн хувьд хамгийн өрөвдөлтэй, сэтгэл өвтгөм гунигтай нэгэн үйл явдал гарч байна. Хань ижлээ алдсан бэлэвсэн эмэгтэйн ганц хүү орь залуу насандаа нас барсан явдал байлаа. Үхэл нь гэдэг зүйл хамгийн муухай зүйл. Үхэл гэдэг үгтэй холбогдох үгнүүдэд яаж ч бодсон сайн үг гэж байдаггүй. Үхэл хагацал, үхэл зовлон, үхмэл байдал, үхэх тавилан гэх мэт. Есүс үхлийн цуваатай тааралдан цувааг зогсоож үхлийн цуваа биш харин баяр хөөр, хүсэл найдвар, үнэ цэнэтэй амьдралын цуваа болгон өөрчилж байна. Тиймээ Есүсийн хувьд үхэл гэж байхгүй. Есүс нь ажил явдал, буяны арга хэмжээг зохион байгуулдагггүй. Есүсийн хувьд оршуулгын арга хэмжээ гэсэн үг болон холбогдох ямар нэгэн зүйл байхгүй. Яагаад гэвэл Есүст үхэл биш харин амь амьдрал, мөнхийн амь байдагийн учирт юм. Есүс “Залуу минь бос” хэмээн тунхагласнаар үхсэн залууг амилуулсан. Есүс бол амийн Эзэн Бурхан буюу үхсэн нэгэнд шинэ амийг өгдөг, амьдруулагч нэгэн юм. Үхсэн хүнд амь өгөөд зогсохгүй түүний хажууд байгаа бусад хүмүүст амийн баяр хөөр, аз жаргал, тайвшрал, нигүүсэл, хүч чадал, амьдрах урам зоригийг өгдөг. Энэ цагт бид ч бас Есүсийн амийн үгийг сонсож, үхсэн мэт сэтгэл сүнс байгаа бол оронд нь шинэ амийг оруулж, амийн хүчтэй, зоригтой, баяр хөөртэй амьдралаар дахин хүч аван амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1-рт Есүсийн үгэнд амь ба амилал байдаг.
Есүс зуутын даргын зарцыг эдгээсний дараа удалгүй Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар болон үй олон хүн Түүнийг дагалдан байлаа. 12-р эшлэлийг үзээрэй. “Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.”
Найн гэсэн үг нь өөрөө “Баяр хөөр” гэсэн утгатай үг юм. Харин энэ баяр хөөртэй газар маш гунигтай үйл явдал болж байлаа. Есүс цуваатай тааралдсан бөгөөд энэ цуваа нь уй гашуугаар дүүрэн байлаа. Үхэл хэмээх зүйлд ялагдсан оршуулгын цуваа байв. Сайтар харвал бэлэвсэн эмэгтэйн ганц хүүгийн үхлийн цуваа байсан. Нөхрийнхөө үхлээс болж маш хүнд амьдралыг бэлэвсэн эмэгтэй ганцаараа туулсан бөгөөд түүний хувьд нөхрөөс нь үлдсэн ганц хүү нь түүний амьдралын утга учир байлаа. Хүү нь амьдралын утга учир байж хүүгээ харан хүч орон амьдардаг байсан байхаа. Гэтэл том болж ээждээ тус дэм болох байсан хүү нь гэнэт нас барлаа. Энэ зовлон бол үгээр илэрхийлэгдэшгүй их уй гашуу юм. Ер нь үхэл гэдэг зүйл үнэндээ хүмүүст гашуудал болон зовлон шаналал авчирдаг.
Харин энэ үед Есүс юу гэж хэлсэн бэ? 13-р эшлэлийг үзээрэй. “Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд – Бүү уйл гэв.” Есүс цувааг харан зогсож бэлэвсэн эмэгтэйг хараад түүнд очиж бүү уйл хэмээн хэлж байна. 13-р эшлэлээс харвал ихэд өрөвдөн гэсэн үг гарч байна. Есүс эмэгтэй зовлон шаналалд хамтдаа байж түүнд тусласан гэдгийг харж болно.
Есүс тэр эмэгтэйд “Бүү уйл” гэсэн үгийг хэлсэн. Түүнийг өрөвдөж асуудлыг нь шийдэж өгөхийн тулд үгээр түүнийг тайвшруулсан. Бүү уйл гэсэн үг нь энэ эмэгтэйд хамгийн хэрэгтэй үг байсан. Олон хүмүүс хамтдаа байсан боловч хэн ч энэ үгийг хэлж чадаагүй. Яагаад? Яагаад? Оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн Есүс Христ л энэ үгийг хэлж чадах хүч ба найдвар, амь ба амилалтйн хүч байгаа учраас энэ үгийг хэлж чадсан. Тийм ээ асуудлыг шийдэх цорын ганц эрх мэдэл нь Есүст л байдаг. Зөвхөн Есүс л үхсэн залуугийн амийг эргүүлэн өгч чадах амийн Эзэн буюу амилалтын Эзэн учраас юм. Есүс л хүн бүрийн амсдаг бүх гуниг зовлонг гүн ойлгож, хамтдаа байж, асуудлыг 100 хувь шийдэж өгч чадна. Есүс нь асуудлыг үндсээр нь шийдэж өгч чадах жинхэнэ тайтгаруулагч бөгөөд жинхэнэ тайвшруулагч юм. Бүгдээрээ энэ Есүс дээр өдөр бүр очин амьдрах хэрэгтэй. Надад таньд сэтгэлийн асуудал байх үед бид залбирал болон үгээр тайвширч чаддаг. Уйлмаар, орилмоор байсан ч үг биднийг тайвшруулж, Есүсийн хайр ба уучлал биднийг эмчилж байдаг. Хэн нэгний хэлсэн үг түр зуур надад тайвшрал өгөх боловч миний асуудлыг уг үндсээр нь шийдэхгүй тул надад түр зуурын тайвшрал болдог.
Үргэлжлүүлээд 14-р эшлэлийг үзээрэй. “Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс Би чамд хэлж байна. Залуу минь бос гэхэд”. Есүс залуу минь бос гэж тушаасан. Үхсэн хүнтэй юм ярьж тушаах нь байж боломгүй зүйл юм. Харин Есүс үхсэн байсан залууд бос хэмээн тушааж байна. Есүс амь ба үхлийг захирагч төгс хүчит Бурханы хувьд Өөрийн эрх мэдлээр үхсэн залууд ийнхүү тушаасан. 15-р эшлэлийг үргэлжлүүлэн харвал үхсэн хүн босоод ярьж эхлэв хэмээн тэмдэглэгдсэн байна. Тиймээ Есүс үхлийг ялан дийлэгч юм.
Есүс загалмайд цовдлогдон нас бараад 3 хоногийн дараа дахин амилсан. Тэрээр олон хүмүүсийг хайрлан өрөвдөж амилуулж бас тэдэнд амилалтын итгэлийг суулгаж өгсөн байдаг. Нэг л үгээр Есүс үхлийг ялан дийлсэн юм. “Залуу минь бос” гэсэн энэ 3 үг л бэлэвсэн эмэгтэйд дахин амьдрах хүсэл мөрөөдөл, хүч чадал, баяр хөөр, амар тайвныг түүнд өгсөн.
Иохан номын 11:25-26 дээр “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг хүн үхэвч амилна. Амьд байгаа бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй” гэж Есүс Өөрийгөө илчилсэн байдаг. Энэ Есүст итгэгч нь үхсэн ч амилж, мөнхөд амьдарна хэмээн тунхаглан хэлжээ. Есүсийн энэ үгэнд итгэдэг хүн нь амилаад зогсохгүй мөнхөд амь ба амилалт бас амар тайвнаар дүүрэн байх болно.
Тэгвэл бид нар аль талаараа энэ үхсэн хүү мэт энэ бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч байна вэ? Мөн энэ дэлхийн энэ олон хүмүүс ялангуяа Христийг мэдэхгүй байгаа энэ олон залуучууд аль талаараа үхсэн хүн мэт амьдарч байна вэ?
Сүүлийн үед амиа хорлох, архинд донтох, тоглоомонд орох, залхуурах, завхай зайдан амьдрах, хэн нэгнийг шүүх, хэрүүл уруултай байх нь бидний хүний амьдрал дахь нэгэн орон зай болжэээ. Амьдралын үнэн зорилго ба утга учрыг олоогүй учраас, тэд Бурханыг мэдэхгүй учраас залуучууд маань үхсэн хүн шиг амьдарсаар л байна.
Үл итгэгч нар нь ийм боловч итгэгч бид нар ч ялгаагүй үгийн хүч чадал, зарлигийн хүчийг авалгүй өнөө маргаашийн амьралын төлөө үхсэн залуу мэт бусдыг гуниглуулан амьдарч байна. Та өөрийг нэг хараарай. Амьд байна уу? Үхсэн байна уу? Махбодиороо амьд байна уу? Сүнсээр хүчирхэг баяр хөөртэйгээр амьд хүн шиг амьдарч байна уу? Энэ цагт амь ба амилаллын Эзэн Христ дээр очиж дахин амь ба амилаллын хүч чадлыг дүүрэн авахыг хүсэн гуйж байна. Амь ба амиллыг өгөгч нь зүгээр нэг үгээр хэлсэн зүйл биш юм. Энэ бол бодит үнэн юм. Библий дээр олон хүмүүсийг үхлээс амиллуулсан бөгөөд бодитоор олон олон залуучуудыг үхлээс нь салгаж жинхэнэ амь ба амилалтын хүчээр Бурхан түүхийг удирдаж байна.
Таны дотор амь байна уу? Зүрх тань яаж цохилж байна вэ?
2-рт Есүсийн үгэнд үүрэг зорилго, хүсэл найдвар, эрч хүч, урам зориг бас үнэ цэнэ байдаг.
Есүсийн мөнх амийг авсан итгэгч нар нь бүгд залуу хүн шиг үргэлж амьтай, идэвхтэй, сэргэг амьдрах хэрэгтэй юм. Идэвхтэйгээр Бурханд үйлчилж, амийн үр жимс ба сүнслэг үр жимснүүдийг гарган өсөж, дэвжиж амьдрах хэрэгтэй. Махбодь болон сүнсний тал дээр Есүс Христэд итгэдэг хүн нь үнэхээр урам зоригтой амьдарч чадна. Яагаад гэвэл үхлийг ялсан байхад өөр биднийг гуниглуулах, шархлуулах, зовооох өөр зүйл байна гэж үү? Байсан ч үхэлтэй харьцуулахгүй юм.
Хавдар тусаад үхэлтэй тэмцэж байгаа хүн өдөр бүр, өглөө бүрийг угтаж байгаадаа талархан амьдардаг. Настай хүмүүс үхэл рүү ойртож байгаагаа мэдрэх бүр улам их хичээж амьдардаг. Амьд Бурханд итгэдэг хүмүүс нь үхлийг ялчихсан Есүстэй хамт байгаа болохоор хүчтэй баяр хөөртэй амьдрах болдог. Тиймээ та өнөөдөр хэр хүчтэй, үүрэгтэй, зорилготой амьдарч байна вэ? Асуултыг өөртөө хэлээд үзээрэй. Бурханд итгэж Есүсийн цусаар аврагдсан би хэрхэн амьдарч байна вэ? Таны дотор халуун цус булгилан, өдөр бүр үгийг тунрхаглаж, үгийг дамжуулж, бусдыг босгон байгуулж, хүмүүсийг хайрлан үйлчилж байна уу?
Бурханы өгсөн дуудлага ба алсын харааг биелүүлэхийн төлөө хичээнгүй амьдрах хэрэгтэй. Залуу хүн залуу хүн шиг л амьдрах хэрэгтэй. Энд өөрийг хөгширсөн гэж бодож байгаа хүн байна уу? Гараа өргөөрөй. Би бол өөрийгөө үргэлж 25-н настай гэж боддог. Заримдаа хүмүүсийг харахаар гутармаар, уйлмаар, унамаар үе бидэнд байдаг. Бас өөрийгөө харахаар аль хэдийн хөгширсөн санагддаг. Яг л авсанд хэвтэж буй залуу шиг. Нэг үгээр хэлбэл бид аль хэдийн үхсэн амьдралаар амьдарч байдаг.
Тэгвэл авсанд хэвтэж үхсэн залуу мэт байгаа бид нар болон үл итгэгч хүмүүс хэрхэн амилж чадах вэ? Тэдэнд Есүсийн дуу хоолойг сонсгох хэрэгтэй юм. “Би чамд хэлж байна. Залуу минь бос” гэсэн Есүсийн үгийг дамжуулан тунхаглах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ сонсож итгэж хүлээн авсан бүх хүн амьдрах бөгөөд хүсэл найдвар, эрч хүч, урам зоригоор дүүрэх юм.
Миний тэжээж байгаа хоньдыг Амь ба амилалийн Эзэн Есүс үхсэн залууг босгосон шиг амилуулж өгөх болно. Үүнд заавал итгэх хэрэгтэй. Энэ бол бодит үнэн юм.
Иохан 5:24,25-д Есүс ийнхүү тунхагласан байдаг. “Үнэнээр, Үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжсэн. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно”
Тиймээ Есүсийн амийг аваагүй хүмүүс нь Бурханы хүүгийн дууг сонсоод Түүнийг Аврагчаар хүлээн авах хэрэгтэй. Тэр үед амьтай болох бөгөөд мөнх амьтай болох болно. Амийг авсан хүмүүс нь энэ дэлхийд үнэ цэнэтэй амьдарч чадна.
Энэ цагт энд сууж байгаа олон хүмүүс энэ Есүсийн Залуу минь бос гэсэн үгийг сэтгэл зүрхнийхээ гүнд хүлээн авч дахин амьд хүн шиг хүсэл найдвар, үүрэг, үнэ цэнэтэй амьдралаар амьдраасай хэмээн ерөөн залбирч байна. Есүсийн үгийг сонсож үгээр хүч аван шинэ амь ба амьдралаар амьдарсан хүмүүс олон байдаг. Энэ дэлхийн нэр алдар, мөнгөөр дүүрэн байсан алдартай олон хүмүүс Есүсийн үгээр дахин төрж бүхнийг орхин хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай, хүсэл найдвартай, урам зоригтой итгэгчийн амьдралаар амьдарч байгаа олон жишээ байдаг.
Алдартай Левингстон хэмээх авралын зар тараагч нь 23-н настайдаа Бурханы үгээр хүчийг авч ариун сүнсээр удирдуулан Африк тив рүү мишионероор явж баярын мэдээг тунхагласан байдаг. Есүсийн шавь нар ч залуу насандаа дуудлагыг хүлээн авч агуу элчийн амьдралаар амьдарсан. Бидний мэдэх элч Паул ч гэсэн эцэс хүртэл залуу хүн шиг байж сайн мэдээний төлөө бусдыг босгон байгуулахын төлөө өөрийгөө зориулсан.
Тиймээ та ч бас чадна. Та яг одоо Залуу минь бос хэмээн таньд хэлж байгаа Есүсийн үгийг хүлээн авахыг хүсч байна. Таны зүрх сэтгэлд ороосой хэмээн залбирч байна. Энэ цагт бүгдээрээ бие биендээ ерөөн хэлцгээе. Залуу минь бос хэмээн гараа хүрэн ерөөхийг хүсч байна.
Есүсийн үгийн хүчээр сүнс ба махбодиор хүчирхэг нэгэн болж чадна. Оюутны хичээл, ажлын загалмай, хэцүү шалгалт, сургалтын төлбөрийг давахыг хүсч байна. Архичин аав, өвчтэй хэн нэгнээ энэ үгээр та босгон байгуулаасай хэмээн хүсч байна. Хонь тэжээх гэж айж байгаа бол энэ үгээр хүч авахыг хүсч байна. Хүсэл мөрөөдөлгүй байж үүрэггүй байгаа бол энэ үг таньд шинэ хүсэл мөрөөдөл үүргийг өгөх юм. Альфагаар ирсэн олон олон залуучууд залуу минь бос гэсэн энэ үгээр дамжуулан өөрчлөгдөж чадахыг хүсэн гуйж байна. Сэргэлт багийн болон залуу хоньчид маань энэ үгээр дамжуулан хүч авч хамгийн шилдэг оюутан, хамгийн сайн англи хэлээр ярьдаг нэгэн, юу юунаас илүү хамгийн их хоньдыг тэжээдэг бусдыг босгон байгуулж урам зориг ба хүсэл найдвар бэлэглэдэг сайн хоньчид сайн библийн багш болоосой хэмээн залбирч бас ерөөж байна. Мөн гэр бүл хоньчид маань ч гэсэн өнөө маргаашийн гэр, хүүхэд, ажлаасаа даваад бусдыг босгон байгуулж нэг хонийг Есүст гэр бүлээрээ өргөж чадахыг гуйж байна. Нөхөр завгүй бол эхнэр. Эхнэр завгүй бол нөхрөө сүнслэг тулаанд байнга залуу минь бос хэмээн ерөөж байгаарай. Өглөө бүр нөхөртөө залуу минь бос хэмээн сануулж бас хүчирхэгжүүлж байхыг хүсч байна. Нөхөр нь түрүүлээд сэрсэн бол эхнэртээ залуу минь бос та чадна хэмээн урамшуулж үгээр босгон байгуулаарай. Танай гэрт энэ үг байвал, манай сэнтад энэ үг байвал, мөн таны ажил болон сургууль дээр энэ үг таньтай хамт байвал та өдөр бүр хүсэл найдвар, баяр хөөр, тайвшрал бас урам зоригтой байж амьтай амьд хүн шиг амилалтын найдвартай амьдарч чадах юм.
Бурхан биднийг ч хамгийн чухал амьдралын суурийг тавих нандин залуу насанд сонгон дуудаж, Есүс Христ дотор буй мөнх амь ба амиллын хүч чадлыг өгсөн. Энэ нь Бурханы бэлэг юм. Бид хавар, зуны библийн сургуулиар анх өршөөлийн хайр ивээлийн бэлэг аваад ямар их догдолж, баярлаж, уйлж байсанаа нэг санаарай. Харин энэ цагт мартсан байгаа бол дахин бэлэг болсон Бурханы хайр ивээл, нигүүсэл болон үгээр дамжуулан үр жимс гаргалгүй хоосон, утгагүй амьдрал, шантрал, муу хувь заяа, сул дорой байдлаа дахин гэмшихийг хүсч байна. Өдөр бүр үгээр хүч аван Есүсийн амь ба сүнсний хүч чадлаар оюутан залуусыг хайрлан, үйлчилдэг үр жимстэй шинэ амьдралаар амьдарцгаая.
Тиймээ бид ч ялгаагүй үхсэн байсан. Харин Есүсийн үг биднийг амилуулж, шинэ амь ба амьдралыг өгсөн юм. Энэ цагт бидэнд амь ба амилалт, үүрэг ба хүсэл найдварыг өгсөн Эзэн Есүсийг магтацгаая. Манай цуглаанаас бүх дэлхийд сайн мэдээг тунхагладаг, дэлхийн олон оронд очиж залуучуудад залуу минь бос хэмээн тунхагладаг итгэлийн баатрууд буюу сайн мэдээний элч нар олноор төрөн гарч чадахыг хүсэн залбирч байна. Амен.