2025 оны Лук 31-р номлол (08.24) Х. Бүүвэйбаатар хн

Итгэмжит, ухаалаг нярав

Лук 12:35-59
Гол эшлэл 12:42

“Эзэн хэлсэн нь – Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?”

Есүс загалмайд цовдлогдон өргөгдөхийн өмнө шавь нартаа хандан хэлж буй сургаалиудаас бид үргэлжлүүлэн суралцаж байна. Өмнөх бүлгүүдэд хэрхэн залбирах, юунаас болгоомжлох, хэнээс айж эмээх, санаа зовохгүй байх талаар сургасан. Өнөөдөр үргэлжлүүлэн сэрэмжтэй байх, итгэмжтэй, ухаалаг няраваар амьдрах талаар сургаж байна. Энэ цаг үеийн сүнслэг удирдагчид болсон бид Эзэний бидэнд хэлж буй үгийг сэтгэлдээ хүлээн авч, цаг үеийн байдлыг мэдэж сэрэмжтэй амьдардаг итгэмжит, ухаалаг няраваар өсөж чадахыг хүсэж гуйж байна.
1. Бэлэн бай (35-40)
35-р зүйлийг үзээрэй. “Бэлхүүс чинь бүслээтэй, дэнлүү чинь асаатай байг” Энэ нь хэзээд бэлэн байгаарай гэсэн утгыг бүрэн илэрхийлсэн үг юм. Энэ үг нь юунд бэлэн ёстой юм бол. Хуримын урилга авсан гэрийн эзэн найранд оролцохоор явахдаа өөрийн зарц болон боолуудаа Намайг ирэхэд бэлэн бай гэж айлдсан. Хаалга тогшиход үүд нээж өгөөрэй хэмээн тушааж байна. Боолын хувьд эзэнээс өгсөн үүрэгт хэзээд бэлэн байх хэрэгтэй. Зарц үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол борив бохис хийлгүй тун завгүй ажилладаг. Гэвч тэд хэзээ ч ирж магадгүй эзэнээ хүлээн бэлэн байх шаардлага хүлээн авсан. Тухайн үед өдөр нь их халуун байдаг учраас сэрүү орохтой зэрэгцээд хурим найр эхэлдэг байж. Уул нь Эзэнийхээ найранд явсан араар сайхан амрах хэрэгтэй байсан ч хэзээ ирэх нь тодорхой биш учраас үргэлж бэлэн байх хэрэгтэй болсон. Эзэн зарц нартаа итгэж, найдаж байгаа болхоор ийм хариуцлагатай ажлыг даатгаж өгсөн. Есүс шавь нартаа ийм зүйлээр айлдаж байгаа нь хожим Есүсийг дахин ирэхэд итгэлээ хамгаалж, бэлэн байхыг хичээнгүйлэн хүссэн. 36-р зүйлд эзэнээ ирэхэд сэргэг байгаа боолууд хаалгаа нээж өгөх юм. Боол яавал сэргэг байж эзэндээ үүдээ нээж өгч чадах вэ?
• Унтаж болохгүй. Өдөр нь тэд өөрсдийн үүрэгт ажлаа өдрийн турш хийж, ядарсан. Гэвч тэд орой болоход унтаж амрахыг хүсэж байсан ч унтах л юм бол хаалга хурдан нээж чадахгүй юм. Хонин сүргийн хариуцсан хүн тэсгэл алдан унтвал хонин сүрэггүй болно. Ийм болхоор хариуцлага хүлээн авсан боол унтаж болохгүй үргэлж бэлэн байх ёстой аж. 38-р зүйлд гарч байгаа 2-р манааны үе бол шөнийн 9-12 хүртэл, 3-р манааны үе бол шөнийн 12-03 цагуудыг илэрхийлж байгаа. Энэ үед зарц нар бүсээ сайн чангалан, дэнлүүндээ тосоо нэмэн сэргэг байх хэрэгтэй. Энэ нь бидний итгэлийн амьдралын мөн чанарыг илэрхийлж байна. Итгэлийн амьдрал тэвчээр, талархал, хариуцлага, үүрэг зэргээр даван туулж сэргэг байхыг зааж байна. Махбодийн хувьд бид унтахгүй байх боломжгүй юм. Харин бид сүнслэг байдлын хувьд үргэлж сэрүүн, сэргэг байхыг Эзэн биднээс хүсэж байна. Үг ба залбирлаар Эзэний хүсэл таалалд анхаарлаа хандуулснаар сэргэг амьдарч чадахыг хүсэн гуйж байна.

• Дэнлүү нь асаалттай байг. Харанхуй биш гэрэлтэй байхыг хүсэж байна. Бидний амьдарч байгаа нийгэм нь улам бүр гэмийн харанхуйд автаж байна. Дэлхий нийтээр эдийн засагт анхаарал хандуулж, баян ядуугийн ялгаа улам бүр холдож, хүн бүр мөнгө, эрх мэдлийн араас хөөцөлдөн амьдарч байна. Ийм нийгэмд шавь нарыг итгэлээр гэрэлтэж амьдараарай хэмээн захиж байна. Шавь нар яавал гэрэл болж чадах вэ? Энэ дэлхий зүйлд автаж сатаарахгүй Бурханы үгээр амар тайван, баяр хөөртэй амьдарвал харанхуйд асах дэнлүү адил болно. Бид ийнхүү гэрэлтэхэд эргэн тойрны хүмүүс дээр Эзэний гэрэл тусаж, бид Эзэний ерөөлийг түгээдэг хүмүүсээр амьдарч чадна.
37-р зүйлийг харвал “Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нар хэлье. Эзэн бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ” Найраас ирсэн эзэн сэргэг байгаа боолуудыг хараад баярлаж, тэднийг ширээний ард суулган үйлчлэх болно. Сэргэг байсан боолууд эзэнээсээ магтаал сайшаал мөн талархалын хүлээн авч байна. Энэ сургаалт зүйрлэл нь хожим Есүсийг ирэхэд сэргэг байсан боолуудын тухай юм. Энэ нь боолууд ерөөлтэй болно гэжээ. 39-р зүйлийг харвал хожим ирэх Есүс нь гэнэт ирэх болно. Өнөөдөр эсвэл маргааш ч ирж болно гагцхүү үүнд л бэлэн байгаарай гэж айлдаж байна. Есүсийн анхны шавь нар Есүсийг удахгүй ирнэ гэсэн итгэлээр үүрэгт итгэмжтэй байсан. Хэрэв тэд Есүс ирэх болоогүй гэсэн сэтгэлээр амьдарсан бол дараа дараагийн үеийн хүмүүс тэдний итгэлийг өвлөн авах боломжгүй байх байсан. Есүс дахин ирээгүй байлаа ч хувь хүний энэ дэлхийн амьдралын төгсгөл нь хэзээ вэ гэдгийг бид өөрсдөө ч мэдэхгүй билээ. Тиймээс хамгийн сайн бэлтэл бол дэлхийн төгсгөл хэзээ вэ гэдгийг тооцоолохоос илүү өөрөө бэлэн байх юм.
40-р зүйлийг хараарай “Та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ гэв.” Та нарын бодоогүй цагт хулгайч адил ирнэ гэсэн тул хамгийн сайн бэлтгэл бол бэлэн байх юм. Иймд бид дээлээ өмсөөд, бүсээ бүслээд, гутлаа тослоод, малгай өмсөөд, библиэ бариад бэлэн зогсож чадахыг хүсэн гуйж байна.

2. Итгэмжит, ухаалаг нярав(41-59)
Есүс дахин ирэлтийн тухай бүх итгэгч нарт хандан заадаг. Есүс энэ удаа ч мөн адил зүйлийг хийсэн. Гэвч Петр “- Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүгдэд нь хэлж байна уу гэж” асуусан. Есүс Петрийн асуултанд шууд хариулсангүй. Харин эсрэг асуулт асуув. Одоо зарлигийн 42-р зүйлийг хамт уншья “Эзэн хэлсэн нь – зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? ” Үндсэндээ Есүс итгэмжит, ухаалаг нярав болсоноороо алдар суу, шагнал авах хэн нэгэнийг урьсан асуулт байлаа. Өөрөөр хэлбэл ийм ухаалаг, итгэмжит нярав болмоор байна уу гэж асуусан. Өнөөдөр мөн адил биднээс ингэж асууж байна. Есүс Христийн хүсэж байгаачлан итгэмжит, ухаалаг нярав хэн болмоор байна. Мөн итгэмжит, ухаалаг нярав болоорой хэмээн Есүс биднээс хүсэж байна. За тэгвэл яавал итгэмжит, ухаалаг нярав болж чадах вэ?
• Итгэмжит нярав. Есүс хамгийн түрүүнд итгэмжит нярав болохыг хүсэж байна. Тухайн үед нярав хүн бол эзэнийхээ өмч хөрөнгө, эд зүйлс, гэрийн бүхий л ажлыг хариуцан хийлгэдэг боол зарц нарын удирдагч буюу хариуцан ажилладаг нэгэн байсан. Нярав хүнд эзэнээс өгөгдсөн эрх мэдэл, үүрэг аль аль нь бий. Тиймээс эзэний зүгээс нярваас нэн тэргүүнд шаарддаг чанар бол итгэмжит байдал юм.

Эзэн няраваас яагаад ийм чанарыг хүсдэг вэ гэвэл Эзэн өөрөө итгэмжит Нэгэн юм. Энэ дэлхийг хүртэл бидэнд зориулан бүтээсэн гэхээр үнэхээр гайхамшигтай, бидэнд ямар их хайртай вэ гэдгийг харж болно. Мөн цаг ямагт биднийг хамгаалж байдагт талархаж байна. Тэгвэл итгэмж гэдэг нь ямар ойлголт вэ? Итгэмжит чанар нь хувиршгүйгээр тууштай байхыг хэлнэ. Ашигтай байсан ч, ашиггүй байсан ч авсан дуудлага, үүрэгт уйггүгээр биелүүлж байгаа байдал юм. Мөн эзэнийгээ хуурахгүй, цаг хугацаа хэдэн арван жилээр өнгөрсөн ч үнэн ч байж чадах мөн чанар юм. Эзэн байхгүй байсан байгаагүйг үл хамааран үнэнч ажилладаг. Итгэмжтэй хүн нь хариуцлагын өндөр сэтгэлгээтэйгээс гадна жижиг зүйлсэд итгэмжтэй байж чаддаг. Түүнд өөр бусад олон сайн чанаруудтай байсан ч итгэмжгүй бол Эзэн хэрэглэж чадахгүй юм.

Бурханы бинээс итгэмжтэй байдлыг л хүсдэг. 1 Коринт 4:2-г үзвэл “Түүнчлэн итгэмжит байхыг нярвууаас шаарддаг” гэжээ. 2 Тимот 2:1-г үзвэл Элч Паул ч гэсэн итгэмжт хүмүүст даатгаарай гэж хэлсэн. Бурхан бинийг энэ цаг үеийн итгэмжит няраваар дуудсан талархаж байна. Бурханы бидэнд даатган хариуцуулж хонин сүргийг итгэмжитэйгээр тэжээж өсгөж чадахыг гуйж байна. Бид итгэмжит нярав болохын тул Бурханаас эмээн хүндэтгэхийг сурах хэрэгтэй. Бурханаас эмээн хүндэтгэхэд тууштай байж чадна, үнэнч байж чадна, хариуцлагатай байж чаднах юм аа
• Ухаалаг нярав. Авралын сайнмэдээний ажлыг хийхийн тулд ухаалаг, мэргэн ухаантай байх хэрэгтэй. Есүсийн хүсэж буй ухаалаг байдал нь нийгмийн харилцаан дунд байдаг ов залиас арай өөр ойлголт юм. Энэ нь асуудал, нөхцөл байдлыг Бурханы харах өнцгөөс харж, асуудлыг шийдвэрлэхийг хүсэх байдал юм. Бурханы дотор ухаалаг болохын тулд хамгийн эхлээд залбирал ба гуйлттай байх хэрэгтэй. Ухаалаг болохын тул Эзэнээс асууж, залбирч гуйх хэрэгтэй юм. Бурханы өгсөн хонин сүргэг ямар хоол тэжээл өгөх, оюутанууд Бурханы ямар үг өгөх вэ гэдгийг хүртэл Эзэнээс залбирч асуух хэрэгтэй. Хэрвээ өөрийн санаа бодол шийдвэрээр хандвал энэ нь ухаалаг биш юм. Сургаалт үгс 9:10 “Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл” гэжээ. Мэргэн ухаан бол Бурханаас эмээж, Түүнийг төвд тавих үед ирдэг зүйл гэсэн үг. Бурханыг төвд тавьж чадвал тулгарсан асуудал бүрийг зөвөөр, үндэс сууриар нь шийдвэрлэж чаддаг болно. Үүнийг эсрэг зүйл бол өөрийгөө төвд тавих байдал бөгөөд бардамнал дээр суурилдаг. Иймд даруу сэтгэлээр Бурханы өмнө ирж библиэ уншиж, судлан суралцаж итгэл нэмж ухаалаг нярав болж чадахыг гуйж байна. Мөн итгэгчийн итгэлээс суралцаж, итгэлээр төлөвшин ухаалаг, мэргэн ухаанаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
43,44-р зүйлийг үзээрэй “Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ. Үнэнээр би та нар хэлэе. Эзэн хамаг хөрөнгө түүнд даатгана” Бурханаас өгсөн үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлж чадвал ивээл ерөөл авна гэж байна. Энэ ямар ерөөл вэ гэвэл хожим ирэх Есүсээс алдарыг шагналыг хүртэх болно. Харин эсрэгээрээ итгэмжгүй боол нь эзэнээ ирэх болоогүй хэмээн бодож өөрийн дур зоргоороо эрэгтэй эмэгтэй зарц нарыг жанчиж, идэж уун, согтон эхэлтэл бодоогүй цагт мэдээгүй өдөр мөнөөх зарцын эзэн ирж тас хэрчиж, итгэлчүүдийн хувийг онооно.
Энгийнээр хэлбэл өөрийгөө төвд тавин өөрийнхөө төлөө амьдарч байгаа хүмүүсийг хэлж болно. Өөрийгөө төвд тавих нь Бурханы оролцоог бий болгохгүй өөрийнхөө бодол шийдвэрээр алхаж байгаа хүнийг хэлж байна. Хэрвээ та ийм байвал библийн хичээл хийж Бурханы хүсэл юу болох мэдэж, Бурханд таалагдаж амьдрахыг хүсэн гуйж байна.

47, 48-р зүйлийг харвал хоёр өөр хүний талаар гарч байна. Эхний хүн бол Бурханы хүсэл юу болохыг мэдсээр байж хийдэг хүн. Энэ нь ямар хүн бэ гэвэл Бурханы хүсэл юу болохыг мэдэж байгаа хэрнээ өөрийн дураар, Бурханы өмнө амьдарна гэсэн шийдвэргүй хүнийг хэлж байна. Энэ хүн ямар шийтгэл авах вэ гэвэл ташуурын хатуу амт үзэх болно гэж.
Дараагийн хүн бол Эзэний хүслийг мэдээгүй хэрнээ ташуурын амтнаас арай багыг амсах болно гэсэн байна. Хэнд их өгөгдөнө байна түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс их нэхнэ гэж. Бурхан бидэнд наад зах нь 7 хоног бүр Өөрийн үгийг, түүгээр дамжуулан өөрийн хүслийг хэлсээр байна. Иймд бид мэдсээр байж Бурханы хүслийг биелүүлэн итгэмжит, ухаалаг няраваар амьдрахгүй бол ташуур амтыг хатуухан хүртэх болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Дүгнэлт:
Христийн эргэн ирэх цагийг урьдчилан таамаглахад маш их хүчин чармайлт гаргадаг ба энэ нь сайн арга биш юм. Яагаад гэвэл Тэр шөнө хулгайч шиг, бодоогүй цагт ирнэ гэсэн. Харин бид ямагт сэргэг, бэлэн байх нь хамгийн сайн бэлтгэл юм.
Цаашлаад Бурханы өгсөн үүрэг хариуцлага болох хонин сүргийг Бурханы хайраар дүүрэн хариулж амьдарцгаая. Мөн Бурханы итгэмжит ухаалаг няраваар Эзэнд үйлчилж Түүнээс ирэх алдар шагнал ба ивээлийг дүүрэн эдэлж амьдарахыг хүсэн гуйж байна. АМЕН.

 

өмнөх нийтлэл2025 оны Лук 32-р хичээл (08.31)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.26/