Өдөр бүрийн хоол /2026.08.20/

Үгийг хэрэгжүүлэгч бологтун

Иаков 1:19-27

“Тиймээс мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг хүн нь үйлсдээ ерөөгдөх болно.”(25)

1. Үгийг даруухнаар хүлээн авагтун. (19-21)

Иаков бидэнд сонсохдоо түргэн, ярихдаа удаан байгаарай гэж хэлж байна. Мөн уур хилэндээ ч хойрго бай гэсэн. Бид ер нь ярих болон уурлахдаа түргэн байдаг. Харин ийм байвал Бурханы биднээс хүсдэг зүйл болох зөвт байдлыг биелүүлж чадахгүй юм. Уурласнаар нөгөө хүнийг амархан ухааруулах юм шиг санагддаг боловч харин ч эсрэгээр бие биедээ итгэх харилцааг нурааж, Бурханы алдрыг халхалдаг. Иймээс Бурханы зөвийг биелүүлэх гэвэл өөрийнхөө бүх бузар байдал, хорон санааг орхиж, Бурханы үгийг хүлээж аван даруухнаар дагах хэрэгтэй. Бурханы үгэнд анхаардаг хүн нь Түүний зөвт байдлыг биелүүлж, төлөв даруу болж чадна.

2. Үгийг хэрэгжүүлэгч нь ерөөгдөх болно. (22-27)

Үгийг сонсоод хэрэгжүүлэхгүй байх нь өөрийгөө хуурч буй хэрэг юм. Үгийг суралцах нь толинд өөрийгөө харж байгаатай адил. Толинд өөрийгөө харсан хүн бохир хирээ олж арилгадаг. Үүн шиг бидний дотоод сэтгэлийг харуулдаг Бурханы үгээс суран гэмээ хичнээн их ухаарсан ч гэмшихгүй, өөрчлөгдөн амьдрахгүй бол энэ нь өөрийгөө хуурч буй хэрэг юм. “Эрх чөлөөний төгс хууль” бол Христийн сайн мэдээ юм. Загалмайн сайн мэдээг тунгаан бодож, байнга энэ үнэн дотор амьдардаг хүн нь янз бүрийн гэмт чанаруудаас чөлөөлөгдөх болно. Ийм хүн нь өөрийн амыг хазаарласнаар бусдыг нураах бус, харин босгон байгуулдаг зүйлсийг ярих болно. Мөн дэлхийн зүйлсээр өөрийгөө бохирдуулалгүй, хэцүү тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэн амьдрах болно. Бүгдээрээ сайн мэдээний үнэнийг хэрэгжүүлснээр Бурханы өмнө цэвэр зүрхтэй, сүнслэг хүмүүс болцгооё.
Гуйлт: Эзэн минь! Би мартамхай сонсогч байдагтаа гэмшиж байна. Сайн мэдээний үнэнийг даруугаар хэрэгжүүлэн амьдарснаар Таны зөвийг биелүүлдэг сүнслэг хүн болоход туслаач.
Нэг үг: “Сүсэгтэй гэж өөрийгөө бүү хуур!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.19/