Өдөр бүрийн хоол /2026.09.23/

НЯДЛААД ИД!

Үйлс 10:1-16

“Тэгтэл нэгэн дуу гарч түүнд -Петр ээ! Бос, нядлаад ид гэв.”(13)

Иудей болон Самарийн цуглаанууд тогтворжсонд Бурхан дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг дэлгэрүүлэх бэлтгэл ажлыг хийж эхлэв. Тэр ажил нь цуглааны суурь болсон Петрийн сэтгэлийг уужим болгосноор эхэлнэ. Энэ зарлигт бүх дэлхийг аврах гэсэн Эзэний сэтгэл сайн илэрхийлэгдэж байна.

1. Бурханаас эмээдэг Корнел (1-8)

Корнел нь Ромын цэргийн зуутын дарга байв. Тэрээр гэр бүлээрээ Бурханд залбирч, бас ард түмэнд их өглөг өгдөг байжээ.(2) Ийм түүний залбирал ба өглөг өгдөг байдал нь Бурханд өргөгдөв. Бурхан түүнийг аврах гэж Симон Петрийг урихад нь тусалжээ. Корнел Бурханы үгийн дагуу даруй сүсэгтэй зарцыг Иоппа уруу илгээв. Ингэж Бурхан Өөрөөс нь эмээн хүндэтгэдэг нэгэн Харь үндэстэн хүнийг аварснаар Харь үндэстнүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг эхэлжээ.

2. Петр ээ, нядлаад ид! (9-16)

Петрийг зургаан цагт буюу өдрийн арван хоёр цагт дээвэр дээр гарч залбирч байх үед тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардав. Түүн дотор дандаа бузар гэж үздэг амьтад байв.(12) Яг энэ үед тэнгэрээс “Петр ээ! Нядлаад ид!” гэх дуу сонсогдов. Хуучин гэрээнд идэхийг хориглосон бузар амьтдыг иднэ гэдэг нь Петрийн хувьд үнэхээр санаанд багтмааргүй зүйл байв. Яахаа ч мэдэхгүй эргэлзэж байсан түүнд дахиад “Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн” гэх дуу сонсогдов.(15) Бурхан дэлхийн бүх хүмүүсийг аврахын тулд Петрийн сэтгэлийг уужим болгожээ. Дэлхийн бүх хүмүүсийг аврах гэсэн Бурханы агуу ажилд хэрэглэгдэе гэвэл юуны түрүүнд давчуу сэтгэлээ орхиж, ямар ч хүнийг хүлээн авч чадах Эзэний сэтгэлтэй байх хэрэгтэй.

Залбирал: Эзэн минь ээ! Хүнийг өөрийн давчуу үзэл бодлоор ялгаварладаг сэтгэлийг минь уужим болгож, дэлхийн бүх хүмүүсийг аврах ажилдаа нандинаар хэрэглээч.Нэг үг: “Нядлаад ид!”

өмнөх нийтлэл2026 оны Иохан 2-р номлол (09.20) Гала Петр хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.24/