Тэнгэрээс дээрээс тольдон харагч Бурхан
Дуулал 14:1-7 (2)
Мунхаг хүн зүрх сэтгэлдээ “Бурхан гэж байхгүй” хэмээн хэлдэг. Энэ хорвоо ертөнцөд үйлдэгдэж буй тоо томшгүй олон бузар муугийн уг үндэст ийм л бурхангүй үзэл суртал нуугдаж байдаг. Тэд ялзарч, тэдний үйлс нь жигшүүртэй бөгөөд сайн зүйлийг үйлдэх чадвараа бүрэн алдсан байдаг. Бурхан тэнгэрээс хүний амьдралыг дээрээс тольдон харахдаа, сүнслэг ухааралтай байж Бурханыг хайгч хүн байна уу үгүй юу гэдгийг харахыг хүссэн юм. Гэвч харамсалтай нь тэд бүгдээрээ Бурханаас хазайж, өөр замаар алхсаар байгаад ялзарч гүйцжээ. Сайн зүйлийг үйлдэгч байсангүй, нэг ч байсангүй. Үүгээр ч зогсохгүй талх идэж буй мэт Бурханы ард түмнийг устгахыг улайрч байв. Энэ нь яг л Иосефыг нүх рүү шидчихээд сууж аваад хоол идэж байсан Иосефын ах нартай адил байлаа. Тэд мэдээж Бурханыг дуудаж залбирсангүй. Залбиралгүй амьдардаг тэд зөвхөн бузар муу үйлийг л сонгон үйлдэж байв.
Гаднаас нь харвал тэд амар амгалан, сайн сайхан амьдарч байгаа мэт харагдаж байлаа. Гэвч бодит байдал дээр тэдний зүрх сэтгэл модны навч шаржигнахад ч айн чичирч байв. Бурханы үгэнд “Бузар муу хүнд амар амгалан гэж үгүй” хэмээн айлдсантай яг адил байлаа. Энэ нь Бурхан зөвт хүмүүстэй хамт байгааг тэд олж харсаных юм. Бурхан одоо ч тэнгэрээс бидний зүрх сэтгэлийг дээрээс тольдон харж байна. Зүрх сэтгэлээрээ Бурханыг халуунаар хайгч хүмүүсийг анхааран харж, тэдний хоргодох газар нь болж өгдөг. Бурхан заавал оршин байгааг итгэж, Түүнийг халуунаар хайгч хүмүүст авралын баяр баясгаланг бялхуулж, арвин их шагналын ерөөлийг буулгадаг билээ (Еврей 11:6). Зүрх сэтгэлдээ Бурханыг амьд байгааг итгэж өчдөг хүн л жинхэнэ мэргэн ухаантай хүн мөн.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Хэн мэргэн ухаантай хүн бэ?
Нэг үг: Бурхан оршин байгааг итгэгч хүн