Өдөр бүрийн хоол /2026.08.11/

Би Танд сэтгэлээ өргөж (Таныг ширтэн) байна

Дуулал 25:1-22 (1)

Өнөөдрийн үгэнд “Хэцүү бэрхшээлтэй тулгарах үед хэрхэх ёстой вэ?” гэдгийг маш тодорхой харуулсан байна. 16-19 дүгээр ишлэл нь дуулалчийн тулгарсан нөхцөл байдал юм. Давидын дайснууд түүнийг туйлын ихээр үзэн ядаж байна. Үүнээс болоод тэрээр ганцаардаж, шаналж, доройтол ба гамшиг зовлон ихтэй байна. Сэтгэлийн зовнил ч их байна. Ийм үед Давид “Дайсныг устгаад өгөөч, зовлонгоос авраад өгөөч” хэмээн залбирахаас урьтал болсонгүй. Тийм нөхцөл байдал дунд тэрээр нүдээ өргөн Эзэнийг ширтэж, Танд сэтгэлээ өргөсөн юм (1). Эзэнд найдсан билээ (2). Давид хэцүү бэрхшээл дунд үргэлж нүдээ өргөн ЭЗЭНийг хардаг байв (15). ЭЗЭНийг харан итгэлээ сахиж, үгийн дагуу амьдрах гэж хичээж зүтгэсэн юм. Ийнхүү Эзэнийг ширтэгч (харан зогсогч) хүн хэзээ ч ичгүүрт орохгүй. ЭЗЭН Өөрийн зам барил, Өөрийн жимээ зааж сургах болно.
Давид хэцүү цагтаа ЭЗЭНий урьд өмнө үзүүлж байсан өршөөл ба энэрэл хайрыг санаж байлаа. ЭЗЭНий сайн сайхан, цэх шулуун (үнэнч) байдалд даатгасан юм. Мөн Давид зовлон зүдгүүрийн цагт бусдыг буруутгаж бурууг тохохоос илүүтэйгээр “ЭЗЭН минь, миний хилэнц агуу тул Өөрийн нэрийн төлөө намайг уучлаач” (11) хэмээн өөрийн нүглийг эргэцүүлж, нүглийг нь уучилж өгөхийг гуйн залбирч байв. Зовлон бэрхшээлийг бусдын буруу гэж бодвол хүн өөрийн зөвт байдлыг хамгаалж, бардам болох аюултай байдаг. Давид ийм алдаа гаргахгүй байхын тулд хамгийн түрүүнд өөрийн нүглийг улайсан юм. Ингээд ЭЗЭНээс эмээгч, ЭЗЭНтэй дотно байгч нэгэнд гэрээний нигүүлслийг хайрладгийг тэрээр харсан билээ. Ийм Давид ийнхүү өчдөг. “Миний хөлийг тороноос мултлах учраас миний мэлмий үргэлж ЭЗЭН рүү чиглэдэг.” (15)

Амьдралд хэрэгжүүлэх нь: Ганцаардаж, шаналж бэрхшээх үедээ хэнийг хардаг вэ?
Нэг үг: Үргэлж Эзэнийг ширтэж, Танд сэтгэлээ өргөдөг

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 12-р номлол Галаа Петр (26.08.09)