Иехорамын үхэлд хэн ч харамссангүй
2 Шастир 21:1-20
2 Шастир 21:20
“Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Йерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ”
Иехошафат нь өөрийн ууган хүү болох Иехорамд хаант улсаа өгч залгамжлуулав. Гэвч Иехорам өөрийн эцэг Иехошафатын болон өвөө Асагийн адил итгэлийн замаар замнасангүй. Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагч бүх ах дүүгээ болон Израилын зарим түшмэдийг илдээр хороов. (4) Мөн эцэг өвгөдийнхөө Эзэн Бурханыг умартав. (10б) Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон ард түмнийг завхруулж, хиймэл шүтээнд мөргөх замаар удирдав. Ийм түүний тухай “Тэрээр Ахабын гэрийнхний үйлдсэнтэй адил Израилын хаадын замаар замнав” хэмээн уг номын бичигч нь дүгнэв. (6) Учир нь Ахабын охин түүний эхнэр байсан юм.
Иехорам Эзэн Бурханыг умартан орхиход түүний хаанчлал ч амар тайвныг алдав. 8-10-р эшлэлийг үзэл Иудагийн гар дор байсан Едом болон Либна Иудаг эсэргүүцэн боссоноор Иехорамын гараас чөлөөлөгдөв. Бурхан ёр муу замаасаа эргэхгүй байгаа түүнд эш үзүүлэгч Елиагаар дамжуулан сүүлчийн сануулга өгөв. (12-15)
Гэвч тэрээр Елиагийн захидлыг авсан ч гэмшин эргээгүй. Тиймээс Эзэн Иехорамын эсрэг филистчүүд болон арабуудыг өдөөн Иехорамыг цохив. (16,17) Иехорамаас болж ард түмэн болон түүний гэр бүл нь бүгд эмгэнэлтэйгээр төгсөв. Мөн Иехорам ч гэдэсний хүнд өвчтэй болж гэдэс дотор нь цувран гарч аймшигтайгаар тарчлан үхэв. (19) Иехорамын ноёрхлын хугацаанд Иуда ихэд сулран доройтож, олон зовлон бэрхшээлд нэрвэгдсэн. Иймээс түүний үхэлд хэн ч харамсаагүй гэжээ. Энэ нь түүний үхэлд гуниглаж, харамсан, дурссан хүн хэн ч байгаагүй гэсэн утгатай. Ард түмэн түүнийг үхэхэд гал асаан утаа өргөөгүй ба хаадын булшинд тавиагүй. Бурханыг үл тоож, орхивол эцэст нь бүтэлгүй амьдралд хүрнэ. Үхэлд нь хүртэл харамсах хүн үгүй, ганцаардаж үхэхэд хүрнэ. Харин Бурханыг хайрлан эрхэмлэх үед Бурхан болон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүртэх болно.
Хэрэгжүүлэлт: Бурханыг хамгийн эрхэмд тооцож байна уу?
Нэг үг: Бурхан ба хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүртэнэ.