Тахилчдын хаант улс, ариун үндэстэн
Гэтлэл 19:1-25
Гол эшлэл: 19:6
“Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилын хөвгүүдэд хэл гэв.*
Гэтлэл 1-18-р бүлэгт Израиль ард түмэн хэрхэн Египетээс гарсан ба цөлийн дасгал болон авралын тухай бичсэн. 19-40-р бүлэгт Бурхан Израилийн хөвгүүдтэй гэрээ байгуулан хууль тогтоолуудыг өгч, ариун асрын заавар, тахилчийн үүрэг, сонгон аварсан ард түмэнд тавьсан Бурханы агуу хүсэл найдвар, алсын хараа юу болохыг зааж бичсэн.
Өнөөдрийн сурах 19-р бүлэг бол Гэтлэл номын хамгийн чухал хэсэг юм. Бурхан Синаи ууланд сүр жавхлантайгаар бууж ирэн, Израилийн хөвгүүдтэй гэрээ байгуулсан. Үүний өмнө Бурхан тэднийг хэрхэн хайрлан аварч, дасгалжуулсан тухай дурдсан. Мөн ийм тэдэнд тавьсан өөрийн агуу хүсэл найдварыг хэлж байна.
Өнөөдрийн үгээр дамжуулан дахиад авралын ивээлийг санан, хүн бүхэнд тавьсан Бурханы хүсэл найдварыг гүнзгий хүлээн авахыг хүсэн гуйж байна. Мөн бид Христ дотор яаж тахилчдын хаант улс, ариун үндэстэн болсон тухай, мөн ариун байдлын чухлыг суралцах болно.
1. Бүргэдийн жигүүр (1- 4)
1-р эшлэлийг үзээрэй. “1 Израилын хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.“
Израилийн хөвгүүд Египетээс гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрсэн. Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд буудаллав. Бурхан тэднийг яг тодорхой цагт, тодорхой газарт удирдан авчирсан. Энэ нь Түүний үнэнч, найдвартай удирдлагыг харуулна.
Бурхан өмнө энэ ууланд өргөст бутан дундаас Мосег дуудан тэр үед Бурхан түүнд “Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд би чамайг илгээсний тэмдэг болно” гэж амласан.
Мосе Израилийн хөвгүүдийг авчран энэ ууланд хүрэхэд Түүний амлалтыг санан талархсан байх. Израиль ард түмэн энэ ууланд 11-н сарын турш буудаллан Арван хууль ба тогтоолуудыг хүлээн авч Бурхантай гэрээ байгуулсан.
3,4- р эшлэлийг үзээрэй. “3 Мосе, Бурхан руу өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилын хөвгүүдэд ингэж хэл. 4 “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.”
Мосе Бурханд өгсөж очиход ЭЗЭН ард түмэнд хамгийн түрүүнд юу сануулахыг хүссэн бэ? “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.” Бурхан тэдэнд амлалтын үгийг өгөхөөс өмнө тэднийг хэрхэн аварч хайрласныг сануулж байна. Тэгвэл Бурхан тэднийг хэрхэн хайрласан бэ?
1-рт Авралын хайрыг үзүүлсэн.
Бурхан “Би египетчүүдэд хэрхэн хандсаныг та нар харсан” гэж байна.
Бурхан тэднийг аврахын төлөө египетчүүдэд үйлдсэн бүх үйлс нь үнэхээр агуу байсан. Бурхан төгс хүч чадлаар египетчүүдэд арван гамшгийг буулгаж, Фараон ба египетчүүдийн хатуу бардам сэтгэл ба хиймэл шүтээнүүдийг шийтгэсэн.
Харин эдгээрийн дунд ч боол ард түмэн Израилийг тусгаарласнаар Өөрийгөө Эзэн Бурхан гэдгийг ичилсэн. Эцэст Бурхан Өөрийг нь цорын ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй Фараон ба египетийн бүх ууганыг цохисон. Харин Бурхан Израилийн хөвгүүдийг ийнхүү үхлийн шийтгэлээс нь хурганы цусаар аварсан. Тэд ч адил шийтгэгдэх ёстой гэмийн дунд байсан. Харин тэд хурганы цусаар аврагдаж эцэст нь 430 жилийн турш египетийн боолчлолоос чөлөөлсөн. Энэ нь үнэхээр Бурханы хайр ивээл, нигүүлсэл байлаа. Бурхан Фараоны боолчлол дор хашхиран гуйсан тэднийг сонсож, амласан амлалтаа санан тэднийг аварсан. Бурхан гэм ба сатаны боолчлолд байсан биднийг Есүсийн загалмайн хайр ба золилтоор аварсан билээ.
2-рт Дасгалжуулсан хайр
Бурхан Израилийг “Бүргэдийн жигүүр дээр тээн авчирсан” гэж байна. Энэ нь тэдэнд хандсан Бурханы хайр ямар байсныг харуулж байна. Дэд хууль 32:11,12-т энэ тухай дэлгэрэнгүй дурдсан. “11 Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж,
Дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт 12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй.”
Бүргэд дэгдээхэйнүүдээ өндөрт нисгэхийн тулд жигүүр дээрээ тээн өндөрт нисэж, дээрээс унагаадаг. Яг газарт унах агшинд бүргэд дахин жигүүр дээрээ тээн авч, өндөрт нисдэг. Ийнхүү олон дахин дасгалжуулснаар бүргэдийн дэгдээхэй өндөрт нисэж сурдаг.
Бурхан Израилийг цөлд улаан тэнгис, усгүй өлсгөлөн, Амалекчуудын дайн гэх мэтээр олон удаа мухардуулан унагаасан. Харин тэр болгонд жигүүр дээрээ тээн авч, итгэлийн дасгалыг өгсөн.
Бурхан ийнхүү ямар ч үнэ цэнэгүй боол байсан ард түмнийг Өөрийн эзэмшил буюу хаант тахилчид ба ариун ард түмэн болгон өсгөх гэсэн хайр ба хүсэл найдвартай байсан.
Бурхан сонгон дуудаж, аварсан хүүхдүүдээ зүгээр орхилгүй илүү гүн хайраар хандан өсгөдөг. Гэмийн боолын хоосон утгагүй, ичгүүртэй амьдралаас бүрэн чөлөөлөн, зөв ба амар тайвны ариун үр жимсийг төрүүлэхийн тулд ийнхүү хайраар дасгалжуулан, сахиулдаг.
Харин бид Бурхан дасгалжуулдаг хайрыг буруугаар ойлгон, гомдоллож цөхөрдөг. Бурханы хайранд эргэлздэг.
Бид Бурханы дотор итгэлийн амьдралын дасгалжуулалт ба сахилгажуулалтыг намайг өсгөх гэсэн Бурханы гүн хайр гэдгийг ухааран түүний итгэлийн дасгалжуулалтыг зөвөөр эдэлж чадахыг хүсэн гуйж байна.
Бурхан Израилчуудад үгээ өгч гэрээг байгуулахаас өмнө өөрийнхөө авралын хайр ивээл ба дасгалжуулсан хайрыг эргэн санахад тусалсан. Учир нь Бурханы хайрыг гүнзгий ухаарахад бүх зүрхээрээ Бурханыг хайрлан дуулгавартай дагаж чадна.
Бид ч мөн адил Есүс Христийн цусаар гэм нүглийн боолчлолоос аврагдан, Бурханы ард түмэн болсон. Бурхан биднийг «бүргэдийн жигүүр дээр» тээн Өөртөө авчирсан. Түүний хайр, нигүүлсэл, хүч чадлыг бид өөрсдийн амьдрал дээрээ харж, амссан. Тиймээс бид Түүний хайрыг мартахгүй, харин талархалтайгаар Бурхан Эзэнд үйлчлэн амьдарцгаая.
2. Тахилчидын хаант улс (5,6)
Тэгвэл Бурхан тэдэнд тавьсан агуу хүсэл таалал буюу амлалт нь юу вэ?
5,6- р эшлэлийг үзээрэй. “5 Хэрэв та нар одоо Миний үг дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.* * 6 Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилын хөвгүүдэд хэл гэв.”
1-рт Бурханы үнэт өмч (5)
Бүх дэлхий Бурханых. Үнэт өмч (евр. сэгуллах – онцгой эрдэнэс, хувийн эд хөрөнгө) гэдэг нь хааны хувийн эрдэнэсийн сан, тусгайлан хадгалсан үнэт зүйлсийг хэлдэг. Гэвч Тэр Израилийг бүх үндэстний дундаас сонгож, Өөрийн «үнэт өмч» болгохоор шийдсэн. Энэ нь хичнээн их ивээл вэ! Өмнө нь Фараоны боол өмч төдий байсан тэднийг бүх дэлхийн Эзэний үнэт өмч болох нь үнэхээр гайхамшигтай ивээл юм. Гэвч энэ ивээлийг хүртэхийн тулд тэд Бурханы дууг дуулгавартай дагаж, гэрээг сахих ёстой байсан.
Өнөөдөр ч гэсэн Бурхан Есүсийн цусаар аварсан хүмүүсээ үнэт өмч, үнэт эрдэнэс мэт тооцдог.
1Петр 2:9 9 Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.*
Бурхан өөрийн сонгосон Израил ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлсний дараа, Өөрийн үгэнд нь дуулгавартай дагавал бүх ард түмний дунд Өөрийн үнэт өмч, тахилчдын хаант улс, ариун үндэстэн болгоно гэж амласан.
2-рт Тахилчидын хаант улс (6а)
6а-г үзвэл Бурхан “Та нар тахилчидын хаант улс болно” гэж амласан. Бурхан боол ард түмэн Израилийн хөвгүүдийг бүгд хаан шиг эрх мэдэлтэй тахилчид болгох хүсэл найдварыг тавьсан юм.
Хуучин гэрээнд тахилч хүний үүрэг нь
1- рт ард түмнийхээ гэмийг үүрэн тахил өргөх
2- рт зуучлан залбирах
3- рт Бурханы тухай үнэн мэдлэгийг заан Бурханы ард түмний хувьд явах ёстой зам мөрийг заан сургах нь юм.
Тиймээс тахилчидын хаант улс болно гэсэн нь бүх улс үндэстний гэмийг үүрэн зуучлан залбирдаг, хоньчидын улс, ба тэдэнд Бурханы үгийг заадаг библийн багш нарын улс болно гэсэн утгатай.
“Хаан тахилч” хүн бол ард түмний гэмийн төлөө Бурханы өмнө тахил өргөн залбирсанаар, эвлэрэл ба зуучлах үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэгтэй хүн юм. 2 Коринт 5:18-д “Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ” хэмээн хэлсэн.
Эндээс харвал итгэгч хүн нэг бүр энэ цаг үеийн тахилчаар Бурхан ба хүмүүсийн хооронд эвлэрэлийг гүйцэтгэх онцгой үйлчлэл ба үүрэгтэй хүмүүс юм. Бид Бурханы үгийг бусдад зааж, дамжуулж, гэрчилж, бусдын төлөө Бурханы өмнө очин зуучлан залбирч буй нь тахилчын үүргийг гүйцэтгэж буй хэлбэр юм. Ялангуяа Бурхантай тэсрэлж, өөрсдөө ч мэдэхгүй гэмийн боол болж, мөнхийн галтай тамд орж шийтгэгдэхээс өөр араггүй оюутан залууст, Есүсийн сайн мэдээг дамжуулдаг, Бурханы үгээр тэднийг тэжээдэг, библийн хичээл хийдэг, үйлчилдэг, хоньчны амьдрал нь тахилчийн амьдрал юм.
Энд зүгээр нэг тахилч гэж хэлээгүй. Харин “Хаан тахилч” хэмээн тодотгосон. Энэ нь итгэгч хүмүүсийн сүнсний эрх мэдэл, онцгой сүнслэг хүч чадлыг харуулж байна. Хаан хүн онцгой захирах, эрх мэдэл, сүр хүч чадалтай байдаг шиг, итгэгчид нь хаан мэт сүнслэг онцгой захирах, эр мэдэлтэй өгөгдсөн тахилч нар гэсэн утгатай.
Матай 16:19-д “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна , тэр нь тэнгэрт тайлагдах болно” хэмээн хэлсэн.
Тиймээс хаан тахилч нар болсон итгэгчид нь ийнхүү Бурханаас өгөгдсөн сүнсний эрх мэдлийг идэвхтэй хэрэглэх хэрэгтэй. Сатан ба чөтгөрүүдийн боолчлол дор, гэм ба нүглийн хүлээстэй оюутан залуусын төлөө эрх мэдэлтэйгээр үгийг тунхаглан дамжуулж, эрх мэдэлтэйгээр тэдний төлөө залбирах үед тэд чөлөөлөгдөн авралыг олох болно. Оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн Бурханы өмнө очин, Сүнсний эрх мэдэл ба итгэлтэйгээр бусдын төлөө зуучлан залбирах үед, Бурхан бидний гуйлтын дагуу ажиллах болно. Надад хариуцуулж өгсөн хоньдод үгийг эрх мэдэлтэйгээр дамжуулан үйлчлэх үед бодитоор сүнсний онцгой эрх мэдрэл ба хүчний биеллийг амсах болно.
Энэ бүгдээс харвал бид одоогийн байр суурь, бодит нөхцөл ба сул дорой байдалд хүлэгдэн амьдралгүй харин Бурханы доторх шинэ байр суурийг санаж, бодож, тооцож амьдраарай гэсэн утгатай. Ихэнх итгэгчид энэ Бурханы доторх сүнслэг байр суурийг мэддэггүй, гүнзгийг хүлээн зөвшөөрч итгэж амьдардаггүй учраас бодит амьдрал дээр итгэгч гэдгээ нуун өрөвдөлтэй амьдардаг. Тэгээд янз бүрийн амьдралын сорилт, зовлон асуудалтай тулах үед төөрөлдөн зүг чиг ба дуудлагийг алдан, итгэгч бус хүнээс ялгарахгүй амьдардаг. Харин бид энэ ертөнцөд “Сонгогдсон угсаа, хаан тахилч” гэсэн Бурханы доторх сүнслэг байр суурийг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийгөө ийнхүү тооцож, үүнд бат итгэж үнэмшин амьдрах үед ямар ч нөхцөлд төөрөлдөхгүй, зүг чигээ алдахгүй тухайн цаг үеийн Бурханы хүнээр амьдарч чаддаг. Тиймээс Бурхан доторх сүнслэг шинэ байр суурийг гүнзгий хүлээн зөвшөөрөх нь маш чухал асуудал юм.
3-рт Ариун үндэстэн (6б)
Библид Бурханы Ариун байдал нь Түүний хайр ба зөвт байдлыг хослуулдаг. Бурхан бохир зүйлс буюу шударга бус байдал, ёс суртахуунгүй байдал, үнэнч бус байдлыг үзэн яддаг. Бурхан израилчуудыг Өөрийнхөө адил ариун байхыг хүссэн.
Өрөөр хэлбэл итгэгч хүмүүс нь энэ дэлхийн үзэл бодол ба уур амьсгал, амьдралын хэв маяг ба гэм нүглийг дагалгүй, тэднээс ялгарч, эсрэгээр амьдрахыг зааж байна. Итгэгч бид Бурханы өмнө энэ л ариун үндэстэн, ариун ард түмэн гэсэн байр суурийг бодож, санаж амьдарвал бид энэ л цаг үеийн янз бүрийн нийгмийн уур амьсгал ба гэм нүгэлд автагдалгүй амьдарч чадна. Ийнхүү амьдрах үед харанхуй энэ дэлхийд Бурханы гэрэл ба давсны амьдралаар амьдарч, энэ нийгэм ба дэлхийг өөрчлөн амьдрах болно.
Есүс ч Иохан 17:17-д Загалмайг үүрэхээс өмнө “Үнэнээр тэднийг ариусгаач, Таны үг үнэн мөн” хэмээн залбирсан. Бид өөрсдийн хүч чадлаар ариун болж чадахгүй. Харин Бурханы үнэн үг биднийг ариун болгодог. Ариун чанар нь нэг өдөр бий болдог зүйл биш учир өдөр бүр Бурханы үгийг сонсож Түүний үгийн дагуу амьдрахад дотоод сэтгэл ба амьдрал нь ариун болдог. Бурханы хүүхдүүд бид юунаас ч илүүгээр ариунаар амьдарсанаар Бурханыг мэдэхгүй хүмүүст Бурханы ариун чанарыг гэрчлэх хэрэгтэй. Тэгэхэд тэд Бурханыг танин мэдэж, биднийг сүнсний тахилч хэмээн хүлээн авах болно.
Дээрхээс бид Бурханы сонгосон ард түмэнд тавьсан агуу хүсэл найдвар буюу алсын харааг харж болно.
Харин израиль ард түмний зүрхний хүслүүд нь хурдан Канаанд очин сайхан идэж ууж тав тухтай хангалуун амьдрах гэх мэтийн махбодын хүслүүд байсан. Тэд ийм зүйлд шунадаг байсан учир амархан цөхөрч гомдолдог байсан.
Ийм сул дорой хүмүүст сүнслэг хүсэл найдварыг тавих нь боломжгүй мэт санагдана. Харин Бурхан тэдний хүн бүрт нь тахилчаар амьдрахаар, тахичидын хаант улс болж бүх үндэстнийг аврах хүсэл найдварыг тавьсан.
Тэгвэл өнөөдөр бид өдөр бүр өөрийгөө болон бусдыг “Сонгогдсон угсаа, хаан тахилч, Ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” хэмээн хэлж, хэрэглэж, тооцож, хэвшиж амьдарцгаая!.
Гэмийн боолоор харанхуй дотор айдастай ичгүүртэй үр жимсээр дүүрэн байсан бидэнд ийм агуу хүсэл найдварыг тавин дуудсан Бурханыг магтацгаая. Бид өөрийн бодит байдлыг харвал ариун биш дутуу дулимаг зохисгүй мэт санагдавч Бурханы авралын хайр ивээл ба надад тавьсан хүсэл найдварыг хүлээн зөвшөөрсөнөөр энэ цаг үеийн хаан мэт шиг тахилчаар амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Харин Бурханы үнэт өмч тахилчидын хаант улс, ариун үндэстэн болохын төлөө, Бурхан нэг л болзол шаардлага тавьж байна.
5а-г дахин үзээрэй “Хэрэв та нар одоо миний дууг дуулгавартай дагаж, миний гэрээг сахих аваас” гэв. Эндээс гэрээ бол Израиль ард түмний сахин мөрдөх 20-24-р бүлэг дээр бичсэн хууль ба тушаалуудыг зааж байна. Одоо Израиль ард түмэн ариун бус төлөвшөөгүй, алдаа дутагдлаар дүүрэн байна. Тэд өөрсдөө тахилчидын улс ариун үндэстэн болох хүчгүй юм. Гэвч тэд Бурханы үгийг анхааралтай сонсож, дуулгавартай даган, амьдарвал Бурхан өөрөө тэднийг тахилчидын хаант улс, ариун үндэстэн болгоно гэж амлаж байна.
3. Галын дунд буун ирсэн Бурхан(7-25)
Мосе өөрт нь тушаасан Эзэний бүх үгийг дамжуулахад ард түмэн юу гэж хариулсан бэ? тэд нийтээрээ “Эзэний айлдсан бүхнийг бид биелүүлнэ” гэв(8). Тэд өөрсдийн байдлыг харахад тахилчидын улс, ариун үндэстэн болох нь боломжгүй мэт санагдсан байх аа. Гэвч тэд Бурханы амлалтанд итгэн үгийг нь дагана гэж шийдвэр гаргасан. Мосе ард түмний үгийг Эзэнд дамжуулахад Бурхан өтгөн үүлэн дунд бууж ирнэ гэв. Бурхан ийнхүү Мосетэй ярихыг ард түмэнд харуулсанаар ард түмнийг Мосед итгүүлэхийг хүссэн. Тэгээд Мосегээр дамжин өгөх тушаалуудыг Бурханы үг хэмээн үүрд итгэн дагахыг хүсэв.
Бурхан өөрөө буун ирээд хуулийг өгөөхөөс өмнө, ард түмэнд хэрхэн бэлдэхийг тушаасан бэ?
1- рт Бие ба сэтгэлийг ариусган гурав дахь өдөр хүртэл хүлээхийг тушаасан. 10-р эшлэлийг үзвэл биеийг ариусгаж, хувцасыг угаагаарай гэв. Энэ нь тэднийг Ариунаас ариун Бурхантай уулзахаас өмнө гаднах төдийгүй доторхыг ч ариун болгох хэрэгтэй гэдгийг зааж байна.
2- рт Махан биеийн хүслээс татгалзах Эмэгтэй хүнд ч ойртохгүй байснаар махан биеийн бүх хүслүүдээс ч татгалзан, зөвхөн Бурхан уруу анхаарал хандуулахыг хүссэн юм.
3- рт Бурхан уулын эргэн тойронд хил хязгаарыг тогтоож, уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжлохыг сануулсан(12). Хэрэв хүн ч бай мал ч бай ууланд хүрвэл заавал алгдана гэж хатуу сануулсан. Бурхан үүгээрээ гэмтэй хүн Бурханы ариун байдалд халдсанаас болж амиа алдахаас хамгаалсан. Мөн тэдэнд ариунаас ариун Бурханаас эмээн хүндлэх зөв хандлагтай болох хэрэгтэйг заасан. Израиль ард түмэн Египетэд боолын сэтгэлээр амьдарсан учраас тэдэнд “Ариун” гэсэн ухамсар бараг байхгүй байв. Тиймээс Бурхан ийнхүү бэлтгэлүүдээр Бурханыг ариун гэсэн ухамсарыг суулгаж, түүнээс эмээн хүндэлж амьдрах хэрэгтэй гэдгийг заан өгч байна.
Дүгнэлт:
Өчүүхэн боол байсан Израиль ард түмнийг тахилчидын хаант улсаар дуудсан Бурхан бол хүсэл найдварын Эзэн билээ.
Бурхан энэ цаг үед ч биднийг сонгон дуудаж Есүсийн цусаар авран хаан мэт тахил ч ариун ард түмэн Өөрийн үнэт өмч болгон босгосон.
Бурханы ийнхүү бидэнд тавьсан агуу хүсэл найдварыг зүрхэндээ сийлэн Түүний хүсэл найдварын дагуу амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Номлол бэлдэж байх хугацаанд Бурханы хувьд Үнэт эрдэнэ гэдгээ улам ихээр ухаарч ойлгож авлаа. Ялангуяа Бурхан Өөрийнхөө адил ариун байхыг хүссэн гэдгийг сурч авлаа.
Энэ дэлхийн үзэл бодол ба уур амьсгал, амьдралын хэв маяг ба гэм нүглийг дагалгүй, тэднээс ялгарч, Бурханы гэрэл ба давсны амьдралаар амьдарцгаая. Библийг уншихгүй, сүнслэг цагуудыг тогтмол авч чадахгүй байгаадаа гэмшиж байна. Үргэлж итгэлийн дотор сүнслэг тэмцэлтэй амьдарч чадахад удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.
Энэ цагт Есүсийн дотор Бурханы сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн гэдгийг дахин сануулж өгсөнд талархаж байна.
Бид ямар ч үед, ямар ч нөхцөл байдлын дунд, хүмүүс болоод энэ нийгэмд юу гэж харагдаж, ямар байр суурьтай гэхээс илүүгээр, Бурханы доторх сүнслэг шинэ байр сууринд илүү бат итгэн үнэмшиж, үүн дээрээ бат зогссоноор энэ цаг үеийн “ХААН ТАХИЛЧ”-ын амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН