ЗӨВХӨН БИ ТА НАРЫГ ТАЙВШРУУЛАГЧ
Исаиа 51:1-23
“Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн.” (12а)
1.Абрахам ба Сараг бодогтун (1-8)
Израиль ард түмэн юу ч үгүй болсон Сионыг Бурхан яаж сэргээж чадах вэ? хэмээн Түүний хүч чадалд итгэхгүй байв. Тэд Бурхан байлаа ч гэсэн Сионыг тайвшруулж чадахгүй гэж бодож байв. Гэвч Бурхан Абрахам ба Сараг бодож үзээрэй гэв.(2) Бурхан гав ганцаархнаа байсан Абрахамыг ерөөж, өсгөн үржүүлсэн шигээ одоо говь цөл мэт болсон Сионыг Еден цэцэрлэг шиг болгож чадна.(3) Үүгээр ч үл барам Бурхан үнэн зөвийг үндэстнүүдийн гэрэл болгож, Бурханы авралыг үеийн үед хүргэх болно. Бүх найдлага тасарсан үед ч Бурхан биднийг аварч ерөөж чадах хүчтэй билээ. Бид хэцүү үед Бурханы хийсэн ажлуудыг санаж итгэлтэй байх хэрэгтэй.
2.Юунд үхмэл хүнээс айж байна вэ? (7-23)
Сионы тайтгарал нь зөвхөн Бурхан юм. Харин тэд үхмэл хүн болон өвс мэт бүтээгдсэн хүнээс айж байна.(12) Тэд тэнгэр ба газар, мөн өөрсдийг нь бүтээсэн Бүтээгч Бурханыг мартаж, харин уурлаж буй дарлагчдаас айж байв. Бурханаас тайвшралыг авдаггүй хүн нь хүмүүсээс айдаг. Зовж хавчигдах үед хүний өгдөг тайвшрал нь жинхэнэ тус болж чадахгүй бөгөөд гагцхүү тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавьж, хүмүүнийг бүтээсэн Бүтээгч Бурхан л жинхэнэ түшиг тулгуур ба тайвшруулагч болно.(13) Эзэнээс тайвшралыг олдог хүн нь хүнээс айлгүй жинхэнэ амар тайван, баяр хөөрийг эдлэх болно.
Залбирал: Эзэн минь, Таны хүч чадалд итгэхгүй хүнээс айж байсандаа гэмшиж байна. Энэ мөчид зөвхөн Таныг сонсож, Таны тайвшралыг олохын тулд очиж байна.
Нэг үг: Зөвхөн Эзэн л тайвшруулагч мөн