Өдөр бүрийн хоол /2026.04.23/

Иосиа хаан Алгасалыг тэмдэглэсэн нь
2 Шастир 35:1-27
2 Шастир 35:18
“Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилын хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израил болон Йерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ”
Иосиа хаан Эзэний өмнө гэрээ байгуулсны дараа Иерусалимд Эзэнд Алгасалыг тэмдэглэв. Тэрээр юуны өмнө Алгасалын тахилд үйлчлэх хүмүүсийг бэлдэв. Тахилч нар болон левичүүдийг дуудан Эзэний өргөөнд үйлчлэхэд урамшуулсан. (2-6) Дараа нь өөрөөсөө эхэлж Алгасалын тахилд зориулах гучин мянган хурга ба ишиг, үүн дээр нэмж гурван мянган бух хандивлав. (7) Тэгэхэд түүний түшмэд, Бурханы өргөөний түшмэд мөн левичүүдийн захирагчид ч сайн дураараа өөрсдийнхөөсөө Алгасалын өргөлүүдийг хандивлав. (8,9) Ингээд Алгасалын өргөл хангалттай бэлтгэгдэв. Тэгээд тахилч нар болон левичүүд Мосегийн номд бичигдсэний дагуу Эзэнд тахил өргөн, Алгасалын хургуудыг бүх ард түмэнд хуваарилав. Ингээд тэнд байсан Израилын хөвгүүд тэр үед Алгасалыг мөн Исгээгүй талхны баярыг долоон өдөр тэмдэглэв. (17) Энэ тухай Шастир номын бичигч нь эш үзүүлэгч Самуелын үеэс хойш энэ мэтээр бүх Иуда, Израил болон Иерусалимын оршин суугчдын хамт сүр жавхлантайгаар Алгасалыг тэмдэглэж байгаагүй хэмээн тэмдэглэжээ. (18)
Алгасалын баяр бол Бурханы авралын ивээлийг санан талархдаг баяр наадам юм. Ийнхүү Алгасалыг тэмдэглэсэн нь Иосиа хааны шашны шинэчлэлийн үр жимс нь байв. Шинэчлэл гэдэг нь зөвхөн хуучин тогтолцоог өөрчлөх тухай биш юм. Анх авралыг авахад бидний зүрх сэтгэлд байсан уярал, бахдал цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар бүдгэрч улиг болсон зүйл мэт болж, эцэстээ өнгөрсөн түүх болон хувирдаг. Харин шинэчлэлээр дамжуулан авралын бахдал ба уярлыг дахин сэргээдэг. Тэгснээр Бурханы авралын нигүүлсэл амьд, одоо цагийн байдалтай болно. Өдөр бүр шинэчлэгдэн байх юм. (2Коринт 4:16) Бурханд хандсан зүрх сэтгэл, Түүнтэй харилцах харилцаагаа засаж, анхны хайраа сэргээх нь жинхэнэ сүнслэг шинэчлэл юм.
Хэрэгжүүлэлт: Миний итгэлийн амьдрал ямар цаг үед оршиж байна вэ?
Нэг үг: Өдөр бүр шинэчлэгдэх хэрэгтэй.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.24/