БОСООД ЯВАГТУН!
(Хувь заяаг ялан дийлэх арга зам)
Иохан 5:1-9
Гол эшлэл 5:8
1. Есүс хэзээ, хаана очсон бэ (1-2)? Тэнд байсан хүмүүс юуг хүлээж байсан бэ (3, 4)? Энэ хүлээлтэд ямар хязгаар байдаг ба энэхүү байдал нь аль талаар энэ нийгмийн амьдралтай төстэй вэ?
2. Ялангуяа тэнд ямар өвчтөн байсан бэ (5)? Гучин найман жилийн турш өвчинтэйгөө тэмцэлдэн амьдарч ирсэн түүний байдал ямар байсан бол оо? Есүс түүний тухай хэрхэн мэдэж, түүнээс юуг асуусан бэ (6)? Яагаад ингэж асуусан бол оо?
3. Уг нь тэр Есүсийн асуултад юу гэж хариулбал зүйтэй байсан бэ? Гэвч тэр юу гэж хариулсан бэ (7)? Ингэж хариулж байгаа түүний гол асуудал нь юу вэ? Ялангуяа түүний бусдад найддаг сэтгэл болон ялагдсан сэтгэлийн тухай хэлээрэй.
4. Есүс ийм түүнд юу гэж тушаасан бэ (8)? “Бос. Дэвсгэрээ аваад, яв” гэсэн үг нь ямар утга учиртай вэ? Есүсийн хүч чадалтай үг түүнд хэрхэн нөлөөлсөн бэ (9)? Бидний хувь заяатайгаа эвлэрсэн гутранги сэтгэлийг ялах арга замын тухай хэлээрэй.
БОСООД ЯВАГТУН!
(Хувь заяаг ялан дийлэх арга зам)
Иохан 5:1-9
Гол эшлэл 5:8
“Есүс түүнд – Бос. Дэвсгэрээ аваад алх гэж айлдав”
Өнөөдрийн үг нь Есүс гучин найман жилийн турш дэвсгэр дээр хэвтэж байсан ужиг өвчтэй хүнийг эдгээж өгсөн тухай юм. Есүс түүний зөвхөн бие махбодын өвчнийг нь эдгээсэн төдийгүй сэтгэл сүнсний өвчнийг нь ч бас эдгээж, төгс бүрэн тусламжийг үзүүлсэн. Бид ч бас энэ Есүстэй уулзахыг хүсэн гуйж байна.
1. Чи эдгэрэхийг хүсэж байна уу? (1-7)
1-р эшлэлийг үзээрэй. Есүс Иудей улсын нэгэн баярын үеэр Йерусалим хотод очжээ. Йерусалим хотын зүүн хойд талд “Хонины хаалга” хэмээх нэгэн хаалга байсан бөгөөд түүний дэргэд Бетзада гэдэг цөөрөм байв. Тэнд таван саравч байдаг байсан агаад тэдгээрийн дотор нэгэн тусгай нийгэм байлаа. 3-р эшлэлийг үзвэл тэнд өвчтэй, сохор, доголон, хатангир гэх мэт олон өвчтөн хэвтэж байжээ. Тэдгээр нь хүмүүс бүгдээрээ тухайн үеийн анагаах ухаанаар эдгээж чадаагүй өвчтөнүүд байв.
Гэхдээ тэд тэнд тийнхүү хэвтэж байсан нь бас учиртай юм. Учир нь тэд нэгэн үлгэр домогт бат итгэжээ. Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ. Чухам хэзээ, хэнээс эхэлснийг мэдэхгүй энэ үлгэр домог нь хүмүүсийн ам дамжин явсаар улмаар бүгд итгэх болжээ. Тиймээс тэнд хэвтэж буй өвчтөнүүдийн цорын ганц хүсэл найдвар нь ус хөдлөхөд хурдан гүйж усанд орон өвчнөөсөө ангижрах явдал байв. Гэхдээ ус хөдлөхөд түрүүлж орсон нэг л хүн эдгэрнэ гэсэн нь хамгийн ноцтой зүйл байлаа. Энэ нь өвчтөнүүдэд маш хүнд асуудал байжээ. Азтай нэг нь түрүүлж орон эдгэрч, бусад нь дахиад ус хөдлөхийг хүлээхээс өөр аргагүй байв.
Жирийн үед өвчтөнүүд бие биедээ туслан хамтарч амьдаръя гэсэн хүсэлтэй байдаг байсан нь лавтай. Харин ус хөдлөх үед нэг л хүн эдгэдэг учир тэд яаж бие биедээ туслах вэ? Яаж бусдыг бодож чадах вэ? Дахиад хэзээ ус хөдлөхийг мэдэхгүй учир яаж бусдад найр тавьж чадах вэ? Түрүүлж орсон нэг л хүн эдгэрдэг байсан нь тэдний бие биеэ өрөвдөн хайрлаж тусалж сайхан сэтгэлээр амьдрах гэсэн хүслийг нь үгүй хийсэн юм.
Бидний амьдрал ч гэсэн тэр чигээрээ өрсөлдөөн, тэмцэл дунд байдаг. Өрсөлдөөн нь цэцэрлэг, сургууль, ажил, гэр бүл гэх мэт хүн байгаа газар бүрд байнга гарч байдаг. Арван жилийн хүүхдүүд хамгийн сайн дүн авахын төлөө өрсөлддөг. Харин ажилд орвол энгийн ажилтнаас эхлээд багийн дарга, хэлтсийн дарга, тасгийн дарга, дэд захирал, ерөнхий захирал гэх мэтээр дээшээ ахих гэвэл заавал өрсөлдөөн гарна. Бетзада цөөрмийн эрэг нь энэхүү өрсөлдөөнт нийгмийн жижиг загвар байсан юм.
Одоо 5-р эшлэлийг үзээрэй. Гучин найман жилийн турш өвчтэй байсан нэгэн хүн тэнд хэвтэж байсан ажээ. Түүнд ямар өвчин туссаныг мэдэхгүй боловч гучин найман жил гэдэг нь үнэхээр урт хугацаа юм. Магадгүй тэр насан турш тэнд хэвтэж байсан байх аа. Тэр хүн ужиг өвчтэй байв. Гучин найман жил өвчтөнүүдийн дунд хэвтэж байсан учраас өвчин гэж нэрлэгдсэн бүх л зүйл түүнд туссаныг үгүйсгэх аргагүй. Тэр ч бас бусад өвчтөнүүдээс түрүүлж усанд орох гэдэг байсан. Харин өнөөг хүртэл тэнд хэвтэж байгааг бодоход гучин найман жилийн турш нэг ч удаа түрүүлж чадаагүй юм шиг байна.
Есүс Бетзада цөөрмийн эрэгт ирээд тэрхүү гучин найман жил өвчтэй байсан хүнд анхаарлаа хандуулав. “Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд.”(6а) Есүс түүнийг анхааралтай харж, маш удаан хугацааны турш тийм байсныг нь мэдсэн. Тэгээд түүнээс асуув. “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?”(6б) Есүс түүнээс эдгэрэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуув. Энэ асуулт нь гучин найман жил өвчтэй байсан хүнд огт хэрэггүй юм шиг санагдана. Харин бид энэ өвчтөнийг мэдээж эдгэрэх хүсэлтэй байгаа гэж бодно. Гэхдээ тийм биш ч байж болох юм.
Ер нь хүн ямар нэг асуудал нь шийдэгдэхгүй удвал аажимдаа шийдэхийг хүсэхээ больж, өөрийн хувь заяа гэж хүлээн авдаг. “Надад түүнийг шийдэх хүч байхгүй юм чинь би яах вэ?” гэж боддог. Өөрийн муу тал, гэр бүлийн асуудал, муу зуршил, үргэлж үйлддэг гэмээ яах ч аргагүй зүйл гэж бодоод засаж залруулах гэсэн хүслээ ч алддаг. Энэ өвчтөн ч гэсэн гучин найман жилийн турш хэвтэж амьдарсан. Эдгэрэх хүсэл нь хэзээ ч бүтэхгүй, худлаа ч юм шиг санагдсан байж ч магадгүй. Гэсэн ч Есүс түүнээс “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” гэж асуусан. Энэ нь гутран шантарч цөхрөхгүй, харин эдгэрэх хүсэлтэй бай гэсэн утгатай юм. Мөн түүнчлэн хэрвээ эдгэрэхийг хүсвэл Би чамайг эдгээж өгнө гэсэн үг юм.
Хэн зориг гаргаж энэ өвчтөнөөс “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” гэж асууж чадах вэ? Хэн ч чадахгүй. Учир нь хүн түүнийг эдгээж чадахгүй юм. Харин Есүс бол тэр хүн өөрөө л эдгэрэхийг хүсвэл эдгээж чадах хүч чадалтай юм. Есүс бол хүч чадлын Их Эзэн юм. Энэ цагт Есүс биднээс ч бас асууж байна. “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” Өөрийн муу гэмийг гэмшиж, шинэ амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Бид одоог хүртэл орхиж чадаагүй байгаа муу зуршил, гэмээсээ болж зовж амьдарсан ч гэсэн Есүс намайг эдгээж чадна гэдэгт бат итгэж, эдгэрэх хүсэлтэй байхыг гуйж байна.
2. Бос, яв. (8, 9)
Есүс “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” гэж асуухад гучин найман жил өвчтэй байсан өнөөх хүн юу гэж хариулсан бэ? “Тийм ээ, би эдгэрэхийг хүсэж байна. Намайг хурдан эдгээж өгөөч” гэсэн үү? Харамсалтай нь тэр тэгээгүй.
Одоо 7-р эшлэлийг үзье. “өвчтэй хүн – Эзэн минь, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд намайг очих гэсээр байтал өөр хүн надаас түрүүлээд орчихдог гэсэнд” Энэ хариултаас үзвэл түүний сэтгэл нь ч бас өвчтэй болсныг мэдэж болно. Тэрээр цөөрөмд орох өрсөлдөөнд хэзээ ч түрүүлж чадахгүй гэсэн ялагдсан сэтгэлд автагдсан байсан. Тийм ч учраас “Ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй” гэж тайлбарлаж байна. “Хэн нэгэн нь намайг нуурт оруулах ёстой. Харин намайг хэн ч нуурт оруулж өгдөггүй. Тийм учраас би хэзээ ч эдгэрч чадахгүй” гэсэн энэ л бодол түүний яс маханд нь бүрэн шингэсэн байжээ. Тэр хэрээр ялагдсан сэтгэл төдийгүй бусдад түшиглэх гэсэн сэтгэл ч түүнд бүрэн шингэжээ.
Ийм түүнд Есүс хэрхэн тусалсан бэ? 8-р эшлэлийг үзээрэй. “Есүс түүнд -Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.” Есүсийн энэ үг нь бусдын тусламжийг гуйх гэлгүй харин Есүст итгэж, Есүсийн үгийг дуулгавартай дагаснаараа “Чи өөрөө бос” гэсэн утгатай юм. Есүс түүнийг Өөрийнхөө үгэнд итгүүлснээр түүний бусдад түшиглэдэг сэтгэл болон ялагдсан сэтгэлийг нь эдгээж өгөх гэсэн ажээ.
9-р эшлэлийг үзээрэй. Гучин найман жил өвчтэй байсан хүн Есүсийн үгийг дуулгавартай дагаснаараа тэр даруй босож, дэвсгэрээ аваад явж чадсан. Тэрээр хэн нэг хүний тусламжгүйгээр өөрөө босож чадсан юм. Есүсийн үгэнд ийм гайхамшигтай хүч чадал байдаг. Есүсийн хүч чадал үнэхээр агуу юм. Харин тэр хүч чадал нь гагцхүү Есүсийн үгэнд итгэж, дуулгавартай дагадаг хүнд л өгөгддөг.
Гучин найман жил өвчтэй байсан хүн Есүсийн үгийг дуулгавартай дагаснаараа Есүсийн гайхамшигтай хүч чадлыг биеэрээ мэдэрсэн. Гагцхүү тэр л хүч чадлаар өвчнөөсөө ангижирч, ялагдсан сэтгэл, муу хувь заяагаа ялан дийлж, бусдыг түших сэтгэлээ хаян өөрөө босоод явж чадсан.
Би айлын ганц хүү байсан учраас аав ээжийн хайранд умбаж өссөн бөгөөд хувцас хунар авах гэж нэг ч удаа зах явж байгаагүй. Надад ямар нэг санал байсан ч гэсэн хэрвээ бусад хүмүүс л зөв буруу гэж хэлж өгөхгүй бол би түүнийгээ биелүүлж огт чаддаггүй байсан. Бие даан юу ч шийдэж чаддаггүй өөрийгөө бодохоор үнэхээр гунигтай болдог байлаа. Цуглаанд явж, Библи суран, хоньчин болсны дараа ч гэсэн оюутнуудад туслахдаа ах, эгч хоньчдоос тусламж гуйдаг байв.
Ийм арчаагүй өрөвдөлтэй надад Есүс Өөрийнхөө тусламжийг авах аргыг зааж өгсөн юм. Есүсийн тусламж бол гараас нь хөтөлж зааж өгдөг тусламж биш, харин гучин найман жил өвчтэй байсан хүнд “Бос, яв” гэж тушаасан шиг дуулгавартай дагахыг л шаарддаг юм. Би Есүсийн энэ үгийг дагах гэж хичээн зүтгэсэн. Хүний тусламжийг гуйхгүйгээр Бурханы үгийг дагаж, Бурханы ажлыг хийх гэхэд Есүс надад хүч чадлыг өгч, олон ажлыг хийхийг тушаасан билээ. Хүмүүс хэдийгээр мэддэггүй боловч хүн болгонд амьдралыг нь захирч, ялзруулж, хэвтүүлж байдаг ужиг өвчин байдаг. Мөн юу хийхээ мэдэж байгаа боловч юу ч хийдэггүй залхуурах өвчин туссан хүмүүс ч байдаг.
Энэ ширүүн өрсөлдөөнт нийгэмд ялагдсан сэтгэлээсээ болж хүсэл мөрөөдлөө алдан аль хэдийнээ дэвсгэрээ дэлгээд хэвтчихсэн хүмүүс олон байна. Ийм хүмүүсийг гаднаас нь харахад эрүүл боловч дотоод сэтгэл сүнс нь гучин найман жил өвчтэй байсан хүн шиг хэвтэж байдаг. Энэхүү сэтгэл сүнсний өвчнийг хүн өөрөө эдгээж огт чадахгүй бөгөөд хэрвээ өөрөө эдгээх гэж оролдвол бусдын тусламжид найдан түшиглэх сэтгэлтэй болж, эцэст нь цөхөрч, гучин найман жил өвчтэй байсан хүн шиг болдог. Ийм хүмүүст Есүс л төгс бүрэн тусламжийг үзүүлж чадна. Бид бүгдээрээ Есүсийн тусламжийг л хүсэн мөрөөдөж, Есүсийн үгэнд бат итгэснээр сүнсний өвчтэй байдлаасаа босоод явж чадахыг гуйж байна.
Дүгнэлт: Есүс гучин найман жил өвчтэй байсан хүнд “Бос. Дэвсгэрээ аваад яв” гэж тушаасан. Энэ нь ужиг өвчнөөсөө эдгэрэх хүсэлтэй бай гэсэн үг билээ. Мөн хүсэлтэй байвал чамд тусална гэсэн хүсэл найдварын үг юм. Юуны өмнө энэ үг нь хүн бол ямар ч чадваргүй хэвтэж байхаас өөр аргагүй оршин байгч бус, харин босоод явж, идэвхтэй амьдрах ёстой оршин байгч гэдгийг зааж байна. Өнөөгийн энэ ширүүн өрсөлдөөнт нийгэмд бид өөртэйгөө яг адилхан хүмүүсээс тусламж гуйгаад хэвтэж байх ёстой юу? Үгүй. Учир нь Есүс бидний төгс бүрэн туслагч болсон билээ. Бид Есүсийн тусламжаар өөрсдөө босох төдийгүй бусдыг ч бас босгох ёстой. “Бос. Дэвсгэрээ аваад, алх” Бид энэ үгийг дуулгавартай даган амьдрахыг гуйж байна. Амен.